“Солонго яагаад долоон өнгөтэй вэ. Бороо яагаад ордог вэ. Цахилгаан яагаад цахидаг вэ” гээд хүүхэд болгоноос ирдэг сонирхолтой асуултууд болон бидний дотор нуугдсан сониучхан занд шинжлэх ухаан л хамгийн оновчтой, зөв хариултыг өгдөг болов уу.
Тэгвэл багачууд, томчуудын "Яагаад, яагаад яагаад" гэдэг асуултад оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгөх, ирээдүйд шинэ, шинэ нээлтүүдийг хийх судлаач, эрдэмтдийг "төрүүлэх" зорилготой шинжлэх ухааны кафе Улаанбаатар хотод ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Улсаас шинжлэх ухаанд хангалттай хөрөнгө, мөнгө зарахгүй байна гэж байнга л шүүмжилдэг. Гэхдээ тэд улс юу хийхийг харалгүй, өөрсдөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлж эхэлсэн нь энэ. Шинжлэх ухаанд хайртай, дуртай хүүхдүүдийн хүсэл эрэмзлэлийг дэмжих үүднээс сонирхол дээрээ нэгдэн “Science cafe”-г байгуулжээ. Тэг цэгээс дээш тэмүүлэх хүсэл эрмэлзлээрээ бүгдийг болгож, хөгжүүлж буй "Шинжлэх ухааны кафе"-гийн үүсгэн байгуулагч Э.Анар /Э.А/, Э.Мөнхгэрэл /Э.М/-тэй ярилцлаа.
-Шинжлэх ухааны кафегаа анх яагаад эхлүүлэх болсон бэ. Одоо ямар байгаа вэ?
-Э.А: “Science cafe” нь 2023 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ кафегаа залуу судлаач хүний хувьд олон нийтэд шинжлэх ухааны халуун тогоонд юу өрнөдгийг хүргэх зорилготой эхэлж байсан. Анхны санаа бол инженер, судлаачдыг энэ мэргэжлийг эзэмшмээр байгаа хүүхэд, залуучуудтай уулздаг, зөвлөгөө авдаг газар болгох юм. Шинжлэх ухаан гэдэг угтаа бол суралцах. Иймээс ч “Аливаа зүйлийг сурах гоё юм байна” гэдэг хандлагыг олон нийтийн харилцаагаар дамжуулаад бий болгох гэж шинжлэх ухааны кафегаа байгуулсан. Тэгээд багаараа шинэ санаанууд нэмсээр яг одоогийн “Шинжлэх ухааны кафе” гэсэн консепц гарсан.
-Э.М: “Бид юу хийдгээ яагаад хийдэг юм бэ” гэдэг миний дуртай үг. Би жаахан байхдаа интернэтээр шинжлэх ухааны контентуудыг үзээд “Ямар гоё юм бэ, бодитоороо ямар байдаг бол” гэдэг зүйлсээ хийгээд бусдад харуулмаар байгаа. “Шинжлэх ухааны кафе”-н хувьд боловсролыг монгол хүний таних тэмдэг болгомоор байна. Тэгэхгүй бол бид дунд сургууль болон их сургуулиа төгсөөд “Сурч дууслаа” гээд хязгаарлагдмалаар бодоод байдаг. Тэгээд бид ямар нэгэн юмыг мэдэхгүй гэдгээ нуудаг болчихдог. Мэдэхгүй зүйл байх юм бол “Би мэдэхгүй энэ яадаг юм” гэж асуудаггүй. Нэг бол мэддэг юм шиг царайлж, зай барих гээд байдаг. Яагаад гэвэл бүрэн дунд боловсролын систем тийм зүйл суулгачихдаг. Шинжлэх ухаан хүн болгонд хэрэгтэй. Таван настай хүүхдүүдийн ядаргаатай ба нэг гоё юм нь “Хэн намайг юу гэж бодох вэ” гэж бодохгүйгээр мэдэхгүй зүйлээ чөлөөтэй асуудаг. “Бид мэдэхгүй гэдгээсээ битгий айдаг байгаасай” гэж хэлмээр байна. Сайхан нийгэм ирдэггүй, харин авчирдаг. Бид худлаа ярих биш хийж харуулахыг хүсдэг.
-Анх эхэлж байхдаа төсөөлсөн төсөөлөлдөө хүрч чадсан уу?
-Э.А: “Анхны төсөөлөл бол лабораторитой, нарийн туршилтаа хийж болдог, инженерийн урлангийн өрөөтэй болно” гэж бодсон. Хүний төсөөлөл мөрөөдлийн хамгийн гоё хэсэг. Тэр төсөөлөлдөө бид нар бага багаар хүрээд явж байгаа. Аливаа зүйлийн хамгийн гол зүйл нь баг. Баг бүрдээд явж байгаа гэдэг нь бүх ажлын үндэс суурь. Анхны төсөөллөөс зарим зүйл бүр илүү давсан, сайн байна. Зарим зүйл дээр хараахан арай болоогүй байна.
