Хаах | Хэвлэх

​Ч.Сарантуяа: Аравдугаар сарын сүүлээр эрс хүйтэрч, цасан шуурга болно

Өнгөрсөн зун хур бороо бага орж, мал тарга тэвээрэг хангалттай авч чадаагүйгээс гадна өвс, ногоо тачирхан ургаж, малчид хадлан тэжээл хурааж, өвөлжилтдөө бэлтгэхэд хүндрэл учраад байгаа билээ. Үүнээс гадна энэ  өвөл олон жилийн дундааж ахиу цас орон  хүйтэрч, мал онд ороход бэрх болно гэх мэдээлэл ч байгаа юм. Иймд Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяагаас энэ өвлийн цаг агаарын нөхцөл байдал, ямар өвөл болох талаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Энэ намар эрт хүйтэрч, цас орлоо. Ер нь энэ өвөл хэр хүйтэн, хэр их цастай өвөл болохоор ажиглагдаж байна?

Аравдугаар сарын сүүлээр эрс хүйтэрч, цасан шуурга болно

-Аравдугаар сар гарсаар нутгийн хойд хэсэгт хур тунадас орсон. Ерөнхийдөө төвийн бүс нутаг Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Зүүн бүс нутгаас Хэнтий, Дорнодын бүс нутагт ойрын хоёр хоногт дунджаар 10-50 гаруй мм хур тунадас, нойтон цас орсон байна. Ялангуяа Архангайн цэцэрлэг, Сэлэнгийн Орхон туул, Дархан уул, төв аймгийн Баянчандмань, Мөнгөнморьт, Хэнтийн Өндөрхаан, Өмнөдэлгэр, Дорнодын Дашбалбар болон халх гол, Чойбалсанд 22-54 мм нойтон цас орсон байна. Эндээс Дархан уул аймагт 30 мм цас орж, 20 см цасан бүрхүүл тогтсон. Төв аймгийн Мөнгөн морьт, Баянчандманьд 25-37 мм цас орж, 20-30 мм зузаан цас тогтсон байгаа юм. Мөн Хэнтийн нутгаар 10 см зузаан цастай болсон. 

Ер нь ойрын хоёр хоногт хүйтэвтэр сэрүүн байх юм. Аравдугаар сарын 12,13-нд төв, зүүн аймгуудын зарим газраар цас орж, явган шуургатай, хүйтэн байна. Цаашдаа сарын дунд үе буюу 14,15-аас хойш хоёр гурав хоног хүйтний эрч суларч, бага зэрэг дулаарна. Уулархаг нутгаар өдөртөө 7-8 градус дулаан, говь талын нутгаар 13-18 градус, тал хээрийн нутгаар 7-12 градус хүртэл дулаан байх төлөвтэй байна. Арван сарын дунд арван хоногийн сүүлээр 20-д гараад нутгийн зарим газраар хур тунадас цас орно. Салхины хүч 14-16 метр секунд, зарим газраар 16-18 метр секунд хүрч ширүүсэн, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Арваннэгдүгээр сард зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно

Арваннэгдүгээр сарын дундаж температур нутгийн ихэнх хэсгээр олон жилийнхээ дунджийн орчим байх төлөвтэй байна. Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр бага зэрэг хүйтэвтэр байх төлөвтэй. Баруун төв, зүүн аймгуудын зарим газраар тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховдын зарим газар, төвийн бүсээс Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай аймгийн зарим газраар, Сүхбаатар, Дорнодын зарим газраар дунджаасаа ахиувтар цас орох, бусад нутгаар дундаж хэмжээнийхээ орчим байх төлөвтэй байна. Тухайлбал, дундаж гэхээр арван нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Ховдын урд талаар 8-11 мм бусад нутгаар 7 мм хүртэл цас ордог. Энэ жил мөн адил хэмжээний цас орох юм.

Арванхоёрдугаар сард Төв, Дорнодын нутгаар дунджаас ахиу цас орно 

Арванхоёрдугаар сард дундаж температур өмнөд хагастаа бага зэрэг дулаан байна. Төвийн бүс нутаг Хөвсгөл, Булган, Завханы хойд, Архангай, Сэлэнгийн баруун хэсэг, Дорнодын нутгаар дунджаас ахиувтар цас орох юм. Харин баруун урд талын нутаг Ховд, Говь-алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун тал, Дорноговь, Дундговийн зүүн тал, Хэнтийн өмнөд, болон Сүхбаатарын баруун тал хэсгийн зурвас газраар дунджаасаа багавтар цас орох төлөвтэй байна.  

