• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Д.Золбоо: Шотланд Их Британиас гарвал дэлхийн газрын зураг өөр болохыг үгүйсгэхгүй

Өнгөрсөн оны сүүлээр олон улсын харилцаа, дэлхийн эдийн засаг, санхүү зэрэг олон салбарт урьд өмнө байгаагүй ихээхэн шуугиан, төсөөлж байгаагүй үр дүнг үзүүлсэн үйл явдал бол “Брексит”-ийн санал асуулга юм. Брексит буюу “Британи гарах (Britain Exit)” хэмээх товчилсон үгийн түүхийг 2010-аад онд Европын холбооны гишүүн орнуудын нэг Грек улсыг нөмөрсөн санхүүгийн хямралын дараагаар Европын холбооноос гарах талаар яригдаж байхад нэр бүхий олон улсын шинжээч нарын өгүүлэлд “Grexit” хэмээн бичигдсэнээс үүдэлтэй гэж үздэг. Их Британийн Европын холбооноос гарахаар болсон асуудал болоод өнөөгийн нөхцөл байдал, Монгол-Британийн хамтын ажиллагааны талаар судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.

-Их Британи Европын холбооноос гарах санал гаргасан нь олон улсад ямар нөлөөтэй вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Европын холбооноос гарах тухай Британичууд элсэхээсээ эхлээд л гарсан яриа. Элсэхдээ л маргаантай байсан. Гэхдээ элсүүлж чадсан. Улс оронд нь ямар нэг байдлаар хэрэгтэй юм байна, хамтрах нь зөв юм байна, ирээдүй бол глобалчлал юм байна гэж бодсоны үндсэн дээр нэгдсэн. Тиймээс Европын холбооноос гарах тухай яриа шинэ юм биш, анх элсэх нь дэмий шүү дээ гэж хэлж байсан үеэс гарсан санаа л даа. Харин нэр томьёо болж тогтоод, амьдралд хэрэгжүүлсэн нь та бидний цаг үед тохиож байна. Бидний үе гэрч нь болж байна гэх үү дээ.

Эхнээсээ маргаантай байсан асуудалсонгуулийн ярианы сэдэв болсон. Тухайн үеийн хоёр намын нэг нь элсэнэ, нөгөө нь элсэхгүй гэсэн байр суурьтай байснаас үүдэн нам дотроо бас фракц үүссэн байсан. Консерватив намын өмнөх Ерөнхий сайд ДавидКамероны үед түүний тойрон хүрээглэгсэд Их Британи Европын холбоонд үлдсэн нь дээр гэж үзэж байсан. Харин өнөөгийн Ерөнхий сайд Тереза Мэй болоод одоогийн Гадаад хэргийн сайд БорисЖонсоны бодол эсрэг байсан. Ардчилсан улсын нэг давуу тал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, түүнийгээ хамгаалж чаддаг, нэр төрөө хамгаалж үлддэг гэдэг нь “Брексит”-ийг хамгаалж байсан байр суурь дээрээс харагдана. Үндэсний эрх чөлөөний намынхны зарим нэг төлөөлөл хүч хавсарсны хүчинд 50 гаран хувиар Брексит санал илүү авч өнгөрсөн оны хамгийн чухал анхаарал татсан асуудлын нэг болон тэмдэглэгдэн үлдлээ. Хөндлөнгөөс харж байгаа бидний хувьд улстөрчдийн байр суурь аль талдаа байгаагаас шалтгаалаад Брекситийн талаар гаргаж байсан ухуулах хуудсууд нь ерөнхийдөө улс төр, сонгуулийн уур амьсгал орсон гэдэг утгаараа бодит амьдралаас бага зэрэг худлаа, тоо баримт сонгуулийн амлалт маягаар, сонгогчдын тархийг угаах зорилгын хүрээн амьдралаас зөрүүтэй гарсан байдаг. Үүнийгээ ч тэд хожим хүлээн зөвшөөрсөн.

