• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

С.Жаргалсайханы хүү Билгүүн: Хэдэн дипломтой байх нь биш, хүн байх нь чухал

“Монгол хүн ажиллаж байгаа газартаа “number one” нь байх ёстой” гэсэн зарчмаар Япон улсад 17 жил ажиллаж, амьдарч буй Ж.БИЛГҮҮН-ийг “Дэлхийн монгол хүн” цуврал ярилцлагынхаа зочноор урилаа. Тэрээр Японы шоу бизнес, энтертэйнмент чиглэлээр тэргүүлэх “Avex” группэд Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, Зүүн өмнөд Ази дахь салбар хариуцсан менежерээр ажиллаж байна. Японы Беппү Их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд суралцаж байхдаа японуудын бүтээсэн “Чингис хаан” кинонд продюсерийн туслах болон орчуулагчаар ажиллаж байсан цорын ганц монгол хүн. Түүнийг “Еэ еэ шар Буд аа”, “Төрийн сүлд өршөө” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байснаар нь зарим уншигч андахгүй. Мөн түүнийг Монголын үргэлжилсэн үг, жүжиг, киноны нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү гэдгээр нь ард түмэн илүү танина.

БОЛОВСРОЛ, БИЕ БИЕДЭЭ ХАНДАЖ БУЙ ХАНДЛАГА, ХАРИЛЦААН ДЭЭР ХОТЫН СОЁЛ ОРШИНО

-Монголдоо жилд хэдэн удаа ирдэг вэ. Ер нь Улаанбаатарт ирэх болгондоо ямар сэтгэгдэл төрдөг вэ. Хөндлөнгийн нүдээр харахад, бид хөгжиж байна уу, томоохон хотуудын соёлтой харьцуулах ямархуу байгаа санагддаг вэ?

-Жилд хамгийн багадаа 5-6 удаа Монголдоо ирдэг болсон шүү. Ирэх бүртээ Улаанбаатар хотын өнгө үзэмж, хүмүүсийн харилцаа, эдэлж хэрэглэж, гудамж талбайн тохижилт гээд олон зүйл сайжирч байна гэж бодогддог. Улаанбаатарт ирээд хотын гудамжаар алхаж, хотын амьдралыг ажиглах дуртай. Саараас илүү сайныг нь олж харж, ярихыг хүсдэг ч эмзэглэх асуудлууд байна. Хотын төв хэсгээрээ их хотын соёл, сүүлийн үеийн бүхий л үйлчилгээ нэвтэрсэн ч зарим хэсэгтээ, ялангуяа хотын захын хороолол, алслагдмал газарт амьдарч буй иргэдийн амьдрал улам л хүндэрч байгаа дүр зураг харагдах юм. Хүн амын дунд давхаргын ялгаа ирэх бүрт нэмэгдээд байна уу даа гэж эмзэглэдэг.Энэ мэт муу талаас нь харвал эмзэглэх олон асуудал бий. Гэхдээ аливаа асуудлыг эергээр харж, болчих байх, шийдчих байх гэж хүлээцтэй хандах нь чухал юм.

-Таны бодлоор их хотын соёл гэж юуг хэлэх вэ?

-Зарим хүн iphone-7 барьж, зангиа зүүгээд, Gucci-гийн цүнх барьж гаднаасаа гоё, сайхан харагдах байдлаар нь соёл гэж эндүүрдэг. Миний хувьд хүн амын боловсрол, бие биедээ хандаж буй хандлага, харилцаан дээр хотын соёл оршино гэж боддог. Арван таван наснаасаа хойш Японд ажиллаж, амьдрахдаа их хотын амьдрал тайван, иргэд нь сэтгэлзүйгээсээ муу муухайгаа гаргаж, сайхныг нь илүү хардаг юм байна гэдгийг мэдэрсэн. Монголд зөвхөн өнгөн талын харагдах байдлаар нь соёл гэж дүгнээд байдаг. Шилэн байр барчихаад дотор тал нь халтар байгаатай адил шүү дээ. Аливаа зүйл дотроосоо гэрэлтэж байж л гаднаа илүү сайхан харагдана . Их хотын соёл хүмүүсийн өдөр тутмын харилцаанаас л харагдана. Та эхлээд яв, би дараа нь явъя гэдэг сэтгэлгээ рүү орвол энэ нь нөгөө соёл, найрсаг харилцааны үндэс юм. Хөгжсөн орнуудыг харахаар иргэд нь юу хийхээ мэддэг, юу хийвэл болохгүй вэ гэдэг дээр хүмүүсээ сургадаг. Хэлэгдээгүй, яригдаагүй хууль үйлчилсэн цагт дэлхийн соёлтой орнуудтай мөр зэрэгцэх боломжтой болдог.

Монголын маань хувьд ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг хөгжиж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Монголын өргөн уудам нутгийг харж, үзэх боломжтой байна. Улаанбаатар хотод 100 жилийн өмнө Гандангийн байшингаас өөр том барилгагүй, иргэд дээлээ өмсөөд, гэрт амьдарч байсан. Өнөөдөр сүрлэг өндөр байшингуудаар хүрээлэгдсэн нэг сая гаруй хүн амьдардаг хот болсон байна. Энэ талаас нь харвал бид хөгжиж л байна.

МОНГОЛ ХҮН ХААНА Ч АЖИЛЛАСАН NUMBER ONE НЬ БАЙХ ЁСТОЙ

-Соёлд нийгмийн боловсролын төвшин маш чухал гэдэгтэй санал нэг байна. Нийгмийн боловсролыг дээшлүүлсний дараа бид хөгжил гэдэг зүйлийг ярих нь зүйтэй юм шиг санагддаг. Мундаг боловсролтой залуус олон байгаа ч ихэнх нь гаднын улсуудад ажиллаж амьдарч байна. Хөдөлмөр, чадварыг нь үнэлдэг газар руу тэмүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо ажиллуулахын тулд төр засгийн зүгээс хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Хүнийхээ хөгжил, потенциал, ур чадвар, тухайн хүн юу хийж чадах вэ гэдэг бүтээмжийг үнэлэх цалингийн ч юм уу, эдийн засгийн тогтолцоо нь бүрдэх ёстой. Монголын хувьд цалингийн дундаж хэмжээ бага учраас тэр цалингаар нь ажиллуулчихъя гэсэн сэтгэхүй төрд ч, хувийн хэвшлийнхэнд ч байсаар байгаа. Үүнийг нэгний буруу гэхээс илүү манай улсын эдийн засгийн дотоод чадавхтай холбоотой. Нэгд хүнд ногдох ДНБ-ий хэмжээ харьцангуй бага буюу 4000 орчим ам.доллар байна. Японд тухайн хүний боловсрол, хэдэн дипломтой байхаас илүүтэйгээр хүн бэлдэх ёстой гэсэн философи байдаг. Товчхондоо, хүн тал руу нь хандаж, хүнээ бэлддэг. Харин Монголд дөрвөн жил их дээд сургуульд сурч, дипломтой болох нь чухал болчихоод байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарч, тэр хэрээрээ харамгүй мөнгө зарцуулдаг. Гэхдээ боловсролд нь их мөнгө зарцуулахын хэрээр сайн хүү, сайн охин, зөв сэтгэлгээтэй эх оронч хүн болох уу гэдэг өөр ойлголт. Өнөөдөр боловсролын систем муу байна гэж төр рүү бүх асуудлыг чихэхээс илүү хүнээ хүн болгож бэлдэх нь чухал юм.

Дэлхийн шилдэг компаниудад ажиллаж байгаа өндөр потенциалтай, 3-4 хэлтэй, нэг салбарыг нь удирдаж байгаа бидний үеийн монгол залуус олон байгаа. Тэдгээр залуус сардаа 6-9 мянган ам.долларын цалин авч, сайхан амьдрахад хангалттай хүрэлцэнэ. Гэхдээ тэд Монголд л төрсөн учраас хэзээ нэгэн цагт эх орондоо ирж ажиллахыг хүснэ гэж итгэдэг. Харин монгол хүн гадаадад дундаж хэмжээний амьдралаар нь амьдраад явж болохгүй гэж үздэг. Хэрвээ та гадаадад ажиллаж амьдрах гэж байгаа бол “number one” байж, Монгол хүн ямар гэдгээ харуулах ёстой. Энэ нь өөрөө гадаадад ажиллаж, амьдрангаа Монголоо гэдэг, Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Тиймээс ийм сэтгэлтэй хүн олон байгаасай гэж хүснэм.

ХҮНИЙ ИТГЭЛИЙГ ОЛНО ГЭДЭГ БОЛ МАШ ТОМ БАРИЛДЛАГА ЮМ

-Та сая хэллээ л дээ, тухайн ажиллаж байгаа компанидаа Монгол хүн номер-1 нь байх ёстой гэлээ. Тухайлбал, та японы Avex компанид өнөөгийн байр сууриа олох гэж хэр хугацааг зориулсан бэ. Өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?

-Би 15 насандаа Япон улсыг зорьсон. Японд гурван жил ахлах сургуульд суралцахдаа ангийн дарга хийж, 25 хүүхдийн лидер нь байсан. Японд ахлах сургуульд ороод гурван жил эрэгтэйчүүдийн 00 угаасан. Ээж минь “хүний амьдрал юу ч тохиолдож болно, чи түүнд бэлэн байх ёстой” гэж захидаг байсан. Өглөө 06.30 цагт босч, шөнө 3-4 цаг хүртэл ханзаа үздэг байлаа. Японд очоод сарын дараагаас ойр зуур ярьдаг болсон. 15 насандаа гэрээсээ гараад амьдралд өөрөө өөрийгөө бэлдэж эхэлсэн. Аавыгаа байнга дагаж яваад 12, 13 насандаа кинонд тоглож, хэрсүү өссөн минь амьдралд бие даахад минь их нөлөөлсөн. Цаг үргэлж өөрөө өөрийгөө бэлдэж монгол хүн хаана ч очсон хувирч чаддаг байх ёстой, унтахгүй байгаад ч хамаагүй ол гэсэн зүйлийг нь олж ирэх ёстой гэдэг сэтгэхүй надад бий. Энэ л өнөөгийн байгаа төвшинд хүргэсэн юм болов уу. Хүн хаа нэгэн газар хэрэгтэй байгаа учраас түүнд цалин өгч тэнд ажиллуулж байгаа. Чадахгүй бол 3 хоног ажиллаад ажлаа өг л гэнэ. Би хэн нэгэн хүнд ямар хэрэгтэй зүйл хийж чадах вэ. Тухайн хүний хэлсэн зүйлийг хийж, яаж ачийг нь хариулах вэ гэж боддог. Хүний итгэлийг олно гэдэг бол маш барилдлага юм. Японууд нэг итгэсэн хүндээ юугаа ч харамгүй зориулдаг ард түмэн. Японуудад өөрийгөө итгэл даах Монгол хүн гэдгээ харуулж чадсан учраас өдий зэрэгтэй явна.

-Avex компанид хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Таны ажлын онцлог, давуу тал вэ?

-Ес дэх жилдээ ажиллаж байна. Avex групп 22 охин компанитай бөгөөд олон төсөл дээр ажиллаж үзлээ. Тайван, Сингапурын салбарын бодлого төлөвлөлтийг удирдаж, менежментийг хийж, чамлахааргүй том албан тушаал хашиж байна. Гадаад хүн бараг ажилладаггүй 1700 ажилтантай компанид яагаад Монгол хүн ажиллаж байгаа юм бэ гэж зарим хүмүүс гайхдаг л даа. Байгаа байдал, харилцаа маань захирлууд болон хамтран ажиллагсдад таалагдаж байгаа учраас би энд байгаа. Avex бол шоу бизнес чиглэлээр төрөлжсөн үндэсний чадварлаг компани. Том газар 9 жил ажиллаж хангалттай зүйл сурлаа, тухайн компани ч надаас авах ёстой зүйлээ авсан байх. Одооноос эх орон руугаа чиглэсэн, Монгол Японы хооронд гүүр болсон ажил хийхийг зорьж байна.

-Тухайлбал юу байх вэ. Илүү урлаг соёлын салбарт, шоу менежер, менежмент тал руугаа ажиллах уу?

-Монгол Улс өнөөдөр юугаа баялаг болгох ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Газрын баялаг хэзээ нэгэн цагт дуусах учраас бидний туйлын зорилго биш. Хөгжүүлээд эргээд биднийг тэтгэдэг, баялаг бүтээдэг салбарууд байх ёстой. Тиймээс чиглэлээ зөв тодорхойлж ажиллах нь чухал. Урлагийг бизнестэй хоршуулж ямар зүйл бүтээж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулах зорилго бий. Япон, Монголын хамтарсан компани байгуулсан. 2006 онд японуудын бүтээсэн “Чингис хаан” киноны хөрөнгө оруулагч компанитай хамтарсан. Тухайн үед продюсерийн туслах хийж, таван сар төсөл дээр нь хамтарч ажилласан. Тэр үеэс Япон, Монгол хоорондын харилцааг хөгжүүлэх компани байгуулж ажиллахаар яриа хэлэлцээр хийж ирсэн. Японы хөрөнгө оруулагчид Монголд юуг нутагшуулбал зүгээр вэ, эргээд Монголоос юуг экспортолсноор валютын урсгалаа нэмэгдүүлэх вэ гэдэг дээр харилцан хамтран ажиллаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАТАХЫН ТУЛД ЭХЛЭЭД МОНГОЛОО ТАНИУЛЖ, МОНГОЛД ХАЙРТАЙ БОЛГОХ ЁСТОЙ

-Энтертэймент талдаа ямар ажлууд хийх бодол байна вэ?

-Аавынхаа түүхэн жүжгүүдийг театрт дахин тавиулах, бусад уран бүтээлчид аавын минь бүтээлийг дахин сэргээж нийгэмд дахин хүргэх талын ажилд илүү анхаарал хандуулна. Соргодогийн Жаргалсайхан нэртэй сан байгуулсан байгаа. “Чингис хааны нууц түүх” романыг уйгуржин Монгол бичиг, Англи, Орос, Солонгос хэл дээр орчуулуулсан. Энэ нь дэлхийд монголоо таниулах түүхийн нэг хэсэг гэж бодож байгаа. Аав маань оюуны бүтээлээрээ нийгмээ таниулж, бусадад сэдэл өгч байсан. Тиймээс аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, хоёр дахь Жаргалсайхан байх юмсан гэж үргэлж эрмэлздэг. Эцгийнхээ хийгээгүйг хийх гэж хүү мэндэлдэг юм гэдэг шүү дээ. Би С.Жаргалсайханы үргэлжлэл учраас зохиол, уран бүтээлийг нь үргэлжлүүлж явах ёстой. Зохиолыг нь жүжиг, кино, ном болгон олон хэл дээр гаргаснаар гаднынхан харна, уншина. Гаднын томоохон улсын зочид буудалд библи нь жижиг ном хэлбэрээр байдаг шиг монголын томоохон зочид буудалд, Blue sky, Shangrilla, Туушинд “Чингис хааны нууц” түүхийг сонирхолтой уран зохиолын хэлбэрт оруулж, жижиг ном болгоод 10$ гээд тавьж яагаад болохгүй гэж. Библиэ аваад уншдаг, сонирхдог гаднынхан түүхэн ном байвал сонирхоод уншина . Жижиг ч гэлтгүй ийм зүйлээр нүүдэлчин ард түмнийхээ соёлыг түгээж, “монголчууд зүгээр нэг сэлэм бариад, хүн цавчаад явдаг байсан зэрлэг омгийнхон байгаагүй юм байна” гэдгийг ойлгуулах юмсан гэж боддог. Гаднынхан Монгол Улсыг судалъя, түүхийг сонирхъё гэж явж байгаад энэ улсад хөрөнгө оруулъя сэдэл, санаа төрнө шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч татахын тулд эхлээд Монголоо таниулж, Монголд дуртай, хайртай болгох ёстой. Би хаана ч явсан өөрөөрөө дамжуулан Монголоо сурталчилж явдаг. Уулзсан хүн бүртээ Монгол Улсын түүх, Чингис хаанаа ярьж, өнөөгийн улстөр, эдийн засгийн байдлыг ярьж ойлгуулахыг хичээж явна. Билгүүн гэдэг хувь хүн хаана хэрэгтэй байна, тэнд очно. Эх орон маань намайг дуудвал би очно.

-Таныг энэ жилийн наадмын комисст орж ажиллахаар болсон гэж сонссон. Монголын төр таныг дуудсан байна шүү дээ?

-Наадмын комисст залуусаа төлөөлж ажиллах боломжийг олгосон. Монголын төр намайг дуудсан цагт гүйгээд л очно, Монгол Улсын иргэний үүрэг гэж бодно. Бүх чадлаараа зүтгэх итгэл, сэтгэл надад бий. Гаднын улс оронд ажиллаад одоо эх орондоо ажиллая гээд ирэхэд нь хэн нэгэн нь амбицлаад дуудах байсан ч дуудахгүй, “энэ надаас илүү гарчих байх” гэдэг зангаа монголчууд хаях ёстой. Цөөхөн монголчууд биенийгээ мэрдэг, хэмлэдэг зангаа л орхих хэрэгтэй. Эвлэлдэн нэгдэж чадвал Монголчууд юуг ч бүтээж, хийж чадах потенциалтай ард түмэн.

-Энэ жилийн наадмаар монголчууддаа ямар зүйл харуулчих юм сан гэж зорьж, хүсч байна вэ?

-Гол үйл ажиллагааг манай томчууд сайн мэдэж байгаа. Миний хувьд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харилцаж байна. Миний бодлоор одоогийн стадионд ихдээ 20 мянган хүн орж байна. Ядаж л 50 мянган хүний суудалтай стадионд Үндэсний их баяр наадмаа хийх юмсан гэж боддог. Буянт-Ухаа спорт цогцолборын дээвэр нь нээгддэг байсан бол тэнд баяр наадмаа зохион байгуулбал илүү олон хүн үзэж сонирхоно доо гэж боддог. Хэрвээ 2040 онд Улаанбаатарт Азийн олимп болно гэж мөрөөдөж, сэтгэж зорилго тавибал бид том стадионтой болох шаардлага бий. Наанадаж л манай улсын үндэсний баяр наадмыг сонирхохоор ирсэн гаднын 5, 10 мянган хүнд Монголын соёл урлаг ямар агуу юм бэ гэдэг сэтгэгдлийг төрүүлэх ёстой. Бид үндэсний баяр наадмаа олимпын нээлтийн хэмжээнд сэтгэж хийх ёстой. Улсын эдийн засаг хүнд, төсөв мөнгө тааруу байгаа үед сайхан юм хийх хэцүү л дээ. Гэхдээ шоу марктенг чиглэлд анхаарч, тодорхой хэсгүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татаж болно. Цаашид илүү сайжирна гэдэгт итгэдэг.

СОШИАЛ ЕРТӨНЦИЙГ МОНГОЛОО ТАНИУЛАХ ТАЛБАР БОЛГОЕ

-Сошиал хэр их ашигладаг вэ. Зарим хүн сошиал ертөнцийг хэрүүл хийх, нэгнийгээ дийлэх талбар болгож илүү ашиглаад байна уу даа гэж харагдах болоод байна .

-Сошиалд байнга идэвхтэй байдаг. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл, гэгээлэг зүйл хүргэж байхыг үргэлж эрмэлздэг.

Манай улс сошиал хэрэглэгчийн хандалтаараа дэлхийд нэлээд дээгүүрт ордог, ардчилалтай, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлдэг улс. Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд хүний эрх, нэр хүнд, батлагдаагүй мэдээлэл рүү дур мэдэн ханддаг авираасаа салах цаг болсон. Тал хээр нутагт мал бэлчиж байгаа юм шиг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Эргээд нөгөө эхний асуултын хариулт буюу соёл гэдэг зүйл нь өөрөө өөрийгөө хэр зэрэг барих вэ, өөрөө өөрийгөө хэн болгож харуулах вэ гэдгээс хамаарна. Тухайн хүний сошиал өөрөө өөрийгөө харах толь. Би хэн юм гэдгээ олонд илэрхийлнэ. Хүн чам руу чичилж байсан ч хэзээ ч битгий эргүүлж чичил. Уучилдаг бай, хүлээцтэй бай. Алгадсан болгон руу эргүүлж алгадаад л, цохисон болгон руу эргүүлж цохиод байвал сайн зүйл хэзээ ч авчрахгүй. Бид хүлцэнгүй хандах, хүмүүнлэг хандах сэтгэлгээний чанараа гээчхээд байна. Илүү сайныг, сайхныг хардаг больё.

-Танай компанид харьяалагддаг дуучид дунд сошиалаас од болж гарч ирсэн тохиолдолд хэр байгаа вэ. Сошиал маркетинг гэж ярих болсон шүү дээ?

-Сошиалд зөв менежмент хийгээд олонд танигдаж байгаа олон дуучин, жүжигчин бий. Нэг л жишээ дурдъя. PPAP дуугаараа нэрт гарсан Pikataro манай компанид харьяалагддаг дуучин. Энэ хүн 15 жил дуулахдаа одоогийнх шиг од болоогүй. Гэтэл РРАР дуугаа гаргаад youtube дээр тавихад түүнийг нь Жастин Бибер тривтерртээ “энэ миний хамгийн дуртай дуу” гэж бичээд түүний дуу руу дагагчид шуурч эхэлсэн. Үүний дараа дэлхий нийтээрээ дууг нь сонсч, тэр жинхэнэ од болчихсон. Тэгэхээр сошиалыг зөв зүйлд ашиглаж чадвал өөрийгөө таниулах, сурталчлах бүрэн боломжтой. Бүх зүйл нээлттэй болсон энэ үед сошиал ертөнцийг Монголоо таниулах талбар болгож ч болно.

НЭГ ХҮНИЙГ ОД БОЛГОХОД 2-3 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ

-Avex дэлхийн од төрүүлдэг гэдгээрээ мэргэшсэн компани. Хэрхэн бэлдэж, яаж од болгодог вэ. Монголын дуучдыг дэлхийн од болгох чиглэлд Та хувь нэмрээ оруулъя гэж боддог уу?

-Удахгүй найзтайгаа нийлээд В энтертэймент гээд компани байгуулахаар ажиллаж байна. Монголын шинэ залуу үеийн хүүхдүүдийг бэлдэх, шоу менежер хэрхэн хийх вэ гэдгийг заадаг Avex Mongolia-г нутагшуулна гэж зорьж байна. Хэн ч мэдэхгүй хүүхдийг од болгож байгааг олон жил дэргэдээс нь харлаа. Тиймээс энэ сурсан мэдсэнээ монголын хөрсөнд суулгаж, ажиллах төлөвлөгөө байна. Дэлхий од болоход юу хийх хэрэгтэйг багаас зааж сургах дасгалжуулагч байх ёстой. Манайхан чөлөөт, жүдо зэрэг спортын төрлөөр дэлхийд өндөр амжилт үзүүлдэг. Үүний цаана ганц тамирчин бус, мундаг багш, дасгалжуулагчид байдаг. Шоу ертөнцөд хэн нэгэн дэмжиж, сургаж, зөвлөж тухайн хүн амжилтад хүрнэ. Урлагаар явах сонирхолтой 12-20 насны залуусын эцэг эхтэй нь яриад үнэхээр хүүхдээ урлагийн хүн болгомоор байгаа бол харилцаа, бүжиг, дуу, сонгодог гээд бүх зүйлээр дэлхийн төвшинд үнэлэгдэхүйц хэмжээнд сургана. Ур чадвар, харилцаа, хэлний чадвар хичээлийг заана. Дэлхийн хэмжээний од төрүүлэхэд менежмент маш чухал.

-Ер нь Японд тухайн дуучин, жүжигчин, бүжигчнийг од болгоход хэр хугацаа шаардагдах вэ?