Нэгдүгээр сард цас бага орох ч хамгийн хүйтэн сар байна 

Нэгдүгээр сард нутгийнхаа хойд хэсгээр сарын дундаж температур бага зэрэг хүйтэн бусад нутгаар дунджынхаа орчим байх төлөвтэй байна. Нутгийн ихэнх хэсгээр дундаж хэмжээндээ ойролцоо цастай ч нутгийн өмнөд хэсгээр цас бага зэрэг дулаахан байх төлөвтэй байна. Нэг, хоёрдугаар сард ордог цасны хэмжээ олон жилийн дунджаар бага байдаг. Увс, Булганы хойд тал, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн, Ховд, Дорнодын өмнөд хэсэг, Завхан, Сэлэнгийн зарим газраар 2-4 мм бусад нутгаар хоёр хүртэл орчим мм цас ордог. Нэгдүгээр сард цас бага ордог ч хамгийн хүйтэн сар байдаг. Ялангуяа Идэр, Тэсийн хөндий, Орхон, Сэлэнгийн зарим газраар 25-32 градусийн хүйтэн бусад нутгаар 18-23 градусийн хүйтэн байдаг. 

-Нэгдүгээр сар хүртэл ер нь цастай хүйтэвтэр байх юм байна. Малчид, ард иргэд юунд анхаарах нь чухал байна вэ?

-Өвлийг өнтэй давах нь өмнөх зуншлагаас хамаардаг. Зун нь гантай, зуншлага тааруу байвал дараа өвөлдөө сөргөөр нөлөөлдөг. 2017 оны зун хуурай, гантай байсан. Ихэнх хугацаандаа онцгой халалттай, ялангуяа зургаа, долоон сард олон жилийн дунджаас 2.6-2.7 градусаар дулаахан, долоон сарын дунд хугацаандаа олон хоногоор 30,40 градус хүрч халж байсан. Хөрсөн дээрээ 55-70 градус хүртэл халж байсан. Сарын 15-20 хоногт 30 градусаас дээш хэмд хүрч халж байсан юм. Гантай зун болсонтой уялдуулж, хур тунадас бага орсон. Ялангуяа зургаа, долоон сард олон жилийн дунджаас үнэмлэхүй бага хур тунадас орсон байгаа. Үүнээс Монгол оронд зуншлагын байдал маш тааруу байсан юм. Долдугаар сарын 10-д гэхэд нийт нутгийн 30 орчим хувьд зуншлагатай, 60-аас дээш хувьд нь зуншлагын байдал дунд зэрэг, үлдсэн 10 хувь нь бүр муу байсан. Энэ байдал долоон сарын 20-ны байдлаар бүр муудсан. Ер нь нийт нутгийн 70 гаруй хувьд нь гантай байсан. Гантай зун байсан учраас мал олигтой тарга тэвээрэг аваагүй. Долдугаар сарын сүүлээр бороо орсон боловч оройтсон бороо малын таргад нөлөөлдөггүй . Гэхдээ зарим газраар өөхөн тарга авдаг гэх нь ч бий. Ер нь малын махан тарга авах талдаа их муу байдаг.

Гангийн байдал, малын тоо толгой их байгаатай уялдаж урьдчилсан байдлаар нутгийн 30 орчим хувьд малын өвөлжилт, хаваржилтийн байдал хэвийн 70 орчим хувьд тааруу, мал өвөлжих бололцоо тун муу байгаа юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн ихэнх сум, Хөвсгөл, Булган, Хэнтийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгийн зарим нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан. Энэ нь зуншлагын байдал муу, гантай байсан аймгууд юм. Бэлчээрийн даац хэтэрсэн, гантай байсан аймгуудад өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх нөхцөлтэй байна. Иймд цас орж, цасан бүрхүүл тогтож, уул, зам, даваа цасанд дарагдахаас өмнө өвлийн дутуу бэлтгэлийг гүйцээж авах хэрэгтэй. Тодруулбал, энэ сарын цас ороогүй, дулаавтар байх хоногуудад өвлийн бэлтгэлийн дутууг гүйцээж, хурааж гүйцээгүй тариа, ногоог амжиж хураах шаардлагатай байна. 

Сайханжаргал ЭНХ-ҮЖИН