Хаах | Хэвлэх

МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг баталж, тогтоол гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж,  Удирдах зөвлөлийн мэдээллийг сонсч, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцээд сайд нарын нэрсийг баталсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгээсээ баталсан сайд нарын нэрсийг  Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих юм байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд:

-Монгол Улсын шадар сайдад Ө.Энхтүвшин

-Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

-Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат

-Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

-Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

-Хууль зүйл, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

-Батлах хамгаалахын сайдад Н.Энхболд

-Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

-Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

-Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

-Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарыг томилуулахаар МАН-ын бүлгээс тогтоол баталжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулаа.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах юм уу?

-Удирдах зөвлөл дээр энэ талаар санал солилцоогүй байгаа. Харин шинэ Ерөнхий сайдтай санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд дэд сайдтай ажиллах ерөнхий чиглэл барьж байгаагаа хэлсэн .

-Сайд нарыг 100 хувь парламентаас томилж байгаа нь тогтвортой байна гэсэн үг үү, эсвэл мэргэжлийнх байна гэсэн үг үү?

-Одоогийн байгуулагдаж байгаа Засгийн газарт элдэв нэр өгөөгүй. Монгол Улсын Засгийн газрыг байгуулах асуудлыг МАН маш нухацтай ярилцсан. Бага хурал, Удирдах зөвлөл, бүлэг гээд бүх төвшинд нарийн ярьсан. Ерөнхий сайдын саналыг ч сонссон. Энэ үүднээс Засгийн газрын сайд нар парламентаас бүрдэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн Мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, салбараа бүрэн аваад явах чадвартай хүнийг сайдад сонгосон. Сонголтыг ажил мэргэжлийн онцлог, ажлын дадлага туршлага дээр тулгуурласан.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайдад нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэхээр дэд даргын албан тушаалыг давхар хаших юм уу, эсвэл дэд даргыг өөрчлөх юм уу?

-Дараагийн асуудлыг бид яриагүй байна. Засгийн газар бүрэлдсэний дараа буюу нэр дэвшигч сайдаар томилогдож, өмнө нь ажиллаж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа энэ асуудлыг ярих ёстой.

-АН-ын зүгээс ерөнхий чиг үүргийн яамны сайдаас бусад нь давхар дээлтэй байхыг дэмжихгүй гэж байсан. Хэрвээ танай нам дотроо тохирч чадаагүй бол зарим сайд нар УИХ дээр унах магадлал байгаа юм биш үү?

-Үндсэн хуулиар дан, давхар дээлтэй холбоотой, түүнийг хориглосон зүйл заалт байхгүй. Тиймээс парламентаас сайд нараа бүрэлдүүлэх нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. МАН-ын бүлэг УИХ дээр сайд нараа унагах вий гэсэн болгоомжлол байна. Тийм зүйл болохгүй гэдгийг хэлье. МАН бол улс төрийн том хүчин учраас дотроо ойлголцоод цааш явна гэдгийг дахин мэдэгдье. МАН-ын бүлгийн гишүүдийн дунд ямар нэгэн зөрчил байхгүй. Мэдээж ажил төрлийн хувьд буруу зүйл байвал хэлэх, алдаа байвал засч залруулах үүрэг бүх гишүүдэд бий. Харин хоёр тал болоод хагаралдаад байгаа зүйл байхгүй.

-Сайд болж байгаа хүмүүс давхар цалин авахгүй гэдэг яриа гарсан. Энэ асуудлыг дэмжсэн гэсэн үг үү?

-Өмнө нь УИХ-ын гишүүн сайд болсон бол аль нэг албан тушаалын цалингаа л авдаг байсан. Энэ жишгээрээ л цааш явна. 

Энхтайван МӨНХЦЭЦЭГ