• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: ​NIKON-д ажилладаг монгол инженер Б.Мэндбаяр

Дэлхийд дижитал, гэрэл зургийн салбарт тэргүүлэгч Nikon компанид инженерээр ажилладаг монгол залуу Б.Мэндбаярыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цувралынхаа ээлжит зочноор урьж оролцууллаа. Түүнтэй ярилцах саналыг нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багш бидэнд ирүүлсэн юм. Учир нь тэрээр Ц.Баяраа багшийн аварга шавь нарын нэг, Монгол Улсаа төлөөлөн олон улсад өрсөлддөг математикийн мэргэжлийн багийн тамирчдын нэг байжээБ.Мэндбаяр дунд сургуулиа төгсөөд Японы Засгийн газрын тэтгэлгээр Японы “Tsuyama” коллежийг төгсч, дараа нь Чиба их сургуульд инженерийн чиглэлээр суралцсан байна. Ингээд шинэ залуу үеийн төлөөлөл, дэлхийд алдартай Nikon компанид ажиллаж буй Б.Мэндбаяртай ярилцсанаа хүргэж байна

ГУРВАН ТОМ ШАЛГУУРЫГ ДАВЖ  NIKON КОМПАНИД АЖИЛЛАХ БОЛСОН 

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Дэлхийд алдартай Nikon компанид ажилладаг таны хувьд нэлээд өндөр шалгуурыг давж байж энэ компанид орсон байх л даа. Мэдээж тэр хэрээрээ өрсөлдөгчид олон байсан болов уу. Тэр дундаас юугаараа та бусдаас онцгой байж чадсан бэ. Таны компанидаа ажиллах болсон түүхээс яриагаа эхлүүлье гэж бодож байна?

-Сайн байна уу. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьсанд баярлалаа. Их сургуулиа төгсөөд ажил хайж эхэлсэн. Гэхдээ эхлээд шууд Nikon-д ажиллах шалгалт өгөөгүй. Өмнө нь хоёр ч компанид ажлын ярилцлага өгч туршлага хуримтлуулсан байсан гэх үү дээ. Ажлын ярилцлагад ороход юуг хамгийн их чухалчилдаг вэ, cv-ээ хэрхэн бэлдэх ёстой талаар суралцаж бага зэрэг туршлага хуримтлуулсан байсан.

Зарим япон компаниудад ажилд орохын тулд эхний шатанд заавал шалгалт өгөлгүйгээр төгссөн их сургуулийнхаа тодорхойлолтыг өгч болдог. Миний хувьд их сургуулийн хичээлийн оноо нэлээд сайн байсан. Тийм болохоор анх сургуулиасаа тодорхойлолт гаргуулаад Nikon-д өгсөн.

Дараагийн шат нь ур чадвар шалгасан инженерийн шалгалт байсан. Дараа нь ярилцлагын буюу хүний нөөцийн дарга нартай уулзах шалгаруулалт байсан. Ер нь томоохон компаниудад ажилд ороход мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний хөгжих чадвар, нийгмийн оролцоо чухал үүрэгтэй байдаг.

Хөгжих чадвар нь юуг хэлж байгаа вэ гэхээр мэргэжлийн ур чадвар дутмаг ч алсдаа өөрийгөө хөгжүүлээд тухайн зүйлийг сурч чадах уу, мэргэжлийн хүсэл сонирхол байна уу. Хэдийн хэр хугацаанд тухайн зүйлээ хөгжүүлээд, компанид ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг голчлон хардаг. Эцсийн шатны ярилцлагад ороход надаас “Энэ компанид ороод юу хиймээр байна, яагаад энэ компанийг сонгож байгаа вэ. Цаашдаа өөрийнхөө ямар давуу талыг ашиглан аль талд энэ компанийг хөгжүүлэх вэ” гэж асууж байсан.

Нөгөө нэг зүйл нь нийгмийн идэвх оролцоог чухалчилдаг. Гэхдээ компани болгон бас тийм  гэж ойлгож болохгүй.

Миний хувьд биеийн тамираар хичээллэдэг. Оюутан байхдаа Японы коллежийн оюутнуудын дунд орон даяар зохиогддог хөнгөн атлетикийн тэмцээнд бөөрөнцөг шидэлтээр долдугаар байранд орж байсан. Тэр идэвх маань бас Nikon -д тэнцэхэд нөлөөлсөн байх.

-Яагаад Nikon компанийг сонгосон бэ гэж асуухад нь юу гэж хариулж байв?

