• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Дахин санал хураалт болоход Н.Энхбаярт хожил ирнэ

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын рейтинг өндөр байна. Тэрээр телевизээр АН руу ч, МАН руу ч сүртэй дайрсангүй. Энэ хоёр нам шиг нэгнээ “Хулгайч, боловсролгүй, гэмт хэрэгтэн”-ээр нь дуудсангүй. Харин мөлхөө сурталчилгаа буюу иргэдтэй уулзаж, нүүр тулж өөрийн сурталчилгаагаа хийж байна. 10 мянган хүнтэй “Нарантуул”, 3000 хүнтэй “Хархорин” захад хоёр хоног ажиллахад 60 сая төгрөг хандивын хайрцагт нь цугласан гэнэ шүү. Ийшээ янз бүрийн мөнгө орсон л байх. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлээс төрсөн тэмцэгч эр борчуудыг босгож чадаж байна . Саяхан Улиастай захаар, Да хүрээгээр явлаа гэсэн. Эрдэнэт, Дарханаар шуурууллаа гэсэн. Борчуудын дунд босоо рейтингтэй яваа нь С.Ганбаатараас ч ганцхан шалтгаалаагүй. Оюутолгой, оффшор, МАНАН, төрөөс төрсөн тэрбумтнууд гэсэн сэдвээс гадна М.Энхболд, Х.Баттулга нарын нэгнийхээ өөдөөс явуулж буй хар PR-ын тусгал багагүй нөлөөтэй. Туршлагатай улстөрч Н.Энхбаярын нөмөр, бараа түүнд хүч нэмж байгаа. АН, МАН-аас нэр дэвшигчид эерэг мессеж өгөх сурталчилгаа хийхийн оронд нэгнээ харлуулж байгаа нь тэднийг адилхан л хар хэрээ мэт ойлгогдоход хүргэж байна. Нэгэндээ ач холбогдол өгч, дэвсэлж байх хооронд “хөрөнгөтнүүдээс дэмжлэггүй”, “энгийн хөдөлмөрч”, “ганцаардсан чоно”, “цогтой тэмцэгч” имиж бүрдүүлэн оролцож буй борчуудын босоо Ганбаагийн рейтинг аажуухнаар өсч байна. Энэ байдлаар тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялдаггүй юм гэхэд доод тал нь санал өгсөн иргэдийн 20-25 хувийн саналыг авна. Угаасаа л судалгааны байгууллагын рейтингээр хошуучилж явдаг улстөрч.

Хэрэв С.Ганбаатар 20-25 хувийн санал авбал үлдсэн 75-80 хувийн санал Х.Баттулга, М.Энхболд нарт үлдэнэ. Сонгуулийн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр саналаа өгсөн иргэдийн 50+1 хувийн санал авсан горилогч тодрох учиртай. Яг одоогийн байдлаар бол Х.Баттулга, М.Энхболд нарын нэр дэвшигчдийн аль ч үлдсэн 75-80 хувийн саналаас 50+1 хувийн санал авч чадахааргүй, тэнцүү рейтингтэй байна. Ард иргэд Женког ч, Миеэг ч хуваагдан дэмжиж байна. Тэр нь, энэ нь илүү гэсэн өнгө харагдахгүй, саарал байна. Хэрвээ нэр дэвшигчдийн нэг нь 50+1 хувийн санал авч чадахгүй бол, эсвэл сонгуулийн ирц хүрэлцэхгүй бол дахин сонгууль явуулах нь маргаангүй. Сонголтгүй сонгууль болж байгааг бүгд л хэлж байна. Нийтлэлч Баабарын “Хошногоо өмхий гээд тайрдаггүй” гэж хэлсэн шиг жаран чавганц уралдахад нэг нь түрүүлж гарах л байх.

Саналын хувь 50+1 хүрэхгүйгээр М.Энхболд, Х.Баттулга нарын аль нь ч 30/+-/ хувийн санал авлаа гэж бодъё. Тэгвэл дахин сонгуулийн өрсөлдөөнөөс С.Ганбаатар нэр дэвшигч хасагдана. /монголчууд ялагдаж яваа хүнээ дэмждэг нинжин сэтгэлтэй тул тэрээр Ерөнхийлөгч ч болох боломжтой бөгөөд зүгээр магадлал дэвшүүлье гэсэн юм. С.Ганбаатар нэр дэвшигчээс уучлал хүсье/. Ер нь С.Ганбаатарыг ХҮН-аас нь гаргаж, МАХН-д элсүүлж намаасаа нэр дэвшүүлсэн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төлөвлөгөө л байсан. Тэр рейтинг өндөртэй С.Ганбаатараар санал хуваалгаж, дахин сонгууль зарлуулах цаад зорилготой байх өндөр магадлалтай . Санал хүрэхгүй тохиолдолд дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зарлаж, хийдэг. Гэхдээ Улсын наадмаас л өмнө дахин санал хураалтыг явуулж таарах болов уу.

