• 2017 оны 06 сарын 26  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дэмжигчид ба тэдний бяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-нд эхэлнэ. МАН УИХ-ын дарга М.Энхболдыг, АН УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг, МАХН УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн. Одоогоор хар PR, сэдэвчилсэн акцууд түлхүү явуулж байна.

С.Ганбаатар ба О.Баасанхүүгийн мэдэгдэл

С.Ганбаатарыг МАХН-ын Бага чуулганы 2017 оны тавдугаар сарын 16-нд болсон хуралдаанд оролцогсдын 65 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжив. Харин УИХ-д МАХН-ын ганц суудлыг нь хадгалж байгаа О.Баасанхүү дээрх шийдвэрийг эсэргүүцэв. Тэрээр академич С.Нарангэрэл, НҮБ-ын шинжээч О.Эрдэнэцогт, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нарыг нэр дэвшүүлэх сонирхолтой байсан. МАХН-ын удирдлагууд тэднээс 10 тэрбумыг нэхэж, төлсөн хүн нь МАХН-ыг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвш гэж шаардсан гэдэг. Энэ мөнгийг гаргаж чадахгүй гэж хэлсэн тул дээрх гурван хүнийг Гүйцэтгэх товчооны хурал дээр хасч, Бага чуулганаар Ц.Оюунбаатар, Ж.Энхжаргал, С.Ганбаатар, Ц.Шаравдорж нарын нэрийг оруулж хэлэлцжээ. О.Баасанхүү Бага чуулганы шийдвэрийг сонсоод фейсбүүк хуудсаараа мэдэгдэл хийсэн. Тэрээр С.Ганбаатарыг МАХН-ыг төлөөлөх эрхгүй хэмээн эсэргүүцэж, УИХ-ын гишүүний албан бланкаараа Сонгуулийн ерөнхий хороонд хандана гэдгээ мэдэгдсэн. Мөн МАХН-ын удирдлагууд өөрийг нь намаасаа гарах нөхцөл байдалд хүргэж байгаа талаар хэлэв. Гэхдээ О.Баасанхүү МАХН-аас гарах биш МАХН-аа авах хэтийн бодолтой байж мэдэх юм. Одоогийн хуулиар О.Баасанхүү МАХН-аас гарч АН-д элсвэл есөн суудалтай АН 10 суудалтай болохгүй, 65 суудалтай МАН 66 суудалтай болохгүй. Хүнгүй л болохоос  МАХН-ын нэг суудал хэвээр хадгалагдана.

С.Ганбаатарын дэмжлэг

С.Ганбаатар 2012 онд “Сантмарал”-ын судалгаагаар Монголын топ 10 улстөрчийг Улаанбаатарт ч, орон нутагт ч тэргүүлж байсан. Ингээд тэр бие дааж УИХ-д сонгогдсон. Ер нь улстөрчийн рейтинг судалгаанд тогтмол дээгүүр цохиж явдаг улстөрч. Бөх гаргаж, морь дагаж, маань нэвтрүүлдэг, “монгол коммент” нэвтрүүлгээрээ “хар масс”-ыг татдаг ТВ9 орон нутгийг үзэгчээрээ байлдан дагуулдаг нь үнэн. Үүн шиг С.Ганбаатар ч, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч орон нутагт нэр хүндээр муугүй. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр шиг “авлигач” Монголд байхгүй гэж ярьж, бичдэг байлаа. Харин одоогийн авлигын хэрэгтнүүдийн дэргэд Н.Энхбаяр “иднэ” гэж гурилддаг байсан юм байна. Энэ өнцгөөс харахад, С.Ганбаатар+Н.Энхбаярын нэгдэл сонгуульд оролцсон нийт иргэдийн 20 буюу түүнээс дээш хувийг авна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч сонгуульд оролцогчдын 50+1 хувийн саналыг авах ёстой. Энэ тохиолдолд М.Энхболд, Х.Баттулга нар 50+1 саналаа С.Ганбаатарын авсан саналын үлдэгдлээс цуглуулж чадах болов уу. Хэрэв чадахгүй бол дахин сонгууль болж мэдэх юм.

С.Ганбаатар УИХ-д бие даагчдын зөвлөлийг тэргүүлж байсан. Иргэний хөдөлгөөнүүдтэй нягт уялдаатай. Босоо хөх Монгол, Дархан Монгол, Даяар Монголын ариун голомт, Онги голынхон, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Цөмийн эсрэг хөдөлгөөн, Монголын Үйлдвэрчний эвлэл түүнийг дэмждэг. УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон АН-ын Ж.Батзандан, О.Магнай нартай холбоотой. Хөдөлмөрийн үндэсний нам үйл ажиллагаагаа явуулж байгаа бол түүнийг дэмжих магадлалтай.

Х.Баттулга ба эрсдэл

Х.Баттулга нь жил бүрийн улс төрийн рейтинг судалгаагаар топ 10-т багтдаг улстөрч. Сүүлд “Сантмарал”-ын судалгаагаар хот, хөдөөгүй дээгүүр жагссан билээ. Үүнд олимпод оролцсон тамирчдын амжилт, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг, оронч үзэл нь нөлөөлсөн байх магадлалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Лу.Болд, Г.Батхүүгийн МоАН санаачилга, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, М.Батчимэг нарын Нэг ардчилал фракцтай түнжин муутай. Гэсэн хэдий ч МоАХ, спортын тамирчид, бөхчүүд, аялал жуулчлалын салбар, Мах маркет, Талх чихэр, Женко группийн компаниуд дээр нэмж АН-аас нийт гишүүд Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжинэ л гэж үзнэ. Х.Баттулга “эх оронч, жинхэнэ монгол эр хүн, үндэсний аюулгүй байдлыг Хятадаас хамгаалж чадна” гэх имидж бүрдүүлсэн. Түүний нөлөөнд С.Ганбаатарын адил Босоо хөх Монгол, Дархан Монгол, Даяар Монголын ариун голомт, Онги голынхон, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Цөмийн эсрэг хөдөлгөөн, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Долдугаар сарын 1-ний хохирогчид бий. Дээрээс нь Сүхбаатарын талбайд нүцгэн жагсаал зохион байгуулаад байгаа “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, “Утааны эсрэг аав ээжүүд” холбоо Х.Баттулгын нөлөөнд байгаа гэгддэг. Гэхдээ 17 чингэлэг спирт, төмөр замын хэргийн дуулианыг МАН өрдсөөр байна. Хэрэв сонгуулийн өмнө прокурор, цагдаа, АТГ-аас төмөр замын хэргээр мэдээлэл хийвэл, түүнийг баривчлах гэж оролдвол олон нийт дургүйцнэ. Энэ нь эргээд олныг хамарсан үймээн дэгдэх, сонгуулийн дүн савлахад хүргэж болзошгүй. Гэхдээ хугацаа байна, цагдаа, прокурорын байгууллага яаж ч хөдөлж мэднэ.

М.Энхболдын "бяр"

МАН 2016 оны сонгуулиар УИХ-д 76 суудлаас 65, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудлаас 34-ийг, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 6 дүүрэгт ялалт байгуулж, УИХ-ын сонгуульд нийслэлийн 28 мандатаас 24-т нь ялалт байгуулсан. Шат шатандаа МАН ялсан юм чинь төрийн ажлыг гацаалгүй явуулах үүднээс МАН-ын Ерөнхийлөгч байсан нь дээр гэсэн бодолтой иргэд маш их байна. Засгийн газрын ажлыг УИХ гацаадаг, УИХ-ын хууль, тогтоолыг Ерөнхийлөгч гацаадаг байдал хэдэн жил гарснаас үүдэж ийм санаа бодлыг иргэд тээх болсон биз ээ. Нэг өнцгөөс харвал төрийн ажлыг дөрвөн жил гацаахгүйн тулд М.Энхболдыг сонгох нь зөв мэт. Нөгөө өнцгөөс харвал, МАН-ын Засгийн газар, МАН-ын УИХ хяналтгүй болно. М.Энхболд бол улстөрчдийн рейтинг тогтоох судалгаагаар Х.Баттулга, С.Ганбаатар нарын өмнө яваагүй. Магадгүй хувийн характер, асуудалд хандах хандлага нь түүнийг тодотгож байгаагүй, өнцөгтэй улстөрч болгож чадаагүй байж мэдэх юм. Характер, өөрийн бий болгосон имижээрээ АН-аас Ж.Батзандан, МАН-аас Ц.Нямдорж нар иргэдэд илүү танигдсан байдаг.

2016 оны сонгуулийн дараа яам, агентлаг, хууль хүчний байгууллага, орон нутагт хөдөлгөх шаардлагатай орон тоонд халаа сэлгээ хийж, өөрийн хүмүүсийг тавьсан. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөх нь эртнээс тодорхой байсан тул Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хэл ам гарахгүйн тулд төрийн байгууллагад халаа сэлгээ хийхийг зогсоогоод байна. Монголын Морин спорт уяачдын холбоо гэж сум, баг бүрт сүлжээтэй байгууллага, төрийн алба системээрээ М.Энхболдыг дэмжиж байна. Ийгл телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт АПУ, МСS, Голомт, Макс, Шунхлай группийн олон мянган иргэнийг ажлын байраар хангадаг удирдлагууд сууж М.Энхболдыг дэмжсэн. Тэр бяраа ингэж харуулсан.

