Хаах | Хэвлэх

​Э.Ганхүү: Баяр наадмын төсвийг өмнөх оныхоос нэмээгүй

"Эксперт" буландаа энэ удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Жил жилийн наадмын төсөв анхаарал татаж, хэл ам дагуулдаг. Энэ жил төсөв санхүүгийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлж байгаа. Ийм үед батлагдсан Үндэсний баяр наадмын төсөв хэдэн төгрөг вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Засгийн газар, Сангийн яамнаас өмнөх оны наадмын зардал төсвөөс нэмэгдүүлэхгүй, гэхдээ үндэсний томоохон баяр учраас хасахгүй байхаар шийдвэрлэсэн. Ноднин жилийн баяр наадмын төсөв 2.9 тэрбум болсон. Үүний 2.3 тэрбум орчим төгрөгийг Засгийн газраас, 700 сая орчим төгрөгийг гаргаж наадмаа зохион байгуулж байсан. Энэ жилийн тухайд 1.9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 330 сая төгрөгийг наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, билетийн зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс, 500 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргана гэсэн тооцоололтой байгаа. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар батлуулж, 10 салбар хорооддоо хуваасан байгаа.

-Батлагдсан төсвөөс наадмын нээлтэд хэдийг зарцуулах вэ?

-Наадмын төсвийн дийлэнх нь нээлтэндээ явдаг. Энэ жил 900 орчим сая төгрөгийн зардал орж ирсэн. Өмнөх жилийнхээс хэтрүүлэхгүй гэсэн бодлогыг хот барьж байгаа учраас 600 орчим сая төгрөгийн төсөв тавьсан байгаа. Нээлт хийж байгаа урлагийн баг маань энэ төсвийг хүрэлцэхгүй байж магадгүй гэсэн. Нээлтэд оролцуулахаар цэргүүдийг, хүүхдүүдийг дайчилж, бүтэн сар бэлтгэл хийлгэдэг. Шинэ үзүүлбэр гаргаад олон зуун хүнд хувцас хэрэглэл шинээр хийдэг, хооллодог, урлагийнханд хувцас хийдэг гэх мэтээр зардалтай ажил. 600 сая төгрөг нэгэнт тавьсан учраас цалгардуулахгүй ажиллаж чадна гэж тэд хэлсэн байгаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худагт бүтээн байгуулалт, урсгал засварын ажлууд хийдэг. Энэ жил аль хэсэгт ямар ажил эхлүүлээд явж байна вэ?

-Шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажил гэвэл шагайн харвааны байр байна. Задгай талбайтай учраас өвөл, хаврын нар салхи, бороо чийгийг даахгүй эвдэрдэг. Наадмаар харваачдаа түлхүү оруулах үүднээс байранд нь багахан хэмжээний сунгалт хийж байгаа. Нийтдээ 150 сая орчим төгрөг зарцуулна. Хүйн долоон худагт цагдаагийнхан маань өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, бороо шороонд зутардаг. Монгол наадам цогцолборт цагдаагийн байнгын суурьшлын байр байхгүй учраас 60 сая төгрөгийн хөрөнгөөр зөөврийн барилга бариулахаар болсон. Дээр нь сурын харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөгийн төсөв шинээр нэмсэн. Бусад нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэг ажил байна. Энэ жилийн хувьд Хүйн долоон худагт өмнөх жилүүдийнх шиг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж чадахгүй. Харин наадмын үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр, тохижилт, арчлалтын зардал тавьсан.

-Энэ зун, намартаа нийгмийн шинжтэй ямар бүтээн байгуулалт хийхээр төсөвт суусан бэ?

-Нийслэлийн төсөвт 174 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр 2017 оны төсвийг анх баталсан. Монгол Улсын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсны дараа нийслэл 2016 оны тайлан балансаа хуулийн дагуу аудитаар баталгаажуулаад, өмнөх оныхоо дансны зарцуулаагүй үлдэгдлээрээ дахин зарцуулах, хийгдэх ёстой үлдсэн ажлуудаа цуцлах, үргэлжлүүлж хийх, дутуу санхүүжилт авсан байгууллагууддаа эргэн төлөгдөх зарчимтай төсвөө 197 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан байгаа. Монгол Улсын цаг агаар, улирлын онцлогоос шалтгаалаад жилийн дотор бүтээн байгуулалтын улиралдаа ашиглалтад орох барилга цөөхөн байдаг. Ийм учраас нийгмийн шинжтэй барилгууд тухайн жилийнхээ төлөвлөгөөнд суусан байдлаараа л явж байгаа. 10-аад цэцэрлэг, сургууль баригдана.

Шинэ Засгийн газар байгуулагдаад иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах, хотоос “Аз жаргалтай хот” байгуулах зорилтууд тавьсан. Энэ хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг үндсэн нэгж болох өрхийн эмнэлгүүд, дүүргүүдийн эмнэлгүүдийг стандартын дагуу эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн төсөв тавьсан байгаа. Төв, алслагдмал гэхгүйгээр бүх дүүргийн эмнэлгээ мэс заслын тасагтай болгоё гэсэн. Иргэд маань дүүргийн эмнэлэгтээ очоод нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлье гэсэн. Цаашлаад тасгуудыг өргөтгөх, ор нэмэх, эмнэлгийн багаж хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай эхлүүлж байна. Багахангай бол Улаанбаатараас алслагдсан дүүрэг. Одоо байгаа иргэд нь шаардлага хангахгүй байгаа учраас иргэд нь нийслэл рүү орж эмчлүүлдэг. Ийм учраас Багахангай дүүрэгт шинээр эмнэлэг барьж эхэлсэн. Налайх дүүргийн эмнэлэгт иж бүрэн засвар хийх хөрөнгө тодотголоор суусан.

-Шинээр эхлэх зам, гүүр гэвэл?

-БНХАУ-ын тусламжаар Замын цагдаагийн уулзвар, Яармагийн гүүр, Налайхын замын ажлууд эхэлсэн. Дээр нь улсын төсөв хүнд байгаа ч гэсэн Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр замуудад урсгал засвар хийхээс гадна түгжрэлийг сааруулах үүднээс шинээр зам тавьж байгаа. Тухайлбал, Хайлаастын уулзвараас баруун тийш Дарь эхийн замтай холбох зам, Зайсан руу аялал жуулчлалын зам тавьж байгаа. Зарим хүн Зайсанд зам тавихаар “Баячуудад зориулж зам барилаа” гэж шүүмжилдэг болж. Гэтэл энд төрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд бий, адилхан л татвараа төлөөд явж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгаа учраас дэд бүтцээр хангагдах эрхтэй. Зайсангийн орчимд Богд уул руу гарах зам тавьж байгаа, нөгөө талд нь Зайсан толгойн өмнөх замыг шинээр хучихаар төлөвлөсөн. Баянхошуунд бас зам тавигдаж байгаа.

-Төсөв, төсвийн тодотголыг батлахаас өмнө “энэ жил концесс тавихгүй” гэж байсан. Тэр хэвээрээ юу?

-Шинэ концесс тавигдаагүй. Нийтдээ 48 тэрбум орчим төгрөгийн концесс өмнөх жилүүдэд хэрэгжүүлээд, ажил ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад оролцоод явж байгаа. 21 барилга байгууламжийн ажил байгаа. Сургууль, цэцэрлэг, замын ажлууд байгаа. 2017 онд ажлаа дуусгасан аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилах зарчмаар долоон тэрбум төгрөг тавьсан. Сая 2017 оны төсвийн тодотголоор нэмж 10 тэрбумыг тавьсан. Ингээд ямар ч байсан 17 тэрбум төгрөгийг компаниуддаа жигд хуваарилна.

-Төв цэвэрлэх байгууламжид хотоос тавьсан төсөв хөрөнгө байдаг юм уу. Эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээд явчихдаг юм уу?

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа Төсвийн хуулиар Улаанбаатар хот төсвийнхөө мөнгөөр сургууль, цэцэрлэг барих үүрэггүй. Гэтэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50-60 хувь нь амьдарч байгаа учраас багахан төсвөө хүргээд л явж байна. Төв цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, онцгой гээд ярьвал өөрийн гэсэн салбарын яамдтай, өөрийн гэсэн төсвийн ерөнхий захирагчидтай салбарууд байхгүй юу. Улс өөрөө эдийн засгийн хямралтай байгаа учраас хотын зүгээс амьдрал зогсоохгүйн тулд зохицуулаад, энэ бүгдийг шийдвэрлээд явж байна.

