• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Сэлэнгийн гаалийн шалгагчаас Дэлхийн гаалийн байгууллагын эксперт болсон Д.Цэндсүрэнгийн амжилтын түүх

Дэлхийн 182 орны гаалийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн гаалийн байгууллагад Монгол Улсаа төлөөлөн ажилладаг монгол бүсгүй Д.Цэндсүрэнг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийнхаа зочноор урьж оролцууллаа. Ажил амьдралын гараагаа анх Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагаас эхэлсэн тэрээр өдгөө орон орны төлөөлөл болсон шилдэг боловсон хүчнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа нэгэн ажээ.

Тэрээр 2013 оноос эхлэн Дэлхийн гаалийн байгууллагыг төлөөлөн гаалийн эрсдэлийн удирдлага, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр дэлхийн улс орнуудын гаалийн байгууллага болон бүс нутаг, олон улсын сургалтад экспертээр ажиллан, өөрийн мэргэжил нэгтнүүддээ зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. 

Д.Цэндсүрэн өөрийн онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэн ажиллахын зэрэгцээ гадаад, дотоодын эрдэмтэдтэй туршлага солилцон, өөрийн эрдмийн ажлын үр дүнгээр онол, практикийн өгүүлэл бичиж, эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн профессор Элвин Рот, Кристофер Писсаридес, Томас Саржент нарын оролцсон “Гаалийн их сургуулиудын холбоо”-ны олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2014 онд илтгэл тавьж, хэлэлцүүлж байжээ. Мөн МУИС-ийн профессор Н.Батнасангийн хамтаар Дэлхийн гаалийн байгууллагын сэтгүүлд “Ways to modernize customs risk management in Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээ редакцийн өндөр шалгуурыг давж нийтлүүлсэн нь Монгол Улсаас Дэлхийн гаалийн байгууллагын сэтгүүлд хэвлүүлсэн анхны бүтээл болсон байна.

СЭЛЭНГИЙН ГААЛИЙН ШАЛГАГЧААС ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭКСПЕРТ БОЛСОН НЬ 

Тэрээр 21 настайдаа Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагад “шалгагч” ажилтнаар орж, ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхлүүлж байжээ. Тэр үеэс хойш Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Гаалийн ерөнхий газарт гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, газрын орлогч дарга гэсэн албан тушаалд дэвшин ажилласан байна. 21 настайдаа анх сэтгэлдээ тээсэн түүний мөрөөдөл Дэлхийн гаалийн байгуулагад ажиллах байжээ. 

Гаалийн хяналт, шалгалтын чиглэлээр ажиллахдаа улсын төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлэн, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хураан, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах бодит санал, санаачилгыг удаа дараа гарган ажил хэрэг болгож, мэргэшин ажиллажээ.

Тэрээр хариуцсан ажил бүртээ амжилт гарган ажиллахын зэрэгцээ тасралтгүй суралцан, өөрийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж иржээ. 2010-2011 онд Дэлхийн гаалийн байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт тэнцэн Японы  “Бодлого Судлалын Үндэсний Их Сургууль”-д “Төрийн санхүү”-гийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан байна. Түүний ийнхүү идэвхи чармайлт гарган, амжилттай суралцсанд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа 2011 онд Гаалийн ерөнхий газрын даргын нэр дээр түүний тухай талархлын захидал хүртэл ирүүлж байсан гэнэ. Үргэлжлүүлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн докторантурт элсэн орж “Бизнесийн удирдлага”-ын докторын зэрэг хамгаалахын зэрэгцээ тус сургуульд өөрийн мэргэшлийн чиглэлээр цагийн багшаар ажиллаж байжээ.

Дэлхийн гаалийн байгууллагын “Эрсдэлийн удирдлага”-ын эксперт бэлтгэх, сонгон шалгаруулах сургалтад 2012 онд амжилттай суралцан, шалгарч, нөөцийн экспертийн эрх авч, энэ чиглэлээрээ Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын “Хилийн ахлах ажилтнуудын коллеж”-д хоёо удаа “Эрсдэлийн удирдлага” сэдвээр экспертээр, мөн байгууллагын “Хилийн хяналтын чиглэлээр ажиллах манлайлагч эмэгтэйчүүд” уулзалтад “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа” сэдвээр экспертээр тус тус ажилласан нь түүний ажлын ур чадвар, мэдлэгийн хүрээг илтгэх ажээ. 

Ийнхүү түүний хичээл зүтгэлийн үр шим эцэстээ Дэлхийн гаалийн байгууллагаас зарласан хөгжиж буй орнуудын удирдах ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрт сонгогдон шалгарах замналыг тавьж, өнгөрсөн жилээс тус байгуулагад ажиллах болжээ.

