Хаах | Хэвлэх

Жон Перкинс: ОУВС-гийн хөтөлбөр нь зарим улсыг өрөнд унагаж, боолчлолд хүргэдэг

“Эдийн засгийн алуурчны наминчлал” хэмээх номоороо дамжуулан өөртэйгээ адил эдийн засгийн алуурчид гэж хэн болох, тэд хэрхэн ажилладгийг илчилсэн Жон Перкинс 2014 онд “Dialogos Radio”-д нэгэн ярилцлага өгчээ. Тус ярилцлагад тэрээр Грек болон бусад орнуудад эдийн засгийн алуурчид хэрхэн ажиллаж байгаа талаар хуваалцсан байна. Түүний хэлж буйгаар эдийн засгийн алуурчдын ард зогсогч том хүчнүүд бол ОУВС, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг олон улсын томоохон байгууллагууд ажээ. Жон Перкинсийн тухайн үед татсан жишээнүүдийн олонхи нь Монголд биелэлээ олж байх шиг харагдана. Цагтаа эдийн засгийн алуурчин гэж нэрлэгдэж явсан Жон Перкинстэй хийсэн профессор Майкл Неврадакисын ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Таны номонд та хэрхэн олон жилийн турш "эдийн засгийн алуурчин" гэж нэрлэгддэг байсан талаар бичсэн байдаг. Тэдгээр эдийн засгийн алуурчид гэж хэн бэ. Тэд юу хийдэг вэ?

-Миний ажил бол бидний ард байдаг корпорациудын хүсч буй нөөц бололцоотой улсуудыг олж тогтоох. Өөрөөр хэлбэл, газрын тос гэх мэт баялагтай эсвэл нээлттэй зах зээлтэй байж болох орнуудыг тодорхойлох явдал байв. Тэдгээрийг тодорхой болгосны дараа тэдэнд их хэмжээний зээл олгодог. Гэвч тэдгээр мөнгийг хэзээ ч тухайн улс хүртдэггүй. Үүний оронд дэд бүтцийг хөгжүүлэх нэрийн дор бидний эзэмшилд байдаг корпорациудад очих болно. Түүнийхээ хүрээнд Цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүд, хурдны зам зэргийг барьж байгуулна гэдэг ч үнэндээ тэдгээрийг хэдхэн хөрөнгөтнүүд болоод манай корпорациуд хуваан авдаг. Эцэст нь тухайн орон төлж баршгүй их өрөнд унаж хоцорно. Үүний хамгийн сүүлийн том жишээ нь Грек юм.

Энэхүү үйл ажиллагааг тэд голдуу ОУВС-гийн хөтөлбөрийг ашиглах замаар явуулдаг. Жишээ болгоод байгаа Грекийн хувьд ОУВС, Европын холбоо тус улсад асар их шаардлага тавьж, шахаанд оруулсан. Тухайлбал, татвараа нэм, зарцуулалтаа тана, төрийн болоод олон нийтийн эзэмшилд байгаа эрчим хүчний компаниуд, усан хангамжийн системүүд, тээврийн системүүд зэргийг хувийн хэвшлүүдэд өгч хувьчлуул гэдэг. Энэ нь эргээд тус улсыг ОУВС, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг бидний ард байдаг томоохон корпорациудын боол болгож орхидог юм. Үүнийг бид “корпоратокраси” хэмээн нэрлэдэг.

-Грек дээр төвлөрч ярихаас өмнө эдгээр эдийн засгийн алуурчид болон тэдний ард байгаа ОУВС зэрэг байгууллагуудын арга барилын талаар бага зэрэг ярилцъя. Мэдээж өөрийн чинь номонд тэд хэрхэн өөрсдийн зорилтот байндаа хүрч, тэдгээр орнуудаа асар их өрөнд унагаахын тулд ажиллаж эхэлдэг талаар дурдсан байдаг. Түүнчлэн тэдгээр улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг урьдчилан таамаглах байдал бодит байдалтай огтхон ч нийцдэггүй гэсэн байдаг.

- Яг тийм. Үнэндээ бидний итгүүлэхийг оролддог зүйл бол хэрвээ цахилгаан эрчим хүчний систем гэх зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдэд эдгээр хөрөнгө оруулалтуудыг оруулж чадвал эдийн засгийг асар өндөр төвшинд хүргэнэ гэсэн итгэл юм. Гэвч үүний үр шимийг хүртэгчид нь цөөн тооны хүмүүс байх бөгөөд тэдгээрийн дийлэнх нь АНУ-д байна.

Тухайлбал, бид эдийн засгийн өсөлт болоод ДНБ-ий өсөлтийг харуулж чадна. Гэвч ажилгүйдлийн төвшин нэмэгдэж эсвэл одоо байгаа төвшиндөө хэвээр хоцрох зэрэг үзэгдэл гарч болно. Статистикийн үзүүлэлт хэдий асар өндөр хувийг харуулж байлаа ч бид өмнө дурдсан дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах үедээ л эдийн засаг асар хурдтай өсөн нэмэгдэж буйг харуулна. Энэ бол дааж давшгүй их өрийг зөвтгөхөд ашигладаг зүйл юм.

-Ер нь зорилтот орнуудад ямар нийтлэг тал бий вэ. Жишээ нь, тэд нөөц баялаг ихтэй, эсвэл өөр бусад стратегийн чухал ач холбогдолтой орнууд байдаг уу?

- Тийм ээ, бүгд тийм байдаг. Нөөц нь олон янзын хэлбэртэй байж болно. Нэг нь ашигт малтмал, газрын тос зэрэг материаллаг нөөцтэй байхад өөр нэг нь стратегийн хувьд байршил сайтай байдаг. Бас нэг чухал нөөц бол том зах зээл эсвэл хямд ажиллах хүчин юм. Тиймээс улс орнуудад өөр өөр шаардлага тавьдаг.

-Зорилтот орнууд “өрөнд баригдахад” яг юу тохиолддог вэ. Тэдгээр орнууд нэгэнт дааж давшгүй их өртэй болчихсон байхад тэдгээр эрх мэдэлтнүүд, эдийн засгийн алуурчид, олон улсын байгууллагууд яаж асар их өгөөжийг эргүүлэн авч чадах юм бэ?

- Тухайн улсын төрийн эзэмшилд байгаа цэвэрлэх байгууламж, сургууль, авто тээвэр, тэр ч байтугай шоронг хүртэл томоохон корпорациудад худалдах бодлогыг батлуулдаг. Хувьчлаад л, хувьчлаад л... Эцэст нь “корпоратокраси” -уудын боол болгодог. Энэ бол тэр чигтээ асар том хаант улс бөгөөд асар том корпорацийн хэмжээний дүрэм журамтай. Тэд АНУ хийгээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа орнуудын бодлогыг маш хатуу хянаж байна.

-Жон, Грекийн хувьд эдийн засгийн алуурчид хийгээд тэдний ард байх олон улсын байгууллагуудын хохирогч болсон гэдэгт та итгэдгээ хэлсэн. Грекийн эдийн засгийн хямрал болоод тус улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

- Би Грекийг удаан хугацаанд ажиглаж ирсэн. Би Грекийн телевизэд байсан. Грекийн кино компани “Эдийн засгийн алуурчны наминчлал” хэмээх баримтат киног ч хийж байлаа. Грекийн хувьд үнэхээр бүрэн утгаар нь хүнд цохилтод оруулжээ гэж надад бодогдсон. Үнэндээ Грек алдаа гаргасан, тэдний удирдагчид алдаа гаргасан. Гэвч ямар ч алдаа гаргаагүй ард түмэн тэдний гаргасан алдааг үүрч, томоохон банкуудад өр төлөх хэрэгтэй болж байна. Яг үүнтэй ижил зүйл дэлхийн өнцөг булан бүрт байна. Бид үүнийг Латин Америкт ч харж байна, Азид ч харж байна, дэлхийн өнцөг булан бүрт харж байна.

-Таны хариулт намайг дараагийн асуулт руу хөтөллөө. Миний ажигласнаар Грекийн хувьд хямрал нь өөрийгөө буруутгах эсвэл өөртөө зэвүүрхэх байдалтай холбоотойгоор улам бүр нэмэгдэж байна. Грекийн ард түмний хувьд энэ нь улс орон, ард түмэн бүхэлдээ нуран уналаа гэдэг мэдрэмжийг төрүүлж улмаар эсэргүүцэн тэмцэх ч чадалгүй болж байна. Энэ нь эргээд өндөр боловсролтой сэхээтнүүд эх орноо орхиж, гадагш цагаачлахад хүргэж байгаа. Энэ бүхнийг хувийн туршлага дээрээ суурилан бусад улс орнуудтай харьцуулж харахад ямар байна вэ?

-Мэдээж энэ бол тоглоомын нэг хэсэг. Хүмүүсийг буруутгах үед тэд улам бүр дорддог. Тэдний эсрэг барьдаг бидний бодлого бол “Бид бол сайн, бид бүгдийг зөв хийдэг, та нарын буруу” гэж хэлэх явдал. Грекийн ард түмэнд “Та нар залхуу, зөв зүйл хийдэггүй, зөв бодлого дагаагүй” гэж хэлж тэднийг дарж аваад бууж өгөхөд хүргэж, хар нүх рүү түлхэж байна.

-Эквадор болон бусад орнуудыг 80-аад оны сүүлээр газрын тосны үнэ унаснаар асар их өрөнд орсон зэрэг жишээнүүдийг та номдоо бичсэн байсан. Энэ бүхэн Грекийн одоогийн нөхцөл байдалтай их ойр сонсогдож байна. Эквадорын ард түмэн болон ижил төстэй нөхцөл байдалд орсон бусад улс орнуудад үүнийг хэрхэн тэсвэрлэсэн бэ?

- Эквадор улсын хувьд АНУ-ын их сургуулиас эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй төгсөгч Рафаэль Корреа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тухайн үед намайг эдийн засгийн алуурчин байхад Эквадор улс АНУ-ын Тагнуулын төв газрын болон АНУ-ын удирдлага доорх цэргийн баазын захиргаадалтад байсан юм. Эквадорын унасан их өрийг тэрхүү цэргийн бааз тавьж, харин Эквадорын ард түмэн түүнийг төлж байгаа болохыг Рафаэль Корреа ойлгож чадсан. Ингээд тэрээр сонгуульд ялалт байгуулмагцаа “Бид энэ өрийг төлөхгүй, манай ард түмэн үүнийг төлөхгүй. Харин ОУВС эсвэл энэхүү цэргийн бааз төлж болох юм. Харин манай ард түмэн лав биш” гэж хэлсэн.

Үүний дараа тэрээр дахин шинээр гэрээ хэлэлцээр хийж, төлөх өрийн хэмжээг бууруулж чадсан бөгөөд “Бид өрийн багахан хэсгийг л төлж болно” гэж хэлсэн нь маш ухаалаг алхам байсан юм. Үүнтэй төстэй үзэгдэл Бразил, Аргентин, Исланд зэрэг орнуудад өөр өөр цаг үед болж, амжилттай хэрэгжилтийн жишээ болсон. Тэр үеэс хойш Корреа зарим бодит өөрчлөлтийг үзүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр олон Ерөнхийлөгчийн адилаар энэхүү системийн эсрэг хүчтэй зогсвол, эдийн засгийн алуурчид жаргалтай биш байвал, хэрвээ тэд замаа олж чадахгүй бол цөөвөр чононууд үймээн самуун дэгдээж түүнийг барьж идэх болно гэдгийг мэдэж байсан. Тиймдээ ч тэд түүнийг эргүүлэн татах оролдлого хийсэн. Түүнээс холгүйхэн орших Гондурас зэрэг орны Ерөнхийлөгчийг эргүүлэн татах оролдлогыг тэд амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Тиймээс тэд чангаах гэж үзсэн.

Бид Ерөнхийлөгч, удирдагчдын байр суурь туйлын эмзэг байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ард түмэн хамтдаа зогсох хэрэгтэй. Учир нь удирдагчид тодорхой хэмжээнд л аливаа зүйлийг хийж чаддаг. Өнөөдөр бид олон жишээг харж болно. Хэрвээ удирдагчид хүчтэй тэмцэж эхэлбэл тэднийг ямар нэг шалтгаанаар тоглоомоос гаргах гэж оролдох болно. Эдийн засгийн алуурчид, тэдний ард байх "цөөврүүд" үүнийгээ сайн мэдэх учраас өөрсдийнхөө эрхийн төлөө хүмүүс, ард түмэн хамтдаа тэмцэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Та сая Исландыг жишээ болгон дурдлаа. Тухайн улсын хувьд санал хураалтаас өөрөөр улс орны эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийг эргэлтэд оруулах, улс орны хувьд илүү эерэг хандлагатай болох ямар арга хэмжээ авсан бэ?

-Хүмүүсийг ажилд нь буцаан оруулах хөтөлбөрт хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь хүмүүсийн урам зоригийг ихээхэн сэргээсэн юм. Тиймээс Исланд "Бид хязгаарлагдмал байдалд байхгүй, энэ зээлийг төлөхгүй, ард түмнээ эргүүлэн ажиллуулахын тулд мөнгө зарцуулахад бэлэн байна" гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ард түмэн ажилтай байх нь эдийн засгийг өдөөгч хамгийн чухал зүйл болдог. Өнөөдрийн Грекийн нөхцөл байдал шиг ажилгүйдэл өндөр байвал тухайн улс ямагт хүнд нөхцөлд байх болно. Ажилгүйдлийн төвшинг бууруулахын тулд хүмүүсийг ажлын байраар хангаж, эргүүлэн ажилд авах нь маш чухал. Ажилгүйдлийн төвшин 28 хувьтай байхад орлогын хэмжээ 40 хувиар буурна. Ажилгүйдлийн төвшин үргэлжлүүлэн өсөх тусам хямрал тэр хэмжээгээр явагддаг. Тиймээс эдийн засагт хамгийн чухал зүйл бол ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, орлого олох боломжтой болох юм. Ингэснээр хүмүүс өөрийн улс орон, бараа, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх болно.

-Ярилцлагын төгсгөлд та Грекийн ард түмэнд юу гэж хэлмээр байна вэ?

- Грекийн ард түмнийг үргэлжлүүлэн тэмцсээр байгаарай гэж зоригжуулмаар байна. Та нар өөрсдөө буруутай гэсэн тэдний шүүмжлэлийг бүү хүлээн ав. Тэд баячуудын төлөө л ажилладаг. Хэзээ ч дундаж давхаргын хүмүүст өгөөж хүртээж байгаагүй. Та бүхэн өөрсдийнхөө зүйлийг өөрсдөө буцааж авах боломжтой. Үүний төлөө тэмц, эрх, эрх чөлөөнийхөө төлөө бат зогс, ардчилал дахь байлдагч, удирдагчийн хувьд түүхээ хүндэтгэж, дэлхий ертөнцөд түүнийгээ харуулаарай. 

Эх сурвалж: Dialogos Radio

Жаргалсайхан БҮЗЭНХҮҮ