М.Энхболд Ерөнхийлөгч болвол

Хэрвээ М.Энхболд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болвол /болвол шүү дээ!/ улс төрийн хоёр ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Эхнийх нь, УИХ-ын дарга бөгөөд УИХ-ын гишүүн. Учир нь, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн Үндсэн хуулийн хязгаартай. Иймээс тэр тангараг өргөсөн цагаасаа УИХ-ын 28 дугаар тойргийн иргэдийг парламентад төлөөлөхгүй гэсэн үг. Хоёрт, МАН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдсон үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой бөгөөд улс төрийн намын гишүүнчлэлээсээ чөлөөлөгдсөн байх учиртай. Иймээс МАН-ын бага хурлаар намын дараагийн даргыг сонгох сонгууль явах нь ээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболд Ерөнхийлөгч болсноор УИХ-ын гишүүний орон, УИХ-ын даргын орон, МАН-ын даргын орон сул гарах юм. Намаа хэн авах вэ, спикерээ хэн авах вэ гэх мэтээр улс төрийн дахин хуваарилалт явах болж байна. Энэ дээр МАН дотор ургасан гурван ч бүлэг өрсөлдөх биз дээ. Нэгэнт, М.Энхболдын сонгогдсон УИХ-ын 28 дугаар тойрог парламентад төлөөлөлгүй болох учир УИХ дээрх тойрогт нөхөн сонгууль явуулж таарна. 28 дугаар тойрогт Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баян, Батсүмбэр зэрэг сум хамаардаг. АН-аас Б.Энхбайгаль, МАХН-аас М.Оюунсайхан, Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Ц.Баттөр нар М.Энхболдтой УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж байжээ.  Харин АН-аас АН-ын шинэ генсек Ц.Тувааныг нэр дэвшүүлэх болов уу.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-26 11:21:23


Нийт сэтгэгдэл: (12)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (188.226.148.232) 2017-05-28 15:02:37
    хэн хэн нь үнэн хэн нь зөв яриад байгааг мэдэх юм алга
  2. Зочин (46.101.72.149) 2017-05-28 14:55:11
    ард түмэний сонголт мэргэн байх болтугай энэ 3 ийн хэн ч гарсан эх орноо гэх сэтгэлтэй байгаасай билээ дээ
  3. Зочин (202.179.26.189) 2017-05-27 09:38:01
    ganbaatar bol garahgui n todorhoi. Mi enhkbayartai huivaldsanch baij magadgui. ganbaataraar sanal huvaalgaad Mi yerunhiilugch bolvol Enkhbayart 1 alban tushaal baij l taaraa. enkhbayarch buuj uguh boloogui zalit uneg yum da
  4. Мии (27.123.212.130) 2017-05-26 20:47:56
    Хужаа нар хужаагаас дэмжинэ биз
  5. Сонгогч (202.9.40.177) 2017-05-26 19:21:51
    Өчигдөр УИХ Монгол банкны шалгалтын дүн танилцуулахдаа Баттулгыг хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн Шалгах нь зөв Харин өнгөрсөн жил эрүү үүсгэн шалгаж байна гээд байсан тэр нь хэрэгсэхгүй болсон эсэхийг цагдаа АТГ мэдээлэх хэрэгтэй
  6. Зочин (103.50.206.40) 2017-05-26 18:01:43
    Энэ гурав л биш бол гэшш
  7. иргэн (185.137.18.179) 2017-05-26 16:57:07
    Энхболдыг дэмжинэ гэж бодож бга. МАН-д бүх эрх мэдлийг өгье. тэгээд харъя. улс орноо хүнд бдлаас гаргаж чадахгүй бол тэгээд дахин итгэл хүлээлшэнэ гэж байхгүй
  8. Зочин (185.137.18.179) 2017-05-26 16:55:00
    Энхболдыг дэмжинэ гэж бодож бга. МАН-д бүх эрх мэдлийг өгье. тэгээд харъя. улс орноо хүнд бдлаас гаргаж чадахгүй бол тэгээд дахин игэл хүлээлгэнэ гэж байхгүй.
  9. Зочин (202.70.44.54) 2017-05-26 15:24:03
    Itoim өөрсдөө ингэж бичээ биз. Ушигчид тэнэг биш гэдгийг одоо болтол ойлгоогүй л явж байнадаа
  10. Зочин (103.26.195.46) 2017-05-26 15:15:59
    Ganbaatar l bish bol hen ch yahav
  11. Зочин (122.201.23.158) 2017-05-26 14:58:51
    Женко л биш бол хэн ч яахав
  12. dulamsvren (66.181.160.76) 2017-05-26 14:05:50
    Enhbold l bish bol henench yahaw

Танд санал болгох