Хаах | Хэвлэх

​Д.Эрдэнэбат: Оюутолгойн гэрээнд оролцсон оффшор хоёр компанийг нэрлэх цаг болсон

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Оюутолгойтой холбоотой бүх гүйлгээг Монголын банкаар дамжуулах ёстой гэдэг шаардлага тавьсан. Гэхдээ энэ шаардлагыг өмнө нь олон удаа гишүүд хөндөж байсан. Харин ажил хэрэг болдоггүй, хэрэгждэггүй шүү дээ?

-Бид Оюутолгойн гэрээг хоосон шүүмжлээд байдаг. Одоо хоосон шүүмжлэлээ зогсоож, Оюутолгойн гэрээ яагаад ашиггүй байгаа юм бэ гэдгийг анх гэрээ хийсэн оролцогч талуудаас л хайх, асуух цаг болсон. Алдаа анх хаана эхэлсэн байна, тэндээс нь хайх хэрэгтэй. Харин дундаас нь юм яриад ямар ч нэмэргүй. Миний авсан мэдээллээр Оюутолгойн гэрээнд оролцогч дөрвөн тал бий. Нэг нь Монголын эзэмшилтэй Оюутолгой компани. Нөгөөх нь Айвонхоу Майнез. Үлдсэн хоёр нь нэр нь үл мэдэгдэх оффшор компани байгаа. Энэ дөрвөн талын оролцоотойгоор бүх гэрээ хэлэлцээр үүссэн гэж үздэг. Оюутолгойн гэрээг 2009 оноос эхлүүлж, 2011 онд дуусах хүртэл оролцсон хүмүүс хаана нь алдаа гарсныг хамгийн сайн мэдэж байгаа учраас энэ асуудалд тайлбар өгөөрэй гэж шаардсан. Энэ бол ойлгомжтой асуудал шүү дээ. Оффшорт бүртгэлтэй компани нь хаанахынх, одоо юу хийж байгаа вэ. Энэ хоёр компанид ямар нөхцөл очсон бэ гэдгийг л хэлээд өг гэж байгаа юм. Гэтэл холбогдох хүмүүс нь эдгээр оффшор компаниа хэлж өгөхгүй бүгд зугтаад байгаа нь сонин.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тухайн үеийн ажлын хэсэгт байсан хүмүүсийн нэг, энэ талаар мэдээлэл авъя гэж Та Сангийн сайдад хүсэлт гаргаж байсан юм уу?

-Би Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг заавал элдэв янзын юманд хамаатуулж, зүтгэх гээд байгаа зүйл байхгүй. Ч.Хүрэлбаатар 2009 онд Оюутолгой гэрээг байгуулахад анхны цаасыг нь бэлдэж байсан хүн. Гэрээнд оролцоогүй байх магадлалтай байж болно. Тэрийг нь үгүйсгэхгүй. Харин Ч.Хүрэлбаатарыг оффшорт хоёр компанийн нэрийг зарлачих гэхээр нэрлэж чадахгүй, зугтаагаад байгаад учир байгаа юм.

Бид Оюутолгойн гэрээг Айвонхоу Майнез, Монголын Засгийн газар хоёр л хийсэн гэж боддог байсан. Гэтэл үгүй, дөрвөн компани оролцсон юм байна. Үлдсэн хоёрыг нь хэлчих гээд шаардаж байгаа. Жил бүр Оюутолгойн маргаантай асуудал үүсээд байхаар нь гол алдааг эх булагнаас нь хай, тэндээс бүх хариулт гарч ирнэ, түүнийгээ л гаргаад тавь гэж шаардсан. Харамсалтай нь, гаргаж тавьж чадахгүй байна.

-Гаргаж тавьж чадахгүй байгаа шалтгаан нь юу бэ. Гаргаад тавьчихвал зарим хүний эрх ашгаар холбогдсон асуудал нь хөндөгдөх гээд байгаа юм болов уу?

