• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

З.Батбаяр: Туулын уснаас ууя гэж Д.Оюунхорол сайдтай болзоо тавьсан

                              -Экологийн сүйрэл нүүрлэсэн ганц  газар бол Улаанбаатар хот өөрөө-

Усны газрын орлогч дарга асан З.БАТБАЯРТАЙ ярилцлаа.

-Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж Туул гол руу бохироо цутгахаас өөр аргагүй болсон талаар мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламж баригдаад 50 гаруй жил байгаа хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хэр хийгдсэн юм бэ?

-Аливаа нэгэн улсын хотыг хот чигээр нь авч үлдэхийн тулд усан хангамжийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой байдаг. Монгол Улсад хот гэдэг статустай болоод 50 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд хотын хөгжил хурдтай явагдсан ч хөгжлөө дагасан усан хангамж, бохир усыг татан зайлуулах асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Анх 1958 оноос хоолой, суваг шуудуу тавьж эхэлсэн.Тухайн үед тавьсан бүх хоолой шугамнуудад ямарч  засвар хийгээгүй хэвээрээ л байна. Одоогийн яриад байгаа Төв цэвэрлэх байгууламж нь 1980-аад оны үед төлөвлөж байснаараа 500-600 мянган хүн амтай хотын зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж юм шүү дээ. Ахуйн гэдэгт үйлдвэрийн бохир ус орохгүй. 1980 онд хийсэн төлөвлөгөөнд 2000 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 650 мянгад хүрнэ,  2000 оноос хойш хүн амын тоо өсөх үед шинэ цэвэрлэх байгууламж барих, эсвэл нийслэл хотын төвлөрлийг сааруулах шинэ хот байгуулна гэж тусгасан. Шинэ хот гэдэгт  Дархан, Эрдэнэт, захын бүсэд Ховд, Дорнодыг хот болгон хөгжүүлэх бодлого явуулж эхэлсэн байдаг. Дархан, Эрдэнэтэд тус бүр 100 мянган хүн амтай хотыг бий болгосон. Ховд, Дорнодыг 30-50 мянган хүн амтай жижиг хот болгоно гэж тооцож байв. Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн хотыг байгуулснаар нийслэлд хүн амын гуравны нэг нь амьдарна гэж төлөвлөж байсан юм. Гэхдээ 1990 оны зах зээлийн өөрчлөлтөөр нэлээд олон зүйл өөрчлөгдсөн. Төрийн мэдэлд байх ёстой олон байгууллага хаягдсанаас дунд Төв цэвэрлэх байгууламж, Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжийг зөнд нь орхисон.  Гэтэл сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн амын тоо 40 хувиар нэмэгдэж 1.3 сая хүн амтай боллоо. Үүний хажуугаар Монгол Улсын аж үйлдвэрийн 95 орчим хувь Улаанбаатарт төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн усан хангамж, ахуйн усан хангамж хоёр холилдсон. Бохир ус нь шүү.

-Үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламж байгаа шүү дээ?

-Харгиа цэвэрлэх байгууламжийг  зах зээлд шилжих үеэр төр хувьчилсан. Харин дараа нь төр  хувьчилсан барилгаа буцаан авч тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллуулах гэж оролдсон. Гэхдээ хэдхэн томоохон үйлдвэрээс усаа цуглуулдаг байсан Харгиа цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд байсан үйлдвэрүүдийг нүүлгэж, өөр барилга байшин баригдсан учраас урьдчилан цэвэрлэх байгууламж гэдгээр ажиллаж чадахаа больсон. Арьс, шир, ноос ноолуурын томоохон үйлдвэрүүд бохир усаа шууд Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна. Уг нь үйлдвэрүүдийн хаягдал, химийн хортой усыг Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжид ялгаж цэвэрлэсний дараа Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх ёстой. Гэтэл энэ дамжлага байхгүй болсон. Зөвхөн ахуйн бохир усыг цэвэршүүлэх ёстой байгууламжид өндөр ачаалал үүссэн. 2000 оноос хойш Улаанбаатар  маш олон тооны автомашинтай болсон. Энэ тооноос хамаарч авто угаалгын газрууд олноор байгуулагдсан. Нийт 500-600 мянган хүн амтай хотын зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай Төв цэвэрлэх байгууламж дээр 1.3 сая хүн амын хэрэглэж буй ус, үйлдвэрийн, автомашин угаалгын газрын бохир очиж, хэмжээ хүчин чадлаасаа хэдэн дахин давж усаа цэвэрлэх ямар ч боломжгүй болсон.