-Анх Nikon-д ажиллах болсон шалтгаан нь миний төрөлхийн сониуч зантай холбоотой. Багын сониуч, аливаа зүйлийн учир шалтгааныг олох гэж мэрийдэг байсан маань инженер болоход, улмаар энэ компанид ороход их нөлөөлсөн гэж боддог. Анх математикаар хичээллэж эхэлж байхдаа хасах хаалтны учрыг олддоггүй маш будилдаг байлаа. Тэгсэн гэнэт л нэг өдөр хаалтны гаднах хасах тэмдгийг нь авахаар хаалтны доторх бүх утга эсрэгээрээ болдог юм байна гэдгийг ойлгосон. Хэцүү ч гэсэн нэг өдөр утгыг нь ойлгодог болохоор математикт дуртай болсон. Мөн багадаа унадаг дугуйныхаа бүх арааг салгаж, эвлүүлж үзнэ. Суудлыг нь өндөрсгөж, багасгана. 1.5 вольтын гар чийдэнгийн лампыг 220 вольтод залгаад санаандгүй гар дээрээ дэлбэлсэн хөгтэй явдлууд олон байсан.

Би аливаа зүйлийн цаад нарын учрыг олох гэж тасралтгүй оролдлого хийдэг сониуч зантай. Nikon компани бол дэлхийд хамгийн хөгжингүй багаж, программын маш нарийвчлал сайтай технологи бүхий багаж үйлдвэрлэдэг. Тэрбумаар тоологдох хэмжээний транзистрийг маш бага зайнд энэхүү багажийг ашиглан хийж байна. Тэгвэл энийг яаж хийдэг вэ, яавал илүү шинэчлэл хийж болох вэ гэдгийг туршиж, хүчээ сорьж үзмээр санагдаад Nikon-ийг сонгож байсан. Мэдээж Nikon-ы камерт дуртай учраас өөрийн дуртай компанидаа ажиллах хүсэл бас байсан.

-Одоо Nikon-ны аль салбарт нь юуны инженерээр ажиллаж байна вэ. Хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Nikon-ны “Semiconductor Lithography Business Unit, Development Sector”-т буюу хагас дамжуулагч чип хийдэг багажны үндсэн программ хангамжийн хөгжүүлэлтийн хэлтэст дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Хагас дамжуулагч чип хийдэг багаж гэдэг нь дээр хэлсэнчлэн маш бага зайд тэрбумаар тоологдох хагас дамжуулагчийг хийж чаддаг энэ дэлхий дээрх хамгийн нарийвчлал сайтай багаж гэхэд болно. Энэхүү багажны ерөнхий үйлдлийн систем хөгжүүлэлтийн хэсэгт ажиллаж байна.

-Тухайлбал, таны хийж буй багажийг ямар зүйл хийхэд ашигладаг вэ?

-Одоо бид бүгдийн ашигладаг гар утас, компьютер, цахилгаан бүхий л төрлийн багажуудад ашиглагддаг бичил процессорууд нь энэхүү багажийн тусламжтайгаар бэлэн болж байна гэсэн үг.

-Nikon компани ажилчдаа ямар арга барилаар удирддаг вэ. Тэр дундаа Японы үндэсний томоохон компани болохоор байгууллагын дотоод соёл нэлээд өндөр байдаг байх?

-Шинэ ажилчдыг эхний 4 сар хүнтэй мэндлүүлэх, утсаар зөв ярих, гаднын зочидтой хэрхэн харилцах, өөрийнхөө мотивацийг хэрхэн дээшлүүлэх гэх зэрэг анхан шатны зүйлүүдийг зааж сургадаг. Энэ нь туршлагатай ажилтан болгохын тулд бүх зүйлийг эхнээс нь зааж өгч байгаа нэг хэлбэр юм. Миний хувьд ч энэ замналаар явж ирсэн.

Манай хэлтэс компанидаа нэлээд чухал тооцогддог салбар нь гэж ойлгож болно. Тиймдээ ч суралцах зүйл маш их байдаг. Ажиллаад дөрвөн жил болж байгаа хэдий ч суралцах зүйл байсаар л байна. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ компанийнхаа аль ч ажилтнаас асуухад нээлттэй байдаг.Тэр хэрээрээ багийн хамтын ажиллагаа маш сайн.

Мөн инженерүүдийн хувьд гэрээсээ ч ажиллаж, ажлын цагаа өөрсдөө сонгох боломжтой байдаг. Түүнээс гадна манай компани аливаа зүйлийг маш нягт, нямбай хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлж хийхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг. Хэрэглэгч нэгдүгээрт, хэрэглэгч хаан гэсэн зарчмаар ажилладаг. Тэр зарчмыг компанийн ажилчид ч мөн дагана.

Сурв: Сониуч зан, аливаа зүйлийг нарийн учрыг олно гэсэн түүний тууштай оролдлого, тасралтгүй зүтгэсэн хичээл зүтгэл дэлхийд алдартай том компанийн инженер болоход хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болжээ. Мөн тэрээр ангийнхаа С.Сайнбаяр, Ц.Гэрэлт гээд лидер сурагчдын ард хоцрохгүйн тулд 1000 бодлоготой номыг дуустал нь бодож, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл нүдээ хөхөртөл тоо боддог байжээ. Энэ нь нэгд, тэрээр дуртай зүйлээ олсонтой нь холбоотой байсан. Хоёрт, шилдэг хүүхдүүдийн дунд байсан өрсөлдөөн түүнийг энэ амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Зорилготой, мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тууштай тэмцэж, тасралтгүй оролдлого юм бол амжилтад хүрч болдогийг Б.Мэндбаярын амьдрал батлан харуулах мэт

Ингээд бид түүний хувь хүний хөгжил, өрсөлдөх чадвар, цаашдын алсын хараа, зорилгын талаар үргэлжлүүлэн ярилцсан юм.

АЛИВАА ЗҮЙЛЭЭС ГАРАХ ЭЕРЭГ, СӨРӨГ ҮР ДҮН ХАНДЛАГААС ИХЭЭХЭН ХАМААРДАГ

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Манай аав миний хамгийн том үлгэр дууриал авдаг хүн. Бага сургуульд байхаас л надад өөрийнхөө улаан дипломтой төгссөн, онц сураад тэтгэлэг авдаг байсан талаар их ярьж өгдөг байсан. Аав шигээ хүн болохыг тэр үеэс сэтгэлдээ тээж мөрөөдөж ирсэн дээ.

Харин сурч, хөгжих тал дээр бол найз нараасаа маш их зүйлийг сурдаг, үлгэр дууриал авдаг. Одоо ч хүртэл зарим нэг зүйлсийн талаар санал асууж зөвлөгөө авдаг. Биедээ тусалж, дэмжинэ, зөвлөгөө өгнө. Ер нь хүний ямар орчинд төрж өссөн, ямар хүрээлэлд сурч өссөн тухайн хүнийн ирээдүйд чухал үүрэгтэй байдаг юм шиг  байна. Манай ангийнхан хагас сайн болгонд сорилын шалгалт өгдөг байлаа. Хамгийн олон оноо авсан нь шинэ жилээр мандаринаар шагнуулдаг. Нэгдүгээр байранд орж, хамгийн өндөр оноо авах юм бол 100 мандарин авна. Эхний жилүүдэд хамгийн өндөр оноог манай ангийн охидууд авдаг байсан. Одоо бодоход бид нар их өрсөлдөөнтэй байсан нь биенийгээ хурцалж, хөгжүүлдэг байсан байгаа юм.

Мөн би их эерэг, өөдрөг үзэлтэй хүн.”Амьдрах сайхан” гээд кинонд их дуртай. Ямар нэг асуудал гарлаа гээд гутрангаар хандах биш өөдрөгөөр хүлээж аваад, эерэг талаас нь харах хандлага их чухал байдаг. Ямар ч асуудал тулгарсан түүнд гарах гарц шийдэл байж л таарна. Түүнд хандаж байгаа хандлага ямар байхаас хамааран гарах үр дүн нь шийдэгдэнэ шүү дээ.

-Өөрийгөө хөгжүүлэхэд тустай нэг зүйл бол өөрөөсөө дээд төвшний боловсролтой, эсвэл өөрөөсөө илүү олон газраар явж юм үзэж, нүд тайлсан хүнтэй ярилцаж, тэднээс зөвлөгөө авах тухай сонсож байсан. Өндөр хөгжилтэй оронд, үндэстэн дамнасан томоохон компанид ажиллаж байгаа таны хувьд уулзаж учирсан хүмүүс олон. Амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө, сургамж юу байсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Маш олон хүнтэй уулзаж, учирч явсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл бодож явдаг ганц л хүний хэлсэн сургамж, зөвлөгөөг мартдаггүй юм. Тэр бол манай Ц.Баяраа багш.Тэрээр бидэнд “Хэнтэй, хаана, хэзээ, яах гэж, юу хийж буйгаа үргэлж бодож бай” гэж захьдаг байсан. Энэ нь хожим бодоод байхад маш нарийн учир, утгатай үг байсан байгаа юм. Нэг үгээр хэлбэл, зорилгоо сайн бод гэсэн далд санаа. Мөн юу хийж байгаагаа гэдэг нь миний хийх гэж байгаа зүйл буруу юу, зөв үү гэдгийг бод гэсэн утга давхар агуулж байгаа юм. Энэ үгийг би энэ компанидаа ороод ч их сонсч байна. Аливааг хийхдээ "5W2H"-ийн дүрмээр ажилла гэдэг.

-2000 гаруй туршилт хийж байж гэрлийн шийдэн зохион бүтээсэн Томас Эдисон “Олон удаа бүтэлгүйтсэн ч нэг ч удаа цөхрөөгүй. Учир нь би гэрлийн чийдэж хийж болохгүй 2000 гаруй аргыг олж мэдсэн” гэж хэлсэн байдаг. Ер нь алдаа, бүтэлгүйтэл гэдэг өөр нэг шинэ зүйлийн эхлэл болж, бас нэг боломжийг олгож байдаг юм шиг. Тэр тусмаа таны хувьд инженер хүн амьдралдаа хэр их алдаж, бүтэлгүйтэж байв. Тэр үед ямар сургамжийг авч байсан бэ?

-Одоог хүртэл санаас гардаггүй, бас хааяа бодохоор харамсаж явдаг нэг зүйл бий. Би олон улсын математикийн олимпиадад ганцхан оноогоор медалиас мултарч байсан. Ганцхан өгүүлбэр нэмээд бичихсэн бол медаль авах байсан юм гэж их харамсдаг. Одоо ч заримдаа тэр явдлыг найзууддаа ярина. Гэтэл найзууд маань “хэрвээ чи тэр үед алдаагүй, медаль хүртсэн байсан бол өнөөдрийн энэ амжилтад хүрэх байсан болов уу” гэж хэлдэг. Олон алдаа, бүтэлгүйтэл өнөөдрийн эхлэлийг тавьж, маргаашийг бүтээдэг юм шиг байгаа юм.

Залуусдаа хандаад хэлэхэд, алдсан ч маргааш нь босоод хийх тууштай оролдлоготой байгаарай. Тэр тусмаа инженер болоход оролдлого, хичээл зүтгэл маш чухал байдаг. Мөн инженер хүн зарим талаар залхуу байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аливаа зүйлийг яаж, хэрхэн хялбарчлах вэ гэдгээ боддог байх ёстой.

БОДОХ,ТЭГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ТӨЛӨВЛӨХ ҮЕД ЗОРИЛГО НЭГ АЛХМААР УРАГШИЛДАГ

-Нэг үе залуу хүний өрсөлдөх чадвар гадаад хэл байсан. Харин шинэ эрин зуун эхэлж буй энэ үед гадаад хэлээр ярьдаггүй, мэддэггүй хүн ховор болж байна. Тэгвэл орчин үед залуус ямар ур чадвараараа өрсөлдөж байна. Техник технологи өндөр хөгжсөн оронд ажиллаж буй таны бусадтай өрсөлдөх давуу тал юу вэ?

-Их сургууль болон ажилд ороход япон оюутнуудтай хамт шалгалт өгч байсан. Мэдээж монгол хүн гадаад оюутан гэж харагдаж байсан ч сургуулийн дүн, ерөнхий мэдлэг болон япон хэл сурсан чадвар, мөн дээрээс нь математикаар болон спортоор хичээллэдэг байсан минь давуу тал болсон юм болов уу гэж бодож байна. Одоо ч гэсэн ажил дээр манай дарга намайг яаж япон хэл ийм сайн сурсан юм бэ гээд гайхаж магтаад байдаг.

Миний ажлаа хийдэг нэг онцлох арга барил бол өөрийн гараар дэвтэр дээр бичиж төлөвлөх байгаа юм. Толгойд орж ирсэн санаа, эсвэл ойлгохгүй байгаа зүйл ч юм уу бүгдийг нь бичээд төлөвлөөд, байж болох хувилбаруудыг нь тооцоолчихдог. Ийм зүйлийг ойлгохын тулд ийм, ийм зүйл олж унших ёстой. Эсвэл энэ зорилгод хүрэхийн тулд ийм, ийм алхам хийх хэрэгтэй гэх зэргээр санаануудаа нарийн төлөвлөдөг. Толгойд байсан зүйлээ бичиж буулгахад түүний биелэх магадлал нэмэгдэж байдаг. Их сургуульд байхад карьерын талаар нэг хичээл орж, тэр үеэр 5 жилийнхээ цаашдын төлөвлөгөөг гаргаж байсан юм. 23 настайдаа гаргаж байсан төлөвлөгөө өнөөдрийнхтэй зөрөхгүй, бүгд биеллээ олсон байгаа юм.

Нэг жишээ ярихад, хэцүү зүйлийг олон удаа хийж үзэж, бүтэхгүй зүйл байсан ч олон удаа бодож, төлөвлөх нь зорилгод хүрэх шатыг нэг алхам урагшлуулж байдаг.

Олон удаа бодоод байхаар хүний тархин дахь нервонууд шинэ холбоосоор холбогдон бүр илүү өргөжин тэлж байдаг бөгөөд хийж байгаа зүйлдээ улам мэргэшиж байна гэсэн үг. Мэргэжлийн тамирчдын 10000 цагийн дүрэм нь үүнтэй холбоотой. Бодох, тэгээд түүнийгээ төлөвлөх үед зорилго, мөрөөдөл биелэх магадлал өндөр болдог.

-Мөрөөдөх, мөрөөдлөө цаасан дээр буулгаж төлөвлөж, түүнийгээ бодож явах нь зорилгодоо хүрэх эхний алхмууд гэж ойлголоо. Мөрөөдөл нь мөрөөдөл хэвээр үлддэг хүн мөрөөдлийнхөө төлөө бодитой алхам хийдэггүйтэй холбоотой юм байна. Таны ойрын 5 жилийн төлөвлөгөө, зорилго юу вэ. Цаашдын алсын хараа гэх юм уу?

-Ойрын 10 жилдээ энэ компанидаа ажиллана. Тэгээд Монголдоо очих төлөвлөгөөтэй байна. Гэхдээ охиныхоо боловсрол ямар сургуульд сургахаас шалтгаалаад нарийн шийдэж, төлөвлөж чадахгүй зүйлүүд олон байна. Ерөнхий зураглалаа бол гаргасан.

Заримдаа Монголд очоод хөдөө нутагт мал аж ахуй эрхлээд, эсвэл газар тариалан, нэг бол зөгийн фирм ажиллуулах хүсэл байдаг шүү.

ӨӨРТ НОГДСОН АЖЛАА ХАМГИЙН САЙН ХИЙХ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ОРУУЛЖ БУЙ ТОМ ХУВЬ НЭМЭР

-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа хүний хувьд мэдээж эх орноо хөндлөнгийн нүдээр харж байгаа. Ер нь Монгол Улсын цаашдын хөгжилд өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй ямар зүйлүүд байна гэж хардаг вэ. Үүнд монгол хүн ямар үүрэг оролцоотой байх ёстой гэж боддог вэ?

-Хувь хүн өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй. Аливаад өөрийнхөө үнэлэмжээр шууд хандах буй тухайн зүйлийг шалгаж, нягталж, бодож тунгаадаг байх хэрэгтэй юм болов уу. Нэг үгээр хэлэх юм бол аливаад шинжлэх ухаанчаар, ул суурьтай байх ёстой гэсэн үг.

Нөгөө нэг зүйл нь өөрт ногдсон өмнөх ажлаа хамгийн сайн хийх юм болов уу. Япон хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тухайн газартаа маш үнэнчээр, бүх хүчээ дайчлан ажилладаг. Энэ нь нэг талаар Япон улсыг энэ өндөр хөгжихөд нөлөөлсөн гэдэг. Ямар ч ажил хийдэг байсан тэр ажилдаа үнэнч, шударгаар хөдөлмөрлөж, зүтгэдэг, тууштай байх юм бол Монгол Улс хөгжих юм болов уу гэж хардаг.

