Хаах | Хэвлэх

Трампын тушаалаар Дутерте аяны дугараа өргөжээ

Хар тамхитай тэмцэгч Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дуулуулж чаджээ. Трампын хүсэлтийн дагуу Дутерте Филиппиний алдарт дуучин Пилита Корралестой хамтран “Ikaw” буюу “Чи” хэмээх дууг дуулж сонирхуулсан байна. Энэ явдал Филиппиний нийслэл Манила хотноо эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид өчигдөр оройн зоог барих үеэр болж өнгөрчээ.

Дутерте дуулж дууссаныхаа дараа “Ноёд, хатагтай нар аа! Би АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалаар хатагтай Пилита Корралестой хамтран чадан ядан дууллаа” гэжээ.

Таагүй харилцаатай байсан АНУ-Филиппин хоёрын харилцаа энэ үйлдлээс харахад сэргэж байгаа бололтой гэж шинжээчид таамаглаж байна. Мансууруулах бодистой тэмцэх дайны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг шууд буудан хөнөөж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж Барак Обама Родриго Дутертегийн засаг захиргааг эрс шүүжилдэг байсан юм.

Эх сурвалж: Rappler

Жаргалсайхан БҮЗЭНХҮҮ