• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Б.Алтанцэцэг: Аавууд хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг

Орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харилцах талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Эцэг, эхийн харилцаа хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүйн чадварт хэрхэн нөлөөлдөг, хүүхдийнхээ найз нөхөдтэй хэрхэн харилцах талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүлээн аваарай.

          -Хүүхдийнхээ найзуудыг шүүмжлэх нь эцэг эх, хүүхдийн харилцааг хаалттай төвшинд хүргэдэг-

-Өнөөдөр Монголд эцэг эх, хүүхэд хоёрын харилцаа ямар төвшинд байна вэ?

-Нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ямар нийгэмд, ямар орчинд өсч, хүмүүжиж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд чухал нөлөөтэй. Энэ нь бид нарын өссөн үе, бид нарын ээж аавын өссөн үе хоорондоо асар их ялгаатай гэсэн үг. Эцэг, эхчүүд хүүхэддээ бид нарын үед ийм байгаагүй гэж их хэлдэг. Тиймээс хүүхэд өмнөх үеийнхнээсээ өөр болж төлөвшдөг. Орчин үеийн хүүхдүүд нийгмийн асар хурдацтай хөгжил дунд хүмүүжиж байна. Нийгэм илүү нээлттэй, хүн өөрийгөө илэрхийлэх боломж чөлөөтэй болсон. Энэ хэрээрээ хувийн орон зайг их чухалчилдаг. Орчин үеийн хүүхдүүд миний хувийн орон зай, надад битгий саад бол, ганцаараа баймаар байна гэдэг үгийг түлхүү хэрэглэх болсныг ажигласан байх. Энэ нь хүүхдүүдийн онцлог юм.

-Энэ онцлогт эцэг эхчүүд хэрхэн тохируулж харьцах вэ?

-Сүүлийн жилүүдэд эцэг, эх хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй нөхцөлд их орж байгаа ажиглагдаж байна. Энэ нь нийгэм маш хурдацтай хөгжиж буйтай нэг талаараа холбоотой. Орчин үеийн хүүхдүүд эцэг эхээсээ ч хурдан сэтгэдэг, чөлөөтэй илүү ухаалаг болж байна. Богино хугацаанд шинэ зүйлийг сурч, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болсон. Шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсдэг болсон. Энэ шинэ нөхцөлийг ойлгож, хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь эцэг эхийн алдаа. Хүүхэдтэйгээ тохируулж харьцах ёстой гэдгийг ойлгодоггүй. Хүүхдээ стресстэй байна гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Орчин үеийн хүүхдүүд юунаас болоод өөрт нь таагүй сэтгэгдэл төрж байгааг мэддэг. Үүнийгээ эцэг, эхтэйгээ ярилцахыг хүсдэг. Тэр үед ээж аав нь завгүй байдаг эсвэл анзаардаггүй. Мөн ярилцах чадваргүй байдаг. Учир нь одоогийн эцэг, эхчүүд хүүхэд насандаа ээж аавтайгаа ийм төвшинд ярилцдаггүй байсан.

Одоогийн 30 гаруй насны эцэг эхчүүд эхээс олуулаа, ах эгч нартайгаа өссөн, хүмүүжсэн. Тэднийг хүүхэд байхад ажлын цаг ихтэй, хагассайн өдөр ч ажилладаг байсан. Нэг айл тав, арван хүүхэдтэй байсан нь том хүүхдүүд ээж аавын үүргийг гүйцэтгэх боломж олгодог. Энэ нөхцөлд өссөн хүүхэд дасан зохицох чадвар сайтай, өөрийгөө авч явах чадвартай болж хүмүүжсэн байдаг. Монголчууд ярьдаг бор зүрхээрээ өссөн хүүхэд гэж. Үүнд буруу зүйл байхгүй. Гэтэл энэ байдлаа хүүхэддээ гаргах гээд байдаг. Орчин үед айлууд хоёр, гурван хүүхэдтэй л байна. Энэ нөхцөлд сэтгэл зүй арай өөр төвшинд тогтож байгаа юм. Ялангуяа ганцаараа өсч байгаа хүүхэд харилцаанд асуудалд орох, үүнээсээ болоод сургуульд ороод дасч чадахгүй байх. Олон хүнтэй газар өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг асуудал нь хүүхдийг стресстүүлдэг.

Энэ үед эцэг, эхчүүдэд “Хүүхэд чинь юуны ч тухай хамаагүй ярилцаж л байвал маш сайн. Хов жив, хэрэггүй зүйл, ойлгомжгүй асуудал ярьж байгаа мэт танд санагдаж байж болох ч энэ нь хүүхдийн хувьд их чухал зүйл байдаг. Ярьж байгаа зүйл нь хүүхдийн хувьд чухал учраас хүндэтгэлтэй сонсох ёсттой.” Монгол уламжлалд бага зэргийн дарангуйлал буюу насанд хүрсэн хүн чамаас илүү гэсэн хандлага байдаг. Гэтэл одоогийн хүүхдүүд хүмүүнлэг, чөлөөтэй сэтгэлгээтэй болж өөрчлөгдсөн учир хэн нэгэн хүний үл ойшоосон, хүндлэхгүй байгаа хандлагыг хүндээр хүлээж авдаг.

Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй харилцахад маш хэцүү болдог. Энэ насны хүүхдүүдийн эцэг эхчүүд манай хүүхэд надтай ярилцахаа больчихлоо гэж хандах нь их. Гэтэл хүүхэд нэг л өдөр эцэг, эхтэйгээ ярилцаа больчихдоггүй. Ярилцах гэсэн оролдлого бүрийг нь ихэвчлэн няцаасан эсвэл анзаараагүй байдаг. Хэдэн жилийн хугацаанд энэ байдал давтагдсанаар хүүхэд өөрийн асуудлыг эцэг, эхдээ ярихаа бүр больдог. Угаасаа намайг сонсдоггүй, би ярих шаардлагагүй гэж ойлгох эсвэл эцэг эхдээ худлаа ярьж эхэлнэ. Ойр зуурын жижиг зүйлсийг ярилцаад, гол асуудлуудаа ярихаасаа зугтаж эхэлдэг.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ярилцах арга эвээ хэрхэн олох вэ?

-Орчин үеийн боловсролын арга зүй хүүхэд төвтэй болсон. Уламжлалт сэтгэлгээнд хүүхдийг загнах, зодох аргыг зөвшөөрдөг байсан. Энэ нь одоо байгаа эцэг эхчүүдийн сэтгэхүйд ярих юм бол зодуулах, гэмтэх талаар далд ухамсарт нь суучихсан байгаа. Тэр хэрээр өмнөх үеийнхэн маань ярихдаа айдастай болчихсон байдаг. Олон хүний өмнө ярихдаа, өөрийгөө илэрхийлэхдээ хүүхдүүдээсээ ялгаатай байгаа. Энэ нь сэтгэл хөдлөл, бодол мэдрэмжээ илэрхийлэх чадвар сул байгаатай холбоотой юм. Эсрэгээрээ одоогийн хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх боломж ихтэй, энэ чадвар хөгжсөн. Янз бүрийн нийгмийн сүлжээг ашиглаж байгаа нь ч нөлөөлж байгаа. Энэ нөхцөлд боловсролын болон хүмүүжлийн ялгаа аав, ээж, хүүхдийн хооронд гарч байгаа. Хэрвээ аав, ээж хүүхэдтэйгээ харилцахыг хүсэж байгаа, хүмүүжилд нөлөөлөхийг хүсч байгаа бол хүүхдийнхээ хэлээр ярилцаж сурах хэрэгтэй.

-Одоогийн 30-аас дээш настай ээж, аавуудыг хүүхэд байхад хүүхдийн бага яригддаг байсан байх тийм үү?

-Орчин үед эцэг эхчүүд эд материалаар хайраа нөхөх гэж оролддог болсон. Энэ үед хүүхэд ганцаардлыг илүү мэдэрдэг. Өөр өнцгөөс нь харвал сэтгэл судлалын түүхэнд тухайн цаг үедээ анхаарлын төвд орж байсан эмгэгүүд гэж байдаг. 1800-гаад оны үед эмэгтэйчүүд эрчүүдээс хэт хамааралтай байх, сул дорой байх бие хүний эмгэг түгээмэл байсан. Энэ үед эмэгтэйчүүд их өвчилж байсан гэж үздэг. Үүний дараа 1930 оны үед шизофренийн эм гарсны дараа энэ төрлийн эмгэг их гарсан. Заримдаа шизотой болж жүжиглэж байсан. Харин орчин үед өөр төрлийн эмгэгүүд анхаарлын төвд орж байна. Монголд гэлтгүй олон улсад өсвөр насныхан бусдаас өөр байх гэсэн, ялгарах гэсэн, анхаарал татах гэсэн хүсэлтэй болж байгаа нь эргээд би ганцаардаж байна. Ганцаардал дундаа би өөрийгөө хайж байна гэх мэт зүйлийг илэрхийлж байна. Энэ нь надад анхаарал хэрэгтэй байна гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр. Хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй байна гэдэг санааг илэрхийлж байгаа. Түүнээс яг ганцаардаад байгаа, ганцаараа байхыг хүсч байгаа гэсэн үг биш юм.

Түүнчлэн өсвөр насныханд найз нөхөд хамгийн чухал. Хүүхдүүд бидэнд гэр бүлийн асуудлаар цөөн ханддаг. Харин хайр дурлал, найз нөхдийн асуудлаар ханддаг. Өсвөр насныхны хувьд найзууд нь чухал байх нь байгалиасаа заяагдсан онцлог. Тиймээс ээж, аавууд хүүхдийнхээ найз нөхдийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүүхдийнхээ найзуудыг шүүмжлэх нь эцэг эх, хүүхдийн харилцааг хаалттай төвшинд хүргэдэг. Чи гэртээ байх ёстой гээд хүүхдийг үеийнхнээс нь тусгаарлаад байх юм бол эсрэгээрээ сэтгэл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Яагаад гэвэл өсвөр насныхан бие , биетэйгээ хамт байж нийгэмшдэг. Энэ үедээ бусад хүмүүсийг ойлгож, өөрийгөө ойлгуулах харилцааны чадварт суралцдаг. Хүүхэд итгэж байгаа хүндээ л нууцаа ярьдаг. Хэрвээ ээж аавдаа итгэдэггүй бол ярихгүй. Жишээлбэл найз нөхдийг нь шүүмжилдэг бол танд тохиолдсон бэрхшээлээ ярихгүй. Найз нөхдийг нь шүүмжиллээ гээд хүүхэд тэр хүүхэдтэй найзлахаа болихгүй. Энэ нь нууц төвшинд аваачаад улам муутгадаг. Энэ тохиолдолд ээж аавдаа итгэхээ больчихдог. Үүнээс болоод хүүхэд найз нөхдөөсөө зөвлөгөө авдаг. Энэ нь буруу зөвлөгөөгөө авах эрсдэлтэй. Хэрвээ итгэж ярих найз нөхөд байхгүй бол дотроо хадгалдаг. Дотроо хадгалах тусам сэтгэл зүйд нь сөрөг нөлөөтэй.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн аль насанд харилцахад хамгийн хэцүү болдог вэ?

-Өсвөр насанд ээж аав нь чухал санагддаг мэдрэмж нь арай багасч үе тэнгийнхнийгээ илүү сонирхож эхэлдэг. Нөгөө талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахад хэцүү болдог үе нь шинэ дүүтэй болох. Ялангуяа хоёр настай байхдаа дүүтэй болох, найман настайдаа дүүтэй болох том ялгаа. Учир нь хоёр настай хүүхэд гурван нас хүрээд ой санамжаа мартдаг. Энэ нь мэдээ орсон цагаасаа би дүүтэй, би эгч, ах гэдгээр хүлээж авдаг. Найман настайдаа дүүтэй болсон хүн бүх анхаарал өөр дээрээс нь шилжихээр маш их стресстдэг. Манай хүүхэд дүүтэй болсноосоо хойш надтай ярилцахаа болилоо гэдэг тохиолдол их гардаг. Энэ үед хүүхдэдээ хэлж ойлгуулах ёстой. Заримдаа ээж аавууд буруу тайлбарласан байдаг. Одоо чи дүүтэй болж байна, ээж нь дүүд нь анхаарал хандуулах ёстой гэж хэлсэн тохиолдолд хүүхэд шууд утгаар нь л хүлээж авдаг. Гэтэл дүүтэй болсон үгүйгээс үл хамаарч хүүхдэд анхаарал хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн нөлөөлөх вэ, ямар аргаар зөв ойлгуулж хэлснээр хүүхэд илүү хүлээж авах вэ?

-Гадагшаа чиглэсэн их ярьдаг, өөрийгөө илэрхийлдэг нээлттэй хүүхдэд эцэг эх өөрийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй. Сурах магадлалтай. Харин дотогшоо чиглэсэн буюу ажиглаж, сонсдог хүүхдэд хэлж, ярилцах юм бол маш сайн ойлгодог. Ямар ч хүүхэд маш сайн ойлгодог. Бид хүүхдийг насанд нь тохируулж хэлж байна гэж ярьдаг. Гэтэл хүүхдийг ойлголт маш сайн байдаг. Аливаа зүйлийг учир шалтгаантай, ул үндэстэй нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэдэнтэй хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ тохиолдолд хүүхэд маш сайн хүлээж авна.

-Эцэг эхийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа тухайн хүүхдийн ямар хүн болоход хэр их нөлөөлөх вэ. Ямар хүүхэд амжилтад хүрдэг вэ?

-Бага насны хүүхдэд ээж нь хамгийн чухал хүн. Монголчуудын хэлдгээр хүйн холбоотой гэдэг. Хүн ямар төрлийн хүн болох вэ, хэр өөртөө итгэлтэй хүн болох вэ гэдэг ээж нь хүүхдэдээ хэрхэн ханддагаас шалтгаалдаг. Хүүхдэдээ чамайг юу ч болсон хамгаална, чиний талд зогсоно гэдэг мэдрэмжийг байнга өгдөг байх хэрэгтэй. Уйлахад нь тэвэрдэг. Нүд рүү нь эгцэлж хараад инээдэг. Эерэг мэдрэмжийг өгөх тусам хүүхэд өөрийнхөө талаар эерэг төсөөлөлтэй болдог. Тэр хэрээрээ би ч бас бусад хүмүүст итгэж болох юм байна. Хүмүүс надад хайртай юм байна гэсэн бодолтой болно. Эцэг, эх нь эерэг мэдрэмжүүдийг өгч чадсан хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болж хөгждөг. Азийн соёлд аав нар уул шиг, нөмөртэй, ганхахгүй байх ёстой гэдэг. Энэ буруу зүйл биш. Харин Европ соёлд аав нь ээж шиг нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь хүүхдэд илүү сайн . Энэ нь сэтгэл зүйн чадвар, оюуны чадварт нөлөөлнө гэж үздэг. Аав нар хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцах нь хүүхдийн IQ өндөр байхад нөлөөлдөг. Мөн ах эгч дүү нарын харилцаа сэтгэл зүйд нөлөөлдөг. Ойролцоо насны хоёр хүүхэд муудалцах нь эрүүл харилцаа. Үүнийг зарим сэтгэл зүйчид дотно харилцаа б гэж үздэг. Гэхдээ хэт их муудалцах, өс санах, нэг нэгнийгээ үзэн ядах нь насанд хүрсэн хойно нь сэтгэл гутралтай болгодог ч гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 09:30:06


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. яяя (66.181.185.240) 2017-06-20 07:51:32
    Биеэ дааж эхлэх үедээ аавыгаа дагавал илүү санагддаг. Манай гэрт ээжийг байнга дагасан нь бие даах нь сул эрх танхи байдалтай. Аавыгаа дагасан нь илүү чадварлаг биеэ даасан шинжтэй байна.
  2. zoshiin (43.242.243.141) 2017-06-20 00:31:06
    Well, she is not the most beautiful girl. But i'd love to date with her.
    1. zoshind (202.70.34.86) 2017-06-20 11:47:07
      Come on man! Go for her.
  3. Зочин (202.21.124.131) 2017-06-19 10:50:52
    Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хрхэн харилцах талаарх зөвлөгөө их хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд.ёстой ааш нь олдохоо больсон

Танд санал болгох