• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ш.Энхбаатар: Сонгуулийн сурталчилгаанд бусдын нэр, хуурамч хаяг ашиглавал 1.4-1.9 сая төгрөгөөр торгоно

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатартай ярилцлаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлагаа эхэлье ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуульд заасан хугацаатай ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тухайлбал, Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 1983 сонгуулийн хэсгийг байгуулаад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зарим шаардлагатай журам, заавар, холбогдох маягт, загварыг Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар баталсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах байруудыг хуульд заасан хугацаанд байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс гадна сонгууль зохион байгуулахад оролцох чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хуульд заасан хугацаанд хийгдэж байгаа.

-Зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хилийн чанадад суугаа иргэдээс санал авна. Хилийн чанадад амьдарч байгаа хэчнээн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох вэ. Саналыг ямар аргаар тоолох юм бэ?

-Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зургадугаар сарын 10, 11-нд явуулахаар УИХ-аас тогтоосон. Сонгуулийн ерөнхий хорооноос гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссыг байгуулсан. Энэ төв комисс нь Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулсан. Хилийн чанадад байгаа иргэд тавдугаар сарын 1-20-ыг дуустал хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлсэн бөгөөд нийт 7211 иргэн сонгуульд оролцоно . Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэнэ. Хуульд заасны дагуу 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22 цагаас ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан санал тоолох төхөөрөмжөөр тоолно.

-Зургадугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил орон даяар эхэлнэ. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу явж байгаа, эсэхэд хэрхэн хяналт тавих вэ?

-Сонгуулийн жил нь 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх дараах үйл ажиллагаа явуулах, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах амлалт авах гэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа.

Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаандаа сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдүүд нь сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагаа явуулах, сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах гэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээнэ.

Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх шийдвэрлэнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор явагдаж буй мэдээлэлд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллаж байгаа. Харин Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

-Сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад сошиал ертөнцөөр нэг рүүгээ дайрсан, гүтгэсэн мэдээллийг хувь хүмүүс нэлээд гарган тавьж байна. Энэ чиглэлд анхааруулж, хариуцлага тооцож байгаа зүйл байна уу?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг Сонгуулийн тухай хуулиар хориглосон. Дээрх үйлдэл гаргаж хууль зөрчсөн бол Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, сонгогчдын саналыг татах зорилгоор бусдыг гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Харин цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахдаа нэр дэвшүүлсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмжид Сонгуулийн тухай хуульд заасан хэм хэмжээний хүрээнд сонгуулийн сурталчилгаагаа явуулж, хуулийн дагуу ажиллахыг сануулсан.

-Ер нь сурталчилгааны хугацаанд хар пиар, хүний нэр төрд халдсан олон мэдээлэл түгээдэг. Энэ асуудлыг яаж цэгцэлж, сошиал ертөнцийг яаж хянах вэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо нь интернэт орчны сурталчилгаанд хяналт тавина.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана. Сонгуулийн сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглосон байгаа. Эдгээр хориглосон хэм хэм хэмжээг зөрчсөн аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.

-Нэр дэвшигчдийн сонгуулийн хандивын талаар?

-Иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл хандив өгч болно. Мөн иргэн, хуулийн этгээдээс сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид мөнгөн бус хандив өгч болно. Гэхдээ мөнгөн бус хандивын үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. Арван найман нас хүрээгүй хүн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд гэх зэрэг хандив өгөхийг хориглосон этгээдийг Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Хэрэв хандив өгөхийг хориглосон этгээд нь сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг шууд дэлгэцээр харуулна гэж байсан. Энэ хэвээрээ биз дээ?

-Хэвээрээ. Сонгуулийн санал хураалт 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22 цагт дуусна. Хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулж буй санал авах байр нь санал хураалтын дүнгийн хуудсыг хэвлэж авсны дараа санал хураалтын дүн мэдээг Сонгуулийн Ерөнхий Хороонд шууд дамжуулна. Сонгуулийн дүнгийн мэдээг дэлгэцээр шууд дамжуулж үзүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

-Саналын хуудсыг хэзээ хэвлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг өнөөдрөөс эхлэн хэвлэнэ.

-Сонгогчдын ирц жилээс жилд муудаж байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 онд 92.7 хувьтай байсан байна. Үүнээс хойш сонгогчдын ирц тогтмол буурсаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувь болсон. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 73.5 хувь нь оролцож саналаа өгсөн нь өссөн үзүүлэлттэй гарсан. Үндсэн хуульд иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг тул сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо болон шат шатны сонгуулийн байгууллагууд, холбогдох төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.

Мөн сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг Танай сайтаар дамжуулан уриалж байна.

-Ямар тохиолдолд дахин санал хураалт явуулах шаардлага үүсэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна . Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-02 13:14:43


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох