Хаах | Хэвлэх

​УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юү

Ерөнхийлөгчийн хэлсэн 30 гэр бүлийг бид мэдэхгүй. Тамгын газрынх нь дарга З.Энхболд ч нэрлэж чадаагүй. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэдний нэг мөн эсэхийг бас мэдэхгүй гэсэн үг. Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын ордын лицензийг зарсан, үгүйг нь мөн тодорхойгүй. Улстөрчид бол гол, мөрөн байхгүй газар ч гүүр барина гэж итгүүлж чаддаг хүмүүс учир тэдний явган хэрүүл дундаас яг үнэнийг олох боломжгүй. Тийм учраас лиценз зарсныг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зараагүйгээ Сангийн сайд өөрөө хуулийн өмнө нотлох үүрэгтэй. Ядаж л гүтгэсэн нь ёс зүй хариуцлага хүлээх учиртай ч, тийм улс төрийн соёл манайд байхгүй. Учир нь, Монголын улстөрчдийн хэт олонхи нь улс төр бол засаглах урлаг биш, хэрэлдэх урлаг гэж ойлгодог юм.

Ч.Хүрэлбаатар “эх орноо худалдсан” учраас сайдаар томилоход нь Ерөнхийлөгч хориг тавилаа гэж бодохгүй байна. Сангийн сайдыг “MCS”-ийн төлөөлөл гэж харсан учраас, эсвэл Тамгын даргыг нь Увсаас хөөх кампанит ажлыг зохион байгуулсны хариуд Ерөнхийлөгч хориг тавилаа гэж хардах ч боломжгүй. Аль аль нь баримтгүй.

Энэ бүгд нь Сангийн сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, түүнийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы дэргэд хэтэрхий жижиг сэдэв. Улстөрчид, зарим хэвлэлийнхэн л Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэж хоёр хүний хэрүүл болгосноос биш, энэ нь Монгол Улс ямар засаглалтайг тодруулах сорилт байв.

УИХ-ын баталсан хууль, тогтоол, бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй нь үнэн. Гэхдээ төрийн байгууламжууд бие биеийнхээ бүрэн эрхэнд, ялангуяа засаглалын онцгой бүрэн эрхэнд халдах эрхгүй. Хэрвээ Монгол Улс парламентын засаглалтай, төрийн эрхийг барих дээд байгууллага нь УИХ мөн л юм бол Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх нь УИХ-ын онцгой бүрэн эрх юм. Гэтэл Ерөнхийлөгч энэ эрхэнд нь халдаж, сайдын томилгоонд хориг тавьснаар, түүнийг нь УИХ хэлэлцсэнээрээ Монголын парламентын түүхэнд нэгэн буруу жишгийг эхлүүллээ. Энэ удаа хоригийг хүлээж аваагүй ч, уг асуудлыг УИХ хэлэлцсэн өдрөөс Монгол Улс парламентын засаглалгүй, УИХ олонхигүй боллоо. Энэ өдрөөс Монголд цөөнхийн дэмжлэгтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтлоо ч гэж болно. УИХ-д хамгийн олон суудалтай нь бус, Ерөнхийлөгч нь цөөнхтэйгөө нийлж байгаад олонхийн эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой болов.

Томилгоон дээр хориг тавьж болж байгаа юм чинь хариуцлага тооцож хэн нэгнийг огцруулсан УИХ-ын шийдвэрт ч хориг тавьж болох нь. Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг буюу хамгийн ихдээ 26 гишүүн дэмжвэл хүчин төгөлдөр болдог.

Жишээ нь 1.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УИХ-ын олонхийн шийдвэрээр огцруулсан ч, 32 гишүүн дэмжээгүй. Хэрвээ Ерөнхийлөгч, огцорсон Ерөнхий сайд хоёр улс төрийн холбоотон, бизнесийн хамтрагчид байсан бол Засгийн газрыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болох нь. Улмаар УИХ-аар хэлэлцэхэд өмнө нь эсрэг санал өгсөн өнөөх 32 гишүүн дэмжихэд л Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болж, Засгийн газрыг огцруулсан УИХ-ын олонхийн шийдвэр унаж байна.

Жишээ нь 2.

Засгийн газрыг огцруулах саналыг 19 гишүүн гаргаж УИХ-ын олонхиор шийддэг. Одоогийн улс төрийн нөхцөл дунд сөрөг хүчин хийгээд гомдогсод нийлж 19-үүлээ болж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал гаргаж болно. УИХ-ын олонхийн саналаар Засгийн газраа авч үлдлээ гэж бодоё. Энэ тохиолдолд Засгийн газрыг огцруулахгүй гэсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болж байна. Ингэвэл мөн л 26 гишүүн дэмжихэд Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болж, Засгийн газраа огцруулахгүй гэсэн УИХ-ын олонхийн шийдвэр хүчингүй болно.

Жишээ нь 3.

Бүр муу хувилбар. Өмнө нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд л УИХ-д өргөн барьдаг байв. Ерөнхийлөгч Н.Багабанди энэ давуу эрхээ ашиглан Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшигчээс долоон удаа буцааж байсан учир энэ алдааг засаг гэж Үндсэн хуульд өөрялөлт оруулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч адислах төдий эрхтэй болж, гацааг арилгасан юм. Тэгвэл одоо Сайдын томилгоон дээр хориг тавьж болж байгаа юм бол Ерөнхий сайдын томилгоон дээр ч тавих бүрэн боломжтой гэсэн үг. Магадгүй 2020 оны сонгуулиар 26-гаас дээш суудалтай сөрөг хүчин бүхий УИХ бүрдлээ гэхэд олонхи Ерөнхий сайдаа тийм амар, өөрийн дураар томилж чадахгүй нь. Ерөнхийлөгч, эсвэл сөрөг хүчинд таалагдаагүй нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд тэдний хориг тавьсан хоршил нэр дэвшичгийг унагааад л байх нь. Магадгүй долоон удаа бцаасан гэдэг шиг Ерөнхий сайдад нэр дэвсэн долоон хүнийг ч дараалан хоригоор унагах боломж Ерөнийлөгч ба цөөнхөд гарч ирлээ.

Энэ гурван жишээнээс л харахад Засгийн газрыг огцруулах, үгүй нь УИХ-ын олонхийн бус, 26 гишүүнийг багцалсан төрийн тэргүүний бүрэн эрх болж, Ерөнхий сайд танхимтайгаа хамт Ерөнхийлөгчийн халаасанд багтаж байна. Энэ мэтээр сайд нараас гадна Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Аудитын дарга зэрэг чухал томилгоонуудыг УИХ-ын олонхи биш, харин цөөнх юмуу, эрх ашиг нь нийлсэн 26 гишүүний дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч хийх бодит бололцоо бүрдлээ. Хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хүн нь Ерөнхийлөгч болж таарна.

Зарчим, засаглалын тэнцвэрийг алдагдуулсан, Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн ийм л үйл явдал сая боллоо. Төсөв хэлэлцэх үед Монгол Улс 76 Сангийн сайдтай болдог. Одоо хориг тавьдаг хоёр Ерөнхийлөгчтэй, сайдаа томилуулдаг хоёр Ерөнхий сайдтай, УИХ нь олонхиороо шийддэг доод, 26 гишүүнийг багцалж эцсийн шийд гаргадаг Ерөнхийлөгч бүхий дээд гэсэн хоёр танхимтай болжээ.

Улс төрийн талаасаа хориг тавих нь Ерөнхийлөгчийн гарт буй ганц хөзөр мөн, хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ хөзрийн тамга нь 65-ын бүлэгт бий. Сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар УИХ өөрөө санаачилга гаргаад Цэцэд хандсан бол энэ буруу жишгийг эхлүүлэхгүй, басхүү цаашид давтагдаж болох ийм хоригт баталгаатай хаалт болох байлаа. Гэтэл МАН-ын хоёр бүлэг буруу үйлдийн хамсаатан болох гэж байгаа юмшиг хоригийг яаран хэлэлцсэн нь, хэлэлцсэн байдал нь Монгол төрийн нэр хүндийг шалаар нэг арчсан даа. Энэ үйл явдаас нь ийм Их Хурал Үндсэн хуулийг өөрчлөх чадвартай, ёс суртахууны чадамжтай эсэхэд олон хүн эргэлзэж эхэлсэн биз ээ

Иймд Засгийн газрын гишүүдийн, ер нь томилгоо тойрсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар хэн нэгэн иргэн Цэцэд хандах биз ээ. Эртхэн залруулахгүй бол энэ жишиг Монголын төрийн ажилд мөн ч их гай, гацаа болно доо. Энэ нь хоёр хувь хүний асуудал биш бөгөөд хугацаа нь ирэхээр Х.Батулга, Ч.Хүрэлбаатар нар албан тушаалаасаа явж, Монголын төр байрандаа батттай үлдэнэ. 

Гомбожав ОТГОНБАЯР