Монголын хөрснөөс ургаад Дэлхийн гаалийн байгууллагад нэр төртэй ажиллаж, олон улсын хэмжээнд гаалийн салбарт танигдаж яваа нэгэн монгол бүсгүйг эрж сурсаар, ярилцах завшаан тохиосон юм. Монгол улсаас дэлхийд өрсөлдөх нэгэн чадварлаг боловсон хүчин мэндэлж байгаад ихэд олзуурхан бас бахархаж байна. Энэ бол судлаач Д.Цэндсүрэн юм.  Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

 80 ГАРУЙ ГАДААД ХҮНТЭЙ ӨРСӨЛДӨӨД ДЭЛХИЙН ГААЛЬД АЖИЛЛАХААР БОЛСОН 

-Таны хувьд Монголдоо төрийн албанд ажиллаж байгаад алхам алхмаар тушаал дэвшиж, салбарынхаа дээд байгууллагад ажиллах болсон нь их сонирхолтой бас бахархмаар санагдаж байна. Тэр хэрээрээ энэ байгууллагад ажиллахад нэлээд өндөр шалгуурыг давсан байх?

-Дэлхийн гаалийн байгууллагад хөгжиж буй орнуудын иргэд ажиллахад маш өндөр шалгуур, том даваа байдаг. Ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүд ажилладаг. Иймд хөгжиж буй орнуудын иргэдэд боломж олгох зорилгоор анх 2009 онд Дэлхийн гаалийн байгууллагаас “Удирдах ажилтны хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачилсан. Энэ хөтөлбөрт өрсөлдөн тэнцэх тохиолдолд цөөн тооны ажилтныг тус байгууллагад мэргэжлийн чиглэлээр ажиллах эрх үүснэ гэсэн үг л дээ. Миний хувьд энэ хөтөлбөрт өнгөрсөн жил материалаа явуулан тэнцээд одоо ажиллаж байна. Тэр хөтөлбөрийн хүрээнд үндсэн зургаан чиглэлээр ажиллах мэргэжилтэнг Дэлхийн гаалийн байгууллага шалгаруулж авсан юм. Тэдгээрээс би эрсдэлийн удирдлагын чиглэлд нь өрсөлдсөн. Надаас гадна энэ чиглэлд бусад орны 80 гаруй ажилтан өрсөлдсөн гэдгийг дараа нь мэдсэн. Шалгаруулах үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилдэг. Миний өрсөлдсөн чиглэлээр хоёр ажилтан сонгон шалгаруулж авсны нэг нь би, нөгөөх нь Синигал улсын гаалийн ажилтан байсан

Манай байгууллага бидний явуулсан материалыг хүлээн авч мэргэжил, ажилласан туршлага, ажлын үр дүн зэргээр оноо өгч байр эзлүүлэхийн зэрэгцээ ажиллахын хажуугаар цаашид ямар судалгаа хийх мөн судалгааны ажлаараа дамжуулан өөрийн болоод бусад орнуудад ямар тусламж үзүүлэх талаар бидний санааг бичүүлэх байсан.

Миний хувьд өөрийн судалгааны ажлын чиглэл болох гаалийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр гүнзгийрүүлэн судалж Монгол Улс болон бусад орнуудад туршлага болох боломж бүхий эрсдэлийн ялгаатай загварыг гаргаж ирэх тухайгаа бичсэн.

-Монголдоо ч биш бусад улс орны гаалийн байгууллагаас шалгарсан 80 гаруй боловсон хүчинтэй өрсөлдөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн байна шүү дээ. Таны хувьд тэднээс юугаараа давуу байсан юм бол?

-Өмнө нь олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож, томоохон сэтгүүлүүдэд судалгааны материалуудаа нийтлүүлж байсан маань том давуу тал болсон болов уу. Мөн 2009 оноос хойш Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн сургалт, ажлын хэсэгт хамрагдан ажиллаж, тус байгууллагыг төлөөлөн таван удаагийн томилолтод экспертээр ажиллаж байсан юм. Мөн Дэлхийн гаалийн байгууллагын сэтгүүлд судалгааны өгүүллээ нийтлүүлснээс гадна Гаалийн их сургуулиудын холбооны эрдэм шинжилгээний анхдугаар хуралдаанд докторын ажлынхаа хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, тэр маань шалгарснаар илтгэлээ тавьж байсан маань нөлөөлсөн байх гэж бодож байна. Олон улсын байгууллагад ажилтан шалгаруулж авахад хардаг гол шалгуур нь тухайн хүн цаашдаа хэрхэн хөгжин дэвжих боломжтой вэ, байгууллагадаа ямар эерэг нөлөөллийг бий болгож чадсан бэ, чадах вэ гэдгийг гол болгон хардаг.

МОНГОЛЫН ГААЛЬ, МОНГОЛ УЛС ГЭДЭГ НЭРЭЭР НАМАЙГ ХАРДАГ 

-Эрсдэлийн удирдлагын чиглэлд мэргэжилтнээр тэнцсэн юм байна. Яг ямар чиглэлээр юун дээр ажилладаг вэ. Хийж буй ажлынхаа талаар танилцуулаач?

-Миний хувьд Дэлхийн гаалийн байгууллагын Хууль сахиулах газарт татварын хөтөлбөр, эрсдэлийн удирдлагын хөтөлбөрт ажиллаж байна.

Эрсдэлийн удирдлага, татварын хөтөлбөрт бүрдүүлэлтийн дараах шалгалт, Гааль-татварын хамтын ажиллагаа болон худалдааг хөнгөвчлөх чиглэлд ажиллаж, байгууллага дээр болж буй сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаас гадна холбогдох бодлогын бичиг баримт боловсруулахад оролцдог. Мөн зарим тохиолдолд гишүүн орнуудад гаалийн шинжээчээр ажиллаж, үнэлэлт дүгнэлт өгнө. Долоо хоногийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн хүрээнд Этиопи улсын Гааль, татварын байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх онош зүйн багт шинжээчээр ажиллаад ирлээ.

ДГБ-аас зохион байгуулсан барааны ангилал, гаалийн үнэлгээ, гарал үүслийн дүрэм, оюуны өмчийн хууль бус худалдаатай тэмцэх үйл ажиллагаа, эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор, цахим худалдаа, ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ажлын хэсэг, чадавхийг бэхжүүлэх хороо зэрэг нийт 15 хуралдаанд 2016-2017 онд ажиглагчаар оролцсон.

Мөн Монгол Улсын гаалийн ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу энд явагдаж байгаа бусад чиглэлийн сургалтуудад ажиглагчаар оролцож, Монголын гаалийн байгууллагын ажилтнуудад нэн тэргүүний чухал шаардлагатай мэдээллүүд болон олон улсын гаалийн хөгжил хаашаа явж байгаа талаарх бодит мэдээллийг түгээн ажиллаж байна.

Би энд Монгол Улсыг төлөөлөн ажилладаг. Миний нэрээр биш, Монголын гааль, Монгол гэдэг нэрээр л бүгд намайг хардаг. Олон улсын байгууллага гэж ямар байдаг вэ гэдгийг төв цэг дээрээс нь харж суралцаж байгаа нь миний хувьд "мэдлэгийн банк" л гэсэн үг. Өдөр, цаг тутамд л суралцаж байна. Энэ чиглэлээр мэргэшсэн олон орны туршлагатай, чадварлаг хүмүүсээс мэдэхгүй чадахгүйгээ нөхөөд мэдчихнэ. Мөн ажлынхаа хажуугаар хоёр томоохон сэдвээр судалгаа хийж байгаа.

ЯПОН УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХӨГЖСӨН ГУРВАН ШАЛТГААН 

-Та МУИС-д Бизнес удирдлагын ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гэсэн. Докторын судалгааны ажлын тань сэдэв юу байв. Одоо хийж байгаа судалгааны ажлууд тань докторын ажлын үргэлжлэл үү. Судалгааны ажлуудынхаа талаар сонирхуулаач?

-Гаалийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлд дагнан судалгаа хийж байна. Япон улсад суралцах явцдаа магистрын ажлаа гаалийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бичин хамгаалж, цаашид энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалсаар докторын зэргээ хамгаалсан. Одоо ч мөн “Гаалийн хяналтын ялгаатай загвар” гэсэн сэдвээр олон улсын туршлагад тулгуурласан судалгаа хийж байна.

Тухайлбал, “Монголын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хөгжлийн өнөөгийн байдал: Японы гаалийн байгууллагаас суралцах нь” сэдвээр магистрын ажлаа бичиж Япон улсын Бодлого судлалын их сургуульд зэргээ хамгаалсан. Энэ судалгааныхаа зарим хэсгээс танилцуулъя. Үүний тулд эхлээд эрсдэл гэж юу вэ гэдгээс тайлбарлах нь зүйтэй байх гэж бодож байна.

Эрсдэлийг гаалийн хууль зөрчих магадлал гэж анхлан тодорхойлж байсан бол өнөө үед ОУСБ-аас гаргасан ISO 31000 стандартад “Эрсдэл бол тодорхойгүй байдлын эерэг эсвэл сөрөг нөлөө” хэмээн тодорхойлох болсон. Товчдоо байгууллага өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг таньж тогтоон, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг эрсдэлийн удирдлага гэж тодорхойлж болно. Дэлхийн олон эрдэмтэд, олон улсын гэрээ, хэлэлцээр, стандартад эрсдэлийн удирдлагын талаар тодорхойлсон байдаг. Гаалийн байгууллагын эрсдэл гэхээр гаалийн хууль тогтоомжийг зөрчих магадлал болон үйл ажиллагаанаас үүдэн гарах доголдлыг хэлж болно. Нэг үгээр хэлбэл, үүнээс хэрхэн сэргийлж, байгаа хязгаарлагдмал нөөцөө хэрхэн зөв зүйтэй хуваарилах вэ гэдгийг л эсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга зам гэж хэлж болно.

Япон Улсын гаалийн байгууллага эрсдэлээ хэрхэн тооцож тусгаж, ямар системээр хөгжүүлдэг болох, Монгол Улс аль тал дээр суралцах ёстой вэ гэдэгт судалгаа хийсэн. Ингэхдээ гурван чиглэлд харьцуулан судалсан байгаа. Нэг талаар энэ гурван зүйл нь Япон улсын гаалийн байгууллага өнөөгийн хөгжилд хүрэхэд нөлөөлсөн томоохон хүчин зүйл ,шалтгаан хэлж болно. 

Нэг. Японд үйл ажиллагаа хэрэгжүүлэх хууль тогтоомжоо хоёрдмол утгагүй тодорхойлсон байдаг. Гадаад худалдааны үйл ажиллагаанд төр хувийн хэвшил гээд олон байгууллага оролцоно. Эдгээр байгууллага гаалийн хяналтын үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг нарийвчлан тусгасан байдаг. Жишээлбэл, Эрсдэл тооцох арга зүйд суурилсан Гаалийн хяналтын сонгон шалгах загвар нь гурван хэлбэртэй. Хэрэв нэгдүгээр ангилал сонгогдох тохиолдолд (Монголын гаалийн байгууллагын хувьд ногоон төлөв гэж нэрлэсэн) татвараа төлсний дараа гаалийн шалгалтад хамрагдахгүй барааг эзэнд нь олгохыг хуульчилж өгсөн. Гаалийн байгууллага шаардлагатай тохиолдолд дотоодын хэрэгцээнд орсны дараа тодорхой хугацаанд гаальд мэдүүлсэн барааны үнэн зөвийг бүрдүүлэлтийн дараах шалгалтаар шалгах боломжтой.

Хоёр. Мэдээллийн технологи нь орчин үеийн Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлнэ. Энэ талаар Японы туршлагыг судалгаандаа оруулсан. Олон төрлийн эх сурвалжаас олж авсан мэдээллийг боловсруулах хэрэгтэй. Японд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийг шат дараалалтай хөгжүүлсэн байдаг. Манайд бол нэг үйл ажиллагааг нэвтрүүлэхээд нэг дор бүгдийг нь шийдэх гээд зүтгээд байдаг. Аль ч салбарт шинэчлэл, өөрчлөлт хийсэн шат дараалалтай бага багаар хэрэгжүүлэх юм бол томоохон амжилтад хүрч болохыг олж харсан. Японы гаалийн байгууллагын мэдээллийн технологийн нэгдсэн дэд бүтцийг Ниппон компани хариуцан ажиллаж, өдгөө цахим нэг цонхны системийг өргөжүүлэн хөгжүүлсэн нь хувийн байгууллага төрийн үйл ажиллагаанд оролцох боломжтойг харуулж байгаа юм. 

Гурав. Хүний нөөцийн харьцуулсан судалгаа. Тухайн байгууллага хууль эрх зүй болон мэдээллийн технологийн тогтолцоогоо шийдвэрлэсний дараагаар үйл ажиллагааг зөв хэрэгжүүлэх бөгөөд үүнд сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Японы хүний нөөцийн хөгжил нэлээн олон жилийн хөгжлийн явцад бий болсон ба төр нь өөрөө тогтвортой ажиллах, хөгжих боломжийг хуульчилж өгсөн. Энэ дундаас Монгол Улсын гаалийн салбар болоод бусад төрийн албанд жишиг болгон хэрэглэж болох нэг зүйл ажиглагдсан нь ажилчид өөрсдийнхөө ажлын төлөвлөгөөг гаргаж, үр дүнгийн гэрээ байгуулж, түүндээ үнэлэлт дүгнэлт өгөх явдал байлаа. Гэхдээ нэгэнт тогтсон загвараар бус дийлэнхдээ тухайн ажлын байранд яг тохирсон үйл ажиллагааны 3-5 төлөвлөгөөг сонгон авч түүнд хүрэхээр чармайн ажилладаг юм билээ.

Жишээ нь, Японы төрийн албан хаагч бүр 5,10 жилийн дараа өөрийгөө хөгжүүлж, ажилдаа амжилт гаргаснаар өөрийгөө ямар албан тушаалд ажиллах боломжтойг өөрөө сонгож, саналаа өгдөг. Түүндээ хүрэхийн тулд байгууллагаас сургалт болон бусад чиглэлийн тусламж авна гэж төлөвлөөд төлөвлөсөн хугацаандаа өөрөө өөрийгөө дүгнэдэг зарчимтай. Мөн багийн төвшинд ингэж ажиллана, багдаа ингэж хувь нэмэр оруулна гэж төлөвлөн, баг тус бүрийг хариуцсан ахлах мэргэжилтэн, дараа нь хэлтсийн даргадаа дүгнүүлдэг. Манай улсын “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ”-тэй ерөнхийдөө ижил. Гэхдээ илүү цомхон санагдсан. Энэ жишгийг зөвхөн гаалийн байгууллагын хүнийн нөөцөөс гадна бүхий л салбарын төрийн албан хаагчид хэрэгжүүлбэл ажлын бүтээмж, үр дүн цаашлаад улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж болох юм гэж санагдсан.

Ерөнхийдөө Японд хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжил гэсэн хоёр зүйл байнга хамтдаа явж байгаа нь ажиглагддаг.

АЛДАА БҮТЭЛГҮЙТЭЛ АМЬДРАЛД ШИНЭ БОЛОМЖ, ӨӨР НЭГ ГАРЦ НЭЭЖ ӨГДӨГ  

-Эндээс эхлээд таны хувь хүний хөгжлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Та хэнээс хамгийн үлгэр дууриал авдаг вэ. Ихэвчлэн хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард байж тэр хүнд нөлөөлсөн хүн гэж байдаг шүү дээ?

-Миний амьдралд хамгийн том үлгэр дууриал болсон хүн бол манай эмээ. Эмээгийнхээ хөдөлмөрч, аливаа зүйлийг бодож тунгааж, төлөвлөж хийдэг ухаанаас маш их суралцсан.