-Сүүлд Сөүлийн гудамжийг 1.5 тэрбумаар гэрэлтүүлэгтэй болголоо гэсэн шүүмжлэл гарсан. Хотын санхүүгийн даргын хувьд та албан ёсны тайлбар өгнө үү?

-Улаанбаатар бол дэлхийн жишгээр үзвэл залуучуудын хот. Залуу гэр бүлүүд ердийн өдрүүдэд Зайсанд, эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ зугаалж байна. Ийм учраас хотын төвд оройн цагаар автомашингүйгээр амарч, зугаацах боломжтой газрыг бүрдүүлье гээд Сөүлийн гудамжийг сонгосон. Гадаадад залуучууд нь дуулж, хөгжим тоглож, бүжиглэж, зураг зурж, амттан идэж, лед дэлгэцээр кино үзэж суудаг газрууд байдаг. Ийм орчныг бүрдүүлье гэсэн санаачилга гарч, эхлүүлсэн нь Шөнийн гэрэлт гудамж юм. Бид өөрсдийгөө өмөөрөх гэсэнгүй, анхны ажил учраас алдаа оноо байлаа. Улам л сайжруулаад, эрүүл шүүмжлэлийг тусгаад ажил хэрэг болгох нь бидний үүрэг. 4000 орчим ам метр газрын сул шороон хөрсийг хавтангаар бүрж, ногоон байгууламтай болгосон. Нийтийн эзэмшлийн бие засах газар, жуулчдад зориулсан мэдээллийн төв, цагдаагийн төв, замын хөдөлгөөний болон цагдаагийн хяналтын камерууд, гэрэлтүүлэг, 45 дугаар сургуулийн хашааг иж бүрэн сольж, өмнө нь суудал тавьсан. Мөн Сөүлийн гудамжаас Далай ээж рүү эргэдэг замыг асфальтаар хучсан, Хоёрдугаар төрөх буюу Улаанбаатар их дэлгүүрийн наад талын гудамжны шороог түрж, явган хүний зам, авто зогсоолыг шинэчилсэн. Явган сандал, хогийн сав гэх мэтээр түрүүн дурдсан нийт ажлын зардал нь нэг тэрбум 500 сая төгрөг. Гэрэлтүүлэг хийсэн компани болон түрүүн хэлсэн ажлуудыг хийсэн компаниуд ажил хүлээлцээгүй байгаа учраас хотоос нэг ч төгрөг аваагүй байгаа. Эцсийн байдлаар ажлаа бүрэн утгаар нь хүлээлгэж өгсний дараагаар санхүүжилтээ авах юм.

-Саяхан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хотын төсөв, санхүүгийн эрх зүйн орчин энэ хуулийг дагаад сайжрах уу?

-Хот гэдэг бол их айл. Хотын санхүүгийн даргын хувьд хэлэхэд, хот маш их бүтээн байгуулалт хийдэг мөртлөө хийснээ арчлах зардал багатай. Бид аль ч салбараа үлдээхгүй хүргээд яваад байхаар өмнөх хийсэн ажлын үрэгдэл, хорогдлыг засах арчлах мөнгө тавигдаж чаддаггүй. Хэрвээ засвар арчлалтыг стандартын дагуу иж бүрнээр нь хийгээд явбал нэг их наяд төгрөг зарцуулагдах тооцоолол гардаг. Гэтэл Улаанбаатар хотын төсөв нь 500 тэрбум л төгрөг. Энэ мөнгөөр замаа ч, барилгаа ч бариад, урсгал засвараа хийгээд, хог, ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлэг, муур нохойн устгал хийгээд хажуугаар нь яам, Засгийн газрын хариуцах ёстой ажлыг хийдэг. Хүмүүс энэ бүгдийг хараад үрэлгэн байна гэдэг боловч мегаполис хотын хувьд харвал үнэхээр өрөвдмөөр төсөвтэй. Хотыг аймагтай харьцуулаад байдаг. Хот аль болох бие даасан төсөвтэй, бие даасан нөхцөлтэй байх ёстой. Саяхан Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо. Хууль батлагдвал нийслэл маань дэлхийн жишгийг дагаж хөгжих боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа.

Ганбаатар УЛСБОЛД