• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Олон жилийн хүлээлттэй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газар дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болсон.

Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.

Үзэл баримтлалын төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг тодорхой болгоод байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хот тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болсон нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа. Гэтэл дүүрэг учир сумтай адил статустай байдгийг өөрчилж аймагтай ижил статустай болгох юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрнэ гэсэн үг юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар засаг захиргаа, дарга нарын эрх, үүргийг л хуульчилснаас бус иргэний үүрэг гэдэг зүйл огт тусгагдаагүй юм. Үүнийг өөрчлөхөөс гадна тогтоосон стандартаа хаа хаанаа хатуу мөрдөн хамтын хүчээр эрүүл, аюулгүй, амгалан тайван хоттой болохыг зорьжээ.

Төвлөрлийг сааруулах чиглэлээр багагүй зүйл хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм.

Хууль батлагдсанаар нийслэл хот үнэт цаас гаргах, газрын бирж ажиллуулах, Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн Хурлын саналыг заавал авч байх зэргийг тусгажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-14 17:53:21


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (122.201.31.212) 2017-06-15 12:33:47
    хурдан батлаад хэрэгжүүлээд эхлээсэй

Танд санал болгох