Хаах | Хэвлэх

​ТҮМНИЙ НЭГ: Дэлхийн хоёр аварга, Ази тивийн нэг аварга төрүүлсэн залуу гэр бүлд зочиллоо

Том охин Д.Хонгорзул нь Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрлийн аварга, дунд охин Д.Мөнхзул нь Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, бага охин Д.Өнөрзул нь Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль,сурагчдын дэлхийн аваргын хүрэл медаль,Ази тивийн аваргын нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой нэгэн залуу гэр бүлийг энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа урьж оролцууллаа. Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улс түүхэндээ хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байдаг бөгөөд үүний нэг алт, нэг мөнгийг нь эдний хоёр охин эзэмшиж, дэлхийд эгч дүү хос медальтан гэх эрхэм алдрыг зүүжээ.

Нэг айлаас нэг аварга төрж болох ч хоёр дэлхийн аварга, нэг Ази тивийн аварга төрсөн нь ховор тохиол, ховор хувь заяа. Иймд тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эгч дүү гурван аваргын аав Г.Даваахүү, ээж Н.Наранцэцэгтэй ярилцахаар тэднийхийг зорилоо.

Биднийг очиход хоёр том охин нь зусланд амрахаар явсан байсан тул гэртээ эзгүй байлаа. Харин бага охин Д.Өнөрзул нь аав, ээжтэйгээ удахгүй болох Зүүн Азийн өсвөрийн шатарчдын тэмцээнд бэлтгэж байсан юм.

Гурван охиноо хэлд орохоос нь төрийн дуулал сургаж, хөлд орохоос нь эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлжээ

Хүний амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл үгүй хэмээн бодож амьдралынхаа бүхий л цаг хугацаагаа ажиллаж, хөдөлмөрлөж мөнгө олохын төлөө зарцуулдаг байсан Г.Даваахүү 2000 оны эхэн үеэс энэ бодлоо өөрчилж эхэлжээ. Тухайн үед Г.Даваахүүгийнх ганц хүүтэй байсан бөгөөд мөнгөнөөс илүү олон үр хүүхэд төрүүлж, тэднийгээ эх орондоо хэрэгтэй, эрдэм мэдлэгтэй сайн хүн болгон өсгөх нь Монгол Улсдаа оруулах хамгийн том хувь нэмэр гэдгийг ухаарч эхэлжээ. Тэр үеэс гурван охин төрүүлж, хэлд орохоос төрийн дуулал сургаж, хөлд орохоос нь эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлжээ. Тиймдээ ч тив дэлхийн аваргаас медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх нь эдний гурван охины хувьд маш том бахархал, баяр хөөр болдог байна.

Ингээд гурван охиноо хэрхэн өсгөн хүмүүжүүлсэн талаар тэд ингэж ярилаа.

Нэгдүгээрт, бид хүүхдүүдээ багаас биеийг нь даалгаж өсгөсөн. Манай хүүхдүүдийн хэн ч памперс хэрэглэж өмдөндөө шээж үзээгүй. Ухаан орсон цагаас нь эхлээд хүүхдийг бие хүн болгож төлөвшүүлэх их чухал байдаг. Юмны учир мэдэхгүй жаахан хүүхэд гэсэн хандлагаар бус яг л том хүнтэй харьцаж байгаа юм шиг зааж, зурж, өөрөөр нь хийлгэж сургасан. Энэ хүүхдийн цаашдын амжилтад ч чухал нөлөөтэй байдаг.

Хоёрт, хүүхдийг “би чадна гэдэг” итгэлтэй болгох хамгийн чухал байдаг. Өөртөө итгэх итгэлтэй болсон хүүхэд ямар ч зүйлд өөрийгөө сорьж чаддаг. Бидний хувьд хүүхдүүдээ өөртөө итгэлтэй болгохын тулд цэцэрлэг, сургуулиас нь эхлээд олон төрлийн үйл ажиллагаа, концертод оруулж бэлддэг байсан. Манай гурван охин гурвуулаа БЗД-ийн 22-р цэцэрлэгийг төгссөн. Одоо 33-р сургуульд сурч байгаа. Өөртөө итгэх итгэлтэй болгох нь олон зүйлийн суурь болдог. Чадахгүй байсан ч хамаагүй, дэмжээд нийгмийн идэвхтэй болгох хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэд бага багаар өөртөө итгэлтэй болж, би чадна гэх үзэл өөрт нь төлөвшиж эхэлдэг юм шиг байгаа юм.

Гуравт, хэлж, заахаас илүү үлгэрлэн харуулах хүүхдийн хүмүүжилд чухал үүрэгтэй байдаг. Эцэг, эх бол хүүхдийн хувьд амьд үзүүлэн байдаг. Хүүхдүүдийнхээ хажууд мотиваци төрүүлж, урам зориг, мөрөөдөл төрүүлэх зүйл их ярина. Ихэвчлэн гурван охиныхоо хажууд Унгарын эгч дүү дэлхийн аваргуудын талаар ярьдаг. Тэд нар угаасаа их хичээж хөдөлмөрлөсөн болохоор л ингэж амжилтад хүрч байгаа юм. Заримдаа байшинг нь харуулаад ийм сайхан байшинд амьдрахын тулд үнэхээр хичээсэн байж таарна гэх зэргээр хүүхдүүдийнхээ дэргэд зүгээр л яриад байдаг. Хүүхдүүд анзаарч сонсохгүй байгаа юм шиг хэр нь цаанаа бага багаар мөрөөдөл нь том болж, үлгэр дууриал авч, урам зориг сэлбэгдэж байдаг.

Мөн зөвхөн хэн нэгний талаар ярихаас гадна аливааг хүүхдүүддээ сургахын тулд өөрсдөө эхлээд сурахыг хичээдэг. Анх шатраар хичээллэж эхлэхэд бид өөрсдөө шатар сурч, гэртээ ирэхээр нь тоглодог байлаа. Эхэндээ хүүхдүүдтэйгээ мөрийтэй тоглож, хожсонд нь мөнгө өгдөг байлаа. Тэгсэн сүүлдээ өөрсдөө хожигддог болсон шүү. Орчин үеийн хүүхдүүдэд англи хэл маш чухал байгаа учраас удахгүй гэр бүлээрээ англи хэл сурах төлөвлөгөөтэй байна.

Хүүхдэд аливааг сургахад тэгж, ингэж хий гэж хэлэхээс илүү өөрөө сурснаа харуулж, хамтарч хийх нь ихээхэн үр дүнтэй байдаг.

Дөрөвт, Охиддоо өмсөж, зүүх, идэж уух амны хишгийн талаар их сургадаг. Энэ амьдралдаа 100 плаж өмсөх байсан бол энэ жаахан байхдаа талыг нь өмсчихвөл ирээдүйд үлдсэнийг нь хувааж хэрэглэх болдог. Тиймд эгч нарынхаа хуучин хувцас, ээжийнхээ оёж өгсөн хувцсыг өмсөхийг үргэлж сургадаг. Тийм болохоор өөрийнхөөрөө зүтгэж хувцас авах, ундаа чихэр нэхдэггүй.

Үлгэр жишээ гэр бүл

Сурв: Эдний хүүхдүүд нь зөвхөн амжилтад хүрээд зогсохгүй үлгэр жишээ залуу гэр бүлийн томоохон төлөөлөл ажээ. Зурагт тийм ч их үздэггүй бөгөөд хааяа даа нэвтрүүлэг, мэдээ, хүүхэлдэйн кино үздэг байна. Ингэхдээ бүх зүйл цагийн хуваарьтай бөгөөд орой 21.00 цаг гэхэд бүгдээрээ амардаг гэнэ. 

Энэ талаар эхнэр Н.Наранцэцэг "Хүүхдүүд маань тэмцээн уралдаанд ордог ч түүний ард гэр бүлээрээ бэлтгэл сургуулилт хийдэг. Заримдаа шатрын сургалтын төв шиг байдаг шүү. Хүүхдүүддээ хэрэгтэй, хэрэггүй юм үзүүлдэггүй. Тэр тусмаа Солонгос кино багаас нь үзүүлэлгүй өсгөсөн. Мөн удахгүй гэр бүлээрээ нэг шинэ дүрэмтэй болох гэж байгаа. Тэр нь гэртээ орж ирээд бүгд гар утсаа сагсанд хийдэг байх юм. Хэн нэгнээс дуудлага ирсэн тохиолдолд утсаа авч яриад буцаагаад сагсандаа хийнэ. Бусдаар хэн ч гэртээ байхдаа утсаар оролдож, барихгүй байх дүрэм. Ингэснээр гэр бүлд амьд харилцаа бий болох юм" хэмээн ярьж байлаа. Мөн эдний хүүхдүүд газтай ундаа уудаггүй, дээрээс нь чихэр пиченьд тийм ч дуртай биш гэнэ.

Г.Даваахүү: Аварга болох амархан. Аваргыг аваргаар хадгалах хамгийн хэцүү 

Ингээд шатрын спортоор хичээллэхийн давуу тал болоод хүүхдүүд нь яагаад ингэж амжилт гаргаж чадсан талаар охидын аав Г.Даваахүүтэй ярилцлаа.

-Дэлхийн аварга болоход мэдээж түүний ард маш их бэлтгэл сургуулилт байсан байх. Танай охидууд хэр их бэлтгэл хийдэг вэ. Хэдэн наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Манай хүүхдүүд дөрөв, таван настайгаасаа шатраар хичээллэж эхэлсэн. Тэмцээн болохын өмнөх бэлтгэлийн үе болон энгийн үед бэлтгэл нь арай өөр, өөр байдаг. Гэхдээ ихэвчлэн тогтсон бэлтгэлтэй байдаг. Мөн охид нь маань тус тусын багштай. Багш нарыг нь хүртэл охидынхоо зан онцлогт тохируулан сонгодог. Тухайлбал, манай бага охин Ази тивийн аваргын тэмцээнд орохдоо настай багштай хичээллэж байсан. Багш нь өглөө 7 цаг гээд л хүрээд ирнэ. Охин маань тэр үед зургаан настай байсан. Бэлтгэлийн үеэр их ядардаг юм байлгүй. "Энэ өвгөн багш унтдаггүй юм байхдаа" гэж хэлдэг байсан.

-Хүүхдийн зан онцлогт шатар хэрхэн нөлөөлдөг вэ. Танай хүүхдүүд энэ олон жил шатрын спортоор хичээллээд зан төлөвийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Манай хүүхдүүд бага байхын их хөдөлгөөнтэй байсан. Шатраар хичээллэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвараас гадна аливаад хандах хандлага эрс өөрчлөгддөг. Аливааг хийхдээ буурь суурьтай, бодож төлөвлөж ханддаг болдог. Нэг талаар шатрын спорт өөрөө хүүхдийг маш сайн хүмүүжүүлдэг гэж боддог.

-Томоохон тэмцээн уралдаанд өрсөлдөж буй тамирчдын сэтгэл зүй маш чухал байдаг шүү дээ. Охидоо сэтгэл зүй талаас нь хэрхэн дэмждэг вэ?

-Тэмцээнд амжилт гаргахад 50 хувь онол, мэдлэг, арга техник байдаг бол 50 хувь нь сэтгэл зүйн бэлтгэл байдаг. Сэтгэлзүйгээ нэгэн хэвийн байлгах нь маш чухал байдаг. Тиймээс охиддоо шатар дээр давуу байрлал авлаа гээд хожсон гэсэн үг биш, нэг хоёр өрөгт хожигдлоо гээд бүр хожигдсон гэсэн үг биш. Хэт эрт баярлаж, гуньж болохгүй гэж үргэлж хэлдэг. Тухайн тэмцээн дуусаад үнэхээр ялалт байгуулж, хожсон ч гэсэн бага зэрэг л баярла. Тэр ганц тэмцээнээр бүх зүйл дуусаагүй шүү гэж хэлдэг.

Энэ зүйлийг анх мэдэрч байсан үе Азийн аваргын тэмцээн байсан юм. Эхний өдөр рапид төрлийн тэмцээн болоод хоёулаа түрүүлээд алтан медаль авсан. Тэгээд  баярлаад хоёр охиноо гадуур авч зугаалуулж, тоглуулж байгаад маргааш нь тэмцээнээ үргэлжлүүлсэн чинь хоёулаа хожигдоод гараад ирсэн. Хэт их баярлаж болохгүй гэдэг сургамжийг тэр үед авч байсан даа.

Сэтгэлзүйг нь бэлтгэхэд охид бүр бас адилхан байдаггүй. Тус бүрийнх нь зан онцлогт тохируулан сэтгэлзүйг нь дэмждэг. Том охиндоо бол хатуухан хэлнэ, дунд охиндоо эсрэгээрээ урам өгнө, бага охиндоо хурдан тоглож болохгүй шүү, эрт баярлаж болохгүй шүү гэж хэлнэ.

-Амжилт гаргахад охиддоо хэр урам өгдөг вэ. Яагаад танай охидууд ингэж амжилтад хүрсэн талаар ярихгүй юу. Залуу гэр бүлүүдэд бас үнэтэй зөвлөгөө болно байх гэж бодож байна?

-Охиддоо урам өгч, магтах үе олон байдаг. Гэхдээ магтаж, урам өгөхдөө бас учиртай. Үнэхээр сайн тоглоод хожсон уу, эсвэл өөрөөсөө жаахан хүүхэдтэй тоглосон уу, эсвэл том хүнтэй тоглоод тэр хүн нь басаж байгаад манай охинд хожигдсон уу гэх зэргээр яг яаж хожсон гэдгийг чухалчлан харна. Түүнийхээ дараа үнэхээр сайн байгаад хожсон бол урам өгнө, магтана.

Олон удаагийн аварга болоход нөлөөлсөн зүйл бол шатарт дуртай байсан. Дуртай зүйлээ олсон хүүхэд амжилтад хүрч чаддаг . Аварга болох амархан. Гэхдээ аваргаа аваргаар нь хадгалах хамгийн хэцүү байдаг. Аварга хүн алдах эрхгүй болдог. Улсаа төлөөлөн гадаадад өрсөлдөж л байгаа түрүүлэх ёстой гэсэн хүлээлт байдаг. Буцах зам байхгүй. Хожигдох эрхгүй болдог. Аваргыг аваргаар нь үргэлж хадгална гэдэг асар их хөдөлмөр байдаг. 

Сүхбаатар ЦЭРЭНДЭЖИД