Хаах | Хэвлэх

​Ерөнхийлөгч Х.Баттулга: Давхар дээл хамаагүй ээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарыг эцэслэн тодруулж МАН-ын Удирдах зөвлөлийн дэмжлэгийг авлаа. Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн шийдвэрийн дараа сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцөнө гэж эх сурвалж хэллээ.

Хуулиар бол Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг дэмжих, эс дэмжих нь эцсийн шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч дэмжихгүй байлаа ч, УИХ-д өргөн барих эрх нь Ерөнхий сайдад бий бөгөөд шийдвэрийг парламент гаргана.

Нэгэн цагт “давхар дээл” хүнддээд байна гэж Н.Алтанхуягийн Засгийн газраас өөрийн хүсэлтээр гарч байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хувь парламентаас бүрдэх танхимын сайд нарыг дэмжих үү гэдэг нь олны анхааралд байна.

Өмнө хэлж байсан үг, удаа дараагийн байр сууринаас нь харвал Ерөнхийлөгч Х.Баттулга “давхар дээл”-д ач холбогдол өгөхгүй, харин ч дэмжиж байгаа юм. Тэрээр саяхан сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр “Монголоо гэсэн сэтгэлтэй сайд нар л гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй” гэж хэлсэн билээ. Мөн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ ч энэ санаагаа давтсан, бас сайд нараа цагийн өмнө ч болов томил гэж яаруулсан. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс сайдад нэр дэвшигчдийг “давхар дээл”-тэй гэж эсэргүүцэхгүй, мөн “зөвшилцөнө”, “судална” гэж цаг уяхгүйгээр шуурхай хариу өгөх магадлалтай. Өмнө нь нэгэнт ам алдчихсан учраас.

Батбаяр СУГАР