• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

"AIESEC"-д ажилладаг монгол залуу ​А.Эрдэнэсайхан: Пакистанд аюултай ч би эрсдэлээс айгаагүй

Тайландын "AIESEC" байгууллагын хүний нөөцийн дарга, мөн тус байгууллагын  Пакистан, Монгол Улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай, Хятад, Мьянмар гэх зэрэг 30 орчим улсад ажиллаж, амьдарч явсан А.Эрдэнэсайхантай хувь хүний хөгжил, манлайллын талаар ярилцлаа. "AIESEC" бол дэлхийн хамгийн том оюутны байгууллага бөгөөд одоогоор дэлхийн 127 улсад, ойролцоогоор 70 мянган гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. А.Эрдэнэсайханы хувьд монгол хүн, гадаадын "AIESEC" салбарын удирдлагын төвшинд ажилласан анхны бөгөөд одоогийн байдлаар цор ганц хүн ажээ. 

-Залуусын байгууллагад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцана уу?

-МУИС-ийн Оюутны зөвлөлд хэсэг хугацаанд ажиллаж байсан. Дараа нь "AIESEC" олон улсын байгууллагад ажиллахаар шийдсэн. "AIESEC" бол залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааг чиглүүлэн, залуучуудад дэлхийн иргэн болж , дэлхийг өөрчилж , хувь хүний мэргэжлийн болоод нийгмийн сайн сайхны төлөө гүйцэтгэх үүрэг чадвар, чадамж бий болгохыг санал болгодог байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь оюутан залуусыг өөр улс руу дадлагаар, солилцоогоор явуулах байгаа. Миний хувьд тус байгууллагад таван жил ажилласан. Харин одоо хувийн бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж бас амарч байна. Оюутан байх хугацаандаа "AIESEC" МУИС дахь салбарыг хариуцаж ажилласан. Дараа нь Тайланд, Пакистанд ажиллаж байсан. Монголыг эс тооцвол гурван улсад ажилласан. Байгууллагын шугамаар 30 орчим улсад солилцоогоор, түр хугацаанд ажиллаж байсан.

-"AIESEC" олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдах, ажиллаж туршлага хуримтлуулахын давуу тал, танд өгсөн боломжийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хамгийн гол нь маш олон найзтай болно. Найзууд гэхээр хэт “гэнэн” утгаар ойлгож болохгүй. Залуу хүн найзтай байх сайхан. Уулзаж хөөрөлдөж байх нь сайхан. Нөгөө талаараа энэ найзууд бол олон улсын сүлжээ болж өгдөг. Жишээ нь, Монголд бизнес эрхлэхээр боллоо гэж бодоход найзуудаараа дамжуулж бизнесийнхээ хүрээг тэлж болно. Энэ бол шууд анзаарагдах давуу тал.

Нөгөө талаар “аялах” бол өнгөцхөн асуудал. Харин тухайн улсдаа амьдрал бий болгож, ажиллах нь хүнээс хатуужил, тэвчээр шаарддаг. Миний хувьд гадаадад ажиллаж, амьдарч байхдаа Монголчууд гэлтгүй, аливаа орны иргэд зөвхөн өөрийн улсын хүнтэй хамтарч ажиллахыг эрхэмлэдэг. Бусад улсын хэлийг сурахыг чухалчилдаггүй тийм хүмүүстэй их таардаг. Энэ нь надад хамгийн харамсалттай санагддаг зүйл. Яг өмнө чинь дэлхий ертөнцийг харах боломж байхад, бусад хүмүүсийн үзэл бодлыг ойлгох боломж гарч байхад үүнийг алддаг. Бусад хүний үзэл бодлыг ойлгох нь хязгаарлагдмал ойлголт биш. Үүнээс сайн зүйл нь юу вэ гэдгийг ухаж ойлгоод, өөрийгөө “цэнэглэх” боломж юм. Нэгдүгээрт, олон улсын сүлжээг бий болгох, хоёрдугаарт өөрийн үзэл бодлын цар хүрээг тэлэх ач тустай юм даа.

-Гадаадад ажиллаж, амьдрах, гадаадын иргэдтэй хамтарч ажиллахад хамгийн түрүүнд соёлын ялгаатай байдал "соёлын шок"-ийн талаар яригдах байх?

