• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ахмадын тэтгэвэр нэмэх, гэр хорооллын иргэд байрны урьдчилгаа төлөхгүй байх шийдвэртэй долоо хоногийн тойм

iToim агентлаг өнгөрсөн долоо хоногт /2017.06.12-2017.06.18/ болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

АТГ яст мэлхийн хурдаар ажиллаж, нэр дэвшигчдийн хөрөнгийг хураангуй байдлаар үзүүлэв

Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гуравхан хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг арай гэж дэлгэлээ. 2007 оноос хойш жил бүр төрийн өндөр албан тушаалтан 300 гаруй хүний хөрөнгө орлогыг АТГ дөрөвдүгээр сарын 20-ноос удааж олон нийтэд дэлгэж байсангүй. Энэ жил яагаад ч юм яст мэлхийн хурдаар ажиллаж байна. Ингэхдээ зургадугаар сарын 14 хүргэж, хураангуй байдлаар нэр дэвшигчдийн хөрөнгийг дэлгэжээ.

Онцлох шийдвэр: Ахмадын тэтгэврийг 2018 оноос, төрийн албан хаагчдын цалинг 2019 оноос нэмнэ 

Хүн амын орлогын 80 хувийг бүрдүүлж байгаа цалин тэтгэврийг нэмэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Тодруулбал, ахмадын тэтгэврийг 2018 оноос, цалинга 2019 оноос нэмэхээр болсон талаар ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ. Ингэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдэд илүү нэмэх, өндөр тэтгэвэртэй иргэдэд бага нэмэх зарчмаар ажиллах юм байна. 

Харин цалингийн хувьд төрийн албан хаагчдыг цомхтон чадавхжуулах замаар нэмэхээр болсон байна.  Гэхдээ цалинг 2019 оны нэгдүгээр сараас наана нэмэх бололцоо байхгүй. Цаашид цалинг нэмэх талын бодлого баримталж ажиллана” хэмээн ярьсан юм. 

Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.

Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга  С.Батболд зарласан юм. 

Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт юм. 

Онцлох бүтээн байгуулалт: Монгол Улсын бүтээн байгуулалтын цементийн хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хангах үйлдвэртэй  боллоо  

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх цавын чулуун ордыг түшсэн цементийн үйлдвэрийн нээлт боллоо. МАК компанийн байгуулсан энэхүү үйлдвэр нь Монгол Улсын бүтээн байгуулалтын цементийн хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хангах боломжтой. Жилд нэг сая тонн, хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр Сэлэнгийн Хөтөлд, бас Дорноговийн Өргөн суманд бий. Харин МАК-ийн үйлдвэр цементийн чанарыг роботоор буюу хүнээр хянуулдаг, босоо тээрмээр түүхээ эдээ бэлтгэдэг, тусгайлсан хөтлөгчгүй зууханд клинкерээ шатаадаг, онлайнаар үйлдвэрийнхээ процессийг хянадаг гэдгээрээ технологийн давуу талтай.

МАК-ийн үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Дани, БНХАУ-ын Элчин сайд нарын албаны хүмүүсээс гадна бизнесийн төлөөллийнхөн оролцсон.

Онцлох санхүүжилт: Дэлхийн банкнаас эрчим хүчний салбарт 54.4 сая долларын дэмжлэг үзүүлэхээр боллоо

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс өчигдөр Монголын эрчим хүчни салбарт 54.4 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Дэлхийн банкны "Эрчим хүчний салбарын төсөл - 2" нь цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тэдгээрт тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн, төслийн хүрээнд нарны эрчим хүчийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ үеэр Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон “Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байнагэлээ.

Онцлох хүн: Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаярыг сонголоо

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн долоо хоногт бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн дараагийн даргаар хэнийг сонгох, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонголоо. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-18 07:55:32


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох