Хаах | Хэвлэх

Монгол, Хятад, Оросын хамтарч хэрэгжүүлэх мега төслүүд

(Есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо болсон Монгол-Хятадын ЭКСПО-гийн үеэр зохион байгуулагдсан форумд тавьсан илтгэл)

Сүүлийн үед мега төсөл гэж их ярих, бичих боллоо. Жишээлбэл, манайд Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих болон Улаанбаатарт барих V дулааны цахилгаан станцуудыг мега төсөл гэж нэрлэж байна. Эдгээр төсөл нь манай орны хувьд гарцаагүй том төслүүд, гэхдээ зөвхөн Монголын мега төслүүд гэж хэлж болох байх. Харин олон улсад тогтсон практикаар бол тухайн улс, бүс нутгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг ийнхүү нэрлэдэг юм билээ.

Манай орны хувьд бол хоёр хөрш их гүрэнтэй буюу ОХУ, БНХАУ-тай холбоотой дэд бүтцийн төслүүд жинхэнэ мега төслүүд юм. Дэд бүтцийн төслүүд нь өртөг өндөртэй, тэдгээрийг бүтээн босгоход урт хугацаа шаардлагатайгаас гадна олон арван жил, тэр ч бүү хэл хэдэн зуун жил ч ашиглагдаж улс орон, бүс нутгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг, бүр тодруулбал геостратегийн шинжтэй байдгаараа онцлогтой. Өрнө, дорныг холбосон 9300 километр урттай Транссибирийн төмөр замыг 1891-1903 онд буюу 12 жил барьж ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа бөгөөд цаашид ч удаан хугацаанд ашиглагдаж таарна. Энэ төмөр замгүйгээр Орос орныг ч төсөөлөх аргагүй. Мега төслүүдийн орчин цагийн тод жишээ гэх юм бол Орос, Хятадыг холбох хийн болон нефтийн хоолойн төслүүд байна. Мөн сүүлийн үед “Нэг бүс, нэг зам”, “Эдийн засгийн коридор”, “Талын зам” г.м. нэртэй цогц санаачилга, хөтөлбөр, төслүүдийн талаар ярих болсон.

2016 оны 6 дугаар сард Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарын үсэг зурсан “Монгол - Орос - Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” нь ялангуяа манай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хүндрэлээс гарах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад үнэхээрийн ач холбогдолтой баримт бичиг юм.

Байгалийн асар их баялагтай Орос, өндөр хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай, хамгийн олон хүн амтай (энэ утгаараа хамгийн том зах зээл) Хятадын дунд орших Монгол Улсын хувьд энэ хоёрыг холбосон коридор (дэд бүтэц) байгуулах асуудал яах аргагүй нэн чухал ач холбогдолтой. (Манайхан, жишээ нь, Ази, Европыг холбосон хурдны төмөр замыг Казахстаны нутгаар дайруулах гээд байна гэж их эмзэглэж бичих юм. Казахстанаар дайруулах нь илүү дөт учир яах ч аргагүй. Бид гол нь Орос, Хятадыг холбосон тээвэрт л анхаарах хэрэгтэй).[*]

. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилан тооцоолсноор уг хөтөлбөрт тусгасан төслүүдийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 50-60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ.

За ингээд Монгол Улстай холбоотой ямар мега төслүүд байгаа талаар товч ярья.

Төмөр зам. Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа “Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх (хос замтай болгох, цахилгаанжуулах) төслүүдийг юуны өмнө дурьдах хэрэгтэй байх (тодорхой ордуудыг ашиглахтай холбоотой учраас Таван толгой, Нарийн сухайтаас улсын хил хүртэлх төмөр замуудыг хөндөхгүй байна).

Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тогтоох явдал юм. Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох жишээтэй. Иймээс “Улаанбаатар” төмөр замыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас хамаарна. Тус төмөр замын эхний шатны шинэчлэлд 3,5-5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. “Улаанбаатар” төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Хятад-Оросын хоорон дахь транзит тээвэр учраас түүнийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө манай нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, дээр нь өрсөлдөж чадахуйц уян хатан тарифтай байх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр ачаа илгээгч, хүлээн авагчийн сонирхол бий болж улмаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.