-Э.М: “Шинжлэх ухааны кафе”-г анх эхэлж байхад бүр тэг төгрөгтэй байлаа. Ингээд банкнаас долоон саяын зээл авч, кофены машинаа авсан. Кофегоо зарсан, хүмүүст мэдлэг өгөх гэж хичээсэн. Одоо бол зөвхөн кофе шоп биш. Манайхыг МУИС, ШУТИС-ийн багш нар их дэмждэг. Туршилтьн эвентийг хүмүүс мэддэг болж байгаа. Өөрсдөө судалгаанууд гаргадаг. Мөн контентууд хийгээд “Хичээл шиг байдлаар биш тоглож байгаа юм шиг сурч болох юм байна” гээд хүмүүс дагаад сурдаг. Бизнесийн зарчмынх нь дагуу нэг нэг шатаар л ахиж явж байна. “Хүлээх биш бүтээ” уриатай тус хамт олон кафе, туршилтын эвент, контент, онлайн шоп, судалгааны ажил, инженерийн бүтээлүүд зэрэг олон ажлыг зохион байгуулж, хийдэг.
-Танайхаас шинжлэх ухааны сонирхолтой контентууд хийдэг. Санаагаа хэрхэн олдог вэ?
-Э.М: Контентын санаагаа шинжлэх ухаанаас өнөөдөр шууд аваад үр дүнг нь мэдрээд явах боломжтой мэдээллүүдэд тулгуурлан гаргадаг. Өнөөдөр хэрэгтэй мэдлэгүүд илүү их хандалттай байдаг.
-Залуу хүмүүс шинэ бизнес эхлүүлэхэд хэцүү зүйлүүдтэй тулгарч байсан байх. Түүнийгээ хэрхэн даван гарсан бэ?
-Э.А: Би нано шинжлэх ухааны инженерээр төгссөн. Хамтран үүсгэн байгуулагч маань комьютерийн шинжлэх ухаанаар төгссөн. Тэгэхээр өөр ажил хийдэг байсан хүмүүс өөрсдийн компани байгуулаад явна гэхээр санхүүгийн тайлан, татварын тайлан, төрийн байгууллагуудтай харьцах талаар мэдлэггүй байсан. Санхүүжилт босгох, олонд танигдах зэрэг дээр олон бэрхшээлүүд гарч байсан ч гэсэн багаараа даваад гарсан. Одоо эргээд харахад өөрсдийн зохицуулж болох зүйлсийг хамгийн сайнаараа зохицуулж чадсан. Бид хамгийн анх эхлэхдээ “Hub innovation center” буюу Бизнес, инновац хөгжлийн газраас инкубатор компани болж гарч ирэх гэрээтэй байсан. Ерөнхийдөө өөрсдийн үндсэн хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж байгаа.
-Одоо хэдэн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-Э.А: Манай багт нийт 25 хүн байгаа. Багийн үндсэн гишүүд дотор 10 жилийн сурагчаас эхлээд сургуулиа төгсөөд хэдэн жил болсон хүмүүс ч байгаа. Тэгэхээр насны хувьд уян хатан. Өөр өөрсдийн секторуудад ороод ажиллангаа суралцах, олон түвшин болоод чиглэлийн ажлуудад өөрсдийгөө чадавхжуулж, суралцаж байгаа зүйлээ нийгэмд хүргэхээр зорьж байна.
-Шинжлэх ухааны бизнест тулгардаг хэцүү бэрхшээл байдаг уу?
-Э.М: Шинжлэх ухааны бизнесийг ерөнхий масс хүлээж авах, дэмжих нь бусад бизнесийг бодвол бага. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаардаг уу гэдэг надад сонин санагдаад байдаг. Багштай нь очиж уулзчихаад, "хүүхдээ чи яагаад хичээл хийдэггүй юм” гэж загначхаад л тэрийгээ боловсролд анхаарч байна гээд байдаг. Бодит байдал дээр мөнгө зарцуулалт дээр үнэхээр дутуу юм шиг санагддаг. Иймэрхүү зүйлд мөнгө зарцуулна гэдэг ухаан нь байхгүй болохоор бид нар илүү нарийн ятгах шаардлага гардаг. Бараг л нэг анги ирлээ гэхэд эцэг эхчүүд болгонтой нь ярилцаж, ойлгуулдаг.
-Танай байгууллагын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Э.А: Бид орлогоо нийгэмд хэн ч хийхгүй зүйлүүд рүү буюу монгол инженерийн ур ухаанаас ийм зүйл гарч болдог шүү гэдэг зүйлүүдийг хийдэг. Маш сонин, сонин зүйлүүд байгаа. Тухайлбал, хиймэл тронодонууд, туршилтын зүйлүүд, хулгайтай тэмцэх хиймэл утас, хоёр метр урттай аянга үйлдвэрлэгчийн төслүүд зэрэг багтаж байна.
-Нууц биш байгууллагынхаа ойрын хугацаанд төвлөж буй ажлуудаас хуваалцвал?
-Э.М: Яг одоо бол бид “Яаж ийж байгаад болно доо” гээд гүрийдэг. Гэхдээ заавал том компани болж байж нийгмийн хариуцлагын хүрээд юм хийх албагүй. Бид Sciencecafe.mn гэсэн вебсайт хийж байгаа. Тэр нь сурагч, оюутны гарын авлага шиг координатын хавтгай, химийн үелэх системүүдээс эхлээд хэрэгтэй бүх мэдээллүүдийг багтааж өгнө. Гэхдээ номон дээр байдаг шиг биш интерактив байдлаар зохицуулж байгаа. Тэндээс Монгол Улсын ямар ч хүн ороод яг одоо турших боломжгүй зүйлийг монгол хэл дээрээ симулиацаар нь хараад, интерактиваар нь үзээд, арван жилийн номонд байгаа бүх сэдэвтэй холбоотой симуляциуд тэнд байгаа. Үнэхээр арван жилийн сургуулиуд бүгд проктертой, дэлгэцтэй болсон юм бол бүх биологи, хими, физикийн багш нар ороод нүдэнд нь харуулж заадаг болчихвол нэг алхам ч гэсэн дээрдэнэ. Энэ вебсайтад Колорадагийн симуляциудыг нээлттэй тавьсан байгаа. Ачааллын сервер нь унтартал үзээсэй гэж хүсэж байна. -Э.А: Ашиглаж болох технологиуд, шинжлэх ухааныг ямар байдлаар заавал тухайн хүүхдийн нүдэнд гал, оч нь асдаг юм, яаж туршилтыг хийх үү. Бүх багш нар туршилт хийх дуртай байдаг. Гэвч материаллаг зүйлүүд нь байхгүй. Хаанаас олох нь хэцүү. Тийм болохоор хэрхэн хялбархан байдлаар хийх үү гэх мэтчилэн цогц байдлаар эвент хийнэ. Шинжлэх ухааны багш нар гэсэн агуулгатай. Яамны болоод бодлого тодорхойлж байгаа хүмүүс бас ирнэ. Тэгээд “Байгалийн ухааны багш нар, ЭЕШ-ын үр дүн ийм байгаад байгаа бол бид яаж сайжруулах вэ” гэдэг асуудал дээр ярина. Тэрнээс бид залбираад юм уу, ном уншуулаад сайжирна гэсэн ойлголт байхгүй. Анхаарал хандуулж асуудлыг нь сонсож байж, хамт шийдлүүдийг нь зөвшилцөж байж сайжрах ёстой. Иймдээ ч байгалийн ухааны багш нар, бодлого тодорхойлогчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг уулзуулахыг хүссэн.
-Ер нь хүүхэд залуусын шинжлэх ухаанд хандлага ямар байна вэ?
- Э.А: Өнгөц дүгнэхэд тик ток, рийлээр хүмүүс бүх зүйлийг хардаг. Манай туршилтын эвент дээр ирдэг хүүхдүүд ч аль хэдийн зарим зүйлийг нь харчихсан байдаг. Үүнийг тик ток болон ютүбээр харсан юм байна гэдэг. Тэгэхээр шинжлэх ухаанд дургүй гэхээсээ илүү шинжлэх ухааныг дунд боловсролд зааж байгаа арга барил нь сонирхолгүй, уйтгартай байгаа юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш шинжлэх ухаан хэцүү учраас хүүхдүүд сонирхохгүй байгаа юм биш. Эсрэгээрээ илүү хүүхдүүд сонирхдог. Ялангуяа бага насны хүүхдүүд шинжлэх ухааныг гайхамшиг, ид шид гэж төсөөлдөг. Ид шид гэдэг чинь шинжлэх ухаан юм байна гэж боддог. Дунд ангийн хүүхдүүд бол ид сонирхдог үе нь. Нийт масс бол дургүй гэхээс илүү сурахаас айдаг. Шинжлэх ухаанд хүүхэд залуучууд маш дуртай. Үнэндээ эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирээд сонирхуулах гэж байгаа хэр нь өөрсдөө цуг гайхширсан зогсож байдаг. Ер нь бол шинжлэх ухаанд дургүй хүн гэж байхгүй байх. Харин зүгээр сурахаа мартчихдаг юм болов уу.
-Э.М: Бид байгалийн шинжлэх ухаан, нийгэм гээд ангилчихдаг. Уг нь аль аль нь шинжлэх ухаан. Үнэндээ нийгмийн талын чиглэлүүд судлагдахуун нь илүү төвөгтэй болохоор бүр ч хэцүү шинжлэх ухаан. Бид нийгэмдээ шинжлэх ухаанч бусаар хандаад эхлэхээр хэрэгжүүлж байгаа бодлого бодит байдлаасаа зөрөөд эхэлдэг. Байгалийн шинжлэх ухаан хэнийг ч дуртай бас дургүй болгож чадна. Хэнийг ч тасралгүй томьёо, юм уншуулахаас өөрөөр хөгжүүлэхгүй бол дургүй болно. Эсрэгээ яаж ажиллаж байгааг нь, хэрэглэгдэхүүнүүдийг нь хараад гарт баригдаж, нүдэнд харагдахуйц зүйлүүдтэй нь холих юм бол дурлахгүй байж чадах хүн нь цөөн байх.