-Жишээ нь, ямар тоо баримт зөрүүтэй байсан бэ?

-Улс төрийн зорилготой сонгуулийн амлалт нь тэр бүр үнэнд нийцдэггүй нь ертөнцийн хаана ч байдаг жишиг гэдгийг “Долоо хоног бүр Европын холбоод төлдөг 350 сая паундыг бид өөрсдийн эрүүл мэндийн үйлчилгээний салбарт зарцуулах болно” гэсэн амлалт алдаа байсныг Британийн тусгаар тогтнолын намын дарга Н.Фараж өөрөө хүлээн зөвшөөрснөөс харж болно.

-Брексит анхандаа сонгуулийн ПиАр маягтай явж байгаад хэрэгжчихсэн юм биш үү?

-Ер нь бол тийм. Девид Камерон манай нам Брекситийн талаар ямар нэгэн шийдвэрт хүргэнэ. Ингэхийн тулд ард түмнээс асуугаад ялсан тохиолдолд бид нар хэрэгжүүлнэ гэж хэлж байсан юм. 2019 онд буюу нэлээд хожуу хийнэ гэж байсан ч өнгөрсөн онд хийчихлээ л дээ. Судлаачийн хувьд харахад хэт итгэлтэй байсных болов уу гэж дүгнэсэн. Ер нь бол ард түмэн дэмжинэ гэсэн найдлага их байсан. Тэдний нэг давуу тал гэх юм уу, улс төрчдийн нэг соёл байна. Хариуцлага сайтай, үнэхээр өөрсдийнх нь санал бодлыг ард түмэн дэмжихгүй байсан тохиолдолд хариуцлага хүлээж чаддаг чанараа Британичууд Брекситээр харуулж Ерөнхий сайд нь хүртэл ажлаа өглөө. Нэг шийдсэн шийдвэрээ тэд огтхон ч буцаадаггүй. Сүүлд залуус нь гомдол гаргасан. “Бид нар Европын холбоод үлдмээр байна. Яагаад хөгшчүүдийн саналаас болоод ийм шийдвэрт хүрэв” гэсэн гомдол гарч байсан. Энэ нь Санал асуулгын дүнд хүйсийн хувьд онцын ялгаа гараагүй бол харин насны ангиллаар том зөрүү гарсантай холбоотой. Их Британийн 18-24 насны сонгогчдын 75 хувь нь холбоонд үлдэх санал өгсөн бол 50-иас дээш насныхны хувьд гарах санал давамгайлсан байдаг. Ер нь дөч хүртэлх насныхны дунд үлдэх нь зөв гэдэгт нэгдэж байсан. Тиймээс залуус “бидний ирээдүйг балласан хөгшчүүдэд гомдож байна” гэсэн мессэжийг нийгмийн сүлжээгээр багагүй явуулсан. Гэсэн хэдий ч уучлаарай, нэгэнт гаргасан шийдвэрээ буцаахгүй гэсэн байр суурин дээр эрх баригчид нь зогссон. Гэхдээ ард түмнийхээ сонголтод хүндэтгэлтэй ханддаг нь нэг талаас харагдаж байгаа юм. Энэ нь ардчиллаас сурах зүйл олон байна гэдгийг харуулж байна.

-Британичуудын дунд 1975 онд анхны санал хураалт явахад 67 хувь нь Европын холбооноос гарахгүй гэсэн санал өгч байсан гэдэг. Гэтэл яагаад өнөө үед өөрчлөгдөх болов?

