Хаах | Хэвлэх

Трамп Хойд Солонгосын Ким овогтныг “намхан, бүдүүн” гэж хочиллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ази дахь 13 хоногийн айлчлалынхаа хүрээнд худалдаа болоод Хойд Солонгосын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. Тэр дундаа Хойд Солонгосын асуудалд ямагт байр сууриа хүчтэй илэрхийлж байсны дотор Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ Хойд Солонгост хатуу сануулга өгсөн. Энэ явдлын дараа бямба гаригт Хойд Солонгосын мэдээллийн агентлаг түүний үгийг “бодлогогүй үйлдэл” гээд Трампыг “хөгшин зөнөг, дайны хэнээтэн” гэх мэтээр егөөдсөн юм.

Харин үүний хариуд Доналд Трамп үнэнч найз твиттер хуудастаа “Яагаад Ким Чен Ун намайг ‘хөгшин’ гэж доромжилдог юм бол? Би түүнийг хэзээ ч ‘намхан, бүдүүн’ гэж хэлээгүй байхад шүү. Би түүнтэй найзлах гэж их л чармайж байна. Хэзээ нэг өдөр бүтэх байх!” хэмээн ням гаригт бичжээ.

Хойд Солонгостой найрсаг харилцаатай байж, Ким Чен Унтай нөхөрлөхийг хүссэн талаарх энэхүү үгээ Трамп Вьетнамын Ерөнхийлөгчтэй хийсэн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр дахин баталсан байна. Тэрээр хэлэхдээ, “Магадгүй миний хэлсэн үг этгээд сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бүрэн боломжтой” гээд “Хэрвээ ингэвэл Хойд Солонгост төдийгүй дэлхий нийтэд сайн зүйл болно гэдгийг би хэлж чадна. Бүтэх эсэхийг мэдэхгүй ч хэрвээ бүтвэл үнэхээр сайн зүйл болно” гэв.

Трампын Хойд Солонгосын талаарх энэхүү жиргээ тус хоёр улсын харилцааг сэргээхэд чухал ач холбогдол өгч болохуйц сайхан санаа гэж зарим шинжээчид үзэж байна.

Өнөөдөр Дональд Трамп Ази тивд хийж буй айлчлалынхаа сүүлийн зогсоол болох Филиппинд очоод байгаа билээ.

Эх сурвалж: Vox

Жаргалсайхан БҮЗЭНХҮҮ