-"Соёлын шок" гэдэг их сонирхолтой сэдэв. Хэд хэдэн төвшин байдаг. Хамгийн өнгөцхөн төвшинд хоол, хувцаслалт орно. Гүн төвшинд үнэт зүйлсийн асуудал яригддаг. Пакистанд надад их сонирхолтой байсан. Хүмүүс Пакистан улсын талаар сөрөг, өнгөцхөн бодолтой байдаг. Аюултай улс гэж боддог. Гэхдээ аюулыг цар хүрээгээр нь ойлгох хэрэгтэй. Аюул бол байгаа. Монголд харанхуй гудамж, согтуу хүмүүсийг аюултай гэж боддог. Пакистанд согтуу хүн байдаггүй. Архи, алкохол зарж борлуулдаггүй, олдохгүй. Тэр талаараа аюулгүй. Санаа зовох асуудалгүй. Орой болгон дээрэмдүүлж болох боломжтой бол орой болгон үймээн, бослого болох боломжгүй. Яг дайн биш л бол. Пакистанд аюултай газар бий. Пешаврт сар болгон нэг бөмбөг дэлбэрдэг байсан. Гэхдээ тийшээ гадаадуудыг оруулдаггүй. Харин их сургууль руу ороход машиныг шалгадаг, бөмбөг байна уу гэж. Бас орцны жижүүр хүртэл буутай байдаг. Гудамжинд цагдаа нар том, том буу барьж явдаг. Энэ нь надад их сонирхолтой санагдаж байсан. Аюултай гэсэн мэдрэмж төрөөгүй. Учир нь Пакистан хүмүүс их “дажгүй”. Айх шалтгаан бол байхгүй байсан. Ер нь би бөмбөг дэлбэрэлтэд өртөж үхэх вий гэдгээс илүү, орой шөнө явж байгаад хутгалуулчих вий гэдгээс л айдаг. Хутгалуулах нь хавьгүй өндөр тохиолдох магадлалтай байдаг.

-Гэхдээ л Пакистанд ажиллах нь эрсдэлтэй сонголт биш гэж үү?

-Хүмүүс явдаггүй учир боломж ихтэй. Жишээлбэл, Хятадад очих юм бол хаа сайгүй л гадаадууд ажиллаж байдаг. Тэр нь байдаг л нэг зүйл болчихсон. Япон, Солонгос ч ялгаагүй. Харин гадаадууд нэг их очдоггүй газарт илүү сонирхолтой зүйлс байдаг. Надад хөгжингүй орнууд тийм ч сонирхолтой санагддаггүй. Тэнд сурч, боловсрол эзэмшвэл гоё. Харин хөгжиж буй орнуудад ажиллаж, амьдрахад илүү их боломж байдаг юм шиг санагддаг. Хийх зүйл ихтэй. Өргөн хүрээний боломжтой. Жишээлбэл Мьянмар, Пакистаныг хүмүүс аюултай гэж боддог учир төдий л зорьдоггүй. Би аюулгүйн баталгаа гаргаж чадахгүй л дээ. Гэвч ямар ч улс 100 хувь аюулгүй байна гэж байхгүй. Эрсдлийг зөв тооцоолох нь л чухал. Хүмүүс бага очдог газар очиход янз бүрийн гэнэтийн бэлгүүд угтаж болно. Анх Пакистанд очиж байхад залуучууд нь намайг орой хүртэл хүлээгээд, тосч аваад хамтдаа хоол идэж суусан. Дараа нь гэр бүлийнхэнтэй нь танилцаж, намайг маш халуун дотноор угтаж авсан. Өвөө нь гарч ирэн тэвэрч угтаад надад маш сайхан хандаж байсан. Пакистанчууд дийлэнх нь англиар маш сайн ярьдаг. Тэр үед ямар ч асуудал байгаагүй. Тэгэхээр аливаа зүйлийг шууд 100 хувь гаднаас нь дүгнэх буруу гэж боддог.

-"AIESEC" байгууллага оюутан, залуучуудад ямар боломжийг өгөх вэ, ямар давуу талтай вэ?

-Давуу болон сул талтайгаа уялдаатай. Залуучуудын байгууллагад ажиллахад сул тал нь гэвэл бүтэц, дүрэм журам нь тийм ч хөгжингүй биш. Жилээс, жилд өгч байгаа мэдлэг нь шууд мэдрэгдэхүйц бодит бус. Гэвч энэ нь эргээд давуу тал болж өгдөг. Томоохон байгууллагад хорин хэдэн настай залуу хүн ажилд ороод, шууд өндөр албан тушаалд хүрэх нь ховор. Харин залуучуудын байгууллагад залуу хүн албан тушаалаа хурдтай ахиулах боломжтой. Миний хувьд уг байгууллагад таван жил ажиллахдаа олон улсын байгууллагын гишүүдийг сайн мэддэг болсон. "AIESEC "-д байсан залуучууд амжилтад хүрч чаддаг. Учир нь янз бүрийн улсад ажиллаж, сүлжээ бий болгож, албан байгууллагад ажиллаж туршлагажиж, алдаа гаргасан ч түүнээсээ суралцаад явдаг."AIESEC"-аас гараад томоохон албан байгууллагад ажиллахад дийлэнхдээ хоёр, гурван жил ажилласан ажилчдаас хавьгүй илүү туршлагажсан байдаг. Залуучуудын байгууллага зорилгодоо хүрэх тойруу зам шиг хэдий ч, нэг ёсондоо шулуун зам болж өгдөг.