-1970 оны улс төрийн байдал, техник технологийн байдлыг өнөөтэй шууд харьцуулах боломжгүй. Тухайлбал, бидний төрөхөд дэлхий ертөнц ямар байлаа одоо ямар байна бүх талаар нь харьцуулах шаардлага гарна. Ингээд бодоод үзэхээр хүйтэн дайн, ЗХУ-ын нөхцөл байдал зэрэг нь хамтдаа байсан дээр гэсэн шийдвэрт хүргэсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлж болно. Түүнчлэн тухайн үеийн иргэдийн мэдээлэл ямар байсан билээ гээд тэр утгаар нь авч үзвэл хүмүүсийн санаа бодол эргэх нь ч бас аргагүй ч юм уу. 1970-иад оны сонгогчийн мэдээл авах боломжийг өнөөгийн боломжтой харьцуулшгүй. Иргэд өөрсдөө мэдээлэл олох боломж нь өргөн болчихсон. Тэр үед Ерөнхий сайд байсан төмөр хатагтай Маргарет Тетчер ч бас Дэвид Камеронтой адил үлдээчих гээд их л хичээж байсан. Тэгэхээр яагаад санал ингэж эргэв гэдгийг ойлгохын тулд тухайн үеийн цаг хугацааг өнөөгийнхтэй харьцуулахаас бус хүмүүс нь өөр болчихсон юм гэж хэлэх хэцүү байх. Би бол тэгж хардаг. Нийгэм өөрчлөгдсөн. Нийгэм бол амьд юм.

-Брекситтэй холбоотойгоор цагаачлалын асуудал ихээр хөндөгдөж байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Хүмүүс хоёр зүйлийг хольж хутгаад байх шиг санагдаад байдаг. Юу вэ гэхээр цагаачлал, дүрвэгчдийн асуудал хоёр ялгаатай зүйл. Цагаачлал гэхээр Европын холбоо дотроо шилжилт хөдөлгөөн хийх. Нөгөөх нь хямралаас зугтаж байгаа дайны дүрвэгчдийн асуудал юм. Яг Их Британид өөрсдөд нь дүрвэгсдийн асуудал тийм ч их асуудал үүсэхээр хэмжээнд очоогүй юм билээ. Зүүн Европын улсуудын хөгжил дорой орнуудын шилжилт хөдөлгөөн нээлттэй болсноороо Британи хүмүүс ажлын байраа алдах болоод бусад зах зээлийн асуудлууд гарч байсан. Гэхдээ нэг жишээн дээр харахад Уэльсийн зарим нэг тойргуудын хамгийн их санаа зовж байгаа зүйлүүдийн нэг нь цагаачлалын асуудал гэж гарч ирж байсан. Гэтэл яг үнэндээ тэнд бараг цагаач очдоггүй газар байгаа юм. Тэгэхээр сонгогчдын тархийг яаж ч угааж болно гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Бид нар хөндлөнгөөс хараад нэг зүйлийг хэлэх ч гэсэн яг тэнд дотор нь байгаа хүмүүс бидний анзаараагүй олон зүйлийг харсан байдаг. Энэ мэдээлэл тухайн үед Их Британид амьдарч байсан нэгэн эмэгтэй өөрийн блогтоо бичиж байсан тэмдэглэлээс авсан мэдээлэл юм.

-2014 онд болсон Шотландын санал асуулга дээр Шотландчууд Их Британид үлдэх санал гаргасан. Гэхдээ тэдний энэ шийдвэр нь бид Европын холбоод үлдмээр байна гэсэн хүсэлтээр үндэслэгдэж байсан. Гэтэл Их Британи Европын холбооноос гарах болсноор Шотландын байр суурь яаж эргэх бол?

-Маш эргэлзээтэй асуудал болж байгаа. Шотландууд бараг Их Британиас гараад Европ руу нэгдье гэж хэлэх гээд байх шиг байна. Гэхдээ шийдвэр гарах арай болоогүй байна. 2018 онд парламентаараа шийдэж чадвал 2019 онд дахиад санал хураалт явагдана. Санал хураалт ямар байх вэ гэхээр, Их Британиас гараад Европын холбоод үлдэх талаар иргэдээсээ асууя гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол 2014 оны санал хураалтын үед сөрөг хүчний байр суурь бол Шотланд улс тусгаар байж чадна. Яагаад гэвэл эдийн засаг, байгалийн нөөц баялаг, бусад зүйлсээрээ бид нар тусгаар улс шиг байж чадах бүрэн боломжтой гэж байсан. Бид яагаад Щвецарь шиг байж болохгүй вэ. Щвецарь өөрөө Европын зүрхэнд байгаа тусгаар улс, Европын холбооны гишүүн биш хэр нь сайхан амьдарч болж байна. Хүмүүс нь баян байна, төр нь хүчтэй байна. Ямар нэгэн байдлаар бусдын төлөө хариуцлага хүлээх шаардлагагүй байна. Бусдын төлөө бид зовох албатай биш гэсэн байр суурийг хэлээд байгаа юм. Британичууд ч бас амиа бодоод тусдаа байвал илүү ашиг орлоготой байж болно гэж харж байгаа. Ер нь Брекситийг баримталж байсан судлаачид заавал Европын холбоод байснаараа сайхан амьдардаг юм биш гэж хэлж байсан.

-Их Британи Европын холбоод байснаараа давуу тал болоод сөрөг тал юу байв. Мөн гарснаараа хэрхэн өөрчлөгдөх бол?

-Брекситийн санал хураалт явагдахаас өмнөх сонгуулийн ПиАр одоо өөр болчихооод байгаа юм. Жирийн иргэдийн тал дээр Брекситийг юу гэж харж байсан бэ гэхээр цагаачлалын асуудал дээр санаа зовж байсан. Үнэхээр бид нар Европын холбооны гишүүн орон байгаад Шенгений асуудлуудыг тэдний төвшинд авч үзээд байвал бид нар өөрсдөө уусах маягтай байна гэж байсан. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай нэгэн үгэндээ “Бид нар даяаршлын эрин үед ирж байна. Энэ бүхэн хүссэн хүсээгүй бид нарт нөлөө үзүүлнэ. Гэхдээ дангааршиж өөрөөрөө байх нь нэг талаасаа зөв шүү” гэдэг тухай хэлсэн байдаг. Тэрхүү дангаарших хувилбарын нэг нь Брексит болоод гарч ирлээ гэж харж байна. Тэр чигээрээ цаашдаа байгаад байвал Их Британи гэх үндэстэн, дотор нь байгаа жижиг улсууд өөрийнхөөрөө байж чадах уу үгүй юү. Бид нар хүн төрөлхтний төлөө болоод бусад улс үндэстнүүдийн төлөө сайн сайхан зүйл хийж болно. Гэхдээ бид нар заавал даяаршиж, тэдний дунд орж уусахгүйгээр хийж болох юмаа гэдэг санааг гаргаад байгаа юм.

Мөн Их Британийн талаас хэлж байгаа нэг зүйл нь Европын холбоонд бид жил бүр 19 тэрбум ам.доллар төлж байна. Энэ нь Британи хүн бүрээс 300 доллар татаж байна гэсэн үг юм. Энэ мөнгийг бид нар өөрсдөдөө зарцуулах нь илүү ашигтай гэдэг санааг БорисЖонсон зэрэг хүмүүс хэлж байсан. Бид нар Европын холбоод орсноороо арай их мөнгийг бусад улсын төлөө зараад байна гэж байсан юм.

Харин нөгөө талд бид Европын холбоод байснаараа алдсан юм байхгүй шүү дээ. Яах вэ, Европын холбооны 3 тулгуурын нэг нь гэдэг утгаараа жилдээ нэлээд их мөнгө төлж байгаа ч эргээд бид авдаг. Европын холбооноос хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал Уэльсд ч юм уу тодорхой хэмжээнд орон нутгийн хөгжилд нь зориулаад төсөл хэрэгждэг гэдгийг хэлдэг юм билээ.

Бас нэг яриа гарсан нь Их Британи анхнаасаа тоглоомд оролцчихоод одоо ингээд орхиж байвал тодорхой хэмжээнд төлбөр төлөх ёстой гэж хэлээд байгаа. Гараад явна гэхээр шууд гараад явчихдаггүй. Гарахын тулд бичиг цааснаас эхлүүлээд олон үйл явц болох шаардлагатай болно. Европын холбооны үндсэн баримт бичгийн 50 дугаар заалтад гарах тухай заалт байдаг. Яг тэрхүү заалтыг хэрэгжүүлэхэд хоёр жил хэрэгтэй болно гэж харж байгаа. "Европын холбооноос гарсны нөхөн олговор болгож 57.5 тэрбум евро буюу 50 тэрбум фунт төлөх ёстой гэсэн Европын холбооны шаардлага гарсан. Гэхдээ энэхүү шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ Их Британийн сан хөмрөгийн канцлер Филип Хэммонд мэдэгдсэн. Баримт бичгийн хүрээнд заавал торгууль төлөхөөс илүүтэйгээр ёс зүйн хувьд яригдах магадлалтай. Гэхдээ Европын холбооноос хэрэгжүүлж байгаа гадаад болоод дотоод үйл ажиллагаанд гарах зардлыг гарах хүртлээ буюу ирэх 2 жилд төлсөөр байх болно.

Судлаачид нэг зүйл дээр санаа зовж байсан. Тэр нь Европын холбооны орнууд цаашдаа Их Британийг дагаад хуйларчих вий гэж. Францын сонгууль саяхан болоод өнгөрлөө, тэр үед багагүй санаа зовж байсан. Удахгүй Италийн сонгууль болно. Британичууд гарч байгаа юм чинь бид ч бас гаръя гэсэн байр суурьтайгаар бүгд гараад Европын холбоо гэсэн Олон улсын хамтын ажиллагааны томоохон механизм үгүй болох вий гэсэн айдас байсан. Тэрнээс биш Британийн талд ямар нэгэн сөрөг нөлөө харагдахгүй. Хэрвээ хоёр жилийн дараа Шотланд Их Британиас гарна гэвэл “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс” гэсэн томьёолол цаашдаа байхгүй болбол яах вэ. Манай улсын бүрэн бүтэн байдал алдагдах юм биш үү гэсэн яриаг сөрөг хүчин гаргаж байсан. Хэрвээ үнэхээр Шотланд Европын холбоод байсан дээр гэж үзээд Их Британиас гарвал дэлхийн газрын зураг арай өөрөөр зурагдахыг үгүйсгэхгүй. Хэрвээ гарвал дээр ярьсанчлан жинхэнэ утгаараа тусгаар улс болно.

-Их Британи тодорхой хугацааны дараа эргээд Европын холбоод орох боломж бий юу?

-Тэр бол нээлттэй. Яах вэ түүхэн асуудал байж болно. Түүхэн цаг хугацааны хувьд эргээд бид нар хамт байх ёстой юм аа гэсэн санал бодол дээр нэгдэхийг үгүйсгэхгүй. Европын холбоод нэг удаа элсэнэ, дараа дахиад боломжгүй гэсэн ойлголт байхгүй. Их Британи бол том тоглогч, гол хөрөнгө оруулагчдын нэг тиймээс нээлттэй. Санал хураалтын дараах өдрүүдэд зарим хүмүүс мах ихээр гомдол гаргасан. Тэрхүү гомдол 100 мянга хүрэх юм бол гаргасан шийдвэрийг эргэж харах эрх зүйн тогтолцоо Их Британид байгаа хэдий ч түүнийгээ тийм ч их анхаарч үзсэнгүй. Судлаачдын харж байсан нэг зүйл нь “Тереза Мэй арай зөөлөн хандаад, бүр болъё гэхгүй юм аа гэхэд гарах цаг хугацаагаа сунгаад байх болов уу” гэж харж байсан. Харин ч тэгсэнгүй. Шийдсэндээ шийдье, гарахтай холбоотой зардлыг улсынхаа хэмжээнд даая, цаашдаа чухам яах вэ гэдэг тал дээрээ илүү анхаарал хандуулъя гэж байгаа нь илт байна. Нэг гаргасан шийдвэртээ хүндэтгэлтэй хандаж байна.

-Сая Германы канцлер “бид нар бусдад найддаг цаг ард хоцорлоо” гэсэн мэдэгдлийг харж байхад нэг талаар АНУ Парисын хэлэлцээрээс гарсантай шууд хамааралтай мэт харагдаж байгаа ч нөгөө талаараа Их Британи Европын холбооноос гарч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаагийн нэг илрэл гэж харж болохоор байна. Брекситээс болж бусад улсуудын, тэр дундаа Европын холбоод байгаа орнуудын байр суурь ямар байгаа бол?

-Анх Их Британи Европын холбооноос гарах талаар яригдаж эхлэх үед Европын холбооны улсуудын төрийн тэргүүнүүд Их Британийг Европын холбооноос гарахгүй байх гэдэгт итгэж байгаа талаар санал бодлоо илэрхийлж байсан. Нэг талаар хүн хоорондын нөхөрлөлтэй адил юм даа. Гэхдээ гарснаас нь болоод Европын холбоо бүр дампуурна гэдэг айдас харин ч одоо арилчихаад байх шиг байна. Мэдээж хэдэн жилдээ Европын холбоо өмнө нь авч байсан хэмжээний санхүү эдийн засаг, төсвийн боломж байхгүй болно. Хэдий тийм ч байгаа төсөвтөө тааруулан ажиллах нь ойлгомжтой. Тийм учраас бүр харамслын өнгөөр ярихаа больчихоод байгаа. Брекситийн санал хураалтаас хойш хоёр сарын дараа Европын холбооны санхүүгийн зөвлөлүүд хуралдсан. Тус хуралдаанаар Их Британи үнэхээр шийдсэн бол бид нар цаашдын өөрсдийн үйл ажиллагаагаа хэрхэн авч явах талаар ярилцах цаг нь болсон байна, нөхцөл байдалдаа зохицож ажиллая гэдэг байр суурь гаргасан.

Судлаачдын анхаарал татсан үйл явдлын нэг нь яах аргагүй Францын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Хэрвээ Францын Ерөнхийлөгчийн сонгууль бидний цоллодгоор “попуудын талд” гарсан бол Фрекситийн (FREXIT) асуудал яригдах байсан. Францын олонх нь Ле Пений талд ороод санал гарсан бол ирээдүйд Европын холбоо гэж байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдах байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макроны барьж байгаа бодлого бол бид Европын холбоог тараахгүй, харин шинэчлэн сайжруулах талаар тодорхой алхам хийх хэрэгтэй гэдгээ илэрхийлж байгаа. Их Британи ч бас ийм бодолтой байсан. Дэвид Камерон бид Европын холбоод байя, гэхдээ Европын холбооны Парламент, Засгийн газартай Европын холбоог шинэчлэх талаар яръя. Тухайлбал, зардал хэтэрхий өндөр байна, зарим зүйл заалт нь шударга бус байна, зарцуулалт алдаатай байна, нэг хэсэг нь ажиллаад нөгөө хэсэг нь заавал тэжээгдэж байх ёстой юм шиг энэ байдлыг илүү шударга төвшинд хүргэх хэрэгтэй гэдгийг сануулж байсан. Макроны хувьд, төгс төгөлдөр зүйл гэж хэзээ ч байхгүй гэхдээ үүнийг сайжруулъя, зарлагыг яаж бууруулах вэ, бусад улсын хариуцлагыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр илүү дуугарч байна.

-Түүхэнд өмнө нь Европын холбооноос улс орнууд ингэж гарч байсан тохиолдол байдаг уу?

-Ер нь бол байхгүй. Их Британи, Франц, Герман зэрэг том улсууд л хариуцлага хүлээхээс биш, бусад нь тэжээлгэж байгаа улсууд шүү дээ. Жишээлбэл, анх Грексит(Gexit) гэж яриад Грекийг гаргачихвал яасан юм бэ, заавал өөрсдийн дотоод хариуцлагагүйн улмаас хүнд байдалд орсон орныг аврах ёстой юм уу гэж байсан. Энэ талаар хоёр судлаачийн илтгэл хүртэл байдаг. Өөрсдийн дотоод хариуцлагагүйн улмаас алдсан алдагдлыг яагаад бусад улсууд нь төлөх ёстой юм бэ. Шударга бус байна гэдэг тал дээр тэд ярьж байсан. Энэ жил бараг Фрексит болох дөхлөө. Англи хэлний нэг тийм давуу тал байх юм. Ямар ч байдлаар шинэ нэр томьёо гаргах боломжтой байдаг.

-Их Британи хэдий Европын холбоод байсан ч гэсэн бусдаас ангид оршин тогтнохыг хичээдэг байсан шүү дээ.

-Тийм ээ. Энэ байдал нь Европын холбооны гишүүн хэр нь Шенгенийн визэд хамаарагддаггүй, еврог хэрэглэдэггүй байсан зэргээс харагддаг. Их Британийн хувьд бид заавал Европын холбоод нэгдлээ гээд бүх талаар уусах албатай биш, өөрсдийн паундаа хэрэглэнэ гэдэг дээр тогтсон. Нэг хошин гэмээр ч юм уу шиг үг байдаг шүү дээ. Өнөөгийн дэлхий дээр хэрэглэгдэж байгаа хэлийг хоёр л ангилна. Нэг нь англи хэл нөгөөх нь бусад хэл гэж. Англи хэлийг заавал сур, завтай бол өөр хэл сур гэдэг шиг язгууртан өгөгдлөө байнга хадгалсаар байдаг улс гэж ойлгож болно. Британичуудын хар хайрцагны бодлого их зөв явж байгаа. Төрийн хар хайрцагны бодлогын залгамж халаа нь хадгалагдсан хэвээр байдаг.

-Их Британи Европын холбооноос гарснаар Монгол-Британийн цаашдын харилцаанд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх үү?

-Бараг өөрчлөлт гарахгүй. Өнгөрсөн жил Брекситийн санал асуулгын дараа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд төрийн өндөрлөгүүдэд бичсэн нэг захидал байдаг. Тэрхүү захидалд “Засгийн газар ард түмнийхээ шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ бидний гаргасан энэхүү шийдвэр ямар нэгэн байдлаар Монгол-Британийн хоорондын цаашдын харилцаанд нөлөө үзүүлэхгүй” гэдгийг албан ёсоор тэмдэглэсэн байдаг. Сөрөг талаар нэг зүйл харагдаж магадгүй. Европын холбооноос манай оронд хэрэгжүүлдэг дэмжлэг туслалцаа, төслүүд хумигдах магадлалтай. Гол санхүүжүүлэгчийн нэг нь гарсан учраас өмнө нь баталж байсан төслүүдээ тэр хэмжээнд хэрэгжүүлж чадах уу гэдэг дээр асуудал үүсч болно. Далайц нь тэр хэмжээнд байж чадах уу гэдэг дээр асуудал байгаа.

-Их Британийн хувьд одоогийн эдийн засгийн нөхцөл ямар байгаа вэ?

-Брекситийн санал авсан тэр оройноос эхлээд гурав дөрвөн сар дамжсан уналт одоо зогсчихсон. Харин эсрэгээрээ эерэг хандлага гарахаар байгаа. Тухайн үед эдийн засгийн шинжээчдийн таамаглаж байсан зүйлүүдийн дотор санаа зовнисон зүйл цөөнгүй байсан. Жишээ нь, Лондон хот онцлог байдлын давуу талаа ашиглан үйл явдлын гол төвд байсаар ирсэн. Хэрвээ Европын холбооноос гарвал дэлхийн санхүүгийн төв гэсэн энэхүү байр сууриа алдах байх гэсэн айдас байсан. Гэтэл тийм биш, хэрэггүй зовнил байсан гэдэг нь нотлогдлоо. Харин ч бүр тогтворжиж цаашдаа улам хүчирхэгжих магадлалтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-07 08:30:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох