• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Шигдээс болсон зүрхийг нөхөн сэргээх аргыг амжилттай туршжээ

Зүрхний шигдээс өвчний дараа фотосинтезийн дүнд хүчилтөрөгч ялгаруулдаг нянг зүрхэнд нэвтрүүлэх замаар нөхөн сэргээх шинэ аргыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд нээсэн байна. Тэд энэ талаарх илтгэлээ “Science Advances” сэтгүүлд өнгөрсөн лхагва гарагт нийтэлжээ.

Уг илтгэлд дурдсанаар, одоогийн байдлаар хархан дээр хийсэн туршилт амжилттай болсон бөгөөд энэ аргыг хүн дээр турших боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

Зүрхний шигдээс болж буй шалтгаан нь зүрхний булчингийн цусан хангамж зогссонтой холбоотой байдаг. Зүрхийг тэжээгч гол судас бөглөрсний улмаас зүрхэнд цусаар дамжин ирэх хүчилтөрөгчгүй болж, зогсдог байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, зүрхэнд фотосинтезийн урвалд орох чадвартай нэг эст “Synechococcus elongates” циано нянг оруулах аваас уг нян нүүрсхүчлийн хийг зайлуулж, зүрхний эсүүдийг хүчилтөрөгч, глюкозоор хангах юм.

Энэ аргыг амьд бие махбодь дээр туршиж үзэхээр эрдэмтэд шийдсэн байна. Хархнуудад зохиомлоор зүрхний шигдээс үүсгэсний дараа уг хархнуудын зүрхний булчинд нь циано нянг суулгаад улмаар зүрх рүү нь гэрэл тусгасан байна. Ингээд 10 минутын дараа эхний хэсэг хархнуудын зүрхэн дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь циано нян суулгасан боловч гэрлийн цацраг тусгаагүй хоёр дахь бүлгийн хархнуудынхтай харьцуулахад хавьгүй илүү байгаа нь тогтоогджээ. 45 минутын дараа эхний бүлгийн хархнуудын зүрхний ховдлын агшилт нь сайжирсан байна.

Энэхүү арга нь ямар нэгэн хорт нөлөөгүй төдийгүй бие махбодийн дархлааны тогтолцоонд хариу үйлдэл үүсгэдэггүй ажээ. Түүнээс гадна, “Synechococcus elongates” циано нянг тарих арга нь шилжүүлэн суулгах гэж буй эрхтнийг хэвийн байлгахад тус дөхөм болох юм.

Гэсэн хэдий ч эрдэмтэд яаран дүгнэлт хийхийг хүсэхгүй байна, учир нь хүний зүрхэнд чухам ямар нян тохирох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эмчилгээний энэхүү аргын дутагдалтай тал бол зүрхний мэс заслыг хийхдээ заавал цээжний хөндийг нээдэгт орших бөгөөд энэ нь ихээхэн эрсдэл дагуулдаг юм.

Эрдэмтэд шинэ аргаа илүү аюулгүй болгох тал дээр ажиллаж байна. Тухайлбал, циано нянг зүрхэнд шууд бусаар буюу венийн судсаар дамжуулан нэвтрүүлэх, түүнчлэн цээжний хөндийг ярахгүйн тулд гэрлийн цацрагийг зүрхэнд арьс, ясаар дамжуулан хүргэх аргыг олохоор ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: www.sciencenews.org

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 09:27:16


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох