Open iToim app
Шүүх | 7 мин уншина

Т.Мэндсайхан: Ерөнхий сайдынхаар явбал бүх авлигын хэргийг 20 хүн л шийдэх нь, энэ хамгийн аюултай

Т.Мэндсайхан: Ерөнхий сайдынхаар явбал бүх авлигын хэргийг 20 хүн л шийдэх нь, энэ хамгийн аюултай
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 7
Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болсон.
Ингэхдээ авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэмээн тусгасан байна. Харин Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргийг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдэг бол үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэнэ гэсэн үг юм.
Засгийн газраас өргөн барьсан энэхүү хуулийн төсөл шүүх тогтолцоонд хэрхэн нөлөөлөх талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Т.Мэндсайхантай ярилцлаа.
-Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт авлигын хэргийн дагнасан шүүх байгуулъя гэсэн төсөл оруулж ирлээ. Ер нь олон улсад авлигын хэргийн дагнасан шүүх байдаг уу?
-Хөгжилтэй улс оронд авлигын хэргээр дагнасан шүүх гэж байхгүй. Харин хөгжил буурай, манайх шиг хөгжиж буй зарим оронд авлигын хэргээр дагнасан шүүх бий. Тэрнээс Япон, Солонгос, Франц, Герман, Америк зэрэг хөгжилтэй оронд авлигын шүүх гэж байхгүй.
-Таны хувьд авлигын шүүх байгуулах асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Авлигын шүүх байгуулах гээд байгааг хоёр талаас нь тайлбарлая.
Нэгд, тоон утгаар нь. Шүүгч олон байх тусам нөлөөнд автахгүй, хараат бус ажиллана. Энэ бол математик магадлал талаасаа юм. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 505 шүүгч байгаагаас 24 нь дээд шүүхэд, 101 нь давж заалдах шатны шүүхэд, 380 нь анхан шатны шүүхэд байна. Авлигын хэргийг давж заалдах шатны шүүх шийднэ гэхээр 101 шүүгчийг авч үзье. Энэ 101 шүүгчээс захиргааны болон иргэний давахын шүүгч нар хасагдана. Гол авлигын маргаан Улаанбаатарын зургаан дүүрэгт харьяалагддаг. Энэ зургаан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 70-80 шүүгч бий, давах шүүхэд 15 шүүгч бий. 2022 онд 180 гаруй авлигын хэргийг шийдсэн байна.
Энэ тооноос харахад, авлигын шүүх байгуулбал жилд 180 гаруй хэргийг анхан шатанд 15 шүүгч шийдэхээр харагдаж байна. Үргэлжлүүлэн давж заалдана гэвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим найман шүүгчтэй. Ихэвчлэн тав нь оролцдог учир авлигын хэргийг ингээд нийтдээ 20-23 шүүгч л шүүхээр харагдаж байгаа юм. Авлигын хэргийг шүүх боломжтой шүүгч 20 байсан нь дээр үү, анхан шатаа оруулаад 80 орчим байсан нь дээр үү. Авлигын хэргийг шүүхдээ 20 шүүгчээс сонголт хийсэн нь дээр үү, 80 орчим шүүгчээс сонголт хийсэн нь дээр үү. Үүнийг бодох л хэрэгтэй.
-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлж байсан л даа. Шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь Ерөнхийлөгчийн хонгил үүсгэх эрсдэлтэй гэсэн?
-Заавал Ерөнхийлөгч гэхээс илүү шүүгчдийн тоо бага байх тусам хуйвалдах, бие биенээ дэмжих эрсдэлтэй. Цөөн хүмүүсийн хооронд хэрэг, маргаан яригдах нь маш аюултай. Өөрөөр хэлбэл, хараат бус, бие даасан байдалд халтай нөхцөл байдал бий болж байгаа юм.