БНХАУ болон ОХУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа. ОХУ-аас мэдээж байгалийн хий, нефть голлон нийлүүлж таарна, гэхдээ цаана нь байгалийн баялгаас гадна мод, бордоо зэрэг овор ихтэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэнэ. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. Чухам эдгээр бараа, ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууд Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэрлэж Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна “Улаанбаатар” төмөр зам нь хоёр орны хамтарсан аж ахуйн нэгж.

“Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх төслөөс гадна манай улсын баруун, зүүн хэсгээр хоёр хөрш орныг холбосон төмөр зам барих төслүүд яригддаг. Манай орны баруун хойд хэсгээр хиллэдэг ОХУ-ын БНТуваУ-д сайн чанарын чулуун нүүрсний томоохон орд бий. Оросууд уг ордоос нүүрсийг БНХАУ руу гаргах талаар нилээд идэвхтэй ярьж, судалж байна. ОХУ-ын Кызыл хотоос манай Улаангом, Ховд, Булганыг дайруулаад Хятадын Өрөмч хот хүртэл 1800 километр төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ-г оросууд хийсэн байна лээ. (Уг ТЭЗҮ-г ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Тувагийн байгалийн нөөцийг иж бүрэн ашиглах хүрээлэн 2014 онд боловсруулсан. Ийм зам барихыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх 2014 онд Шанхайд БНХАУ-ын удирдлагатай уулзах үеэрээ санал болгосон бөгөөд 2016 оны 4 дүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзахдаа дурьдаж ярьсан байдаг. Мөн миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн даалгавраар 2015 онд БНТуваУ-ын тэргүүн Ш.В.Кара-Оол болон нүүрсний ордын лиценз эзэмшигч ТЭПК компаний удирдлагатай уулзаж холбогдох мэдээллийг авч байлаа). Төмөр зам барих нийт өртөг нь 12,3 тэрбум ам.доллар гэнэ. Үүнээс Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 километр. Мөн Кызылээс Эрдэнэт хүртэл төмөр зам тавих тухай бас яригдаж байна. Өнөөдрийн байдлаар “Northern Railways” компани Эрдэнэтээс Овоот хүртэл 547 километр зам барих зөвшөөрөл аваад ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Хэрэв Овоот хүртэл төмөр зам тавигдах юм бол Монгол-Оросын хилийн Арцсуурь боомт хүртэл 230 километр, цаашаагаа Кызыл хүртэл 300 гаруй километр юм. Кызыл-Эрдэнэтийн төмөр зам тавигдвал манай “Улаанбаатар” төмөр замын ачаалал үлэмж нэмэгдэх сайн талтай. Харин зүүн чиглэлийн замаар ямар хэмжээний ямар ачаа тээвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Автозам. Хэдийгээр Алтанбулагаас Замын-Үүд хүртэл, өөрөөр хэлбэл Монголын хойд, өмнөд хилийг холбосон авто зам байгаа ч олон улсын хурдны АН-3 зам барих төсөл бэлэн болоод байгаа юм. Мянга гаруй километр урттай уг замын нийт өртөг нь 10-12 тэрбум ам доллар гэсэн. Гэхдээ хурдны авто зам нь уул уурхайн гаралтай биш, гол төлөв зорчигч, аж үйлдвэрийн болон хүнсний бараа тээвэрлэхэд зориулагддаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Хийн ба нефть дамжуулах хоолой. ОХУ байгалийн хий болоод нефтийн асар их баялагтай орон. ОХУ хийн болон нефтийн хоолойн өргөн сүлжээгээр Европын олон оронд хий, нефть нийлүүлдэг бөгөөд сүүлийн үед Азийн орнуудад нийлүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна.

Байгалийн хийн хувьд гэвэл 2014 онд ОХУ-ын “Газпром” БНХАУ-ын CNPC-тай хий нийлүүлэх талаар хэлэлцээр байгуулсан. Хийг баруун болон зүүн чиглэлээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зүүн чиглэлээр тавих хийн хоолойгоо (“Сила Сибири” гэж нэрлээд байгаа) барьж эхлээд байна. Харин баруун чиглэлээр хоолой тавих маршрутаа өнөөдрийн байдлаар эцэслэн тохироогүй байна. Хэрэв хоолойг Монголын нутгаар явуулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр хямд болж, барих хугацаа нь богиносно гэдгийг манай тал ойлгуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа юм. Энэ дашрамд дурьдахад ОХУ-ын Эрхүү хотоос 400 гаруй километрийн цаана байдаг Ковыктын байгалийн хийн томоохон ордоос (тогтоогдсон нөөц нь 1900 тэрбум шоо метр) Эрхүү хүртэл хоолой тавих гэж байгаа. Хэрэв Эрхүү хүртэл хоолой тавих юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар дайруулан Бээжин хүртэл тавьж болох тул энэ тухай нэн даруй ярьж эхлэх хэрэгтэй. Бээжин орчмын агаарын бохирдлыг бууруулах асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед энэ төсөл дэмжлэг авах магадлал тун өндөр гэж бодож байна. Уг хоолойн маршрут нь трансмонголын төмөр зам болон автозамын дагуу голдуу тал хээрийн нутгаар өнгөрөх учраас богино хугацаанд барих бололцоотой. Тухайн үед Ковыктын ордын лиценз эзэмшиж байсан “РУСИА Петролеум” компани энэ маршрутаар хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-г бүр 2000 онд хийсэн байдаг. (Уг ТЭЗҮ-д Монголын нутгаар өнгөрөх хоолойг 3 жилд, компрессорын станцууд (8 ширхэг)-ыг 4 жилд багтаан барина гэж тооцжээ. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн тогтмол ажиллана гэх мэтээр нарийн тооцоо гаргасан байна лээ. Оросын “Газпром” компаний шинжлэх ухаан-техникийн төвийн судалгаагаар хийн аж ахуйн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог байна. Манай улсын байгалийн хийн жилийн хэрэгцээ нэг тэрбум орчим шоо метр гэнэ). Өнгөрсөн оны сүүлээр Бээжин хотноо БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүстэй уулзахад тэд хэрэв оросын тал зөвшөөрвөл хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй гэж ярьж байсан.

Нефтийн хоолойн хувьд гэвэл ОХУ-ын Сковородиногоос БНХАУ-ын Дачин хүртэлх хоолойг (жилд 15 сая тонн нефть дамжуулах хүчин чадалтай, цаашдаа 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа) 2011 онд ашиглалтад оруулсан. Иймээс манайхаар дамжуулж нефтийн шинэ хоолой тавих асуудлыг ойрын үед бараг л ярихгүй болов уу. Харин Монголын нутгаар дайруулан төмөр замаар нефть нийлүүлэх сонирхолтой байгаа.

Эрчим хүчний шугам. Оросын Зүүн Сибирь эрчим хүчний илүүдэлтэй байдаг. Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимийн, Богучаны гэсэн 4 аварга усан цахилгаан станц, манай хамгийн том ТЭЦ-IV-өөс ч илүү хүчин чадалтай арваад дулааны цахилгаан станцтай “Иркутскэнерго” компани илүүдэл эрчим хүчээ Монголоор дамжуулан БНХАУ-д нийлүүлэх талаар олон жил ярьж байна. Гэтэл монголчууд өөрсдийн нүүрсний ордуудаа түшиглэн дулааны цахилгаан станцууд барьж бас БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байдаг. Өнгөц харвал Орос, манай хоёрын сонирхол давхцаж байгаа мэт боловч хэрэв гурван орныг холбосон эрчим хүчний шугам тавигдах юм бол Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн системийн бүрэлдэхүүн хэсэг нь болж аль алиндаа ашигтай байх болно гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Ер нь энэ талаар илүү тодорхой судалгаа хэрэгтэй байгаа юм.

Бусад төслийн тухайд. Монголоор дайруулан холбооны шинэ шугам тавих, агаарын шинэ зам нээх, тэр ч байтугай Байгаль нуураас манайхаар дайруулан усны хоолой барих зэрэг төслүүдийн талаар ярьдаг. Эдгээрийг хэрэгжүүлэхэд юуны өмнө судалгаа, тооцоо хэрэгтэй. Зарим төслийн талаар судалгаа хийгдэж, яриа хэлэлцээ явагдаж байна.

Монгол, Хятад, Оросыг хамарсан дэд бүтцийн эдгээр төсөл нь заавал гурван талын оролцоо шаардах тул төслүүдийг судлах, эхлүүлэх дараалал, хугацааг тодорхойлох, санхүүжүүлэх эх үүсвэрийг нь тохирох, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч байгууллагуудыг сонгох зэрэг үүрэг бүхий гурван орны хамтарсан Олон улсын төсөл, хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулах хэрэгтэй юм.

Таван жилийн (шаардлагатай гэж үзвэл дахин таван жилээр сунгаж болно) хугацаанд хэрэгжих ёстой гурван орны эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойшхи нэг жилийн хугацаанд түүнийг хэрэгжүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны төвийг байгуулах асуудлаар талууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйтэй холбоотой.

Төслүүд янз бүрийн салбарт хамаарагдах учраас уг төвийг үүсгэн байгуулагчид нь тодорхой яам, агентлаг биш (төрийн байгууллага нь бас нэг шат дамжлага болж хувирдаг аюултайг анхаарах хэрэгтэй), харин банк-санхүүгийн байгууллага эсхүл олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн оролцоотой корпораци байвал илүү зохимжтой гэж үзэж байна. (Өнгөрсөн 9 дүгээр сард Москва хотноо болсон Эдийн засгийн коридор байгуулах асуудлаарх гурван орны шинжээч нарын уулзалтаар холбогдох яамдын хэмжээнд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирчээ. Мөн манай Засгийн газар 9 дүгээр сарын 13-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны дэргэд Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулахаар болсон байна. Төсөл ашигтай эсэхийг сонирхогч байгууллага (банк, компани)-ууд өөрсдөө судалж оролцох эсэхээ тодорхойлдог учир тэдний үйл ажиллагааг банк, санхүүгийн байгууллагууд дэмжиж санхүүжүүлэх нь юу л бол).

Хөтөлбөрийн тэмдэглэх хэсэгт “Талын зам” (саяхан “Хөгжлийн зам” болгон өөрчилсөн) санаачилга, Евразийн эдийн засгийн холбоо болон Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг уялдуулахыг харгалзан” гэж заасан тул энэхүү төвийг үүсгэн байгуулагчаар Оросын талаас Евразийн эдийн засгийн холбооны Хөгжлийн банк байж болох талтай. Учир нь, уг банкны дүрэмд хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дэд бүтцийн төслүүдийг тэргүүн эгнээнд санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Хятадын талаас дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн өмчийн компаний статустай “Торгоны замын сан” байж болох бөгөөд уг сан Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслийг санхүүжүүлж эхлээд байна. Манай талаас олон талт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон компани, банк-санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах туршлагатай төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компани байж болох юм.

Хэрэвзээ нарийн тооцоо бүхий судалгаатай төсөл боловсруулж, хэрэгжүүлэх сонирхогчийг нь олох юм бол Азийн хөгжлийн банк (дүрмийн сан нь 55 тэрбум ам.доллар), шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (дүрмийн сан нь 100 тэрбум ам.доллар), “Торгоны зам” сан (40 тэрбум ам.доллартай) зэрэг банк-санхүүгийн байгууллагуудад хандаж санхүүжилт авах боломжтой юм.

Монголыг дайран өнгөрөх дэд бүтцийн төслүүдэд хоёр хөршийн буюу Хятад, Оросын оролцоо, хөрөнгө оруулалт заавал байх ёстой гэж бодогддог. Ингэснээр эдгээр төсөл үр ашигтай байх баталгаа бий болно. Өөрөөр хэлбэл ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч буюу худалдагч болон худалдан авагчийн оролцоо байх юм бол тэд төслийг аль болох ашигтай байлгахыг зайлшгүй эрмэлзэж таарна.

Эцэст нь дурьдахад Хятад, Оростой харилцах харилцаа нь Монгол Улсын хөгжил, аюулгүй байдалтай амин холбоотой учраас энэ хоёр оронтой харилцах харилцааны асуудлыг өргөн цар хүрээтэйгээр алс хэтийн (арав, хорь, магадгүй тавин жилийн дараах) төлөвийг тодорхойлон судалж байх хэрэгтэй юм. Манай хоёр хөрш мэдээж энэ чиглэлээр тодорхой судалгаа хийдэг байх гэж бодож байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.


* Илтгэлд ороогүй тайлбаруудыг ийм үсгээр бичиж хаалтанд авсан болно.

Лувсандандар ХАНГАЙ