AIESEC Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд залуучуудын төлөөлөл болж ажиллаж байгаа олон улсын хамгийн том байгууллага. Залуучууд өөрсдөө удирдаж, зохион байгуулж буй гэдэг нь гол үнэ цэнэ. Жишээ нь, маш олон залуучуудыг гадаадад аюулгүй, үр дүнтэй дадлагын хөтөлбөрөөр явуулж байна. Тухайн залуучууд буцаж эх орондоо, Монголдоо ирээд AIESEC-д ажиллах төдийгүй өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх, өөрийгөө идэвхжүүлэх зэрэг үйлдэл хийх нь гол юм. Би юу хийх дуртай вэ, юуны тэмүүлмээр байгаа гэдгээ олж чадах юм бол энэ нь ирээдүйд өөрт нь дэвшил өгнө гэж бид итгэж байсан. Нэг талаараа залуусыг гадаадад солилцоогоор дадлагажуулж “нүдийг нь нээх”, өөрийн аюулгүйн бүсээ тэлэх, идэвхтэй байхад туслах зорилготой. Нөгөө талаараа явах гэж байгаа залууст аль болох их хариуцлага өгөх, идэвхжүүлэх юм. Гэвч энэ нь 100 хувь амжилттай байна гэсэн үг биш юм. Миний мэдэхээр маш олон хариуцлагагүй залуус байдаг. Үүрэг, даалгавар хүлээж аваад “муриад” алга болчихдог тиймэрхүү хүмүүс олон байдаг. Ямар ч байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөх эрсдэл энэ юм.

-"AIESEC"-ийн Монгол дахв салбарын хувьд амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс танилцуулвал?

-Яамдууд, компаниудтай хамтарч олон төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан. Жишээ нь “Оюу толгой” ХХК-тай хамтарч “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг 2014 оноос зохион байгуулсан. Одоо ч амжилттай явж байгаа. Миний хариуцсан байсан 2014-2015 оны “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т 200 хүүхэд оролцож, 50 хүүхэд гурван сарын хугацаанд манлайллын сургалтад хамрагдсан. Энэ хөтөлбрийг "AIESEC"-ийн хамт олон боловсруулсан. Хөтөлбөрт найман хүүхэд амжилттай оролцож “Оюу толгой” ХХК тэтгэлэгт хамрагдаж байсан. "AIESEC" нь тэргүүлэх чиглэлийн компаниудтай холбоо тогтоож дотоодын болон гадаадын чадварлаг боловсон хүчнийг тэдэнд зуучилдаг. Мөн Азийн залуучуудын форум гэх мэт үйл ажиллагаанд хамтарч ажилладаг. Үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээтэй.

-Та манлайлал, залуучуудын хөгжлийн талаар олон үйл ажиллагаанд оролцож, төсөл хөтөлбөр боловсруулж байсан. Ажиллаж байсан туршлагаасаа харахад Монголын залуучуудын хөгжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-2015 оны дундуур бид байр сууриа илүү тодорхой гаргаж чадсан. Тэр нь юу вэ гэвэл залуучуудын хөгжил юун дээр тогтож байгаа вэ гэдэг асуулт. Тэгэхээр хөгжил гэдэг бол зам юм. Ихэнх тохиолдолд залуучуусын хөгжлийн замнал гэр бүлийнхээ төвшинд өсч хөгждөг. Дараа нь цэцэрлэг, арван жид, их сургууль гээд тодорхойлогддог. Энэ замналын төгсгөлд ямар хүн бий болж байна вэ гэдэг өөрөө их сонирхолтой асуудал юм. Боловсрол гэдэг тухайн хүнийг нийгэмд идэвхтэй хүн байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Бид эцсийн дүндээ хөгжлийн үндсэн замнал нь гол үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Миний насны залуучуудыг харахад ажлын байранд орж байгаа хэв маяг нь буруу, ажлын байранд орохдоо өөрийгөө дутуу үнэлж байгаа байдал, цалин бага авдаг, ажил нь хүртээмж багатай байдаг зэрэг нь өөрийн карьераа яахаа мэдэхгүй нөхцөл байдалд оруулдаг. Тэр үедээ эхнэр, хүүхэдтэй болох нь их. Тэднийхээ төлөө зүтгэх хэрэгтэй болдог. Тэгээд төөрч эхэлдэг.

Засгийн газрын зүгээс гучаад насныханд зориулсан бодлого байдаггүй. Ихэнхдээ оюутан, залуучууд, ахмадуудад чиглэсэн бодлоготой байдаг. Яг төгсөөд 35 нас хүрэх хугацаанд хэрхэн, ямар байх вэ гэдэг бодлого, төлөвлөгөө байдаггүй. Энэ хоосон зайнд хүмүүс их алдаа гаргадаг. Энэ хоосон зайнд "AIESEC" ажиллах хэрэгтэй гэж дүгнэж байсан. Гэвч энэ бол бидний ганцаараа хийх ажил биш. Угийн боломжгүй. Энэ системийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр стратегийн өнцгөөс харах шаардлагатай. оюутнууд төгсөөд яах вэ гэдэг дээр тухайн үедээ хамтарч ажиллах сонирхолтой томоохон байгууллага байгаагүй. Ер нь систем нь төөрөгдмөл залуусыг бий болгож байна. Цаашид энэ залууст замыг нь олоход туслах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байсан.

-Залуучуудыг ямар чадвар дээрээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Эрсдэлээс айдаг байдал юм л даа. Эрсдэлтэй зүйл хийх дургүй. Аюулгүйн бүс/ comfort zone /-ээсээ гарах дургүй. Гэр бүл, ангийнхан, их сургуулийнхныхаа хүрээнд үйл ажиллагаа хийхдээ зүгээр, тэр бүсээсээ хальж гадаадад эсвэл өндөр албан тушаалд, мэргэжлийн төвшинд явуулж буй төсөлд ажиллана гэхээр дүргүй байдаг. Дуртай байгаа юм шиг мөртлөө орсныхоо дараа амархан бууж өгдөг, шантардаг тохиолдол гардаг. Нөгөө талаараа энэ нь сайн тал. Урагшлах хүчтэй залуучууд түрэн гарч ирдэг. Бүх залуучууд эрсдлээс айдаггүй байх боломжгүй. Гэхдээ эрсдэлээс айхгүй байх нь амжилтад хүргэнэ. Байнга эрсдэлээ бодоод л яваад байх нь хийх зүйлийн боломжийг багасгаж өгдөг юм шиг санагддаг.

-Удирдах албан тушаалтан байх хугацаандаа олон залуусаас ярилцлага авч, шалгаруулалт хийж байсан байх. Залуусын түгээмэл гаргадаг дутагдал юу вэ. Оюутан, залуус ямар байгаасай гэж боддог вэ?

-Яагаад энэ зүйлийг хийгээд байгаагаа мэддэггүй. Зорилго, мөрөөдлөө тодорхойлдоггүй. Энэ нь ярилцлага хийж байхад асуудалтай байдаг. Чи энэ байгууллагад яах гэж орж байгаа вэ гэхэд тодорхой зорилго, төлөвлөгөө хэлж чаддаггүй нь том дутагдал. Энэ алдаа биш. Оюутан, залуус нэгдүгээрт, янз, бүрийн зүйлийг сонирхож илэрхийлдэг байгаасай. Энэ насанд хийсэн эрсдэл бага байдаг. Эхнэр хүүхэд, ар, гэр татвар зэрэг санаа зовох асуудал удахгүй гараад ирнэ. Тэр үед хийе гэж бодсон зүйлийн боломж багасна. Тэгэхээр залуу байгаа дээрээ, бага эрсдэл хүлээх насандаа боломжийг ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, хариуцлагатай байгаасай. Гуравдугаарт, чадвартай (авьяастай) байгаасай гэж боддог. Тухайн хүн аливаа зүйлийг хийж үзэх хүсэлтэй байгаад, тэр зүйлдээ тууштай, хариуцлагатай явж байхдаа өөрийн авьяас чадварыг хөгжүүлээд явдаг. Ийм залуус амжилтанд хүрдэг юм болов уу гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-12 09:39:31


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.57.95.196) 2017-06-12 14:36:09
    Юм үзэж нүд тайлсан хүн шаал ондоо л доо, шууд л гадаад үзэмжээр аливааг дүгнэх буруу
  2. Зочин (202.21.124.134) 2017-06-12 12:32:18
    Хөгжиж буй улс, хүн их очдоогүй газар байх тусмаа боломж их
  3. Tungaa (202.9.40.11) 2017-06-12 10:17:40
    Ymar mundag zaluu ve :o oyutnii baiguullag iim ym hiideg bsn ymuu? Iimerhuu zaluuchuud l jinhene mongoliin ireedui dee

Танд санал болгох