Хоёрт, шүүх тогтолцоо талаас нь. Шүүхийн тогтолцоо ямар вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Манай улс дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх гээд гурван шүүхтэй. Энэ дотроо иргэний, захиргааны, эрүүгийн гээд гурван дагнасан шүүх байна. Эрүүгийн хэргийн шүүх нь дагнасан шүүх байгаа биз. Энэ дагнасан шүүх дотроо дахиад нэг авлигын шүүх гээд салгах нь утгагүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дангаараа байдаггүй, дандаа бусад гэмт хэрэгтэй зэрэг үйлдэгдэх, хамааралтай нь элбэг. Тиймээс авлигын шүүхийг дагнуулах нь зохимжгүй. Авлигын шүүх байгуулбал одоо байгаа тогтолцоогоо эвдэх гээд байгаа юм. Одоо байгаа гурван дагнасан шүүхийнхээ хэмжээнд явж байхад болно.
Одоогийн шүүх тогтолцоо тийм ч муу биш шүү дээ. 2021 оны хуулийн шинэчлэлээр Улсын дээд шүүхийг хуулийн хэрэглээ, хуулийн нэгдмэл байдлыг хангахад чиглүүлж ажиллуулахаар болсон. Энэ ч зөв. Одоо л жигдрээд эхэлж байна. Гэтэл авлигын шүүх байгуулаад Улсын дээд шүүхээр буцаагаад давах шатны хэрэг шийдүүлээд байвал 2021 онд баталсан бодлогоосоо ухарсан хэрэг болно.
Өөрөөр хэлбэл, авлигын шүүх байгуулах нь урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ.
-Мөн улс төрийн орчин талаас нь тайлбарлах нь зөв байх. Эрх баригчид авлигын шүүхийг өөрт ашигтайгаар ашиглах гэж байна гэх юм. Нөгөө талд тэд сонгуулиар ялагдчихвал ялсан нам нь эргүүлэн ашиглах нөхцөл бүрдэх нь?
-Улс төрийн хамгийн том шоу бол сонгууль. Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн үед шүүхийн тогтолцоонд өөрчлөлт хийх гэж байгаа нь зохимжгүй. Хоёр хардлага байна. Нэг нь, сонгуулийн өмнө эрх баригчид авлигын шүүхийг ашиглах гээд байна. Хоёрт, сонгуулиар ялагдчихвал одоогийн эрх баригчид өөрсдөө авлигын шүүхээрээ орох гээд байна. Тиймээс сонгуулийн үеэр ийм зүйл хийж болохгүй шүү дээ. Сүүлийн үед хуулийг яаралтай горимоор оруулж ирээд тогтолцооны том өөрчлөлт хийчихдэг асуудал их гарч байна. Ялангуяа энэ асуудалд сонгууль дөхөж байгаа учраас хүмүүс яараад байна. Би бол улс төрийн шалтгаан байна л гэж харж байгаа. Хэрэв сонгууль дөхөөгүй байсан бол яарах шаардлагагүй шүү дээ.
Хаврын чуулган эхлээд л удахгүй тэд сонгуульдаа явчихна. УИХ-д ажиллах хэдхэн сар үлдсэн. Энэ хугацаанд амжуулах гээд байгаа бололтой. Сануулж хэлэхэд, бушуу туулай борвиндоо баастай гэдэг юм шүү.
quote photo
Засгийн газар өөрөө ажлаа хийж чадахгүй байж шүүх рүү дайрдаг. Хамаг асуудал прокурорт бий. Би лав прокурорын байгууллагын шинэчлэл гэж 20 жил сонссонгүй.
Т.Мэндсайхан
-Та шүүхийн тогтолцоо тийм ч муу биш байна гэсэн. Гэтэл олон нийтийн дунд шүүх ачааллаа дийлэхгүй байна, авлига албан тушаалын хэрэг шийдэгдэхгүй удаж байна гэх ойлголт гараад байна?
-Шүүх дээр удаж буй хэрэг байхгүй. Иргэний шүүхэд бол ачаалал бий. Нэг шүүгчид жилд 250-350 хэрэг маргаан орж ирдэг. Харин эрүүгийн шүүхийн ачаалал харьцангуй бага. Аймгийн эрүүгийн шүүхийн ачаалал бараг байхгүй, давж заалдах шатанд ачаалал байхгүй. Байх магадлалтай нь нийслэл. Гэхдээ тулчихсан ачаалал бол энэ биш. Тэгэхээр одоо байгаа шүүхийн тогтолцоог бүр муу гэж ерөөсөө харахгүй байгаа. Бид 2021 онд л дөнгөж Шүүхийн тухай хуулиа шинэчиллээ. Үүний дагуулаад хийх зүйлс зөндөө байна.
Мөн шүүхийн бодлогод зайлшгүй шаардлагатай байгаа хоёр зүйл бий.
Нэг нь, эрх мэдлийн хуваарилалтын нэгэн тулгуур болох шүүх байгуулал одоо хүртэл өөрийн гэсэн бодлогын баримт бичиггүй явж байна. 2021 онд Шүүхийн тухай хуулиа шинэчлэн найруулахдаа судалгаа хийж, бодлогын баримт бичгээ батлаагүй юм. Эхлээд шүүхийн тухай судалгаа хийгээд юу нь болохгүй байна вэ гэдгийг мэдчихээд түүндээ үндэслээд бодлогын баримт бичгээ баталдаг. Ийм баримт бичиг УИХ батлаагүй, хэн ч санаачлахгүй байна.
Шүүхийн тухай асуудлыг тэр болгон Засгийн газар яриад байгаа нь зарчмын хувьд буруу. Хуулиараа ШЕЗ, УДШ-тэйгээ зөвлөлдөөд Засгийн газартаа танилцуулаад УИХ руу оруулдаг юм байна. Гэтэл Засгийн газар дундуур нь давхиж орж ирээд байна. Сүүлийн үед шүүх эрх мэдэл рүү маш их халдаж байна. Нэр заагаад хэлбэл, Ерөнхий сайд. Юм л бол шүүхийг муулж, шүүх авлигын хэргийг шийдэхгүй байна гэж байна. Гэтэл шүүхэд очихын наана АТГ, ЦЕГ-ын мөрдөгч нар ажиллах ёстой. Тэгээд прокуророор хянуулаад тэд хэргээ бариад шүүх дээр очих ёстой. Гэтэл энэ процесс эргэж буцаад урагшлахгүй байна шүү дээ. Асуудал энд байна. Засгийн газар өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байна. Тэд ажлаа хийчихээд шүүхтэй ярих ёстой байхгүй юу.
Үнэндээ шүүхээс илүү прокурорт их асуудал бий. Прокурорын шинэтгэл гэж 20 жил юм сонссонгүй. Хэрэг маргааныг голчлон шийдэж байгаа газар бол прокурор. Авлигын шүүх байгууллаа гээд авлигын хэрэг буурахгүй. Харин прокурор дээрээ ажиллавал үр дүн гарч магадгүй шүү.
-Тэгвэл шүүхээр дамжуулан авлигыг бууруулахад ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл үр дүнтэй байх вэ?
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх таслах ажиллагааг ил тод болгох хэрэгтэй. Олон хүн орж суугаад ажиглаж болдог, нээлттэй телевизээр гаргадаг баймаар байна. Манай хуульд байдаг ч хэрэгждэггүй нэг зүйл байгаа нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөллөөс суух боломжтой. Болж өгвөл олон төлөөлөгч суулгах хэрэгтэй. Шүүхэд итгэхгүй байгаа бол иргэдийн төлөөллийг сайн суулгаж, яг ямар байна вэ гэдгээ харуулах ёстой.
Мөн авлига, албан тушаалын хэргийг үүсгэх, хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтад буцаах эрх прокурорт бий. Энэ процессыг шүүх дээр аваачих ёстой. Прокурор дээр хамаг ажил удаж, улс төрийн нөлөө ордог. Прокурорын байгууллага бол шаталсан захиргаатай, бүх юм командаар явдаг байгууллага. Ерөнхий прокурор шууд команд өгнө.
Харин шүүх бол командаар явдаг байгууллага биш. Дээд шүүхийн шүүгч анхан шатны шүүгчид хэзээ ч команд өгч чадахгүй. Прокурорыг томилдог хүн нь Ерөнхийлөгч шүү дээ. Шүүх бол харин өөр. Хэдий Ерөнхийлөгч томилдог ч гэсэн ШЕЗ-өөс санал болгодог болсон шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн