Хаах | Хэвлэх

Төсөв: 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгоно

УИХ-ын чуулганаар 2018 оны улсын төсвийг баталлаа. Үндсэндээ, УИХ хуульд заасан хугацаандаа батлахын тулд улсын төсвийг 14 хоногт хэлэлцэж баталсан юм. Ирэх онд ДНБ-ий бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж, 2016 оны гүйцэтгэлээс даруй гурван функтээр өсгөхөөр тооцжээ. 2018 оны төсвийн орлогыг энэ жилийнхээс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 7.2 наяд төгрөг байхаар батлав. Төсвийн зарлагыг 156 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөгөөр баталлаа. Ингэснээр 2018 онд төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байх юм. Энэ нь хоёр жилийн өмнөх төсөвтэй харьцуулахад 2 их наяд төгрөг хувь 34 хувиар буурсан үзүүлэлт гэж үзжээ. Ингээд 2018 оны төсөвт тусгасан нийгмийн шинжтэй зарим онцлох арга хэмжээг танилцуулж байна. 

Ирэх онд 86 цэцэрлэг шинээр барина

Засгийн газраас "Хүүхэд бүрт цэцэрлэг" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар санал оруулж иржээ. УИХ-аар хэлэлцэх үед нэмж 11 цэцэрлэг барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн санхүүжилтийг тусгаж 11 тэрбум төгрөг нэмж баталжээ. Ингэснээр 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхээр боллоо.

Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 84.5 тэрбум төсөвлөв. Уг эх үүсвэрээр 29 сургууль, гурван баг сургуулийг шинээр барих ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн 29 сургуулийн барилгыг өргөтгөж, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын заал, нэг сургуульд номын сан шинээр барихаар болж байна.

Цэвэрлэх байгууламжид 10, агаарын бохирдол 13 тэрбум төгрөг баталлаа

Нийслэлийн цэвэрлэх байгууламжинд хуримтлдагдсан лагийг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, үнэргүйжүүлэх төсөл арга хэмжээнд 10 тэрбум төгрөг тусгаж баталлаа. Агаарын бохирдлыг бууруулах зардлыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ 17.9 тэрбум төгрөгийг төсөвт суулгав. Уг эх үүсвэрийг шөнийн цахилгааны урамшуулал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх арга хэмжээнд зарцуулах юм.

Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилтийг батлав

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ гэртээ харж байгаа эхчүүдэд сар бүр 50 мянга, түүнчлэн 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгохоор төсөвт суулгаж баталлаа. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм.

Мөн Ахмад настны хуульд заасны дагуу амхад насны хуримтлуулсан мэдлэг ур чадвар туршлагыг хойч үед нь өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдрал идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх шинэ төрлийн үйлчилгээний санхүүжилтэд 1.1 тэрбум төгрөгийг тус тус баталлаа.

Цалин нэмэхгүй, харин тэтгэвэр нэмнэ

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр батлаагүй. Харин төрийн албан хаагчдад нэг удаа үр дүнгийн урамшуулал олгоход зориулж 56 тэрбум төгрөгийг батлав. Тэтгэврийн хувь хэмжээг инфляцитай уялдуулан нэмэхээр тусгасан бөгөөд нийтдээ 119 тэрбум төгрөгийг суулгажээ.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