Сурв: Тэрээр үндэстэн дамнасан томоохон компанид амжилттай ажиллаж хувийн карьераа өсгөхийн зэрэгцээ аав, нөхөр хүнийхээ үүргийг ч мөн алдахгүй сайн биелүүлдэг байна. Эхнэр Г.Мөнхзаяа нь Японд суралцдаг аж. Өрсөлдөөн ихтэй, өндөр хөгжилтэй оронд сурч, ажиллаж яваа монгол гэр бүлийн бас нэгэн төлөөлөл ажээ

Тэрээр Япон орныг бүтээдэг ирээдүй хойч болсон хүүхдүүддээ аав, ээж, сургууль, цэцэрлэг нь хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг тухай өөрийн туршлага, ажиглалтаас “Японд дүрэм бол дүрэм гэдэг зарчмыг хүүхдэд багаас нь маш сайн ойлгуулдаг . Дүрмийг зөрчөөд шийтгүүлж болно биш, дүрмийг хэрхэвч зөрчиж болохгүй гэсэн зарчмаар хүүхдээ хүмүүжүүлдэг. Болохгүй бол болохгүй. Яагаад болохгүй вэ. Угаасаа л болохгүй учраас гээд хүүхдийн тархинд бага балчраас нь суулгаж өгдөг. Миний хувьд ч бас энэ арга барилаас суралцаж, охиноо хүмүүжүүлэх гэж хичээдэг. Үнэхээр болохгүй зүйл дээр нь үгүй гэж хэлж, болохгүй гэдэг ойлголтыг анхнаас нь өгч байх хэрэгтэй юм шиг байгаа юм л даа. Эхэндээ болохгүй гэж байснаа хүүхэд уйлаад зөрүүдлээд, шалаад байхаар хэсэг хугацааны дараа зөвшөөрчхөж болохгүй гэсэн үг. Тэгвэл дүрмийг зөрчиж болдог юм байна гээд хүүхэд ойлгочихно гэсэн үг. Тиймд үнэхээр болохгүй зүйл дээр нь сайн загнаж байх хэрэгтэй юм болов уу. Гэхдээ миний хувьд шинэхэн аав болохоор суралцаад л явж байна” хэмээн хуваалцсан.

Мөн “Би ажилтай, эхнэр маань хичээлтэй болохоор аль, аль нь их завгүй байдаг. Тийм болохоор гэр бүлийн хэд, хэдэн дүрэмтэй. Тухайлбал, амралтын өдөр компьютер, утас ширтэхгүй хүүхэд ,гэр бүлдээ заавал цаг гаргана. Хэчнээн их муудалцсан байсан ч тусдаа унтахгүй. Ажил эрт тарсан нь охиноо цэцэрлэгээс авна. Ажлын долоо хоногийнхоо хоолыг амралтын өдрүүдэд хамтдаа бэлтгэж тавих. Хоол хийсэн нь аяга таваг угаахгүй, идсэн нь угаана гэх мэт. Ийм зүйлүүд залуу гэр бүлд их тустай байдаг” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 


Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim агентлаг эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-31 06:43:42


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. MglausCom (202.179.25.116) 2017-05-31 19:37:42
    Ohinoo mongol hel saitai mongold elegtri bolgooroi
  2. Зочин (139.5.219.117) 2017-05-31 17:24:49
    Сайхан залуу гэр бүлд аз жаргал хүсье
  3. hi (202.9.43.73) 2017-05-31 16:46:43
    wow mundag um
  4. Зочин (202.131.245.226) 2017-05-31 16:03:01
    Чадалтай сайн залуу байна. Өмнө нь энэ буланг/ДМ/-д орсон хүмүүсийн ярилцлагыг уншихад нэг л нууцлагдмал ямар нэгэн зүйлээ өрсөлдөгчиддөө алдчих гээд юм шиг өнгө аястай ярилцлагууд зонхилж байдагсан. Тэгэхэд энэ залуу зүгээр л бусдад харамгүй сэтгэлээр хандсан нь түүний сэтгэлгээний цараа, мэдлэг боловсролын бядыг харуулж байх шиг, өгөөмөр зантай ч биз.
  5. зочин (182.160.36.45) 2017-05-31 13:29:30
    Бямбадоржн хүү Мэндбаяртаа амжилт хүсье! Энхүүш та 2 багын цагаан зүггүй аливааг эрэлхийлсэн жаалууд байж дээ
  6. Зочин (27.123.214.122) 2017-05-31 13:03:17
    Мундаг дүү нартаа амжилт. Сайхан мундаг гэр бүл
  7. зочин (126.15.231.68) 2017-05-31 10:47:53
    Болж л байна ш дээ. сайн байна. Их л идэвхтэй чармайлттай хүү байна. Үнэхээрийн гавал уу, үгүй юу гэдэг л гол пойнт доо
    1. Зочин (106.161.97.179) 2017-05-31 12:11:17
      zs gaval bh tiim chuhal uu?
    2. Bn (71.172.154.248) 2017-05-31 12:49:12
      Yer ni bol Mongold ene hunees gaval hun tsuuhun baih aa

Танд санал болгох