• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ш.Зоригоо: Зүрхний шигдээст хүргэдэг эхний хоёр шалтгааны нэг нь тамхи

Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой зүрх судасны өвчний гэнэтийн хүндрэл болон цусны даралт ихсэх өвчний талаар ярилцлаа.

-Сүүлийн үед хүн амын дунд зүрхний шигдээс, зүрхний шми өвчнөөр өвчилж, гэнэтийн хүндрэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Зүрхний өвчний гэнэтийн хүндрэл юунаас үүдэж байна вэ?

-Зүрхний шигдээс, зүрхний шми бол үндсэндээ нэг өвчин л дөө. Зүрхийг тэжээдэг гурван гол судас байдаг. Эл гурван судасны аль нэг хэсэгт нарийсал үүсч, тэр нь цаашлаад тэжээгч судсанд бөглөрөл үүсгэснээр зүрхний шигдээс болох аюултай байдаг. Судас нарийссанаар зүрхний булчинд очих цусан хангамж багасч тухайн хүний цээж бачуурах, багалзуур шахах, амьсгаадах, мөр дал руу өвдөх, зарим хүнд ходоод өвдөж байгаа юм шиг зовуурь илэрдэг. Гол тэжээгч судас бөглөрч шигдээс болбол энэ нь маш хүнд өвчинд тооцогддог. Өөрөөр хэлбэл, зүрхний булчин ямар ч тэжээлгүй болж бөглөрөл үүссэнээс зүрх зогсох аюул дагуулдаг. Зүрхний шигдээс нь 70-аас дээш хувийн нас баралттай маш хүнд өвчин.

-Эл өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Зүрхийг тэжээгч гол судсанд нарийсал үүсгэхгүй байх нь урьдчилсан сэргийлэх гол арга юм. Судасны нарийсал үүсэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Нарийсал удмынх байдаг. Гэр бүлийн хэн нэгнийнх нь судас нь нарийсч, судас тэлэгч стент тавиулж байсан, зүрхний шигдээсээр өвчилж байсан бол удамших магадлал байдаг. Үүнээс гадна сахарын  хэмжээ зохистой төвшнөөс хэтэрснээс болж судасны хана гэмтэж, улмаар судсыг нарийсгадаг. Энэ нь ганц зүрх ч биш, бөөр, тархи, нүд, үе мөч зэрэг бусад эрхтэнг цусан хангамжгүй болгох аюултай. Зүрхний шигдээс тусахад архи, тамхины зохисгүй хэрэглээ нөлөөлж байна . Зүрхний шигдээст хүргэдэг эхний хоёр шалтгааны нэг нь тамхи. Өдөрт арваас дээш тамхи татдаг хүний судас нарийсалтай болох магадлал 90-ээс дээш хувь байна. Өдөрт 20-иос дээш  ширхэг тамхи татдаг хүний 90-95 хувь нь зүрхний шигдээс тусах магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоосон . Дээр нь цусан дахь өөх тосны хэмжээ их, таргалалттай, байнгын архи, дарс хэрэглэж, амьдралын хэв маяг алдагдах, стресстэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж эл өвчин үүсч байна. Уг нь удмынх биш  бол зүрхний шигдээс өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Дээрх хэлсэн үндсэн шалтгааныг биедээ байлгахгүй байхаас гадна  биедээ гаднаас оруулж байгаа хүнсээ зөв зохицуулах шаардлагатай. Ямар ч зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог. Хэмжээндээ хэрэглэж чадвал могойн хор ч ашиг тустай гэж ярьдаг. Тиймээс биедээ гаднаас оруулж байгаа хүнсэнд хязгаартай, зөв зохицуулж сурах шаардлагатай. Сүүлийн үед хотжилтоос үүдэн хөдөлгөөний дутагдалд орж, жингийн илүүдэлтэй хүмүүс олширсон. Дэлхий дахинд таргалалтаас үүдэж байгаа өвчний асуудал нэг номерт яригдаж байна. Жин нэмэгдсэнээр цусны даралт ихсэгдэг бодисууд, өөх тос нэмэгдэж, сахарын хэмжээ  ихэссэнээс үүдэн судсанд өөрчлөлт орж, гэнэтийн хүндрэлүүд гарч байна. Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчний гол шалтгаан нь хэт таргалалттай холбоотой байгаа. Эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь арга маш энгийн. Нэгд, өдөрт хамгийн багадаа 30 минут алхалт хийж занших хэрэгтэй. Тасралтгүй идэвхтэй хөдөлгөөн буюу гүйх, алхах, дугуй унах, ууланд алхах, усанд сэлэх, зааланд тоглож байх хэрэгтэй. Болж өгвөл өдөртөө хоёр цаг идэвхтэй хөдөлгөөн хий. Хоёрт, өөрийн биедээ гаднаас орж байгаа хүнсээ хязгаарлаж сур. Цадталаа идэхгүй, ширээн дээрх хог түүж идэхгүй, өдөр бүр амттан идэхээс татгалз. Дээр нь цусны даралт, сахараа хянах ёстой. Хэрвээ ямар нэгэн эмгэг байгаа бол жил бүр эмнэлэгт үзүүлж, зохих үзүүлэлтүүдээ шалгуулж, өөрчлөлт гарвал зохих эмчилгээгээ хийлгэвэл өвчин нэмэгдэхгүй байх боломжтой.