Манай эмээ Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат саальчин, оёдолчин хүн байсан. Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, төр засгаас Алтан гадас, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон жил саасан сүүний хэмжээ нь дутаад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон дахин авсан гэдэг.

Аливаа зүйлийг яарч түргэн хийх бус алхам алхмаар төлөвлөж сурсан маань эмээгээсээ авч үлдсэн хамгийн том хичээл гэж боддог. Бага байхаасаа эхлээд л гэрийн даалгавраа авангуутаа хэрхэн, хэдий хэр хугацаанд хийхээ төлөвлөж бичдэг байлаа. Хожим ажил дээр гарахад ч төлөвлөж сурсан маань болон цагийг нарийн баримталдаг зан маань надад их хэрэг болсон шүү. Одоо ч гэсэн энэ зуршлаараа өглөө ажил дээрээ ирээд тухайн өдрийн хийж ажлуудаа яаралтай, чухлаар ангилан дэвтэр дээрээ дараалуулан төлөвлөж бичдэг. Энэ нь миний ажлаа хийдэг нэг арга барил маань гэж хэлж болно.

Мөн судлаач хүн ямар байх ёстой, судалгааны ажлыг хэрхэн хийх ёстойг ягштал зааж сургаж, надад маш том үлгэр дууриал болж нөлөөлсөн хүмүүс бол миний төгссөн ХААИС, Шихихутуг, МУИС-ийн эрдэмтэн багш нарын үе үеийн төлөөллүүд юм. Ялангуяа миний удирдагч багш профессор Н.Батнасангаас докторын зэргээ хамгаалах явцдаа маш олон зүйлийг сурсан. Багш маань надад олон улсын байгууллагаас гаалийн хөгжлийн чиглэлээр суралцах боломжийг тавьж өгч, анхны эрдэм шинжилгээний өгүүллээ багштайгаа хамтарч олон улсад хэвлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь миний өнөөдрийн энэ байгууллагад ажиллах эхлэлийг тавьсан гэдэгт итгэлтэй байна.

Нэг түүх ярьж өгье л дөө. Зэргээ хамгаалах гээд анхны хэлэлцүүлэгт орж байсан үе. Нэлээд урт танилцуулга (80 гаруй слайд) бэлтгээд өөртөө их л итгэлтэй орлоо. Тэгсэн тэнхмийнхээ багш нараас хатуухан шүүмж хүртдэг юм байна. Өөрийгөө их ажил хийсэн гээд бодоод өөртөө бардамнаж явсан хүн чинь гарч ирээд баахан уйллаа. Дундаас нь орхиод явчихмаар л санагдсан шүү. Тэгээд дараа нь өөрийнхөө илтгэл тавьсан бичлэгээ хараад өөрөөсөө их ичсэн. Ингэж муу хийсэн байж хэнээс юу хүсээд байгаа юм гээд л. Тэр үеэс л судлаач хүн ямар ул суурьтай байх ёстой, доктор болохын тулд ямар том давааг давах ёстойг ухаарсан даа. Дараа дараагийн хэлэлцүүлэгт орж, өөрийн ажлаа сайжруулсаар зэргээ хамгаалсан.

Өнөөдөр энэ олон улсын байгууллагад ажиллаж, судалгаа шинжилгээ хийж байгаа маань багш нарын нөлөөлөл, зааж сургасан зүйлийнх нь ач тус гэж бодож явдаг. Судлаач хүн цагаа хэрхэн төлөвлөх ёстой, хэрхэн биеэ авч явах вэ гэх зэрэг багш нарынхаа олон шүүмжийн ачаар л ажлын талбар дээр урсгал даган хөвөхгүй, өөрийн гэсэн арга барилтай болчихыг хичээн урагшилж байна.

Мөн Улаанбаатар хотын гаалийн газрын дарга С. Цэцэгээ гэдэг хүн миний амьдралд маш их нөлөөлсөн. Тэр даргын удирдлага дор ажиллаж байх үедээ нэг удаа алдаа гаргаж сахилгын шийтгэл авч байлаа. Одоо бодоход тэр мэт ташуурыг надад өгөөгүй бол өнөөдөр одоогийнхоосоо арай дутуу хүн сууж байх байж гэж боддог. Алдаа бүтэлгүйтэл гэдэг хүний амьдралд шинэ боломж, гарцыг нээж өгдөг шиг байгаа юм. Тэр үеэс эхлээд л өөрийгөө илүү их хөгжүүлж, хэлний мэдлэгээ сайжруулж, олон улсад хүч сорих эхлэлээ тавьсан даа. Энэ ажлын эхлэл маань 2008 оноос тавигдсан. Одоо эргээд харахад их зүйл амжуулжээ. Гэхдээ бас санаагаа гүйцэж амжихгүй л байна. Гаалийн салбарт судлах зүйл дэндүү их байна.

-Олон улсын томоохон байгууллага бол миний хувьд “мэдлэгийн банк” гэж та түрүүнд хэллээ. Байгууллагын соёлоос эхлээд олон зүйлийг суралцаж, туршлага хуримтлуулж байгаа байх?

-Тийм ээ. Цаг барихаас эхлээд, цахим захидалд хэрхэн оновчтой хариулах гээд байгууллагын соёлын тал дээр маш ихийг сурч, чадлаараа л туршлага хуримтлуулж байна. Хурал, уулзалт гээд бүх зүйл яг цагтаа эхэлж, цагтаа дуусдаг болохоор наанадаж ажлаа төлөвлөхөд их дөхөм байдаг л даа. Мөн удирдлагын зүгээс баримталдаг нэг соёл нь хугацаатай үүрэг өгнө. Ямар нэг ажлын үүрэг даалгавар өглөө гэхэд түүндээ хугацаа гаргаж өгнө. Энэ нь хугацааг нь тулгаж ажил өгчихөөд биелэлтийг нь нэхдэггүй гэсэн үг л дээ. Энэ нь тухайн даалгаварыг амжилттай хийхэд чухал дэм болдог. Цаашлаад байгууллагын хөгжилд ч мөн эерэгээр нөлөөлдөг юм билээ. Мөн байгууллага дотроо хэнээс ч зөвлөгөө аваад хамтран ажиллах боломж үргэлж нээлттэй байдаг.

Манай байгууллага жил бүрийн Олон улсын гаалийн байгууллагын өдрөөр өөрийн уриаг дэвшүүлдэг. Энэ жил “Мэдээллийн дүн шинжилгээ” гэсэн уриаг дэвшүүлсэн. Байгууллагын дарга маань надад Дэлхийн гаалийн байгууллагын Мэдээ сэтгүүлд энэ жилийн уриатай уялдуулан өөрийн тухай бичихийг санал болгосон юм. Ингээд “Дэлхийн гаалийн байгууллагын Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр мэдээллийн шинжээчийг хэрхэн бэлтгэсэн нь” гэсэн нийтлэлийг тус сэтгүүлийн нэгдүгээр улирлын дугаарт хэвлүүлсэн. Энэ нийтлэл маань дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй олон орны 860 000 гаруй гаалийн ажилтны хүртээл болсон. Ингэснээр хөгжиж буй орны ажилтан өөрийн мэдлэг боловсролоо хэрхэн дээшлүүлэх боломжтойг бусад улс орны гаалийн байгууллагын ажилтнуудтай хуваалцсан нь бас нэг туршлага боллоо гэж олзуурхаж байгаа.

-Олон орны хүмүүстэй хамтарч ажиллахад өөр өөр арга барилтай байдаг байх. Тэр болгонтой зохицно гэдэг хувь хүнээс нэлээд чадвар шаардана биз?

Ази, Африкийн тивийн улс орны хүмүүс аливаа зүйлийг хийхдээ маш хичээнгүй, хөдөлмөрч ханддаг бөгөөд эхлэлээс төгсгөл хүртэл явж чаддаг тууштай хүмүүс байдаг. Ази хүмүүс дотроос Япон, Солонгос, Хятад хүний бүтээмж арай өөр байдаг. Харин бусад өндөр хөгжилтэй орны мэргэжилтнүүдийн хувьд ихэнхдээ тухайн мэргэшсэн чиглэлээ дагнахдаа илүү сайн байгаа нь харагдсан.

Манай байгууллага Дэлхийн оюуны өмчийн газар, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон улсын байгууллагатай харьцуулахад цөөхөн ажилтантай. Тиймээс энэхүү байгууллагад ажиллах боломж маш бага байдаг. Миний хувьд Монголоос ажиллаж байгаа хоёр дахь ажилтан нь болсон.

Манай байгууллага Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын байгууллага. Өнөөгийн байдлаар 65 орны 160 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээрээс гуравны нэг нь хүний нөөц, санхүү, үйлчилгээ гээд туслах чиглэлийнх, үлдсэн нь гаалийн хэргийн чиглэлээр гурван газарт хуваагддаг. Гэхдээ хамгийн сайхан нь хэнээс ч, юу ч асуугаад ороход хийж байгаа ажлаа хойш нь тавьж байгаад харилцан ярилцах боломж олгодог нь манай байгууллагын соёл юм даа.

Бас нэгэн давуу тал нь монгол хүний ген юм уу. Хаана ч, хэнтэй ч дасан зохицох чадвар. Энэ маань их тус болдог.

-Таны ойрын таван жилийн төлөвлөгөө юу вэ. Алсын хараа ч гэх юм уу?

-Гаалийн байгууллагыг зөвхөн татвар ногдуулж, хураадаг байгууллага гэж гаднаас нь ойлгодог. Татвар хураахын зэрэгцээ үндэсний болон нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн том үүрэг нь үргэлж хамтдаа явдгийг мартаж болохгүй. Гааль бол бүхий л салбартай холбоотой ажилладаг тул дахиад ч сурах зүйл их байна. Энэ бүх туршлага, олж цуглуулж буй мэдлэгээ ашиглаад цаашдаа Монгол Улсынхаа гадаад худалдааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна л гэж боддог. Гаалийн салбар нь Хууль сахиулахын их сургууль, МУИС-тай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Иймд энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, гаальчид, гаалийн харилцаанд оролцогчдод өөрийн мэдлэгээ түгээх бас нэг зорилготой явна даа.

Хүмүүс зорилго, мөрөөдлөө ярихаар бүтдэггүй гэж хэлдэг. Гэхдээ миний хувьд мөрөөдлөө зурагжуулж, түүндээ хүрэх зорилгоо тодорхойлж, алхам тутамдаа хичээнгүйлэн суралцаж, зогсолтгүй тэмүүлснээр төлөвлөсөн цэгтээ хүрч очиж болно гэж боддог.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

-Монгол хүн л болсон хойно Монгол Улсын хөгжлийн талаарх бодол толгойд үргэлж л эргэлддэг. Миний бодлоор,

Нэгдүгээрт, Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин орж, нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжин ардчилсан орон болсон. Гэтэл ардчиллынхаа мөн чанарыг урвуугаар ойлгож, дээр дооргүй хэт их улстөржиж, замбараагүй хийрхэлд ард түмнээрээ автсанаар улс оронд маань эмх цэгцгүй байдал үүсчихэв үү дээ гэж бодогддог. Оюун санааны бус материаллаг өрсөлдөөнийг өөгшүүлснээр хүний хөгжлийн инфляц үнэндээ навс уначихлаа гэж харамсах үе ч бий. Социализмын үед илүү сайхан байсан ч юм шиг. Ядаж хүн бүр мөрөөдөлтэй, хийх ажилтай, тав таван жилээр үйлдвэрлэлийн хөгжлөө төлөвлөөд явдаг байлаа. Төрөл бүрийн үйлдвэрүүд нээгдэж ажилчны район нэртэй шинэ дүүргийг хүртэл бий болгож байлаа шүү дээ. Хатуу капитализмаар явж ирсэн улс орнууд тэр суурин дээрээ эдийн засгаа хөгжүүлж дараа нь хүнээ энэрэх үүднээс ардчиллыг уг нь бүтээдэг шүү дээ.

Хоёрдугаарт, Монгол Улс 70 гаруй сая малтай. Хүн амын тоотой харьцуулах юм бол бараг 20 дахин их болж байна. Энэ давуу талаа ашиглан, түүндээ тулгуурлан хөгжих боломжийг хайх хэрэгтэй болов уу. Мөн төрийн албаа чанаржуулж дархлаатай болгох хэрэгтэй. Төрийн албан хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, эмч нарын нийгмийн хангамжийг нэмэгдүүлж, үүнтэйгээ уялдуулж хариуцлагыг нь өндөржүүлж, чанаржуулах хэрэгтэй болов уу гэж боддог.

Гуравдугаарт, “Япон улсын санхүүгийн систем, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил” хичээлийг судалж байхад 1900 оны эхэн үед японууд гадаадаас маш олон мэргэжилтэнг урьж аваачсан байдаг. Дараа нь гадаадад өөрийн мэргэжилтнүүдийг олноор нь бэлтгэсэн. Ингээд бэлтгэгдсэн чадварлаг мэргэжилтнүүд нь эх орондоо буцаж ирээд хүнд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд гар бие оролцсон байдаг. Мөн ёс суртахууны хувьд өндөр соёлтой байхыг төрсөн цагаас нь эхлэн зааж, төлөвшүүдэг. Японы энэ бодлого нь өнөөгийн өндөр хөгжлийнх нь гол суурь юм билээ.

Сингапур, Хятад гээд олон улсад ийм туршлага бий. Улс орны хөгжилд хувь хүний хөгжил хамгийн чухал үүрэгтэй. Улс орон ард иргэдээ түшиглэн, хүнээ хөгжүүлж чадвал хөгжинө.

-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе? 

-Гаалийн салбар маань миний амьдралын томоохон хэсэг болсон. Энэ салбартаа ажиллах болсноор ханьтайгаа учирч, хоёр арванг ардаа орхин эдүгээ дөрвөн сайхан хүүхдийн эцэг, эх болсон байна. Миний энэ амжилтын ард сайн хань, үр хүүхдүүд минь байнга хамт байж, түшиж явдаг. Ханиараа үр хүүхдүүдээрээ бахархаад баршгүй. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. 

20 ЖИЛИЙН ТУРШ СЭТГЭЛДЭЭ ТЭЭСЭН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХЭД....

Мөрөөдөл, зорилгодоо үнэнч байж, хэзээ ч шантарч бууж өгөөгүй нь эхний хүчин зүйл.

Мөрөөдсөн зорьсон бол түүнийгээ зурагжуулж, түүндээ тэмүүлж, алхам хийсэн нь удаах хүчин зүйл. Учир нь мөрөөдөл нь мөрөөдөл хэвээрээ үлддэг хүн мөрөөдлийнхөө төлөө юу ч хийдэггүй гэсэн үг.

Алдсан ч алдаанаасаа суралцаж, алдаа бүтэлгүйтлийг боломж болгон ашиглаж чадсан нь гуравдахь хүчин зүйл байжээ. 


Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim агентлаг эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-14 10:07:49


Нийт сэтгэгдэл: (27)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (212.203.112.169) 2017-06-19 20:11:27
    Sinigal bish Senegal shuu dee, setguulch guâi
  2. зочин (203.91.118.180) 2017-06-18 11:06:55
    МУНДАГ МУНДАГ...МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ
  3. Солонго (43.242.242.51) 2017-06-15 23:33:55
    Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү
  4. Зочин (103.10.22.52) 2017-06-15 20:42:15
    Хүн өгсөх замаа өөрөө засч, унах нүхээ бас өөрөө ухдаг гэдэг үнэн юм шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ ч гэж бас ярьдаг. Сурах мэдэх эрмэлзлэлтэй, өөдрөг сайн бүсгүй байна, эрүүл энх, аз жаргал хүсье.
  5. ARI (43.242.241.238) 2017-06-15 19:55:24
    UNEHEER ZUTGELTEI, HICHEENGUI SHU.UNDURUUS UNDUR TOMOOS TOM ANJILT HUSIE.
  6. Bayaraa (103.20.152.50) 2017-06-15 17:14:03
    Bagshdaa ulam ih amjilt husie
  7. saruul (202.9.42.135) 2017-06-15 13:22:15
    Сайхан ярилцлага уншлаа. Амжилт хүсье.Төрийн албанд ийм хүмүүс олонхи нь байвал түмэнд ямар тустай билээ.
  8. зочин (178.184.224.175) 2017-06-15 09:45:04
    Улаанбаатар хотын гаалийн дарга С.Цэцгээ ч мундаг удирдах ажилтан даа, төрийн хүний ухаан, мэдрэмж зангараг гэдэг түүнд байдаг. одоо цагт ийм хүн тун ховор бид ийм даргатайдаа баярладаг шүү.
  9. С.Уртнасан (202.55.191.205) 2017-06-15 08:41:14
    Цэндээ чи бол гаалийн ажилтануудын үлгэр дуурайлал бид бүгдийн бахархал чамд өшөө олон олон хийх зүйл чин сэтгэл байгаа тийм болохоор улам их зүйл хийх хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгээд байгаарай чамдаа амжилт хүсэе
  10. Амжилт (88.82.54.44) 2017-06-15 02:02:19
    Сайхан ярилцлага болжээ. Анхан шатнаас нь л нь эхлэн ажиллаж, одоог хүртэл өөрийн сурч мэдэхийг орхилгүй, сурах хэрэгтэй гэж байгаа нь сайхан санагдлаа. Амжилт хүсье.
  11. Tugsuu (109.8.165.189) 2017-06-15 01:09:04
    Amjilt husie angiihaa ohinoor baharhaj bna shuu iluu sain suraad eh orondoo heregjuuleerei
  12. Хөвсгөл (59.153.87.199) 2017-06-14 22:52:39
    Сайхан юм аа. Амжилт хүсье!
  13. Тунгалаг (84.199.87.190) 2017-06-14 20:23:06
    Байнга л суралцсаар иржээ. Манай Монголд ийм залуус маш олон бий. Мөн бусдад үлгэрлэх юм даа. Төрийн албан хаагчдийн хангамжийг нэмэгдүүлэн, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь маш зөв санаа. Амжилт.
  14. Амаржаргал (202.179.31.53) 2017-06-14 18:13:54
    Мундаг хөдөлмөрч бүсгүй шүү дүүгээрээ бахархаж байна шүү. Амжилт хүсье!
  15. За бас арай л... (124.171.98.35) 2017-06-14 18:00:03
    ДГБ-ын үндсэн ажилтан болсон шиг бичжээ. Туршлага судалдаг 10 сарын хөтөлбөр шүү дээ. Монголын олон гаальчин яваал ирсэн цаашид ч бас явах байх.
    1. Гаальчин (88.82.50.16) 2017-06-14 19:20:07
      Чи атаархаад байна уу. Хөтөлбөр гэж бичсэн байна. Сайн уншаач.
  16. tsolmon (59.153.87.38) 2017-06-14 17:16:11
    Uneheer ih baharhaj bn shu .tsaash tsaashdin ajild n ulam ih amjilt husie
  17. uuriintuya (43.250.126.34) 2017-06-14 17:12:23
    mundag bn amjil thusie.
  18. duurii (202.55.191.205) 2017-06-14 15:51:25
    Amjilt husii.saihan baina.Baharhaj baina shuu
  19. duuriimaa (202.55.191.205) 2017-06-14 15:49:41
    Bayar hurgii. amjil tusii
  20. Boldoo (66.181.186.244) 2017-06-14 15:15:26
    Amjilt husie. Iim mundag medlegtei, zuv setgeltei humuus l eh ornoo avarch chadna.
  21. Tumurbaatar t (202.70.34.70) 2017-06-14 14:42:35
    Amjilt hamtarch ajilahad uramtai shuu
  22. saran (150.129.143.169) 2017-06-14 14:05:57
    Baharhmaar mundag
  23. bayar hurgie (202.179.31.25) 2017-06-14 13:46:37
    amjilt husie
  24. Saran (103.253.146.245) 2017-06-14 13:11:52
    Mundag emegteid ajliin amjilt.
  25. Ч.Тамираа (199.87.154.255) 2017-06-14 13:08:09
    Амжилт хүсье. Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг бэлэн болгосон. Хуулийн төслийг www.customs.gov.mn сайтад тавьсан. Та их ажлын заваараа уншиж судлаад хариу өгөөрэй.
  26. Зочин (27.123.214.121) 2017-06-14 10:35:00
    Мундаг.Ийм эмэгтэйчууд,эрчууд олон болчихвол капитализмыг ч барьж зохих юу байх вэ ардуудаа.

Танд санал болгох