-Энд нэг чулуу байна, үүнийг яаж даймонд болгох вэ гэдэгтэй адил юм. Чулууг даймонд болгохыг дэлхийн од төрүүлэхтэй зүйрлэдэг. Тухайн уран бүтээлчийг од болгохдоо хамгийн багадаа 4 жил бэлтгэх шаардлагатай. Нэг хүнийг од болгох 4-5 жилийн хугацаад 2-3 сая ам.доллар зарцуулдаг. Avex компани дэргэдээ мэргэжлийн сургуультай учраас бүх зүйлийг зааж сургадаг. Монголчуудын хувьд авьяас, потенциал өндөр. Монгол сэтгэлгээг ашиглаж системтэй аргачлалаар менежмент хийхгүй л бол дэлхийн од болж чадахгүй. Японд тухайн дуучин тоглолтоо хийхэд хамгийн багадаа 30-40 мянган хүн тоглолтыг нь үзэж, дууг нь сонсдог болсон цагт од болох шатандаа орлоо гэж үнэлдэг. Монголд 500 хүний суудалтай танхимд тоглолтоо хийчихээд “би мундаг дуучин, од болчихлоо” гэж боддог. Энэ том эндүүрэл юм.

-Та ном хэр уншдаг вэ. Ер нь чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?

-Аавынхаа бичсэн “Чингис хааны нууц түүх”-ийг өөрөөсөө салгадаггүй, өдөр бүр л уншдаг. Заримдаа ном уншихаар үзээгүй ертөнцөө үзсэн юм шиг, ойлгоогүй ертөнцөө ойлгосон шиг болдог. Гэхдээ амьдрал номон дээр гарч байгаа шиг огт биш. Хүн амьдралыг зөөлөн байна уу, хатуу байна уу гэдгийг өөрөө өөрийнхөө биеэр илүү мэдэрдэг. Ном уншиж, мэдлэгийн хүрээгээ тэлэх хэрэгтэй. Гэхдээ тухайн номоос юу авах, юу ойлгох ёстой вэ гэдэг л чухал гэж боддог. Одоогоор Японы тухай “Japan is number one” гээд эртний номыг уншиж дуртай. Яг одоо Бүшидо гээд ном уншиж байна. Бүшидо гэдэг номноос япон хүний 7 зарчмыг маш оновчтой бичсэн. Хариуцлагатай, хүнд хэлсэн бол түүнийгээ биелүүлдэг байх ёстой, үнэнч байх ёстой, нэг нэгнийг хуурдаггүй, худлаа хэлдэггүй байх ёстой зэрэг олон зарчмыг нь Монголдоо нутагшуулах юмсан зэргээр бодож өөрөө өөрийгөө цэнэглэж байна. Мөн японы томоохон судлаач, домог болсон хүмүүстэй уулзаж ярилцахдаа өөрийгөө цэнэглэж, японы ард түмний философийг илүү ойлгодог.

-Та хэнээс үлгэр дуурайл авч, өөрийгөө хурцалж, цэнэглэдэг вэ?

-Аавынхаа үлдээсэн мөр бүрээс үлгэр дуурайлал авдаг. Алтан гадас одон шиг чиглүүлж, зөв бурууг минь ялгаж хэлдэг цорын ганц хүн бол ээж минь байна. Мөн тухайн үед хамт амьдарч байгаа дэлхийн удирдагчид, өөрийн амьдарч буй үедээ харж, жишээ авдаг хүмүүсээсээ үлгэр дуурайлал авдаг. Монголоос яривал Гацууртын Чинбат ах, улстөрчдөөс У.Хүрэлсүх гуай байна. Хэлсэн ярьсандаа, хийвэл хийчихдэг зангаргатай эрхмүүдийг хараад “энэ хүмүүс шиг зангаргатай эр хүн байж, сайхан зан чанарыг нийгэмд түгээх юмсан” гэж боддог.

ААВЫНХ ЗОХИОЛУУДЫГ НИЙГЭМТЭЙГЭЭ УЯЛДУУЛЖ СЭРГЭЭЖ, ШИНЭЧИЛНЭ

-Цаашид ер нь аавынхаа дуусгаж амжаагүй зохиолыг үргэлжлүүлэх, үйлсийг нь дэлгэрүүлэх ямар ажил хийх вэ?

- Аавынхаа бичиж байсан “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Чингис хааны нууц түүх”-ийн есөн бүлгийг нүүдлийн театр маягаар хөгжүүлье гэж бодож байгаа. Зохиолыг нь сэргээж бичнэ. Одоогоос 20, 30 жилийн өмнө бичиж байсан зохиол нийгэмтэйгээ тохирохоо больсон байдаг. Тиймээс утга санааг нь алдагдуулахгүйгээр өнөөгийн нийгэмтэйгээ уялдуулж сэргээж, шинэчлэх ажлыг байнга хийж байх ёстой. Аавынхаа бичсэн үндсэн зохиолууд дээр найруулагчийн талаас нь харж шинэчлэх төлөвлөгөө байгаа. Гэхдээ үүнээс өмнө буюу ирэх 6-7 жил Япон Монголын бизнесийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Үүний дараагаар аавынхаа мундаг том зохиолыг сэргээж өнөөгийн нийгэмд шинэ санаа өгөх зохиолуудыг дахин тайз, дэлгэцнээ тавина.

-Монголд кино урлаг маш хүчээ авч байгаа харагдана. Сард 3-4 кино нээлтээ хийж байна. Гэхдээ чанартай кино бүтээж чадаж байна уу, нийгэмд уран бүтээлээрээ мессеж өгч чадаж байгаа болов уу. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Аливаа зохиолын нийгэмд нэг зүйл бодогдуулж байх ёстой. Кино бол урлагийн дээд урлаг шүү дээ. Тэр урлагийг нийгэмд түгээхийн тулд нийгмийнхээ урд сэтгэж, алхах ёстой. Үхэж үл болно, Чингис хааны нууц түүхийг С.Жаргалсайхан гэдэг хүн бичсэн. Японууд, Оросууд Чингис хааны түүхээрээ кино хийгээд байхад Монголчууд өөрсдөө Эзэн Чингис хааны талаар кино хийж яагаад болохгүй гэж. Энэ бол зохиолч уран бүтээлч хүний гаргах ёстой зориг. Найруулагчийн үүднээс гарахад манайд сайн зохиол алга. Сэвдээ бичиж чадахгүй байна. Хошин шогийн хүмүүс массдаа тааруулаад 20 мянган төгрөгийн биетэндээ тааруулаад юм хийгээд байгаа. Үүнийг дагаад кино урлагийнхан масст тааруулж уран бүтээл хийдэг болсон. Масст заавал таалагдах албагүй. Урлаг, кино бол нийгмээсээ түрүүлж ч сэтгэх ёстой. Зохиолчийн уран санаа, найруулагчийн тавилтыг харуулж, үзэгчдийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ, маргаашийн амьдралыг яаж гэрэл гэгээтэй болгох нь чухал. Мөнгөгүй юм хийж чадахгүй дээ биш. Миний аав 1990-иэд оны үед 2-3 байраа банкны барьцаанд тавиад кино хийж, уналтад орсон Монголын кино урлаг, театр хоёрыг мөрөн дээрээ үүрээд явж байсан хүний нэг. Үүнийг эргээд бодоход хүн хийх гэж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээсээ хандаж, үнэнч байх чухал. Сүүлийн үед Сэнгэдорж найруулагчийн уран бүтээлүүд хүнийг сэтгэлийг хөндсөн, нийгэмдээ мессеж өгөхийг зорьж байна. Кино дөнгөж эхлээд дуусах хүртлээ хүнийг сэтгэлийг хөтөлж явах ёстой. Дууссаныхаа дараа тухайн хүний сэтгэлд нэг зүйл бодогдуулж чадвал тэр жинхэнэ уран бүтээл болно гэж боддог.

-Таны ярилцлагыг манай шинэ үеийн залуус уншиж байгаа. Залууст хандаж ямар зүйл хэлэхийг хүсч байна вэ?

-Аливаа нэгэн зүйл хийж байгаа бол хоёрын хооронд битгий хий. Юм хийж байгаа бол хийсэн шиг хийж, оргилд нь топ бай. Мөрөөдөл зорилго том бай. Мөрөөдөл зорилго жижиг, хүрч чадахгүй бол түүнээсээ жижиг зүйл дээр л унана. Би том группийн захирал болно, сайн ээж, аав болно. Би нийгэмдээ тийм зүйл үлдээнэ зэргээр том зүйл мөрөөд. Түүндээ үнэнч бай, зүрх сэтгэлээсээ хий. Хүн дандаа сайхан явна гэж байхгүй. Унасан үедээ өөрийгөө босгоод авах сэтгэлийн тэнхээтэй байхад өөрөө өөрийгөө бэлд. Аливаа зүйлийг голох гэхээс илүү тултал нь хийгээд сурсан цагт хэн ч чамаас булааж авч чадахгүй. Эцэст нь, нийгмийн хүн болж төлөвших маш чухал. Японд 18 нас хүрэхэд нь өөрийнх нь нэртэй тамга өгөөд, “чи өнөөдрөөс хариуцлагатай хувь хүн боллоо шүү” гэдгийг ойлгуулдаг. Энэ тамга аливаа зүйл буруу хийсэн бол хариуцлага хүлээх гол гэрч нь болдог. Энэ нь тухайн хүнийг худлаа ярьдаггүй, хариуцлагаас зугтаах эрхгүй болгоно. Эргээд энэ тамга чамаас ял асууна шүү гэдэг. Иймэрхүү байдлаар хариуцлагатай Монгол гэдэг төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-24 09:52:11


Нийт сэтгэгдэл: (13)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (27.123.212.129) 2017-07-16 13:11:08
    Sain huu bna yum uzsen hun iim l boldog yum l daa odoo ene huniig zuv tosood avah heregtei bna olon zaluuchuud ene hun shig neg tsonhoor harj Mongol gej yavbal bolj bna daanch chadah eseh ni sonin bna daa hoorondoo evlelden negdeh heregtei bidni tsuuhun Mongolchuud amidralin unen surgamjtai kino buteeluudiig turvih heregtei goyo talaas ni alj hayadah bish manaid zohihgui tsagtaa Mongolchuud shudrag unench ajilsag bsan odooni zaluuchuudiig helj medehgui bna ih l shou tsengel yarsan hussen humuus bna shuudee
  2. S.narantuya (185.81.136.26) 2017-07-12 15:54:59
    Minii mongoliin ur udam estoi baharharmaar bnaa amjilt husii sain hunii huu iiml bdag bhaa bayr hurgii amjilt husii uneheer baharhaj hairlaj bnaa uhaant hoich ue minii eh iron ard tumniihee abragch huuhduud miniiee amjilt az jargaliig husii naidbaruud mini
  3. Norjmaa (27.123.214.116) 2017-07-12 15:00:50
    Saihan yariltslaga ugchee mundag huu bna amjilt husey duudee
  4. M.Myagmar (66.181.185.213) 2017-05-29 13:03:11
    Yariltslaga taalagdlaa iim hysel zorilgo temyyleltei zaluuchuudiig demjij hamtarch ajillah heregtei yils ni zaawal bytej amjilttai baihiig hysen eruue
  5. Nergui (150.129.140.209) 2017-05-27 20:16:28
    Ih zov saihan sanagdaj baina. Hiij buteej yavaagii n medeh bolohoor amjilt husie! Hunii nutagt ter hatuu changa deglemtei gazar huch hodolmor ursgan 20 jil amidrana gedeg yumand ih tuushtai bas zorilgotoi ajilladag hunii zan chanar haragdaj baina daa. Iim huuhed tsaashdaa zorilgo chiglelee sain medne dee! Sain huud ajliin amjilt husie!
  6. Зочин (150.129.140.209) 2017-05-27 20:11:45
    Их сайн боловсролтой байх сайн ч сайн хун, хун шиг хун байх естой гэж унэхээр онж хэлжээ. Одооны залуучуудаас сурах мэдэх юм их болсон байна. Аргагуй л бие дааж сурсан хун байна. Амжилт хусье!
  7. шал худлаагар (202.179.24.143) 2017-05-26 10:10:48
    нацагнямын өрөөсөн дугуи -попчин гар
  8. Noko (122.201.24.189) 2017-05-25 06:46:35
  9. UB Irgen (146.198.197.125) 2017-05-25 02:40:30
    Ene zaluugiin yariltslagaas bid uursudduu tusgan avj heregjuulj chadval mash sain yumsan. Zaluu Hun gehed olon talaas ni yumiig zuv harj dugnej chadaj bn. Us chuluug diilne, zuulun ni hatuug duulne gedeg dee manai uvug deedes. Ev tunjingui, har yar hiij, hoorondoo hemleltsehee bolih tsag bolson. Ajil hiij chadaj baigaagaa shahan zailuulah, ajilgui bolgoj orond ni chadvargui huneer solih heregguig ene zaluu bidend bas helj bn. Saihan niitlel bn.
  10. Гэгээ (111.239.95.215) 2017-05-24 19:29:18
    Яг үнэн зүйл яриж бн. бидэнд бодох зүйл их бнда мундаг бн амжилт
  11. Xaxaxaxa (103.206.195.210) 2017-05-24 11:19:23
    Dandaa hvn guij, mungu tulj niitlel bichvvlhee bolioochee ene zaluu odoo. Yu ch hiij giigvileegui baij ireh bolgondoo hudlaa vnen uuriigoo gaihuulj baihiin. mai geed vzvvleh hiisen yum baina uu chamd? Heden zurag huruguu Facebook deeree hed dahin ch hiidiin zalhmaar teneg hudlaa zaluu shvv bolj vz chi zvgeer.
    1. Зочин (202.131.233.5) 2017-05-24 11:47:30
      100% sanal neg bna.
  12. Зочин (202.131.245.226) 2017-05-24 10:38:50
    Дипломноос хүн байх сэтгэлээрээ байх нтр чухал гээд байхаар цаадуул чинь диплом огт хэрэггүй маягын юм ухамсарлаад зүгээр л нэг "сул дурын хүн" байх гээд ноцолдоод байна шүү дээ. Мэдлэг боловсрол чухал гэдгийг өөрөө мэдээд боловсорчихсонгууд нь байнга хэлж сануулж баймаар юм уул нь.

Танд санал болгох