• 2017 оны 08 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Н.Ашид: Давосын чуулган дээр хоёр удаа морин хуур тоглож, хөөмэйлж байлаа

Монголын болон гадаадын хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран 20 гаруй цомог гаргасан. Японы эзэн хааны ордноос эхлээд Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний филармоний концертын их танхим, АНУ-ын Нью-Йорк хотын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын танхим гээд дэлхийн 40 гаруй орны нэр хүндтэй тайзнаа гоцлон болон хамтран тоглож Монголын язгуур урлагийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлч СТА Н.Ашидтай ярилцлаа. Тэрээр дэлхийн эдийн засгийн Давосын чуулганыг  хоёр ч удаа морин хуур, хөөмэйн эгшгээрээ мялааж байжээ. 

Монгол түмний морин хуур хэмээх хөгжмийн зэмсэг нь гэрийн хөгжмөөс тайзны хөгжим болон хөгжиж дэлхийн олон улсад танигдаад зогсохгүй энэ хөгжмийн зэмсэгээ Монгол Улс НҮБ-ын ЮНЕСКО-д “Дэлхийн оюуны биет бус соёлын өв”-өөр бүртгүүлсэн. Энэ үйлсэд улсын Филармоний Морин хуурын чуулгын хамт олон хувь нэмрээ оруулж Монголын ардын урлагийг дэлхийн төвшинд гаргаж, мэргэжлийн тайзнаа сурталчлан таниулж яваа билээ. Тус чуулгын морин хуурч Н. Ашидын хувьд мөн Монголын язгуур урлагийн бас нэгэн гайхамшиг болсон хөөмэйн урлагийг судлан дэлгэрүүлж, сурталчлан таниулах үйлд хувь нэмрээ оруулж яваа нэгэн аж. Тэрээр 2010 онд “Хөөмэйн хөгжил хамгаалал” ТББ-ыг байгуулж НҮБ-ийн ЮНЕСКО-д “Дэлхийн оюуны биет бус соёлын өв”-өөр монгол хөөмэйг бүртгүүлэхэд өөрийн хөөмэйн уран бүтээлийн бичлэгийг илгээж байжээ.

-Сайн байна уу. Та бол хөөмэй, морин хуур гээд Монголын ардын урлагийг олон улсад таниулж, сурталчилж яваа хүн. Таны хувьд хэзээнээс хөөмэй, морин хуурыг сурч мэргэжлийн төвшинд эзэмшив гэдгээс яриагаа эхлүүлье?

-Би анх 1986 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангид элсэн орж байсан. 1995-1999 онд Соёлын дээд сургуулийн соёлын арга зүйч, хөгжмийн багшийн ангийг дүүргэсэн. 1997 оноос Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сундуйгаар монгол хөөмэй заалгаж суралцсан. 1999 оноос эхлэн Улсын Филармоний Морин хуурын чуулгат гоцлол хөөмэйч, морин хуурчаар одоог хүртэл ажиллаж байна. 2007-2009 онд МУСТА нэрт хөөмэйч Т.Ганболдоор монгол хөөмэйн уламжлалт арга барилыг заалгаж суралцсан. Миний хувьд хөөмэйн ноён оргил болсон шилдэг багш нараар заалгаж, энэ урлагийг эзэмшсэн их азтай хүн. Гэхдээ аливаа зүйлийг төгс сурна гэж байдаггүй болохоор одоог хүртэл суралцаад л явж байна.

-Ардын урлаг тэр тусмаа хөөмэй маш өвөрмөц урлаг шүү дээ. Тэр хэрээрээ хүн бүхэн сураад мэргэжлийн төшинд эзэмшчих зүйл бас биш байх. Хөөмэйн онцлогийн талаар ярихгүй юу?

-Морин хуур, хөөмэй бол нүүдэлчин түмний ахуй соёлыг тэр чигт нь багтаасан байдаг. Үүгээрээ дэлхийд гайхагдаж байгаа урлаг. Суурин соёл иргэншилтэй хүмүүс сонгодог урлагаас уйдаад байгаа энэ үед нүүдэлчин ард түмний ахуй соёлыг харуулсан хөөмэй маш олон хүний анхаарлыг татаж байна. Тун удахгүй хөөмэйн урлагийг дэлхий нийтээрээ дуурийн урлаг шиг сонирхдог, сонсдог болно гэж боддог. 

 Хүний өгүүлэхүйн эрхтнээс нэг зэрэг хоёр бас түүнээс дээш авиа гаргана гэдэг өөрөө маш өвөрмөц бас их хэцүү. Хөөмэй үндсэн 4 төрөлтэй байдаг. Хамгийн бүдүүн авиа буюу хархираа нь эрэгтэй хүний хамгийн дээд хоолой болох бэйс хоолойноос илүү бүдүүн дуугардаг. Харин исгэрээ хөөмий буюу эмэгтэй хүний хамгийн нарийн гаргаж байгаа хоолойноос нарийн өнгийг дуугардаг. Хоёр гурван хоолой зэрэг дуугарахаас гадна хамгийн дээд, хамгийн доод өнгийг нэг хүн гаргаж байна гэдгээрээ маш гайхамшигтай. 

-Таны хувьд МУИС-ийг хөөмэйн арга ухааны чиглэлээр магистр хамгаалсан гэсэн. Ер нь судлаач, эрдэмтэд хөөмэйн үүсэл, гарлыг юу гэж тайлбарладаг вэ?

-Хөөмийн үүсэл түүхийн хувьд маш олон түүх, домог байдаг. Тэдгээрээс судлаачид санал нийлдэг, олон хүн зөвшөөрдөг нэг түүх бий. Эрт цагт нэгэн шилийн сайн эр Алтайн сүрлэг ууланд нэгэн голын дэргэд унтсан байдаг. Өглөө босоод өндрөөс эх аван урсаж байгаа тэр голын чимээ, хаданд цуурайтсан дууг сонсоод түүнийг дуурайж авиа гаргасан гэдэг.  Энэ явдлаас хөөмэй үүссэн гэж ярих нь бий.

-Хөөмэй Монголын нүүдэлчин соёл иргэншлийг тэр чигт нь өөртөө багтаасан байдаг гэж та түрүүнд хэлсэн. Гадаад хүмүүс хөөмэйлж чаддаггүй нь үүнтэй бас холбоотой байх. Хөөмэйлэхэд гадаад, монгол хүн юугаараа ялгаатай байдаг вэ?

-Надад хэд, хэдэн шавь бий. Тэр дунд Орос, Америк гээд гадаад шавь нар бас байгаа. Гадаадууд хөөмэйлэхэд хэцүү байдаг нь хоёр шалтгаантай. Нэгд, хэлзүйн хувьд маш их ялгаа гардаг. Хэл судлаач доктор, профессор Г.Гантогтох "Монгол хэл өөрөө хөөмэй үүсэх шалтгаан болдог" гэж хэлсэн байдаг. Дэлхий нийтийн хэлийг авиа гаргаж байгаа үүднээс нь хоёр хувааж үздэг байна. Нэгийг нь хугалган авиа гэж нэрлэдэг. Энэ нь Монголчуудын төвөнхийн хөдийнөөс гаргаж байгаа авиа. Авиа гарах явцад авиагаа хугалж гаргадаг. Энэ авианаас хөөмийн үндсэн элементүүд гардаг байна. Нөгөөдөх нь аялган авиа гэж байдаг. Энэ авиагаар ихэвчлэн гадаад хүмүүс ярьдаг. Тийм болохоор тэдэнд Хөөмэй сурахад хэл зүйн хувьд хүндрэлтэй, маш хэцүү байдаг.

Хоёрт, өссөн, төрсөн соёл иргэншилтэй холбоотой байдаг. Суурьшмал соёл иргэншилтэй хүмүүс сэтгэлгээ нь хайрцагт баригдсан, нэг л чөлөөтэй сэтгэж чаддагүй. Хөөмэй, уртын дууг цээж дүүрэн гаргаж цуурайтуулах ёстой байдаг. Үүнийг нүүдэлчин соёл иргэншилтэй, тал нутагт өсөж төрсөн хүмүүс л хийж чаддаг.

-Таны хувьд гадаадын олон томоохон алдартай тайзнаа тоглож байсан. Гадаадууд ямар сэтгэлээр хүлээн авдаг вэ. Гадаадын тайзнаа олон үзэгчийн алга ташилт сонсоход Монгол соёл, урлагаараа омогшиж, бахархах үе олон байдаг байх?

-Улсын Филармоний Морин хуурын чуулга бол дэлхийн хэмжээнд мэргэжлийн төвшинд үнэлэгдэж чадсан. Монгол Улсыг сурталчилж буй маш том соёлын элч юм. 

Анх хөөмэйлэхийг харсан гадаадууд "аман дотроо хөгжим хийчихсэн юм уу" гэж их гайхдаг байсан. Одоо харин харьцангуй мэддэг, сонсдог болсон шүү. Миний хувьд зарим улсад очихоороо тухайн улсын үндэснийх нь дууг хөөмэйлж үзүүлнэ. Тэр үед маш сайхан хүлээж авна, үзэгчид нулимс гаргах үе олон байдаг. Алгыг бол аадар бороо мэт нижигнүүлнэ. Тухайн үед өөрөөрөө бахархахаас илүү Монголын нүүдэлчин ард түмний бүтээсэн соёлын өв ямар агуу гайхамшигтай юм бэ гэдгийг мэдэрч, омогшиж, бахархдаг.

-Та удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын Филармоний Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан. Энэ жил 25 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд энэ жил маш олон цуврал тоглолт хийж байна. Миний хувьд тавдугаар сарын 22-нд "Хуурын эгшиг, хөөмийн уянга" гээд тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт миний 5 дахь бие даасан тоглолт байгаа. Тоглолтод 70 гаруй уран бүтээлч оролцоно. Мөн Буриад улсын төрийн соёрхолт Г.Баттулга гэдэг алдартай уран бүтээлч урилгаар оролцоно. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-05-12 10:36:19


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (43.242.243.59) 2017-05-13 22:45:39
    Ашид гавъяат жүжигчин цол авах болзол хангасан, бүтээлтэй, авъяастай, хөөмий гэж ховор хосгүй сайхан урлагийг чадварлаг эзэмшсэн хүн. Би Ерөнхийлөгч бол шууд гавъяатыг нь өгнө.

Танд санал болгох