-Магадгүй. Тэгж хардах ч үндэслэлтэй. Гэхдээ өнөөдөр жижиг улс төр хийгээд бие биеэ янз бүр болгох нь ач холбогдолтой зүйл биш. Том асуудлыг учрыг олох л хэрэгтэй

-Та УИХ-ыг тараах гарын үзэг цуглуулна гэж мэдэгдсэн. Гарын үсгээ цуглуулаад эхэлсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд УИХ зарчмын олон асуудад дээр алдаа гаргасан. Том бодлогын чанартай асуудлаа ярихгүй, сандал суудлын л хэрүүл ярьдаг боллоо. Өнөөгийн парламент дахин бодлогын шинж чанартай зүйл ярихгүй, хоорондоо ойлголцохгүй бол миний бие УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. Үүнийгээ хариуцлагатай дахин мэдэгдэж байна. УИХ өнөөдрөөс хойш дахин бодлогын алдаа гаргах юм бол би гарын үсгээ цуглуулж эхэлнэ. Эргэж буцалтгүй цуглуулна.

-У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үеэр түүнийг багтай нь хамт дэмжиж ажиллана гэдгээ АН илэрхийлсэн. Энэ байр суурь өөрчлөгдсөн үү?

-Харамсалтай нь, У.Хүрэлсүх өөрийнхөө багийг бүрдүүлж чадаагүй.

-2018 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй, 60 хувьд олгохоор тусгасан байна. Энэ асуудал АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой. Бидний дагаж мөрдөж байгаа хууль тийм л байсан. Гаднын санхүүгийн байгууллагын шахалтан дор хүн ам цөөтэй Монгол Улс хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтаа багасгаж, ийм байдлаар цааш явж болохгүй. ОУВС нэрээр Монгол Улсын маш олон хууль, тогтоомжийг зөрчих болсон. Монгол Улс тусгаар улс. Өөрийнхөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Түүнээс гаднын санхүүгийн байгууллагын шахалтаар ийм нөхцөл байдлыг үүсгэж, хууль зөрчиж болохгүй юм.

-Гэхдээ танай бүлэг өргөн барьсан төсвийн төслийг байгаагаар нь дэмжээд явна гэж үзсэн шүү дээ?

-Цаг хугацааны хайчинд шахагдсан учраас бид төсвөө батлаад явна. АН 2018 оны төсвөөр ямар нэгэн завсарлага авахгүй. Тийм хугацаа ч алга. Гэхдээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг байнгын шаардлага болгож тавина. Гадаадын санхүүгийн байгууллагын шахалтаар Монгол Улсын хууль гууль болдог байдал цаашид үргэлжлэх ёсгүй.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй бол төрийн албан хаагчдад энэ онд бэлнээр 300 мянган төгрөг олгоно. Ирэх онд мөн төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тараахаар тусгажээ. Тэгэхээр нэг удаагийн бэлэн мөнгө тараах нь ямар эрсдэлтэй гэж харж байна вэ?

-Иргэн бүрт 21 мянган төгрөг олгохоос эхлээд бэлэн мөнгө тараах эрсдэлийг хангалттай амссан шүү дээ. Бэлэн мөнгө тарааснаараа Эрээний худалдан авалтыг дэмжиж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци хөөрөгддөг учраас Ерөнхийлөгчийн хориг зөв. Энэ түүх рүүгээ дахин халтирч орж байгаагаа л илэрхийлж буй хэлбэр. Өөр юу ч биш.

-2018 оны төсөвт энэ чигээрээ батлагдчихвал АН-ын бүлгийн зүгээс ямар нэгэн акц хийх үү?

-АН-ын зүгээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмж, цалингийн харьцааг зохицуулсан хуулийн заалтыг биелүүлэх шаардлагыг үргэлж тавина. Зөвхөн эмч, багш нар биш нийт 180 мянган төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар өсгөхөд 235 тэрбум төгрөг хэрэгтэй. Мэдээж эдийн засаг үүнийг шууд гаргахаар хүнд гэдгийг ойлгож байгаа. Харин 10 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс 2017 төсөв 55 тэрбум, 2018 оны төсөв 56 тэрбумыг тусгаж, урамшуулал маягаар оруулахын оронд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байна. Энэ шаардлагаа ажил хэрэг олгохын төлөө ажиллана. Бид энэ асуудлыг шаардах эрхтэй сөрөг хүчин.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