• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хүрээнд хоёр Солонгос болон АНУ-ын асуудлыг хэлэлцэж байна

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлцээ 2017” олон улсын дөрөвдүгээр бага хурал өнөөдөр эхэллээ. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар оролцогч орнуудын төр засгийн төлөөллүүд болон эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, байр суурийг сонсч, бүс нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд саналаа нэгтгэх нь чухал юм. Оролцогч талууд санал, зөвлөмжөө нэгтгэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд уг яриа хэлцээний зорилго оршиж байгаа аж.

Энэ жилийн хуралд Зүүн Хойд Азийн төлөөлөгч орноор БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ, ОХУ болон АНУ, Канад, ХБНГУ, Франц улс болон зарим олон улсын байгууллагуудын төлөөлөл зэрэг дотоод, гадаадын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бол Зүүн Хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт юм. Үүнд, “Хойд Солонгосын цөмийн заналхийлэл”, “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны үеийн Америкийн үүрэг” илтгэл оролцогчдын анхаарлыг ихээр татсан юм. Тухайлбал, Жонс Хопкинсийн олон улс судлалын сургуулийн АНУ, Солонгосын хүрээлэнгийн туслах захирал Жэнни Тоун илтгэлдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдсоныхаа дараа хүчтэй удирдагч гэдгээ харуулахын тулд хүмүүст нөлөөлөхүйц үг, үйлдэл гаргасан. Энэ бол буруу бодлого, алхам байсан. Тухайлбал, Хойд Солонгосын талаар ярьсан зүйл нь  үйлдэл, бодит байдал дээрээ зөрсөн.  Энэ нь холбоотнууд болон бусад түнш орнуудын харилцаанд итгэл алдрах, бодит итгэлийг бууруулж  байна. Ялангуяа Умард Солонгостой  зөвшилцсөн яриа хэлэлцээр нь бодит байдалд өөр болж,  үл итгэх байдал үүссэн. Эхний ээлжид АНУ Хойд Солонгостой уламжлалаа хадгалсан тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр алдагдсан итгэл, итгэлцэлд үүссэн асуудлыг шийдэх боломжтой” гэдгийг хэлж байв.

Харин Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн ахлах судлаач доктор Ли Хёнг Сэог “Умард Солонгосын цөмийн заналхийлэл ба Зүүн хойд Азид энх тайвныг тогтоох арга зам, Умард Солонгосын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, ашиг сонирхлыг нь өдөөх арга зам эрэлхийлэх нь” илтгэлдээ “Умард Солонгосын эдийн засгийг капиталист чиг баримжаатай болгох нь зүйтэй . Үүний тулд Умард Солонгост хувийн өмч, хувийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих банк байгуулах ёстой . Тухайлбал, Япон, Америк, Өмнөд Солонгос, эсвэл орнууд банк байгуулж хувийн бизнесийг нь дэмжих зорилготой ажиллаж болно. Ингэснээр урт хугацаанд маргаантай асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой” гэв. Мөн тэрээр Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлуудыг ярихад БНАСАУ-ын төлөөлөгч Ри Ён Пил түүнийг илтгэлдээ буруу мэдээлэл ашиглаж байна гэж үзээд, дундаас нь зогсоосон юм.

Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн ахлах судлаач доктор Ли Хёнг Сеог-оос тодруулахад “Цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлуудыг илүү их ярихад Хойд Солонгосын төлөөлөгч таагүй хандсан. Ялангуяа тив алгасагч пуужин бүтээх үйл явц сүүлийн шатандаа орсон тухай мэдээллийг танилцуулсанд бухимдсан. Гэхдээ миний ярьсан зүйл бол ямар нэгэн байдлаар худал зохиосон зүйл биш. Бодит баримтыг дурдсан. Энэ нь бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайванд хор нөлөө үзүүлэх үйл явц байж болох юм гэсэн утгаар судлаачийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Умард Солонгосын зүгээс үүсч байгаа өдөөн хатгалгын талаар дурдсан нь тус орны төлөөлөгчдөд таалагдахгүй байсан байх. Харин маргаан мэтгэлцээн гараагүй” хэмээн хэлсэн.

Уг асуудлаар БНАСАУ-ын төлөөлөгч Ри Ён Пил сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

“Зүүн Хойд Азийн аюулгүй байдал ба тэнцвэржүүлэх хүч” сэдвээр Улаанбаатар Бодлогын судалгааны хүрээлэнгийн профессор О.Машбат илтгэл тавьсан. Тэрээр "Монгол Улс цаашид хөгжихийн тулд Зүүн Хойд Ази, бүс нутгийн асуудал зайлшгүй чухал. Эдийн засгийн талаас авч үзвэл манай улсад Хятад улсаас гадна хөрөнгө оруулах бодитой эх сурвалж нь Зүүн Хойд Азийн бүс юм. Өмнөд Солонгос, Япон, АНУ зэрэг улс. Харин улс төрийн талаас ардчиллыг хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх хамгийн ойр нь Зүүн Хойд Ази  юм.Монгол бол  европоос нааш Хойд Солонгос хүртэлх евро азийн өргөн дэлгэр нутагт байгаа цорын ганц ардчилсан улс. Ийм учраас Зүүн Хойд Ази манай улсад чухал ач холбогдолтой, аюулгүй байдлын асуудал чухал" гэдгийг онцоллоо. 

Энэхүү олон улсын дөрөвдүгээр бага хурал маргааш  Зүүн Хойд Ази дах байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө  сэдвийн хүрээнд үргэлжилнэ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-15 17:25:48


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох