• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцуулах тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ

Хүүхдийн төв номын сан, БСШУСЯ хамтарсан “Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцуулах тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ” сэдэвт уулзалт, ярилцлагsыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. БСШУСЯ-ны Гадаад харилцаа, гадаадад, гадаадаас суралцах оюутны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Гарди тэтгэлгийн талаар мэдээлэл өгч, эцэг, эх, оюутан, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. Түүний илтгэлийн онцлох санаа болон сурагчдын сонирхсон асуултад хэрхэн хариулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Тэтгэлэг маш их өрсөлдөөнтэй байдаг

Мрэгжилтэн Д.Гарди хэлэхдээ Оросын Засгийн газрын тэтгэлэгт энэ жил 450 хүүхдийн квоттой байсан бол 1146 хүүхэд онлайнаар бүртгүүлжээ. Үүний 842 хүүхэд нь тэтгэлгийн шаардлагыг бүрэн хангаж байна. Гэтэл шаардлага хангасан хүүхдүүдээс 450-ийг нь сонгож авах хэрэгтэй болдог. Ямар ч тэтгэлэгт ийм өрсөлдөөн байдаг. Үүнээс тэтгэлэгт өрсөлдөж байгаа хүүхдийн бусдаас ялгарах боломж нь тэтгэлгийн шалгалт, ярилцлага болдог. Шалгалтад бага оноо авсан ч ярилцлагад өөрийгөө илэрхийлж чадвал тэтгэлэгт хамрагдах боломжтой. 400 хүүхдийн квот дээр 1000 хүүхэд өрсөлдөж байгааг бодолцож ямар ч алдаагүй материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Чи тэтгэлэгт тэнцэхийн тулд тэмцэх л ёстой. Мөн мэргэжлээсээ шалтгаалаад өрсөлдөөн өөр, өөр байх тохиолдол бий. Анагаах гэхэд 20 хүүхдийн квот дээр 500 хүүхэд өрсөлдөж байхад, механик инженер нэг хүүхэд өрсөлдөөд л квотоо аваад явах тохиолдол бий.

Мэдээллийн эх сурвалж сайн байх хэрэгтэй

Тэрээр илтгэлийнхээ хамгийн эхэнд сайт сайн “ухах” хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар хоорондын тэтгэлгийн зарыг http://www.mecss.gov.mn буюу БСШУСЯ-ны албан ёсны вэб сайтаас авах боломжтой. Тэтгэлгийн ерөнхий шаардлага, үндсэн мэдээллийг өөрөө олоод авах чадвар хүүхэд, залуучуудад заавал байх ёстой гэсэн юм. БСШУСЯ-ны вэб хуудасны Гадаадад суралцах гэсэн хэсэгт 2011 оноос хойш зарлагдсан бүх тэтгэлгийн зар болон мэдээллүүд байдаг байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу суралцагчдын шалгаруулалт хүлээн авах талын шаардлагаас хамаарч өмнө оны 11 дүгээр сараас тухайн оны 5 дугаар сард зохион байгуулагддаг ажээ. Хүүхдүүдийн хамгийн их асууж байсан асуулт нь тэтгэлгийн шалгуур юм. Энэ асуултад мөн л сайтаас мэдээлэл авах шаардлагатай гэдгийг онцоллоо. Учир нь гэрээ хэлэлцээрээс хамаарч улс орон бүр өөр, өөр шалгуураар тодорхой тооны сурагчдад тэтгэлэг олгодог. Зарим орнуудтай мэргэжлийн чиглэлийг тохирдог бол зарим орнуудтай Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу тогтмол мэргэжлийн чиглэлээр суралцуулдаг байна.