Дахин санал хураалт явлаа гэхэд хасагдсан С.Ганбаатарт саналаа өгсөн иргэд, МАХН-ын гишүүд дэмжигчдийн санал М.Энхболдод очих уу, Х.Баттулгад очих уу. Ер нь бол ярьж байгаа зүйл адилхан, "МАНАН-гийн эсрэг" гэж дуугарч байгаа байдлаас үзэхэд С.Ганбаатарыг дэмжсэн хүмүүс Х.Баттулгад саналаа өгөх магадлал маш өндөр . Гэхдээ зөвхөн ашиг харвал өөр өнцөг дэвшүүлж болно. Х.Баттулгад өгөөд Ерөнхийлөгч болговол МАХН-д, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Х.Баттулга юу өгч чадах юм. Ямар албан тушаал санал болгох юм. Засгийн газрын сайд нар, УИХ-ын 65 гишүүн, өнөөг хүртэл томилогдсон төрийн 3000 өндөр албан тушаалтанд Х.Баттулга яаж нөлөөлж чадах вэ. Ийм таамаглал, дэвшүүлсэн логик одоогоор орж ирэхгүй байна.

Нөгөө талаас С.Ганбаатарыг дэмжсэн хүмүүс М.Энхболдыг дэмжиж ялалтад хүргэвэл юу болох билээ. Ерөнхийлөгч болсон хүн хамгийн түрүүнд намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ. Улмаар төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. М.Энхболдод УИХ-ын дарга, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн гэсэн гурван ч сонгуульт албан тушаал байна. МАН дотор дахин хуваарилалт болох л байх. Харин Н.Энхбаярт хамгийн бололцоотой нь УИХ-ын гишүүний суудал юм. Жирийн орчуулагчаас Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэлх төрийн олон хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан Н.Энхбаярт парламентын гишүүний ажил бол хурууны үзүүрээр л хийж чадах халтуур. Олон мянган гишүүн дэмжигчтэй намын дарга, өнгөрсөн хугацаанд хууль, улс төрийн чамгүй олон шахалт дарамтын дундуур бүдчихтээ Н.Энхбаяр жирийн иргэдийн дунд уучлал хүлээж чадсан. Одоо хар л даа, хэдхэн жилийн өмнө Н.Энхбаяр шиг том авлигач Монголд байхгүй гэж бид пий паа болдог байлаа. Одоо харин өчнөөн авлига, албан тушаалтны хэргийг шүүхээр дэнсэлсний дараа Н.Энхбаяр үнэхээр идсэн бол ёстой л гурилдсан санагдаж байна .

Нэмж хэлэхэд, долдугаар сарын 1-нээс буюу сонгуулийн бараг маргаашнаас л шинэ Эрүүгийн хуулийг улс даяар мөрдөнө. Сонгогдох эрхээ шат шатны сонгуульд ашиглаж чадахгүй байсан Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөж, ажил албан тушаал эрхлэх эрхтэй болно. Учир нь, шинэ Эрүүгийн хуульд Н.Энхбаярт саад тээг болж байсан “ялтайд тооцох хугацаа” гэдэг хуулийн ойлголт үгүй болсон . Иймээс дахин санал хураалт болвол Н.Энхбаяр хожно. Хожих хожихдоо М.Энхболдыг дэмжиж ажиллавал түүний Төв аймгийн тойрогт нөхөн сонгуульд өрсөлдөх эрх хожно. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-15 19:16:29


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.220) 2017-06-21 22:15:52
    Монголын терд шудрага зарчим хэрэгжихэд Ганбаатарыг сонгох
  2. Зочин (182.160.0.154) 2017-06-16 09:57:28
    Улс төрд улайсан луйварчд далд санаа агуулсан Энхбаяр мэтээс болж эх орны маань аюулгүй байдал эв нэгдэл ,эдийн засаг хэцүүдэх нээ
  3. Чимэд (66.181.179.77) 2017-06-15 21:36:10
    Дахин сонгууль явагдах магадлал өндөр байна. Хүмүүсийн саналтай нийлж байна. Дахин явах сонгуульвд шинэ нэр дэвшигч оролх боломжтой учир Н.Энхбаяр орох юм бол асуудал бүр сонирхолтой болох юм УИХ-д ч баараггүй орох юм
  4. Зочин (66.181.189.146) 2017-06-15 20:46:08
    За даа би улс төрч биш гэхдээ сарын өмнө Энхбаяр ИХ гишүүн болохыг олж харсан л юм. Зөв л гэж боддог шүү
  5. Зочин (103.10.22.52) 2017-06-15 19:38:52
    Мацаад бай Энхбаяраа, ямар явж үзээгүй зам, гарч үзээгүй оргил биш. Харин хүрэх газраа хүрсэн хойноо эргэн ойрноо арай өөрөөр харах юм байгаа биз, үүнийг л ард олон хүсч байгаа гэдгийг битгий мартаарай. Цөөхөн монголчууд нэгнийхээ мууг үзээд яахав гэх аятай хуучны юмаа ярьж халаав даа. Ингэж хэлсний чинь төлөө тухайн үедээ Баабар өөрийг тань баалж байсныг эрхбиш мартаагүй гэж найдъя.
    1. иргэн (202.179.31.74) 2017-07-04 16:14:52
      Энбаяр идхээ ч идсэн эдлэх ялаа ч эдэлсэн тийм болхоор одоо нэг өндөрлөгт гарвал арай ч дээ өнгөрсөнөө давтахгүйл байлгүй одоо энэ хүнд итгэл хүлээлгээд өгчихвөл ард түмнийхээ төлөө, туураг тусгаар Монголынхоо төлөө хийх зүйлээ хийж өгөх байхаа хүн битий хэл бурхан хүртэл алдаа гаргадаг шүү дээ. Миний ард түмэн

Танд санал болгох