-Зүрхний шигдээс болохоос урьдаж хүнд ямар үндсэн гол шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Амьсгал боогдох, бачуурах, уртаар амьсгаа авмаар санагдаж, дотор давчдаж, алхахаар бачуурал нь нэмэгдэх, мөр дал руу хүчтэй хатгаж өвддөг. Зарим хүнд ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Анагаах ухаанд зүрхний шигдээс хамгийн түрүүнд хүчтэй өвдөлт үүснэ гэж үздэг. Гэхдээ Монгол хүмүүст бараг өвдөлт өгдөггүй, амьсгаа бачуурах, ходоод гэдэс өвдөж байгаа юм шиг зовуурь илэрдэг. Ер нь аль ч өвчний үед зовуурь илэрсэн бол хамгийн нэгдүгээрт эмнэлгийн байгууллага, эмчид хандах ёстой гэж зөвлөмөөр байна. Эмчид үзүүлж аливаа нэг өвчин байна уу, үгүй юү гэдгээ мэднэ. Өвчин байгаа бол цаашдын эмчилгээгээ хийлгэнэ, байхгүй бол урьдчилан сэргийлнэ. Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнддээ анхаарч өглөө бүр гүйдэг, алхдаг болсон байна. Үүнийгээ улам идэвхжүүлж, илүү олон хүн эрүүл мэнддээ анхаардаг болох ёстой. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарч байна гээд өөртөө шинжилгээ хийж, дур мэдэн эм ууж болохгүй . Судасны хатуурал үүссэн л бол түүнийг арилгах ямар ч бүтээгдэхүүн дэлхий дээр байхгүй. Энд тэнд очиж судсаа бариулж, сүлжээний эм уугаад судасны хатуурал арилна гэж ойлгож болохгүй. Хүний судас яг ханын шохой шиг хатуурдаг. Судасны хана буцаад хэвийн эсээр солих нээлтийг одоохондоо анагаах ухаан хийж чадаагүй байна. Тиймээс урьдчилсан сэргийлж, судас хатуурах, нарийсахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Монголд судасны нарийслыг тодорхойлох шинжилгээг маш өндөр төвшинд хийгддэг болсон. Хэрвээ судасны нарийсалтай бол судас тэлэгч стент тавих эмчилгээг хийдэг.

-Стент тавих эмчилгээг хийлгэснээр гэнэтийн хүндрэлд орохгүй байх магадлал хэр өндөр вэ?

-Хүндрэл үүсэхгүй байх магадлал мэдээж өндөр. Гэхдээ эмчилгээн дундуур хүндрэл гарч, нас барах тохиолдол ч бий. Эмчилгээний үр дүн ямар байх нь тухайн хүний дэглэмээс л шалтгаална. Эмээ сайн ууж, эмчдээ тогтмол хянуулаад явбал судасны нарийсал нэмэгдэхгүй, тавьсан судас тэлэгч стент нь дахиж нарийсахгүй, бөглөрөхгүй байх боломжтой. Харин стент тавиулчихаад эмээ цаг тухай бүрт нь уухгүй тасалснаас судас дахин нарийсах эрсдэл үүсдэг. Эмээ тогтмол уудаг хүний судас дахиж нарийсах магадлал тун бага.

-Зүрхний өвчин сэтгэл санааны байдалтай ихээхэн холбоотой байдаг. Тэгэхээр хувь хүн сэтгэл санаагаа тайван байлгахын тулд яах ёстой юм бэ. Одоо бол хүмүүс сошиал ертөнц руу ороод л стресстдэг болсон байна шүү дээ?

-Сэтгэл санааны таагүй байдал, стрессээс үүдэж хүний судас агшдаг. Түүнчлэн стресстэхээр хүний биеэс муу эд, эс ялгарч, тэр нь судсанд нөлөөлдөг. Тэгэхээр стресс үүсгэж байгаа зүйлээс өөрийгөө аль болох тусгаарлах хэрэгтэй. Стресс, харшил хоёр яг адилхан. Харшлаас ангижрахын тулд харшил өгч байгаа бүтээгдэхүүнээс хол байх хэрэгтэй болдог шиг стресс үүсгэж байгаа зүйлсээс холдох хэрэгтэй. Үгүй бол, стрессээ бүрмөсөн шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудлаасаа болж стресстэж байгаа бол гэр бүлтэйгээ ярилцаж шийд, ажил дээрээ стресстэж байгаа бол ойлголцох арга хувилбарыг хайх хэрэгтэй. Нийгэмд болж байгаа  сөрөг муу мэдээллийг үзэхгүй, бухимдахгүй л бай. Фэйсбүүкээс хог ухахгүй бай. Дээр нь, физик хөдөлгөөн сайн хийж бай. Учир нь,физик хөдөлгөөн, зөв амралт бол стресс тайлах хамгийн үр дүнтэй арга юм. Орой унтахаасаа өмнө 30 минут гүйвэл стресс маш сайн тайлагддаг гэж үздэг. Нийгмийн сэтгэл зүйг зөв чиглүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "хог" тараахгүй байх хэрэгтэй байна. Болохгүй, бүтэхгүй, гэмт хэрэг, талцал маргааны мэдээнээс илүүтэйгээр болж, бүтэж байгаа сайн мэдээг тарааж, түгээе. Оройны телевизүүдийн мэдээний 90 хувь сөрөг, муу мэдээ байна. Зөв сайхан мэдээ түгээж чадахгүй байгаа бол ядаж ард түмэндээ төр засгийнхаа үйл ажиллагааг зөв тайлбарлаж, болж бүтэж байгааг нь онцолж хүргэж байя л даа. Нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өгч байгаа мэдээлэл маш чухал нөлөөтэй.

-Зүрхний гэнэтийн хүндрэл болон цус харвах өвчнөөс сэргийлж, аспирин уудаг. Энэ хэр зөв юм бэ?

-Аспирин 80, 100-г ууж болно. Гэхдээ цусны даралт их, цусан хангамжийн дутагдал өндөр үед хэрэглэж болно. Аспирин бол судсанд бүлэн үүсч, бөглөрөхөөс сэргийлж, цус шингэн байлгахад нөлөөтэй эм. Цус шингэн байснаар харвалт, шигдээс болохгүй. Гэхдээ тухайн хүнд ямар нэгэн өөрчлөлт байж л аспирин хэрэглэх ёстой. Ямар нэгэн шалтгаангүйгээр уухаасаа өмнө заавал эмчийн заавар авах ёстой.

-Цусны даралт ихдэх өвчинтэй яаж тэмцэх вэ. Ер нь цусны даралт хэдээс дээш гарсан тохиолдолд даралт ихэсч байна гэж үздэг вэ?

-Цусны даралт 130-аас дээш гарч байгаа бол эмчид үзүүлж, тохирсон эмийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хүн байнгын   нойргүйдэл, стресстэй байх юмбол цусны даралт хэвийн байх боломжгүй болдог. Нас ахих тусам судасны хатуурал нэмэгдэж, стресс нойргүйдлээ дийлж чадахгүй, цусны даралтын хэвийн байдал алдагддаг. Даралт ихсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг биед байлгахгүй байх нь чухал. Байнгын архи уудаг хүний цусны даралт хэзээ ч буурахгүй.

-Гэхдээ хүмүүс даралт ихсээд байна гээд ганц хундага архи уучихъя гэж ярьдаг шүү дээ?

-Архи хэрэглэхдээ эхний 50 грамм судас өргөсөх үйлчилгээг үзүүлж болно. Гэхдээ архийг 50 граммаас дээш хэрэглэвэл хордлого үүсэх, цус өтгөрүүлэх үйлчилгээтэй болдог . Тэгэхээр архи ихээр хэрэглэх нь даралт ихэсгэнэ гэсэн үг. Өдөр бүр архи уугаад байгаа хүний даралт хэвийн байх боломжгүй. Нойргүйдэлтэй, илүүдэл жинтэй, байнгын стресстэй хүн даралтаа хэвийн байлгах боломжгүй. Учир нь, эдгээр хүчин зүйлийг дагаж цусан доторх даралт ихэсгэдэг бодис ихэсчихдэг. Тиймээс даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлээ биед байхгүй болгох хэрэгтэй.

-Зарим хүн дасгал хүн дасгал, хөдөлгөөн хийхээр зүрх, толгой нь өвддөг болдог гэдэг. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Ямар нэгэн эмгэгтэй бол тархинд ачаалал үүсч, толгой өвдөж болно. Гэхдээ манайхан хөдөлгөөн хийж байна гээд буруу хийх нь элбэг байх шиг байна. Дасгал хийж байна өөрийн жингээсээ хэд дахин хүнд төхөөрөмж өргөснөөс  зүрхэндээ ачаалал өгч, өвдөж байгаа хүмүүс нэмэгдэж байна. Биеийн жингээсээ хэд дахин хүнд зүйл өргөвөл  зүрх ачааллаа дийлэхгүй, өвдөнө шүү дээ. Хоёрт хэт огцом гүйх нь зүрх, тархинд огцом ачааллыг өгөх эрсдэлтэй байдаг. Тиймээс аль болох биед таарсан зөв хөдөлгөөн, дасгалыг хийх хэрэгтэй юм. Түүнээс хөдөлгөөн хүнд муугаар нөлөөлнө гэж хэзээч байхгүй. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-16 10:51:10


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Уугий (43.242.243.145) 2017-09-20 20:30:22
    маш хэрэгтэй мэдээлэл байна шүү, хүмүүс ээ тамхи гэж хэрэггүй зүйлийг хаяцгааж эрүүл сайхан амьдарцгаая
  2. зочин (103.26.194.43) 2017-06-25 12:24:06
    сайхан булан хөтөлж байгаад баярлалаа. цаашид үг үсгийн алдаагүй бичээрэй. шми-ишеми
  3. зочин (103.26.194.43) 2017-06-25 12:22:19
    сайхан булан хөтөлж байгаад баярлалаа. цаашил үг үсгийн алдаагүй бичээрэй. шми-ишеми
  4. tsetseg (139.5.217.68) 2017-06-20 14:25:49
    UUNIIG UNSHSAN TANIDAG NUXUD MINI TAMXINAAS GARCH UZEEREIDEE
  5. Зочин (150.129.142.241) 2017-06-20 10:22:50
    их хэрэгтэй зөвлөгөө байна.Баярлалаа та бүхэнд
  6. Зочин (182.160.1.70) 2017-06-20 08:44:32
    Их баярлалаа.Зөндөө сайхан мэдээлэл авлаа
  7. Уншигчаас залруулга (126.255.130.84) 2017-06-17 16:52:31
    Манайхан энийг уншчихаад 50 грамм уувал зүгээр гэж буруу ойлгож магадгүйн. Архи уухаар судас өргөсдөг нь ер нь залуу хүмүүст ажиглагддаг. Харин настай хүмүүсийн хувьд бага хэмжээтэй байсан ч судас өргөсөх үзэгдэл төдийлэн харагддаггүй. Тийм болохоор битгий буруугаар ойлгочоод шалтаг болгож уугаад байгаараадаа хэхэ

Танд санал болгох