• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Х.Энхжаргал комиссар аа, "оффшоргүй ХОМ" уншмаар байна

Авлигатай тэмцэх газар 2007 онд нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, нягталж, шалгадаг болсноос хойш 10 жил өнгөрч байна. Төрд ажиллаж, татвар төлөгчдийн халааснаас цалинжиж байгаагийнхаа хувьд “төрөөс хумслаагүй” гэдгээ нотолж албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогоо тус газарт шинэчлэн мэдүүлдэг. Мэдүүлгийг нь АТГ гурван сарын хугацаанд шалгаад төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын хэмжээг олон нийтэд мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гишүүдээс авахуулаад Улсын дээд шүүхийн шүүгч нар, шүүхүүдийн ерөнхий шүүгч нар, Улсын ерөнхий прокурор түүний орлогч нар, УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яам, агентлагийн удирдлагуудын хөрөнгө чинээг иргэд жил бүр хянах мэдээлэлтэй болдог юм.

АТГ хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар улиралд багтааж дээрх мэдээллийг “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон өөрийн веб сайт, хэвлэлд нийтэлдэг. Дундаж хугацааг авч үзвэл, 2011 оноос хойш дөрөвдүгээр сарын 20-ноос хэтэрч зарласангүй. Тэгсэн мөртлөө сүүлийн зургаан жилд хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтны тоо 58 мянга байсныг 38 мянга болгож, сүүлд 28 мянгад хүргэж цөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын бүртгэж хянадаг цаасан баримт бараг хоёр дахин багасчээ. Ийм байхад тавдугаар сарын 15 болоход 240-хөн албан тушаалтны хөрөнгийг яагаад олон нийтэд дэлгэхгүй байна вэ.

ХОМ дэлгэхгүй байгаа шалтгааныг “оффшорын эсрэг” гэж нэрлэгдэж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбож зөвтгөж болох юм. Тус хуульд зааснаар, нийтийн албан тушаалтан оффшор бүсэд эзэмшиж байсан хөрөнгөө зарж, хувьцаагаа борлуулж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө бусдад зарж шилжүүлсний дараа хөрөнгөө АТГ-т мэдүүлэх учиртай. Ийм ажиллагаа хийгдсэн байлаа гэхэд Монголын төрд ажиллаж байгаа оффшорчин АТГ-ын ачааллыг нэмж, бүтэн сараар ХОМ задлахгүй байх шалтгаан болсон гэхэд итгэхэд бэрх. АТГ-ын дарга Х.Энхжаргал комиссар аа, оффшоргүй ХОМ уншмаар байна.

Нөгөө талаар удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн хөрөнгө ямар байгааг, УИХ-д 65 суудал авсан МАН, есөн суудалтай АН-ын гишүүдийн хөрөнгө чинээ өнгөрсөн 2015-2016 онд хэрхэн өөрчлөгдсөнийг иргэд мэдэхийг хүсч байгаа. Шинэ парламенттай болоод бүтэн жилийн дараа сайд нар, гишүүдийн хөрөнгө арвижсан уу, хумигдсан уу гэдгийг мэдэхийг иргэд хүсч байгаа юм. Ийм байхад ХОМ-ийг өдий хүртэл яагаад олонд дэлгэхгүй байна вэ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-15 16:18:31


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (43.250.126.25) 2017-05-16 11:28:25
    оффшор оо ил болгох хэрэгтэй

Танд санал болгох