Хаах | Хэвлэх

​П.Батбаатар: Болоод өнгөрөх сонгуулийн төлөө ард иргэдийг хагаралдуулж, буруу зүйлд турхирах хэрэггүй

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Лхагвадорж нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

П.Батбаатар: Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийе гэж та нөхдийг урьсан юм. Эрүүгийн хууль тогтоомж зөрчиж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн, ард түмнийг хагалган бутаргах гэсэн, нөгөө талаар сонгуулийг будлиантуулж, саад хийх гэсэн үйлдэл, эс үйлдлүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд гарч байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа талаар иргэддээ тайлагнах нь зүйтэй. Сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа нам, улс төрийн байгууллагаас сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг худалдаж авах зорилготойгоор цахим ертөнцөөр мессеж бичиж, сонгууль будлиантуулах гэсэн оролдлого яваад байгаа. Энэ дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйл буюу сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа зүйл бий. Шинэ Яармаг хорооллын захирал Ууганбаяр гэдэг этгээд тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Канад улсын компани руу мессеж бичсэн байгаа. Үнэ ямар байдаг, түрээслэх боломжтой юу гэх мэтээр бичигдсэн мессежүүд бидэнд байгаа. Энэ дээр нь үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн олон нийтэд аюултай байдлаар олны анхаарлыг татах гэсэн үйлдэл гарч байгаа. Сүхбаатарын талбай дээр приус машин шатаасан үйлдэлд “Төрийн байгууллагыг ямар нэгэн шийдвэр гаргуулахаар нөлөөлөхөөр олон нийтэд аюултай аргаар заналхийлсэн” хэмээн буруутган шалгаж байна. Сонгуулийн сурталчилгаанд зориулж, татварын асуудал дээр төрөөс гаргаж байгаа шийдвэрт хүчээр нөлөөлөх гэсэн оролдлого, зорилго сэдэлттэй гэж үзэн шалгаж байгаа.

Дараа нь, телевизүүд, цахим орчинд цацагдаж байгаа “Улаан тарианы хүүхдүүд” гэдэг нэвтрүүлэг. Энэ дээр 200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ гэж иргэдийг харгис хэрцгий алан хядлагад уриалан дуудсан, цусаар цэвэрлэгээ хийнэ гэх мэтээр заналхийлсэн өнгө аястай нэвтрүүлгийг гаргасан Херо энтертаймент студийн захирал Баатар болон нэвтрүүлэг бэлтгэсэн бусад хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулаад сонгуульд нэр дэвшигчдийг гарал үүсэл, үндэс угсаагаар нь гүтгэн доромжилсон хүмүүсийг шалгаж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Хятад гаралтай гэж гүтгэн доромжилсноо, нэвтрүүлгийг Баянгол зочид буудалд байрлах Херо энтертаймен хийснийг Түвдэнбалжир гэдэг хүн хүлээн зөвшөөрч, өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруугаа хүлээж уучлал гуйсан байгаа. Дээрх хүмүүсийг бусдыг гүтгэж доромжилсон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Үүнийг зохион байгуулсан гэх УИХ-ын гишүүн асан Г.Уянгын Түвдэнбалжиртай бичсэн мессежүүд бүгд байгаа. Г.Уянгын “одоо нөгөө газраа хүрээд ир. Одоо ингэж ярь” гэх мэтээр Түвдэнбалжирт үүрэг даалгавар, зааварчилгаа өгч гүтгэлэг хийлгүүлсэн нь тогтоогдож байгаа.

60 тэрбумын бичлэгийн асуудлууд анхаарал нэлээд татаж байгаа. Энэ асуудлыг шалгуулахаар Ардчилсан намын зүгээс хуулийн байгууллагад хандсан байгаа. Прокурорын байгууллагын тогтоолоор хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарсан байдаг. 2016 оны сонгуулийн үеэр хуулийн байгууллагууд шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг хаасан. Прокурорын байгууллагын энэ шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нэгэнт хүчин төгөлдөр байгаа шийдвэр дээр байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Гэхдээ прокурорын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзээд хамтарсан ажлын хэсэг гараад шалгаж байна. УИХ-ын сонгуулийн дараа төрийн өндөр албанд 3000 орчим хүн томилогдсон байдаг. Эдгээр хүнийг нэг бүрчлэн төрийн албаны сонгон шалгаруулалтаар орж томилогдсон эсэхийг шалгаж байгаа.

Энэ мэт сонгуулийн зурагт хуудас урлаа, алга боллоо, хууль бус сурталчилгаа явууллаа, шөнө оройн цагаар чанга яригчаар ярьж амгалан тайван байдал алдагдуулж байна гэх мэт 100 гаруй гомдол мэдээлэл ирснийг шалгаж байгаа" гэв. Хэвлэлийн бага хурлын дараа түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-60 тэрбумын бичлэгийг нийгэмд цацсан гэх иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллага өнөөдөр баривчлах гээд байгаа юм уу, хамгаалалтад авах гээд байгаа юм уу?

-Тэр бичлэгийг цацаж, иргэдийн анхаарлыг зориудаар татаж байгаа хүн нь Доржзодов. Тагнуулын байгууллага энэ хүнд Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа. Шалгалтын явцад энэ хүн шалгалтад саад болж байна. Хоёрдугаарт, энэ хүн бичлэгээ зөвтгөх зорилгоор иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулаад байна. Шалгагдах хугацаандаа хоёр хоногийг Чөлөөт ахмадын холбооны Баасангийн гэрт орогнож, тэндээсээ янз бүрийн мэдээлэл цацаж иргэдийг төөрөгдүүлсэн. Сүүлийн дөрөв хоног нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт орогнож, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа нь тогтоогдсон. Энэ үйл ажиллагааг нь зохион байгуулсан хүмүүс, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж байгааг нь эсэргүүцсэн хүмүүсийн зүгээс Доржзодовын амь бие, эрүүл мэндэд нь заналхийлж болзошгүй гэсэн мэдээ мэдээлэл авагдсан. Ийм учраас цагдаагийн байгууллага иргэн Доржзодовыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч гэдэг талаас нь хамгаалалтад авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу бид хамгаалалтад авахаар өөрт нь санал тавьж, мэдэгдсэн. Түүнээс биш энэ хүнийг баривчлах гэсэн ямар ч үйл ажиллагаа болоогүй.

-Иргэн Доржзодовын орогнож байгаа газарт олон тооны цагдаа хамгаалалтад гарсан байна. Энэ хэвээрээ ийм олуулаа хамгаалах юм уу. Эсвэл өөрийнх нь хажууд цагдаа биечлэн хамгаалалт авах юм уу?

-Хамгаалалтад авах олон янзын хэлбэрийн нэгийг л сонгох ёстой. Өнөөдөр бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинг ашиглаад намын харьяалалтай хүмүүс олон нийтийг уриалаад, эсэргүүцэл, тэмцэлд турхираад байсан учраас болзошгүй эрсдлээс сэргийлж гадуур хамгаалалт авсан байгаа. Энэхүү хамгаалалт нь тухайн орчинд амьдарч байгаа хүмүүст энд тэндээс ирсэн хүмүүс халдахаас сэргийлсэн арга хэмжээ. Тэрнээс Доржзодовт зориулсан зүйл биш, тусдаа хамгаалалт гаргаж өгсөн. Нэг удаа болоод өнгөрөх сонгуульд иргэдийг хагаралдуулах, буруу зүйлд уриалах нь зохисгүй шүү дээ.

-Цахим орчинд алъя, хядъя, босъё, тэмцэе, шатаая гэж бичиж байгаа хүн олон байна. Энэ хүмүүсийг яах вэ. Үнэхээр энэ нь бодит зүйл болох аюул байгаа бол цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сүүлийн үед бусдыг хууль бус зүйлд уриалан дуудах, галдан шатаах, алан хядах байдлыг сурталчлах үйлдэл их гарч байна. Дэлхий дээр 120 сая хуурамч фейсбүүк хаяг байгаа. Турхирч, хагаралдуулж уриалж байгаа хүмүүс бүгд л хуурамч хаяг ашиглаж байна. Тухайлбал, Trader Hunnu гэдэг хаягаар, “Хэрэв М.Энхболдыг сонгогдвол талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийнэ гэвэл нэгдэхүү бүгдээрээ. Гитлер төрийн ордоноо шатааж байсан шиг бид энэ ордныг шатаах ёстой. Энэ зэргийн ордныг хэзээ л бол хэзээ барина. Бид боломж олдвол М.Энхболдыг барьж хорих ёстой. Украйнууд чадсаныг бид ч чадах ёстой. Цэрэг армийн томчууд нэгдэх ёстой” гэсэн уриалга гаргаж явуулсан. Үүнийг шалгаад үзэхэд бичсэн хүн нь, “Би пиво ууж согтуу байсан. Халамцуудаа бичсэн байна. Уучлаарай” гэж байх жишээтэй. Янз бүрийн юм бичиж байгаа хүмүүсийг шалгаад үзэхэд ихэвчлэн 18-23 насны өсвөр насны залуучууд, хууль эрх зүйн мэдлэг дутуугаас болж ийм зүйл бичиж байна. Сонгуулийн үеэр ийм хүмүүс юм бичихээр аль нэг намын захиалгатай юм шиг харагдаж, хүмүүс хагаралдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа л бол Монголын хууль үйлчлэх ёстой. Бид шалгаж байгаа.

-Сонгуулийн сурталчилгаа хар технологи руу орчихсон. Түрүүн асуусанчлан муу зүйл болвол яах вэ. Үүний эсрэг саармагжуулах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид анх удаа сонгууль өгч байгаа биш. Энэ удаагийнх Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль. Цагдаагийн байгууллага олон удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр бусадтай хамтарч ажиллаад сурчихсан. Сонгуулийн үеэр цагдаагийн байгууллагаас хийдэг хамгаалалт, аюулгүй байдлын ажиллагаа төлөвлөгөөний дагуу, хуваариараа хийгдэж байгаа.

Ганбаатар УЛСБОЛД