• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: ​Санах ойтой, хоорондоо харилцах чадвартай ухаалаг программ бүтээж буй докторант С.Сайнбаяр

Нэгдүгээр сургуулийн Ц.Баяраа багшийн шавь нарын ноён оргилуудын нэг, улсын математик, физикийн олимпиадын долоон удаагийн аварга, олон улсаас математикийн олимпиадын хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан С.Сайнбаярыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд математик мэдээллийн технологийн чиглэлээр суралцан бакалавр, магистраа хамгаалжээ. Харин одоо Нью-Иоркийн их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар сурч байгаа ажээ.

Сэтгүүлч миний бие Монгол Улсаа төлөөлөн олон улсад математикаар өрсөлддөг С.Сайнбаярын амжилтын талаар хүүхэд ахуй цагаасаа л сонсож, битүүхэн атаархаж бас үлгэр дууриал авдаг байлаа. Улаанбаатараас хэдэн зуун километр аймгийн төв, тэгээд зогсохгүй хөдөөгийн нэгэн сумын бяцхан охины чихэнд сонсогддог байсан гэж бодохоор тухайн үедээ С.Сайнбаяр, Ц.Гэрэлт нар үнэхээр л аваргаа хадгалж чадсан аваргууд байжээ гэж бодогддог.

Хожим С.Баяраа багштай мөн түүний хэд хэдэн шавьтай ярилцах завшаан олдсоноор нэрийг нь сонсоод л өөрийгөө хурцалж, хичээдэг байсан С.Сайнбаяр, Ц.Гэрэлт гэх залуустай холбогдох боломж олдсон юм. Өмнөх дугаартаа Виржиниа технологийн инстутийн профессор Ц.Гэрэлттэй ярилцсан.

Харин С.Сайнбаярт жилийн өмнөөс мэйл явуулж, санал тавьсны эцэст сая ярилцлагын маань урилгыг хүлээж авсан юм. Тэр хэрээрээ удтал хүлээлгэсэн ховор зочин болохоор хувийн болоод хувьсгалын хэд хэдэн асуулттай товлосон цагт онлайнаар уулзлаа.

Монгол Улсыг тодорхойлдог байсан математикийн аварга одоо юу хийж байгаа нь хамгийн их сонирхол татаж байсан тул энэ асуултаар бидний яриа эхэлсэн юм.

Жолоочгүй автомашин, компьютер оношилгоо гээд олон салбарт ухаалаг машинаа ашиглах боломжтой  

Тэрээр Токиогийн их сургуульд бакалавр, магистраа хамгаалахдаа хүний хөдөлгөөнөөс суралцан, хүнтэй адил алхаж, гүйдэг машин сургалтын загвар боловсруулжээ. Энгийнээр тайлбарлах юм бол, машин сургалт гэдэг нь өөрийн туршлага алдаанаас суралцан улам ухаажих чадвартай компьютерын программ юм. Одоо харин С.Сайнбаяр тэр загвараа илүү боловсронгуй буюу хүнтэй адил санах ойтой, хоорондоо харилцах чадвартай, ухаалаг болгохоор докторын судалгаагаа хийж байгаа ажээ.

С.Сайнбаяр энэ салбарын талаар “Машин сургалтыг олон зүйлд ашиглах боломжтой. Хамгийн наад зах нь гэхэд facebook-т тавьсан зураг дээрх хүмүүсийг автоматаар таних, хүний оролцоогүй орчуулга хийх зэрэгт хэрэглэж болно. Цаашлаад жолоочгүй автомашин, компьютер оношилгоо гээд олон салбарт нэвтэрнэ” гэв.

Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн машин сургалт, хиймэл оюун ухааны чиглэлд томоохон үр дүнтэй судалгаа хийж буй С.Сайнбаяр АНУ, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудад салбартаа аль хэдийн танигдаж эхэлжээ. Учир нь тэрээр хэд хэдэн удаа салбарынхаа томоохон хуралд оролцон өөрийн судалгаагаа танилцуулсан байна. Тухайлбал, 2015 онд Канадад болсон хуралд 3000 гаруй судлаачдын өмнө хиймэл санах ойн талаар илтгэл тавьсан байна. Түүнчлэн, Чикаго хот дахь Тоёотагийн технологийн институт, Массачусетс мужийн их сургуулиудад урилгаар очиж яриа хийжээ.

Түүний амжилт зөвхөн судалгааны ажлаар дуусахгүй бөгөөд "Google", "Facebook" гээд үндэстэн дамнасан томоохон компаниудад дадлага хийн, туршлага хуримтлуулж амжжээ.

“Миний хувьд том компаниудад дадлагажиж, ажиллаж байхад суралцах, туршлага хуримтлуулах зүйл маш олон байсан. Тухайлбал, “Фэйсбүүк” компанийн нэг онцлог нь хавтгай бүтэцтэй. Ажлын байрандаа захирлаасаа эхлээд бүгд нэг төвшинд харилцаж, хамтран ажилладаг. Марк Цукерберг гэхэд ажилчидтайгаа нэг өрөөнд, ижилхэн сандал, ширээн дээр сууж байх жишээтэй.

Түүнээс гадна би Токиогийн их сургуульд байхдаа нэг Япон компанид долоон жил цагаар ажилласан. Тэр үед ч мөн ялгаагүй маш олон зүйл сурч, туршлага хуримтлуулж чадсан. Япон хүмүүс маш их хөдөлмөрч, их ажиллана. Орой даргаасаа түрүүлж гарах эрхгүй байдаг. Миний хувьд цагаар ажиллдаг байсан болохоор оройтсон ч харамсах зүйл байгаагүй л дээ. Мөн япон компаниуд хэрэглэгчийг хаан гэж үздэг. Бүх зүйлийг зөвхөн хэрэглэгчийн сэтгэлд нийцүүлнэ, хэрэглэгчийг хүндэтгэнэ” хэмээн ярьж байлаа. 

Ингээд бид түүний хувь хүнийх нь хөгжлийн талаар яриагаа үргэлжлүүлсэн юм.

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Мэдээж олон хүнээс хараад, суралцаад явдаг. Багш нараасаа, хамтран ажилладаг судлаачдаас үлгэр дууриал авна. Судалгаа хийгээд явж байхад бүтэхгүй шантрах, бэршээлтэй зүйлүүд олон гарна. Тэр үед амжилтад хүрсэн хүмүүсийн тухай уншаад урам зориг, эрч хүч авдаг. Физикч Ричард Фэйманы номыг нь уншаад их таалагдсан. Хүмүүст судлаач гэхээр л номын, даруухан дүр төрх санагддаг байх. Харин энэ хүн бол маш олон талын чадвартай, бусадтай санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, нээлттэй болохоор түүний амьдралаас суралцах зүйл олон байдаг.

-Ер нь математик, мэдээллийн технологийн салбар маш хүнд, хөдөлмөр шаардсан салбар шүү дээ. Таны хувьд мэргэжлээсээ авдаг маш том урам зориг байдаг байх. Тийм болохоор энэ хүртэл явж ирсэн болов уу гэж бодож байна? 

-Энэ чиглэлээр судалгаа хийхийн нэг давуу тал нь цагт баригдахгүй өөрийн тааваар ажиллаж болдог нь их зүгээр байдаг. Бас ихэнх цагаа гараараа юм хийхээс илүү юм бодож өнгөрөөдөг болохоор биед амар. Гэхдээ мэдээж хамгийн их урам авдаг нь олон сар хийгээд бүтэлгүйтсэн зүйл мааньгэнэт ажиллаж эхлэх тэр мөч.

-Математикийн чиглэлийн хүн бусдаас илүү амьдралын ухаантай байдаг гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд?

-Харин эсрэгээрээ биш үү. Гэхдээ математик зарим үед амьдрал дээр зөв сонголт хийхэд сайнаар нөлөөлөх үе байдаг. Жишээ нь магадлал ойлгоод ирэхээр юмны эрсдэл ашгийг тооцоход хялбар болдог. Бас аливаад хурдан, хялбар итгэдэггүй болчихдог. Заавал судалж, учир утгыг нь тайлсан цагт итгэдэг болох тал бий.

-Гадаадад суралцаад,ажиллаад явж байхад монгол хүнийхээ үнэ цэнэ, цаашлаад давуу болон сул тал нь хүртэл ажиглагддаг байх?

-Монгол хүмүүс бие дааж, ганцаараа хийх чадвар маш өндөр байдаг. Эсрэгээрээ багаар ажиллах чадвар жаахан тааруу. Мөн японууд гэхэд аливаа зүйлийг хийхдээ маш удаан хугацаанд бодож, төлөвлөж байж хийдэг. Харин монголчууд бол хурдан, хурдан шийдвэр гаргаад шууд хийгээд явчихдаг. Энэ нь аль аль талаараа сул болон давуу талтай л даа. Мөн монгол хүмүүс маш хатуужилтай.

Эх орныхоо нэрийг шинжлэх ухааны тавцанд гаргаж, монгол хүнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлэхийг хүсдэг

-Таны ойрын 5 жилийн төлөвөлгөө юу вэ. Алсын хараа гэх юм уу. Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?

