• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​ТҮМНИЙ НЭГ: Дөрөв төрөхдөө гурван удаа ихэр охид төрүүлсэн “Алдарт эх” Г.Мөнхзул

Зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохын адил хүн болох хувь зохиол ийм л гайхамшигтай билээ. Саяхан Завхан аймгийн Шилүүстэй сумын нэгэн гэр бүлд хоёр ихэр охин мэндэлжээ. Энэ нь анхны ихэр төрөлт биш бөгөөд гэргий Г.Мөнхзул нь дөрвөн удаа төрөхдөө гурав дахь удаагаа хоёр ихэр охиноо төрүүлж буй ховорхон хувь заяатай гэр бүл юм. Ихрүүдийн ээж Г.Мөнхзултай утсаар холбогдон  баяр жаргалтай цаг мөчөөс нь хуваалцсанаа хүргэж байна.

-Ихэр охидоо төрүүлээд хэдхэн хонож байгаа юм байна. Таны бие сайн байна уу?

-Гурав дахь удаагаа хийсвэрээр төрж байгаа учраас сүүлийн ихрүүдийг гарахад бие нэлээд хүнд байсан. Харин одоо бие маань сайжирч байгаа.

-Та гэр бүлээ танилцуулж болох уу?

-Миний ханийг Н.Лхагвадорж  гэдэг. Би Шилүүстэй сумын уугуул иргэн, харин хань маань Завхан аймгийн Отгон сумын уугуул. Бид хоёр зургаан охиныхоо хамт Завхан аймгийн Шилүүстэй суманд амьдарч байна. 2004 онд том охин маань төрсний дараа 2012 онд анхны хоёр ихэр охин минь төрсөн. Тэгээд 2015 онд удаах хоёр ихэр охин төрснөөс нэг нь эндсэн юм. 2017 оны таван сард дараагийн хоёр ихэр охид минь төрлөө. Том ихрийг Анударь, Анунгоо, дунд хоёрт Оюунбилэг, Оюун-Эрдэнэ гэдэг нэр өгсөн юм. Харин Оюун-Эрдэнэ маань эрүүл саруул өсч байна. Бага хоёртоо Оюунхорол, Оюунчимэг нэр өгөөд байна.

-Танай гэр бүлд ихрийн удам байсан уу?

-Манай гэр бүлийн хүн болон миний хамаатан садан дунд ихрийн удам байхгүй.

-Та хоёр анх гэр бүл болохдоо ч юм уу, ер нь хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан бэ?

-Хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөж байгаагүй. Хувь төөргөөрөө л хүүхдүүд маань аав ээждээ ирж хэмээн ойлгодог доо.

- Хүүхдүүдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлдэг талаараа сэтгэгдлээ хуваалцаж болох уу?

-Ихэр хүүхдэд асаргаа маш их шаарддаг. Ихэр хүүхдийг хооллож ундлахаас эхлээд нэгийг нь хөхүүлж тавиад нөгөөг нь хөхүүлэх гэдэг юм уу ачаалал ихтэй. Нойртой хонох нь өдөр ховорхон шүү дээ. Анхны ихрүүд дутуу гарсан учраас эмнэлгээр их явдаг байлаа. Хөхний сүү бараг гарахгүйгээс нэмэлт тэжээл ихээр хэрэглэж байснаас санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй байсан юм. Хоёр ихэр хүүхэд дан хөхний сүүгээр хооллоно гэж байхгүй. Шинэ мэндэлсэн ихрүүд маань одоохондоо хөхний сүүгээрээ хооллож байна. Цаашдаа нэмэлт тэжээл өгнө.

-Ихэр хүүхдүүд бусад хүүхдүүдийг бодвол амь нэгтээ байдаг шүү дээ?

-Заримдаа хоорондоо зодолдоно, тэгснээ хамт тоглоно. Ер нь нэгнийгээ хэсэг хугацаанд байхгүй байхаар үгүйлээд эхэлдэг. Заримдаа өглөө босоод нэг нь нэгийгээ байна уу, үгүй юү гэж шалгана. Хүүхэдтэй маргалдсан ч ихрүүд бие биенээ их өмөөрдөг юм.

-Ихрүүд хоорондоо адил төстэй зан араншин гаргах уу. Эсвэл өөр өөр байх юм уу?

-Том ихрүүдийн нэг их хөдөлгөөнтэй сэргэлэн. Харин нөгөөх нь их удаан. Ер нь хоорондоо ялгаатай шүү. Манай хань бараг охидынхоо ээж шиг нь л байдаг.Охид аавдаа их хайртай. Хааяа тэдэнд аав нь байхад болох юм шиг л байдаг. \инээв\

-Та хоёр ямар ажил хөдөлмөр хийж амьдарч байгаа вэ?

-Манай нөхөр хотод барилгын ажил хийж байгаад ихрүүдийг харахаар ирээд, ажлаасаа гарсан. Би Шилүүстэй сумынхаа Засаг даргын тамгын газар нарийн бичгээр ажилладаг. Гэхдээ одоо жирэмсний амралтаа авсан байна. Хоёулаа ажилгүй байхаар хүүхдийн хоол ундаа авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Удахгүй нэг нь ажлаа хийнэ дээ.

-Танай гэр бүл дандаа охидоо ямар хүмүүжилтэй ямар хүн болгож өсгөе гэж боддог вэ?

-Зөв хүмүүжилтэй болгож өсгөх гээд аль болох загналгүй учир байдлыг тайлбарлаж өгөхийг боддог. Хүүхэд бол бурхнаас заяасан бэлэг, гэр бүлийн аз жаргал учраас үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлдэг сайн ээж, аав байхын төлөө явж байна даа. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-06 10:31:27


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Naraa (103.11.193.186) 2017-06-14 09:02:25
    Iher huuhed osgoj humuujuulne gedeg ih hetsuuu. Iim hetsuu ner hundtei saihan albaa ner tortei guitsetgej uyiin zaluustaa ulgerlej bgaa ger buld n hamgiin ih az jargaliig huuhduuded n eruul enhiig husen yerooy
  2. Хөгшин (103.57.95.60) 2017-06-06 14:50:47
    Сайхан хүүхдүүдтэй өнөр гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Танд санал болгох