Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны наймдугаар сарын 1-нд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ хоёр зөөвөрлөгдсөн тохиолдол, хоёр дотоодын халдвар, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Иймд улаанбурхан өвчний талаар ташаа ойлголт үүсгэхгүйн тулд өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа болон улаанбурхан өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай цочмог халдварт өвчин. Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Энэ талаар ХӨСҮТ-ийн их эмч М. Оюунгэрэлээс тодрууллаа.
-Улаанбурхан өвчнөөр өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ. Улаанбурхан нь бусад халдварт өвчнөөс юугаараа ялгаатай вэ?
-Улаанбурхан өвчний үндсэн шинж тэмдэг нь арьс, амны салсанд өвөрмөц тууралт гардаг. Мөн нүдний салст, хамрын салстын үрэвсэл, ханиадаар илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь арьсаар тууралт гарахаас өмнө илэрдэг. Өвчин цочмогоор явагдана. Цочмог халууралтай, тууралттай халдварт өвчин.
-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бол хамгийн түрүүнд хаана хандах вэ?
-Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн түрүүнд хандах хэрэгтэй. Уг төвүүд нь улаанбурхан өвчнийг бусад өвчнөөс ялгах сорьц шинжилгээ авч байгаа.
-Улаанбурхан өвчний үе шат гэж бий юү. Гэрийн нөхцөлд эмчлэх арга байдаг уу?
-Улаанбурхан өвчин эмнэлзүйн хувьд хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Өвчин хөнгөн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Хүндрэл өгсөн бол эмнэлэгт л эмчлэгдэнэ. Мөн өвчилсөн хүүхэд суурь архаг өвчинтэй бол эмнэлэгт хэвтэнэ.
-Тус өвчин тархинд нөлөөлдөг гэсэн мэдээлэл яваад буй. Ямар тохиолдолд тархинд нөлөөлдөг вэ?
-Улаанбурхан эрт ба хожуу гэж ангилж болох хүндрэл өгдөг. Хожуу буюу хүндэрсэн тохиолдолд тархинд нөлөөлөх эрсдэлтэй. Түүнээс биш улаанбурхан туссан хүн болгоны тархинд нөлөөлөхгүй.
-Хэрвээ өвчний халдвар авсан бол ямар эмчилгээ хийж байна вэ?
-Улаанбурхан нь морбилливирусийн халдвараар үүсгэгддэг. Үүсгэгчийнх нь эсрэг өвөрмөц эмчилгээ бол байхгүй. Гэхдээ ямар шинж тэмдэг, хүндрэлүүд гарч байгаагаас хамаарч шинж тэмдгийн эмчилгээгээ барьж хийдэг. Хүүхэд эмнэлэгт хэвтэхэд хамгийн түрүүнд А витаминыг зөвлөж байгаа. А витаминыг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний хоёр зориулалтаар ашиглаж байгаа. Иймээс А витаминыг хэрэглэхийг уриалж байна.
-Улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан бол айхгүй байж болох уу?
-Болно. Вакцин хийлгэсэн тохиолдолд өвчний эсрэг дархлаа тогтсон гэсэн үг.
Вакцинжуулалтад хэрхэн хамрагдах вэ
Монгол Улсад 2015-2016 онуудад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч, нийт 53 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 52 хувийг 0-2 насныхан эзэлж байсан. Мөн тус онуудад улаанбурхан өвчлөлөөр 120 орчим хүүхэд нас барсан. Тэдгээр хүүхдүүд нь вакцинд хамрагдаагүй болон зөвхөн нэгдүгээр тунгаа л хийлгэсэн. Иймд улаанбурхан өвчин тархах эрсдэлээс хэрхэн сэргийлж байгаа болон дархлаажуулалтын явц ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа.
-Улаанбурхан өвчин тархахгүй байх, урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Улаанбурхан өвчнөөс сэргийлэх өвөрмөц аргын нэг бол вакцин. Вакциныг Монгол Улсад мөрдөгдөж байгаа дархлаажуулалтын үндэсний товлолынхоо дагуу есөн сартай болон хоёр настайд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг хийж, энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд энэ вакцины хамрагдалт өндөр хувьтайд тооцогддог хэдий ч жил болгон тодорхой хүүхдүүд, тодорхой шалтгааны улмаас хоцрох, вакцинаа хийлгэхгүй байх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах зохицуулалттай. Нөхөн дархлаажуулалтыг харъяа өрхийн эмнэлгийн төв, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон сум өрхдөө хандан, хийлгэх боломжтой. Вакцинд хамрагдах насанд хүрээгүй байгаа эцэг эхчүүд хүүхдээ аль болох олон нийтийн газраар авч явахгүй байхад анхаарах хэрэгтэй.
-Хүүхдүүд улаанбурхан тусах эрсдэл илүү өндөр байгаа юу?
-Улаанбурхан өвчнөөр өмнө нь вакцинд хамрагдаж байгаагүй буюу өвөрмөц дархлаагүй дээр нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй хүмүүс нас хамаарахгүй энэ халдварт өртөх эрсдэлтэй. Харин энэ халдвар нь бага насны хүүхдүүдэд илүү хүндрэл өгдөг. Иймээс бага насны хүүхдүүдийг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх илүү шаардлагатай.
