Улаанбаатар хотод орсон их хэмжээний борооны дараа хотын дундуур урсдаг Туул, Дунд голын уснаас дээж авч шинжлэхэд гэдэсний халдварт өвчин үүсгэдэг эмгэг төрөгч бичил биетнүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрснийг манай сайт мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-“Сүүлийн үед гэдэсний халдварт өвчин үер усны аюултай холбоотойгоор нэмэгдэж байна” гэсэн мэдээлэл байна. Танай эмнэлэгт гэдэсний халдварт өвчний улмаас эмнэлгийн тусламж авч авч буй тохиолдол хэр олон байна вэ?
-Одоо гэдэсний халдварт өвчин дэгддэг улиралчлалын үе таарч байна. Мөн үер усны аюул нэмэгдэж байгаатай холбоотойгоор гэдэсний халдварт өвчин бий болгох олон хүчин зүйлүүд бүрдэж байна. Түүнчлэн, хотод амьдарч буй хүмүүсийн олонх нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын нүхэн жорлон болон муу усны нүх, хөрсний бохирдол гээд асуудлууд байна. Эдгээр нь гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Бага зэрэг нэмэгдэж байгаа ч гэсэн өмнө жил, сүүлийн гурван сартай, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ерөнхий түвшиндээ байгаа. Ерөнхий халдварт өвчний тохиолдол өмнөх оны эхний зургаан сартай харьцуулахад 2024 оны эхний зургаан сард 6000 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
-Улаанбаатар хотод орсон их хэмжээний борооны дараа хотын дундуур урсдаг Туул, Дунд голын уснаас дээж авч шинжлэхэд гэдэсний халдварт өвчин үүсгэдэг эмгэг төрөгч бичил биетнүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн байна гэх мэдээлэл байна. Хэрвээ гэдэсний халдварт өвчинд өртсөн бол яах хэрэгтэй вэ?
-Нийслэлд хүн амын дийлэнх суурьшин амьдарч байгаа тул үүнийгээ дагаад өвчлөл хөдөө орон нутгаас нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг. Эмнэлгийн үйлчилгээ авах олон хэлбэр байна. Хэрвээ та болон таны ойрын хүрээлэлд суулгах, бөөлжих, цустай баах, халуурах гэх мэт шинэ тэмдэг илэрвэл хамгийн ойрхон өрхийн эмнэлэгтээ, эсвэл утсаар зөвлөгөө авах, мөн 24 цаг үйлчлэх бүх эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж болно. Мөн улсын хэмжээнд 24 цагаар 103 ажиллаж байна. Цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, айдаст автахгүйгээр, тайвшрахгүйгээр хэрвээ дээрх шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчид хандаж, үзлэг хийлгэж, зөвлөгөө авч ялган оношлуулах хэрэгтэй. Учир нь гэдэсний халдварт өвчнөөс гадна өөр шалтгаанаар суулгалт илэрч болно. Хэрэв гэдэсний халдварт өвчин бол эмнэлзүйн хувьд эрэмбэлэн ангилж, эмнэгийн тусламж үзүүлдэг. Эрт эмнэлэгт хандаж, илрүүлэн, тусгаарлан эмчлүүлснээр бусдад халдвар тараахгүй, хүндрэхгүй, архагшихгүй байх нөхцөлийг нь бүрдүүлнэ.
-Гэдэсний халдварт өвчний талаар хэрхэн тандан ажиллаж байна вэ?
-ХӨСҮТ-ээс үндэсний хэмжээнд халдварт өвчнийг өдөр бүр олон хэлбэрээр тандан, долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эргэн мэдээлэл бэлтгэн, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажилладаг. Бид халдварт өвчнийг маш олон төрлөөр танддаг. Бид хамгийн түрүүнд халдварт өвчний хам шинжийн сэжигтэй тохиолдлын тандалт хийдэг. Энэ нь хэдэн хүн цочмог, усархаг болон хэчнээн тохиолдолд цочмог цусархаг суулгаад байна гэдгийг нь авдаг. Тэгээд эдгээр сэжигтэй тохиолдлыг лаборатори, эмнэлзүй, тохиолдолд суурилсан тандалтаар цааш тодруулан ялган оношийг баталгаажуулдаг. Тухайлбал гэдэсний халдварт өвчнөөс гадна бага насны хүүхдүүдэд хурц, шарсан хуурсан, тостой хоол өгснөөс, хоол боловсруулах эрхтний архаг өвчтэй буюу нойр булчирхайн үрэвсэл, ходоодны үрэвсэл, шархтай гэх мэт өвчтэй хүмүүс хоолны дэглэм алдсанаас холбоотой бас суулгаж болно. Мөн вирусийн гаралтай суулгалт байж болно. Иймээс иргэд ялгаж ойлгох хэрэгтэй.
Энэ болгонтой холбоотой иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн өвдөхгүй байх вэ гэдэг дээр зөв мэдээллийг зөв сувгаар авснаар, мэргэжлийн төв байгууллагын зөвлөмжийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлснээр халдварт өвчнөөр өвдөхгүй байж болно.
Мөн энэ цаг хугацаанд буюу дулааны улиралд аялал зугаалгын цаг эхэлдэг мөн жимс жимсгэнэ боловсордог үүнтэй холбоотой хоол, хүнсний гаралтай хордлогот халдвар бүртгэгдэх нөхцөл бүрддэг тул үүнээс бас сэргийлэх хэрэгтэй үүний тулд хүнсээ зөв сонгох, хоол хүнсний аюулгүйн таван түлхүүр зөвлөмжийг баримтлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, аюулгүй ундны усыг зөв эх үүсвэрээс авах, гар дээрээс худалдаа хийхгүй байх, тогтмол гараа савандаж зөв дарааллын дагуу угаах гэх мэт зөвлөмжийг чанд сахих ёстой.
-Иргэдийн гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ?
-Гэдэсний халдварын улиралчлал угтуулан жил бүр тогтмол өнгөрсөн жилээс үер усны аюултай холбоотойгоор гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаарх мэдээллийг байнга өгдөг. Иймээс иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадаж байгаа нь гэдэсний халдварт өвчин буурахад нөлөөлж байгаа нь харагдаж байгаа.
-Тэгвэл бид хэрхэн гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?
-Халдварт өвчинд өртөхгүй байх нөхцөлийн ихэнх хувь нь биднээс шалтгаалсан хүчин зүйлс байдаг. Тухайлбал, эрүүл ахуйн дэглэм, гарын эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдал, хооллолт гэх мэт хүчин зүйлд анхаардаг байх хэрэгтэй.