Гурван үе шатыг давсан тохиолдолд тэтгэлэгт тэнцсэн гэж үздэг

Шалгаруулалт бүртгэлийн хугацаа, шалгалт өгөх, ярилцлагад орох гэсэн гурван үе шаттайгаар явагддаг. Бүртгэлийн хугацаанд онлайнаар анкет явуулахдаа хүүхдүүд техникийн алдаа их гаргадаг. Үүнээс болоод бүртгүүлж чадахгүй тохиолдол их. Ялангуяа цэг, таслал илүү бичих. Үг үсгийн алдаатай, үгийн дунд зай таслал авах зэрэг нь бүртгэлийн программ таних боломжгүй учраас бүртгэж авдаггүй. Ярилцлагаа Монгол хэлээх өгнө гэсэн үг биш. Гэтэл хүүхдүүд яг орж ирэхдээ би англи хэл мэдэхгүй ээ гээд зогсчихдог. Гадаадад суралцахад та бүхэнд хэн ч Монголоор хичээл зааж өгөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүүхдүүд асуулт бэлтгээд түүнийгээ англи хэл дээр цээжлээд орж ирдэг. Түүнээс нь өөр асуулт орж ирвэл гацдаг. Бид асуултыг тухайн хүүхдийг “шийтгэх” гэж авдаггүй. Хүүхдийг тодорхойлохын тулд авдаг. Жишээ нь био-технологиор суралцах хүүхдээс “био-технологи” гэж юу юм бэ гэдэг асуултаас л эхэлнэ. Үүнд хүүхдүүдийн төлөвшил, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг анхаарна. Хариулж байгаа байдлаас нь л тэтгэлэгт тэнцээд гадаадад очлоо гэхэд, өөрийгөө илэрхийлж чадах уу, багштайгаа ойлголцож чадах уу гэдэг нь мэдэгдэнэ.

Ирээдүйн бодлого, төлөвлөгөө хамгийн чухал

Тэтгэлэг горилогчийн ирээдүйн бодлого, төлөвлөгөө ямар вэ? Гэдэгт шалгаруулалтын комисс ярилцлага авахдаа голлон анхаардаг. Таны гадаадад эзэмшсэн боловсрол чамд ямар хэрэгтэй, Монгол Улсад ямар хэрэгтэй гэдгийг бодолцож үзэх нь чухал. Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг төвшинд бодох хэрэгтэй. Гэтэл хүүхдүүд ямар ч төлөвлөгөөгүй орж ирдэг. Энэ нь хамгийн том алдаа юм. Эмэгтэй сурагчдын хувьд хүүхэдтэй болж, гэр бүл зохиох явдал их гардаг. Энэ нь дараа нь тэтгэлэг авах боломжгүй болгож байгаа юм. Нөгөө талаар Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцаж байгаа оюутан Монгол гэсэн нэр дор явна. 2016 онд Чехийн тэтгэлгээр суралцаж байсан оюутнууд хэрэгт холбогдсон нь энэ жил квотын тоо буурахад нөлөөлж байгаа юм. Ийм учраас тухайн тэтгэлэгт өрсөлдөж байгаа хүүхдийг хэн бэ, ямар төлөвлөгөөтэй вэ гэдгийг комисс түлхүү анхаардаг.

Улс бүрийн тэтгэлэг өөр, өөр төвшинд хэрэгждэг

ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт ганцхан сургалтын төлбөр багтдаг. Харин Польш, Унгар зэрэг улсуудад амьжиргааны зардал, сургалтын төлбөр багтдаг. Гуравдагч орнууд болох Лаос, Вьетнам зэрэг улсуудын Засгийн Газрын тэтгэлэг илүү боломжтой буюу суралцах бүх зардлыг даадаг. Иймээс тэтгэлэг бүрийн төвшин, боломжийг сайн судлах хэрэгтэй. Хөгжиж буй орнууд болох Вьетнам, Лаос зэрэг улсын тэтгэлгийн квот дүүрэхгүй асуудал байдаг. Гэхдээ үүнийг БСШУСЯ-наас заавал дүүргэх албагүй. Шалгуур хангаж байгаа хүүхдүүд л тэтгэлэгт хамрагдана.

Ямар улсын боловсрол хамгийн сайн бэ гэдэг хамгийн буруу асуулт

Тэтгэлэг сонирхож буй залуучуудын хувьд боловсролыг шууд л улсаар нь дүгнэдэг. Гэтэл суралцах улсаас судлаад, ямар чиглэлээр тэргүүлэх боловсролтой улс вэ гэдгийг давхар харах хэрэгтэй. Вьетнам хэдий хөгжиж буй орон ч суралцахад маш тайван, орчин нөхцөл нь хангагдсан улс. Куба улс анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр тэргүүлдэг.Лаос энгийн жижиг дунд үйлдвэрлэл сайн хөгжсөн. Унгар, Польш хөдөө аж ахуй, үйлдвэрлэлээр тэргүүлэх жишээтэй. Улс бүрээс гадна сургууль бүр мэргэжил бүр нь өөр, өөр онцлогтой. Тиймээс гуравдагч орнуудыг голох биш улс, сургууль, мэргэжлийн чиглэлээр нь сайн судалж үзээд шийдвэр гаргах хэрэгтэй.

Гадаадад сурна гэж сургууль завсардах нь буруу буюу сургуульд харьяалагдаагүй хүүхэд тэтгэлэгт хамрагдах боломжгүй

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид гадаадад суралцах зорилготой гэж нэг жил өнжих тохиолдол их байдаг. Гэтэл тэр хүүхэд сургуулиа төгсөөд шууд суралцаагүй нөхцөл нь эргээд тэтгэлэг авах боломжгүй болгодог. Нэг жилийн хугацаанд сургуульд сураагүй ч хэлээ сайн сураад, шалгууруудыг хангаж байсан ч аль нэг сургуульд харьяалагддаггүй хүүхэд тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Нэг жил завсардсан тохиолдолд гадаадад очоод хариуцлагатай суралцах чадваргүй гэсэн үндэслэлээр хасагддаг. Хэрэв ч сурах хүсэлтэй сурагч бол сураад, өөрийгөө харуулах ёстой гэж үздэг.

Магистрийн  тэтгэлгийн 2 жил ажилласан байдлыг нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулна

Магистрт анхаарах зүйл хоёр жил ажилласан байх. Үүнийг нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулна. Үүнд магистрт суралцах хүмүүс анхаарах ёстой. Тэтгэлэгт өрсөлдөж байгаа хүмүүс албан газрын тодорхойлолттой орж ирдэг. Гэтэл Монгол Улсад та ажил хөдөлмөр эрхэлсэн бол Нийгмийн даатгал төлөх ёстой.

Монголд суралцах гадаад оюутны тоо нэмэгдэж байна

Гадаадын оюутнууд Монгол Улсад бүх чиглэлээр сонирхон судалж байна. Хөдөө аж ахуйн чиглэл, соёл урлагийг их сонирхдог. Мөн ШУТИС, МУИС-ийг гадаадын оюутнууд их сонирхдог. 2014 онд 776 оюутан, 2015 онд 924 оюутан, 2016 онд 1024 оюутан Монгол Улсад суралцаж байгаа гэдэг нь гадаадаас суралцах оюутны тоо тогтмол нэмэгдэж байгаа гэдгийг харуулж байгаа юм.

Засгийн газар хоорондын тэтгэлгийн зар дээр БСШУСЯ-ны лого байгаа эсэхийг шалгах ёстой

Засгийн газрын хоорондын тэтгэлэг гэсэн зарлалд яамны лого байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хувийн байгууллагууд бүртгэл хийж, ямар нэгэн гэрээгээр төлбөртэй сургадаг тохиолдол байдаг. Энэ үйл ажиллагаанд манай улс, Засгийн газар, БСШУСЯ ямар ч хамааралгүй, холбоо байдаггүй. Бизнесийн байгууллагаар цаад улсын Засгийн газрын тэтгэлэгт зуучлуулсан тохиолдолд хувиараа суралцаж байгаа чиглэлд тооцогддог. Засгийн газар хоорондын тэтгэлэг БСШУСЯ-ны сайт дээр хамгийн эхэнд тавигддаг учир сайтаас мэдээллийг нягтлах боломжтой ажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-12 09:12:41


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.217) 2017-06-13 00:02:27
    Баярлалаа

Танд санал болгох