-Вакцины нөөц улс орон даяар бүх хүнийг дархлаажуулах хүртээмжтэй байгаа юу?
- Бүх хүнийг дархлаажуулах хэмжээнд бол байхгүй. Дархлаажуулах ажиллагаа зорилтот бүлэгтэй. Зорилтот бүлэгт хамаарах хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилчид. Учир нь өвчтэй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа болохоор халдвар авах, халдвар бусдад тараах өндөр эрсдэлтэй байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүд товлолын дагуу вакцинд хамруулах, хоцорсон бол нөхөн вакцинд хамрагдах шаардлагатай.
-Дэлхий дахинд 2023 оноос эхлэн улаанбурхны тархалт өндөртэй байгаа. Нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Цар тахлын дараах жилүүдэд улаанбурхны тархах эрсдэл улс орон бүрд нэмэгдэж байгаа. Мөн 2022 оноос эхлээд улаанбурхны дэгдэлт бүртгэгдсэн улс орнуудын тоо ч нэмэгдсэн. 2024 оны эхний долоон сарын байдлаар 200 гаруй мянган тохиолдол 170 гаруй оронд бүртгэгдсэн байгаа нь улаанбурхан өвчин хаашаа ч тархах эрсдэлтэй, дэлхийн ихэнх улс оронд өвчлөл байна гэсэн үг. Харин эрсдэлт бүлэг нь цар тахлын жилүүдэд вакциндаа хамрагдаагүй болон бүрэн хамрагдаагүй бүлэг нэмэгдэх нь улаанбурхан өвчний халдвар нэмэгдэх эрсдэлийг бүрдүүлж байна. Тэгэхээр бид вакциндаа товлосон цаг хугацаанд нь хамруулах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу вакциндаа хамрагдах нь хамгийн чухал сэргийлэх арга хэмжээ болдог.
-Улаанбурхан өвчнөөр өвдөж байсан хүмүүс дахиж халдвар авахгүй гэсэн баталгаа байгаа юу?
-Улаанбурхан өвчнөөр өвдөж байсан хүмүүс насан туршийн дархлаа тогтдог гэж үздэг учраас дахиж өвдөхгүй гэж тооцдог.
-Улаанбурхан өвчний вакцины талаар иргэдэд өвчний үүсгэгч болж магадгүй гэсэн зөрүүтэй ойлголт гараад байна. Вакцин нь ямар нэгэн байдлаар сөрөг талтай юу?
-Дэлхийн бүх улс орон улаанбурханы вакциныг товлолын дагуу хийж байгаа. Товлол нь харин харилцан адилгүй. Өвчлөлийнхөө нөхцөл байдлаас хамаарч товлол нь өөр байна. Улаанбурхан өвчний вакцингүй байх үед ковид шиг өргөн тархдаг байсан. Тэгээд нас баралт өндөртэй. Хэн нас бардаг вэ гэвэл бага насны хүүхдүүд. Иймд хурдан тархдаг, хүндрэл өндөр өгдөг. Үүнээс сэргийлдэг өвөрмөц арга нь вакцин. Хэдий хувьдаа сайн хамгааллаа ч улаанбурхан нь амьсгалын замаар халддаг учир вакцингүй бол өвчнийг эсэргүүцэх дархлаа суухгүй. Иргэд цахим орчинд явж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөөг дагаарай. Буруу ташаа мэдээлэл газар авч вакцинд хамрагдаагүй хүн ам нэмэгдэхийн хэрээр хамгаалагдаагүй орчинд халдвар хурдан тархдаг.
Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хэрхэн хангах вэ
2020 оноос өмнө төрсөн иргэн эрүүл мэндийн дэвтэр болон сэргийлэх тарилгын карт дээрх тэмдэглэгээгээр вакцин хийлгэсэн эсэхээ мэдэх боломжтой. 2020 оноос хойш вакцинд хамрагдсан хүүхдүүдийг дархлаажуулалтын цахим бүртгэлийн системд бүртгэдэг болсон. Тус мэдээллийг и-монголиа системээр нэвтэрч харах боломжтой аж. Улаанбурхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ЭМЯ-наас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах ажлын хүрээндээ төрийн нарийн бичгээр ахлуулсан шуурхай удирдлагын баг идэвхжээд ажиллаж байна. Энэ багт ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмийн агентлаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудаас штаб бүрдсэн. Энэхүү штаб нь хариу арга хэмжээ авах бэлэн байдалд идэвхжээд, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Халдвар бүртгэгдсэнтэй холбоотой ЭМЯ-ны зүгээс штабын ажлын хүрээндээ нийтдээ аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар төрөлжсөн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлгүүд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд нийтдээ 1500 гаруй эмч эмнэлгийн байгууллагын ажилтанд улаанбурханы хариу арга хэмжээ авах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, эмнэлзүйн ялган оношлох чадварыг бэхжүүлэх тандалт судалгааг хэрхэн хийх чиглэлүүдийг болон дархлаажуулах үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгсөн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна” гэв.