Хаах | Хэвлэх

​Ажлын байрны бүртгэлээр хязгаарлагдаагүй “Нээлттэй хаалганы өдөрлөг”

Сүхбаатарын талбайд босгосон гурван эгнээ шовх цагаан асруудад өнөөдөр, маргааш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр “Өнөөдөр 40 гаруй аж ахуй нэгжийн 7000 орчим ажлын байр бэлэн байна. Маргааш бусад байгууллага ажлын байраа танилцуулна” гэсэн юм. Ажлын байранд бүртгүүлэхийн тулд өөрийн бичиг баримттайгаа ирэх шаардлагатай.

Гурван эгнээ асрын хойд хэсэгт байрлах 10 асраар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байлаа. Учир нь энэ хэсэгт л ажлын байранд бүртгэл хийж байгаа юм. Зарлагдсан ажлын байруудыг анзаарвал үйлчлэгч, тогооч, жолооч, инженер давамгайлжээ. Харин удирдах албан тушаалтан ажилд авах байгууллагууд хэлний мэдлэгтэй байх гэдгийг онцгойлон заасан харагдана. Жишээлбэл, “Алтай групп”-т ерөнхий менежерээр ажилд орохын тулд та хятад, япон хэлний ахисан төвшний мэдлэгтэй байх ёстой юм.

Харин дунд эгнээгээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) танилцуулга болон залуучуудыг дэмжих төсөл хөтөлбөрийн мэдээлэл байлаа. Эндээс онцлох нь, барилгын сантехникч, тогооч, оёдолчин, гагнуурчин, засварчин гэх мэт 10 төрлийн мэргэжлээр элсэлт авдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Эрдэнэ” МСҮТ юм. Сургалтын төлбөр, дотуур байр үнэгүй, улирал бүр 210 мянган төгрөгийн тэтгэлэгтэйгээр суралцуулах тус МСҮТ орчин нөхцөлийн хувьд цахим номын сантай, зориулалтын спорт талбайтай, дадлага хийх тусгай газартай ажээ. Гэсэн ч энэ асар бусдыгаа бодоход арай бага хүнтэй байсан юм. Харин залуусын хамгийн их сонирхож байгаа, дараалал үүсгэсэн асар “Гарааны бизнес” байлаа.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Г.Долгорсүрэн, “ Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих гурван хөтөлбөр батлагдсан. Нэгдүгээрт, гарааны бизнесийг дэмжих, хоёрдугаарт, мэргэжлийн боловсролын болон МСҮТ төгсөгчийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох гуравдугаарт, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт багтаж байгаа. Үүнээс гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр ойрын хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй байна.

Энэ хөтөлбөр “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгтэй адил журмаар явагдана. Эхний шатанд, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт нэг минутын бизнес санаагаа танилцуулсан видео илгээнэ. Дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд үүнийгээ илүү хөгжүүлж шат дараалалтайгаар өрсөлдөж үндэсний ялагч тодруулна. Эцсийн дүндээ нэг төсөлд 10 сая төгрөгийн санхүүжилт олгох юм” хэмээлээ.

Нүүрэн талын эгнээнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах хүмүүс урт дугаар үүсгэн цуглажээ. Энэ хүмүүсийн дийлэнх нь 30-аас дээш насныхан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн М.Нямдэмбэрэл хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ажлын байрыг дэмжих, Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох гэсэн зургаан хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрүүд ч урьд жилүүдэд амжилттай хэрэгжсэн. 2017 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна түүний асран халамжлагчийг дэмжихээр шинэчлэн тусгасан. Энэ өдөр манайд зөвлөгөө авахаар ирсэн хүмүүсийн дийлэнх олонхи нь буюу бараг 80 хувь нь өндөр настнууд байлаа. Тэд ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэх ямар боломж байна гэдгийг ихээр сонирхож байна. Тиймээс энэ талын бүйл ажиллагааг илүү танилцууллаа” гэсэн юм.

Нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирснээр та ажлын байрны нээлттэй зар төдийгүй төрийн байгууллагаас иргэнд үзүүлэх дэмжлэг, хөтөлбөрийн талаар нэгдсэн мэдээлэлтэй болох боломжтой. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Нийгмийн халамж, үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн мэдээллийг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар болон ТББ-уудын үйл ажиллагаанд хэрхэн оролцож болох талаар нэгдсэн мэдээлэлтэй болох юм.

Мөн тус өдөрлөгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эм олгоно хэмээн андуурсан хүмүүс олон ирсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтэн хэлсэн юм. Учир нь, өмнө нь нээлттэй хаалганы өдрөөр энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг байжээ. Харин энэ удаад ямар нэгэн эм хөнгөлөлттэй үнээр олгохгүй зөвхөн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа гэдгийг онцолсон юм.

Батдорж БАДАМЦЭЦЭГ