Хаах | Хэвлэх

​Ерөнхийлөгч өө, Р.Бурмаа Үндсэн хууль манах ёс суртахууны эрхтэй юү

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо мягмар гаригт хэлэлцэж эхэлсэн ч, МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатайгаар томилдог.

2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санал болгож томилуулсан Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны тавдугаар сарын 05-нд дууссан байна. Хуулийн дагуу дараагийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч санал болгох эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд  Раднаагийн Бурмааг томилуулахаар санал болгосон юм. Харин Н.Жанцанг нэг хэсэгтээ цэцийн гишүүнээр ажиллаж болно гэж Ерөнхийлөгч үзжээ. Нийгэмд Ерөнхийлөгчийн санал болгосон Р.Бурмаа Цэцийн гишүүний шалгуурыг хангасан уу, хэр шударга томилгоо болох нь анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2-т “Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна” гэж гол шалгуурыг заажээ. 

Р.Бурмаа нь заасан насны шалгуурыг хангаж байгаа. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдаар ажиллаж байсны хувьд улс төрийн өндөр мэргэжилтэй гэх шалгуурыг бас хангаж болох. Харин хууль зүйн өндөр мэргэжлийн талаар төгссөн сургууль, хуулийн байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагын тухай танилцуулгад алга. Энэ тухай байнгын хорооны гишүүн О.Батнасан нэр дэвшигч Р.Бурмаагаас асуухад “Үндсэн хуулийн дээрх заалтад хууль зүй, улс төрийн давхар мэргэшилтэй гэж заагаагүй, аль нэг нь байх боломжтой. Өмнө нь “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуураар П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байсан” гэж хариулсан юм.

Хамгийн гол нь хуулийн энэ шалгуураас гадна Р.Бурмаагийн УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байхдаа өөртөө бий болгосон сөрөг нэр хүнд нь түүнд хасах оноо авчирч байна. Тэрээр сайд байхдаа Халх голын газраас олон компанид хууль зөрчиж олгосон гэдэг. Үүнийх нь төлөө түүнийг Дорнодынхон нутгаасаа, Халх голд очиход нь хөөж байлаа. Монголын түүхэнд төрийн сайд ингэж орон нутгаас хөөгдөж байсан тохиолдол өмнө нь байгаагүй юм. Халх голын газрыг тойрсон энэ үйл явдлыг тухай ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр “Өмнөх сайдын үед Халх голын орчимд 500 мянган га газар олгогдсон байдаг. Үүнээс 330 мянган га газрыг 28 аж ахуйн нэгжид газар олголт хийсэн байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ дээр аудитын шалгалт оруулсан. Шалгалтаар 28 аж ахуйн нэгжийг 2016 оны долдугаар сарын 28-ны шөнө дуудаж, тухайн үеийн сайд нэг дор захирамж нь гаргасан байсан” гэж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед сайдаар ажиллаж байсан Р.Бурмаа нь Халх голын газрыг хууль бусаар олгосон гэдгийг илэрхийлж байсан юм. Мөн өчигдөр Байнгын хороогоор томилгоо ярихтай зэрэгцээд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр өөрийн твийттер хуудаснаа “Халх Гол-ыг 500 мянган га-гаар нь зардаг нөхрийг "эх оронч"-д Үндсэн хуулийн оройд залж болдог л юм байх даа. Эх орноо худалдсан гар ш дээ” гэжээ.

Үүнээс гадна Р.Бурмаа бол шударга ёс, зарчим гэж хамгийн их ярьдаг улстөрчдийн нэг. Тэгсэн атлаа сайдын албан тушаалаа ашиглаж хүүгээ ч билүү, хүүгийнхээ найзыг ч билүү тендерт ялуулсан хэл аманд бас л өртөж байв. УИХ-ын гишүүн болохдоо давхар дээлийг эсэргүүцэж, дараа нь өөрөө давхар дээл өмсөх болохоороо дэмждэг, тэгээд сайд болонгуутаа олон монгол эрсийн халуун амиар авч үлдсэн Халх голын газрыг хууль зөрчин ганцхан шөнийн дотор захирамжаар хуваасан хүн Үндсэн хуулийг манаач байх ёс суртахууны эрхтэй юү. Нийгэм, олон нийт нэр дэвшигч Р.Бурмаагаас, түүнийг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчөөс үүнд л хариулт нэхэж байна.

Олноо “Үндсэн хуулийн загалмайлсан эцэг” хэмээн өргөмжлөгддөг Б.Чимид гуай нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн. Тэгвэл эх орныхоо газраа хууль зөрчин зарсан хэмээн буруутгагдаж, тэр нутгаас хөөгдөж явсан хүн Үндсэн хуулийг үнэнчээр манаж чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж байна. Халхын гол бол алганд багтсан Монгол Улсын нутаг төдийгүй Үндсэн хуулиар хамгаалагдсан эх орны нэг хэсэг билээ.

Раднаагийн Бурмаа нь:

1958 онд Улаанбаатар хотод төрсөн.

Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг 1975 онд,

БНБАУ-ын Электрон, техникийн их сургуулийг 1982 онд,

1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгсчээ.

Ажилласан байдал нь:

-1982 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж,

-1988-1992 онд “Монел” фирмд зохион бүтээгч-инженер,

-1992-1996 онд “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн,

-1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга,

- 1997-2012 онд Сонгогчдын Боловсрол төвийн захирал,

-2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн,

- 2005-2011 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,

-2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх,

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

-2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга,

-2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус тус ажиллаж байсан

-2009-2012 он болон 2017 оноос эхлэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