Хаах | Хэвлэх

Есөн сарын байдлаар нүүрсний орлого 1.2 тэрбум долларт хүрчээ

Монголын үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. 

Нүүрсний экспорт 1.2 тэрбум доллараар өсчээ

Манай улс 2017 оны эхний есдүгээр сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар болсон бөгөөд 1.9 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспорт өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь нүүрсний экспорт орлого 1.2 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбоотой аж. 

Ажилгүй иргэдийн тоо 25.4 мянга болж нэмэгджээ 

Өнгөрсөн сарын байдлаар манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25.4 мянга боллоо. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний есдүгээр сард ажилгүй иргэд 58.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.0 мянган иргэн ажил идэвхитэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд эзэлж байна. 

Их сургууль төгсөгчдийн тоо буурчээ 

2016-2017 оны хичээлийн жилд 126.5 мянган хүүхэд төгссөнөөс ЕБС-ийг 72.3 мянган сурагч төгссөн. Харин их, дээд сургууль, коллежийг нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 17.4 хувиар өсчээ

Орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 142.6 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 45.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин зарлага нь 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний есдүгээр сард 18 хүртэлх насны 1055 мянган хүүхдэд 145.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгосон байна. Найм болон есдүгээр сард хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоогүй аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 11.9 хувиар буурчээ 

Ийнхүү буурахад мөнгөний нийлүүлэлт есдүгээр сараас 233.8 төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 61.3 тэрбум төгрөг, валютын хадгаламж 185 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийн алдагдал 1.3 их наяд төгрөгөөр буурлаа

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 739.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 14 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.5 хувийг эзэлж байгаа юм байна. 

Ургац хураалтын дүн өмнөх оноос хэд дахин буурчээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2017 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 166.1 мянган тонн үр тариа, 87.3 мянган тонн төмс, 63,1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 646.6 мянган тонн өвс хадлан, 15.6 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус бүрээр буурсан үзүүлэлттэй байна. 

Баярболд ДАВААБАЗАР