Хаах | Хэвлэх

​Үерийн аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас өнөөдөр шөнө болон маргааш өдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод бороо орох тухай мэдээг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Иймд ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг өнөөдөр ОБЕГ-аас анхаарууллаа.

Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт усны ослын давтамж их гарч гол мөрөн, нуур, бохир усны шугамын худаг, тогтоол усанд иргэд осолдож байна. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудын 19 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 24 удаагийн золгүй тохиолдлоор 28 хүн усанд живж амиа алдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ( 2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн байгаа нь иргэдийн хайхрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд ордгоос үүддэг байна.

Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Ууганбаяр “Хүүхдээ хайхрамжгүй орхисноос хүүхэд маш их эндэж байна. Эцэг эх нь хөзөр тоглоод хүүхдээ хайхрамжгүй орхисны улмаас хүүхэд нь мөлхөж байгаад усанд унан нас барсан. Мөн говь нутгийн хүмүүс томоохон гол мөрний усанд сэлэх гэж байгаад амиа алдах тохиолдол их байна. Энэ тал дээр иргэд онцгой анхаарахыг сануулж байна” гэсэн.

Харин Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаа, нийт 101 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч \урьдчилсан байдлаар\ 388821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508.3 га талбай түймэрт өртсөн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Биндэр сум, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр нэг, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад байгаа аж. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр нэг түймэр, Булган аймгийн Тэшиг суманд нэг, нийт дөрвөн түймэр одоогийн байдлаар асаж байгаа юм байна. Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн голомтуудад гурван удаа нисдэг тэргээр бие бүрэлдэхүүнийг хүргэх, Зэвсэгт хүчний анги салбараас 238 албан хаагчийг татан оролцуулах, бие бүрэлдэхүүнд шаардлагатай хувцас хэрэглэл, хүнсний зүйлийг хүргүүлэх арга хэмжээ аван ажиллаж байгаа юм. 

Сайханжаргал ЭНХ-ҮЖИН