-Эхний ээлжинд доктороо хамгаална. Энэ салбартаа судалгааны чиглэлээр хаа хүртэл явж чадахаа харахыг хүсч байна. Заавал эх орондоо биеэрээ очиж байж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэвэл өрөөсгөл ойлголт байх. Чадвал эх орныхоо нэрийг шинжлэх ухааны тавцанд гаргаж, монгол хүн болж төрсөн энэ үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хүсдэг. Гэхдээ хангалттай туршлага мэдлэгтэй болсон хойно оо л Монголдоо очиж амьдарна. Монгол шиг сайхан тайван амгалан газар хаана ч байхгүй юм шиг санагддаг.

-Өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд мэдээж эх орноо хөндлөгийн нүдээр харж байгаа. Ер нь Монгол Улсын цаашдын хөгжилд өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй ямар талууд байна гэж хардаг вэ. Үүнд монгол хүн ямар үүрэг оролцоотой байх ёстой гэж боддог вэ? 

-Хүн бүр тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой юм болов уу гэж бодож байна. Заавал их сургууль төгс, дипломтой бол гэсэн үг биш шүү. Хувь хүн бүр улс төр эдийн засаг ,нийгэм цаг үеийн талаар ойлголттой байх ёстой гэсэн үг. Нарийн сайн мэдэхгүй ч ерөнхийд нь гадарладаг байх хэрэгтэй. Энэ нь зөв сонголт хийхэд тустай. Хэн нэгэнийг даган дуурайгаад байхгүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байх юм. Хувь хүний мэдлэг мэдээллийн төвшин сонголтод нөлөөлдөг.

Аварга болоход...

Аливаа зүйлийг уг учгаар нь ойлгохыг хичээдэг байсан түүний төрөлх чанар хүнд хэцүү математикийн томьёог торох зүйлгүй тогтоож, цээжлэхэд нөлөөлсөн эхний хүчин зүйл.

Ц.Баяраа багшийнх нь заах арга, ур ухаан, ангийн нөхдийн өрсөлдөөн түүнийг удаа дараагийн улсын аварга болгосон удаах хүчин зүйл.

Дуртай зүйлээ олж, түүнийхээ төлөө тасралтгүй хичээсэн нь алдах эрхгүй аваргаа аваргаар нь хадгалж үлдсэн гурав дахь хүчин зүйл.

Хэчнээн олон удаагийн аварга болсон ч, хэдэн их сургууль төгссөн ч, хэмжээлшгүй том компанид ажилласан ч үргэлж суралцагч гэсэн байр сууринаас хандаж даруу байдаг нь С.Сайнбаярын өнөөг хүртэл аваргаа аваргаар нь хадгалсаар ирсэн дөрөвдэхь буюу хамгийн том чухал хүчин зүйл болохыг анзаарсан юм.

“Ярилцлага эхлүүлэхэд би чадахгүй, мэдэхгүй, би мундаг хүн биш, ярилцлаган дундуур тэр үед тэгж суралцсан, тэндээс тийм зүйлийг мэдэж авсан, ярилцлагын төгсгөлд одоо ч суралцаж байна”

Энэ хүн бол Монгол Улсын долоон удаагийн математик, физикийн аварга, олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн, Токиогийн их сургуулийн магистр, Нью-Иоркийн их сургуулийн докторант С.Сайнбаяр.

Түүний мэддэг мөртлөө мэдэхгүй, чаддаг атлаа чадахгүй гэх хариултууд нэлээн хэдэн асуултын маань хариулт байсан юм.

“Та хэн нэгэн залууд үлгэр дууриал болох хэрэгтэй.Тэгэхийн тулд өөрийгөө таниулах хэрэг гарна. Гэтэл энэ нь уламжлалт соёл, эрдэмтэй хүн даруу гэдэг утгатай зөрчилдөх болдог. Сүүлийн үед эрдэмтэй хүн даруу биш байх үүрэгтэй болчихсон юм шиг санагддаг” гэж шалж байж хэдэн асуултад хариулт авснаа нуух юун.

Ямартай ч би чаддаг, эсвэл би мэддэг гэж хэлэх яг тэр үед тухайн хувь хүний хөгжил аль хэдийн зогссон байдгийг тэр хэнээс ч илүүгээр мэддэг учраас үргэлж суралцагч, шинийг эрэлхийлэгч, бүтээгч байхад тэмүүлсээр иржээ....

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-18 09:57:22


Нийт сэтгэгдэл: (19)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (103.26.194.76) 2017-10-02 12:07:05
    Bayaraa bagshiin angiinhan aimar sain bsan, hotiin olympiad ntr deer taaraldaad ednii angiinhand zam tavij ugdug blaa shd haha, ednii angiinhan ahlah angid bhad Mongol olon ulsiin math-iin olympiad-d tuuhendee hamgiin sain oroltsson amjilt uzuulj bsan
  2. Зочин (202.9.42.227) 2017-09-16 14:39:48
    Ёстой манай үеийн аварга шүү дээ. Би хүртэл нэрийг нь дуулж явлаа шүү дээ.муис ийн лицейгийн саргайд физикээр нэг ялагдаж байсан. Саргай одоо юу хийж явдаг юмболдоо?
    1. Япон явсан (103.229.177.46) 2017-10-03 16:15:41
      Саргай бас Япон явсан. Одоо хаана юу хийж явдаг юм бүү мэд. Хөөрхөн охин байсан.
  3. Mendee (202.232.182.70) 2017-05-23 11:41:24
    Saihan yariltslaga boljee. Suralga hudulmuriin undur amjilt husy
  4. Зочин (112.72.11.110) 2017-05-22 17:18:46
    Памбага мундаг шүү
  5. Зочин (50.159.85.85) 2017-05-21 11:38:13
    bi tanias mash ih uram awdag shuu. Bayrlalaa.
  6. Зочин (202.21.116.2) 2017-05-19 12:50:22
    Энэ Санбаа нээрээ олигтой урт ярилцлага өгчихгүй. Манай үеийн бахархал шүү.
  7. Yanjmaa (66.181.160.89) 2017-05-18 21:26:01
    Minii hurgen ch yostoi l erdemtei hun daruu ih moron dolgoon gedegin l ulger jishee bolson aguu huu dee Huudee ulam ih amjilt husie
    1. Зочин (122.201.17.54) 2017-05-18 23:00:52
      яая ингэж хадам ээждээ кок авж үзэх юмсан
  8. Зочин (202.9.41.91) 2017-05-18 20:50:53
    Sainaa amjilt husii baga bhiin l mundag bsan sh dee
  9. М.Наран (202.21.108.95) 2017-05-18 18:47:16
    Маш ихээр бахархаж байна Сайнаа^^
  10. Марта (202.9.40.25) 2017-05-18 14:19:53
    Амжилт чи чадна
  11. Иргэн (188.74.64.15) 2017-05-18 12:54:18
    Аварга хүн аваргаараа л байх юмдаа.
  12. Зочин (103.26.193.14) 2017-05-18 12:40:27
    ӨӨ, овоо урт, сонирхолтой зүйл унших юм болов уу гэтэл ингээд л болсон уу? Ирэхээр нь тухтайхан ярилцаарай. Сагс сайн тоглодог байсан шдээ хэхэ
    1. Зочин (202.21.116.2) 2017-05-19 12:46:04
      За сагс ч ёстой худлаа шүү, кк
  13. Зочин (103.229.121.231) 2017-05-18 12:37:57
    Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг үгийн гэрч болсон залуу байна. Би чаддаг, мэддэг гэж бүлтэрсэн зарим нэг залуусыг бодвол хийж бүтээж буй зүйлтэй, хэлэх шагналтай монгол тархи байна. Амжилт хүсье. Үргэлж суралцагч байдаг энэ чанараа битгий алдаарай. мМаш их урам зориг авлаа. Баярлалаа...
  14. B.Emkhbat (202.21.106.108) 2017-05-18 12:34:34
    Ene zaluugaar baharhaj baina Amjilt. Ene dashramd Bayaraa bagshiin ene angiinhan erdemt hun daruu ih nurun dulguun gedeg lugaa tun zuv tuluvshsun mundag huuhduud yum.Bayaraa bagshid Mongol ulsiin gavyat tsol uguusei gej husej baina. Sainbayar bolon ene angiinhan shig olon mayngan zaluus Mongol ulsiig hugjuulne bugded ni amjilt
  15. Зочин (188.74.64.15) 2017-05-18 12:19:29
    Санбаа агуу агуу! Бид бүхний бахархал, үргэлж дэмжиж явдаг шүү! Deep Learning-р Монгол залуучуудтайгаа баг эртхэн бүрдүүлээд дэлхийд гайхуулах AI бүтээл хийгээрэй! Та бүхэн чаднаа!
  16. томоо (183.81.171.150) 2017-05-18 11:41:09
    мундаг залуу байна. судалгааных нь ажилд амжилт хүсье. дэлхийд танигдсан том эрдэмтэн болоорой

Танд санал болгох