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал зөвхөн өнөөдөр яригдаж эхэлсэн сэдэв биш байх. 1980-аад онд хийсэн тооцоогоор бол 2000 оноос хойш аюултай төвшинд ажиллаж, усаа бүрэн цэвэршүүлэх боломжгүй болсон байна. Тийм үү?

-Тийм. 2000 оноос Төв цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа талаар ярьж эхэлсэн. Жишээ нь, 2000 оноос эхлэн Туул гол дээр бохирдлын шинж тэмдгүүд илэрч байсан. Тиймээс 2004 онд Усны тухай хуулийг баталж, энэ асуудлыг шийдвэрлэх нэлээд олон заалтыг багтаасан. Үүний нэг нь үйлдвэрийн усан хангамжийг ахуйн усан хангамжаас салгая гэдгийг оруулсан. Ингэж явсаар 2012 онд батлагдсан хуулиар Монгол Улс усны 3-4 янзын төлбөртэй болохоор болсон. Ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, усны үйлчилгээний төлбөрийг авахаар хуульчилсан. Ус ашигласны төлбөрийг худгаас ус авсан уул уурхайн компаниуд төлнө. Усны үйлчилгээний төлбөрийг Ус сувгийн удирдах газар бүрдүүлж авна. Жишээ нь, АПУ компани Ус сувгийн удирдах газраас усаа авдаг учраас үйлчилгээний төлбөрөө тэнд төлөх ёстой. 2012 онд батлагдсан хуулийн дагуу АПУ-гийн бохирдуулсан усан дээр хяналтын систем тавина. Хэрэв бохир усны стандартад нийцэхээр байвал зөвхөн бохир усны төлбөрөө төлж, стандартаас давбал бохир усны төлбөр дээр нэмж торгууль төлөх хууль гаргасан. Яагаад энд АПУ компанийг жишээ болгосон гэхээр тус компанийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүний дамжлага нь бэлэн болсон бүтээгдэхүүнийг 60 градус халааж хлорын уусмалтай усаар угааж, хэрэглэсэн усаа бохир ус руу нийлүүлдэг байсан. Харин бохир усны төлбөр авснаар цэвэр шахуу усыг бохир ус руу хийхийн оронд АПУ компаниас 600 метрийн зайтай байрлах Ээрмэлийн үйлдвэрт зарж болно. Ээрмэлийн үйлдвэр бөөгнөрсөн ноосоо тараахын тулд усаа 50-60 градус халуух шаардлагатай байдаг. Тэгэхээр АПУ компани халаасан цэвэр шахуу усыг бохир ус руу нийлүүлэхийн оронд Ээрмэл компанид зарна. Ээрмэл нь цэвэр ус авч, түүнийгээ 50-60 градус халааж цахилгааны өндөр төлбөр төлөхийн оронд түүнээсээ хэд дахин хямдханаар АПУ-гаас ус авна. Энэ зарчмаар явбал усны наймаа гэдэг зүйл үүснэ. Мөн нийт дүнгээр нь авч үзвэл АПУ ч тэр, Ээрмэлийн үйлдвэрийн усны хэрэглээ ч багасна. Цаашлаад Ээрмэлийн үйлдвэрээс арьс ширний үйлдвэр рүү ус өгч болно. Өөрөөр хэлбэл, нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэж ярьдаг байсан бол дэлхийн дахины өнөөгийн суурин амьдралд нэг голын усыг 10 байтугай 100 удаа ч хэрэглэж болдог зам руу орох хууль гаргасан. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламж дээр очиж байгаа бохирдолтой ус багасгахаас гадна ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар үйлдвэрийн бохир ус төв байгууламж дээр очихгүй байсан. Нэг том асуудал байсан нь машин угаалгын газруудыг байгуулахдаа шууд хүн амын усан хангамжтай холбосон. Өөрөөр хэлбэл, ард түмний уудаг усаар машинаа угааж эхэлсэн учраас машин угаалгын газруудыг яах вэ гэдэг асуудал байсан. Үүнийг мөн яг л дээр хэлсэн дамжлагаар шийдэж болохоор байсан юм.

-Усны асуудлыг зохицуулж, хууль хэрэгжүүл гэж Ус сувгийн удирдах газрын байгуулж, төсвөөс санхүүжүүлж байгаа биз дээ?

-Ус сувгийн удирдах газар жилд 13 тэрбум төгрөгийн зардал гаргаж 11 тэрбум төгрөгийн ашиг олдог. Өөрөөр хэлбэл жилд хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байгууллага. Үүн дээр 2007 онд Испанийн хөрөнгө оруулалтаар хийсэн таван сая долларын өрийн хүүг төлдөг. Тэгэхээр энэ байгууллага засвар, шинэчлэл хийх ямар нэгэн санхүүгийн чадвартай байх үндэслэлгүй. Тиймээс 50 гаруй жилийн өмнө барьсан Төв цэвэрлэх байгууламжийг нурахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр Ус сувгийн удирдах газар үүссэн асуудалд маш бүдүүлэг хандсан. Бид цэвэрлэх байгууламжинд засвар хийнэ, тэгэхийн тулд Туул гол руу бохироо асгана гэж мэдэгдлээ. Үүнийг нь нэг талаар шантаажны, эсвэл нэг гранат барьсан нөхөр Төв цэвэрлэх байгууламжийг дэлбэллээ шүү гэж байгаатай адил байдлаар хандлаа. Миний хувьд усны асуудал бага зэрэг ярьдаг хүний хувьд энэ хандлагад нь эмзэглэж байна. Ямар засвар цэвэрлэгээ хийх вэ гэхээр тэрбум төгрөг хэрэгтэй гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, тэрбум төгрөгийн төлөө гурван хоног бохироо Туул руу асгана гэдэг нь банк дээрэмдэхтэй адил сонсогдож байна. Гэтэл гурав хоногийн дараа асуудал арай өөрөөр эргэхэд 50-60 сая төгрөгөөр үүссэн асуудлыг өөрсдөө шийднэ гэж яриад эхэллээ. Төв цэвэрлэх байгууламж дээр асуудал үүссэн үү, үүссэн. Тэнд маш олон шугам, хоолой задрахад бэлэн, засч янзлах шаардлага байгаа. Засварлах зайлшгүй шаардлага гарсан. Гэхдээ Туул руу цутгаж, эсвэл хүн амын хэрэглээний усыг тасална гэж сүрдүүлсэн өнгө аястай энэ асуудлыг гаргаж ирэх ёсгүй байсан юм.

-Төв цэвэрлэх байгууламжид засварын ажил хийхийн тулд зайлшгүй хэрэглээний ус тасалж, эсвэл Туул руу бохирын нэлээд хэсгийг нийлүүлэхээс өөр арга байхгүй юм биш үү?

-Өөр арга байгаа. Харин хийж болохгүй зүйл нь нэгд, хүн амын усан хангамжийг тасалж болохгүй. Хоёрд, Туул гол руу экологийн сүйрэл үүсгэх хэмжээний бохир усыг нийлүүлж болохгүй . Харин энэ хоёр аргыг хэрэглэхгүйгээр хамгийн түрүүнд үйлдвэрүүдийн усан хангамжийг хаах ёстой. Арьс, шир, ноос ноолуур угаах, өлөн боловсруулах, машин угаалга, спиртийн үйлдвэрүүдийн усан хангамжийг түр хугацаагаар хаах хэрэгтэй . Шаардлагатай гэж үзвэл хүнсний биш үйлдвэрүүдийг 3-7 хоногийн хугацаатай хаах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад усыг дахин ашиглах технологийг өөрийн үйлдвэртээ нэвтрүүлэх хүртэл нь усан хангамжийг нь бүрэн хаах эрх мэдэл хуулиараа бий.

-Гэхдээ тэр технологийг  авахад өндөр үнэ өртөгтэй байвал нэг талаараа аж ахуйн нэгжүүдэд дарамт л болох биш үү?

-Аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй зүйл гарахгүй. Өндөр ч өртөгтэй эд биш. Ойролцоогоор 10 мянгаас сая 500 мянган ам.долларын дотор ямар л бол ямар хэмжээгээр суурилуулах бүрэн боломжтой. Үндсэндээ шүүлтүүрийн систем шүү дээ. Ингэснээр үйлдвэрүүдээс Төв цэвэрлэх байгууламж дээр ирэх бохир усны ачааллыг ч, бохирдлыг ч багасгах боломжтой. Энэ бол нэгдүгээр арга хэмжээ. Хоёрдугаарт, хүн амын усан хангамжийг хаахгүйгээр орон сууцанд амьдарч байгаа иргэдийн өдөрт хэрэглэж байгаа 250 литр усны хэмжээг яаж 150 болгох вэ гэдгийг бодох ёстой. Мөн шинээр орон сууц, барилга байшин барьж байгаа хүмүүст борооны ус хуримтлуулагчийг зайлшгүй шаардах ёстой. Борооны усыг цуглуулж Улаанбаатар хотын ногоон байгууламжийнхаа услалтын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Монголд ингэж шийдвэрлэж байсан туршлага байгаа. Коко кола компанийн цэвэрлэх байгууламжаас гарсан усаар Улаанбаатар хотын зүлэг ногоог усалж байсан. Дэлхийн дахин энэ чиглэл рүү аль хэдийнэ орсон. Усны дусал болгон үнэтэй гэдэг чиглэл рүү явах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараагаар хүн амын усан хангамжийг ачааллын биш үеэр нь тодорхой хязгаарлалтыг хийж болно. Оргил ачаалалтай үе болох өглөө оройд нь усаа хэвийн олгож, үдээс хойш бага давтамжаар хязгаарлаж, ирж байгаа бага хэмжээний бохир усаа Төв цэвэрлэх байгууламжийн талбай дээр нуур үүсгэх замаар хуримтлуулж, тэр хооронд засварын ажлаа хийх бүрэн бололцоотой. Шинэ цахилгаан станц барьчихвал л болно гэдэг шиг шинийг барьчихвал бүгд болно гэж тайлбарлаж болохгүй. Ганцхан Төв цэвэрлэх байгууламж биш бүх системийг бүхэлд засварлах шаардага бий. Үйлдвэрийн усан хангамжаа яах вэ, ахуйн усан хангамжаа яах вэ, Туул гол ширгэж, хавартаа тасалдах аюул байна. Энэ бүгдийг бүхэлд нь шийдэх ёстой.

-Туул гол дээр усан сан байгуулж, нөөцөө бүрдүүлдэг болно гэж ярьдаг байсан. Энэ асуудал бүр орхигдсон уу?

-Туул гол дээр усны нөөцийн цогцолбор барих асуудлыг 1985 оноос ярьж эхэлсэн байдаг ч зоригтой шийдэж чадаагүй өдий хүрсэн. Үүнийг яаралтай шийдэх шаардлага байгаа. Нэг талдаа хөрөнгө мөнгөний дутагдлаас өдий хүртэл шийдээгүй байна. Уг нь  бондын мөнгөөр хийх бүрэн боломжтой байсан. Зам хэрэгтэй юү, Оюутолгой хэрэгтэй юү, ус хэрэгтэй юү гэж хүн бүр өөрөөсөө асуугаарай.

Төв цэвэрлэх байгууламжаа шинээр барихаа болиод Оюутолгойтой 34, 51 хувь гэж маргалдаж байхын оронд Оюутолгойгоор энэ бохир усыг цуглуулж говьд хүргэх тэр хоолойг бариулах тухай ярих хэрэгтэй.

-Тийм боломж бий юу?

-Болно. Нийт 600 км газарт  2-3  өргөлттэй хоолой байрлуулна. Зургаан зуун км явж байх хооронд дунд нь тасалж багахан цэвэрлэгээ хийж говийн нүүрсийг олборлоход хангалтай хэмжээний ус бий болно. Оюутолгойд өдөрт  186 мянган шоо метр ус хэрэгтэй буюу Төв цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа усны тал нь хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Оюутолгойн усан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Тавантолгой, Цагаан суварга, эсвэл Дорноговьд барина гээд байгаа аж үйлдвэрийн цогцолборын усан хангамжийг шийдэх боломж байгаа юм. Орхон голд усан сан, Туул гол дээр усан сан бариад татах гээд бүгдийг нь судалж үзээд аль хямд энгийнийг нь  шийдэж болно. Гэхдээ хамгийн түрүүнд Улаанбаатар хотын бохир усны асуудлыг шийдэж, Туул голын усны бохирдлыг багасгах ёстой.  Хөгжил дэвшил мөнгө олно гэхээсээ өмнө хүнээ амьд явах орчноор нь хангах ёстой. Амьд явахад бидэнд цэвэр ус хэрэгтэй, нөгөө талд бидний хэрэглэсэн усыг ямарч аюулгүйгээр зайлуулж байх технологи хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг шийдсэний дараа зам, талбай засах ажил руугаа орох ёстой. Дэлхий дахинд ус, цахилгаан, нефть гэсэн гурван зүйлийг л олохгүй бол дэлхий сүйрэлд хүрэх хэмжээнд байна гэж ярьж байхад бид усны асуудлаа огт тоодоггүй. 2005 оны үед Төв цэвэрлэх байгууламж дээрх усыг хоолойгоор уулын орой дээр гаргаад эргээд уулын оройгоос хурдтай унаж байгаа уснаас цахилгаан үйлдвэрлэх төсөл яригдаж байсан. Жишээ нь, түүнийг хэрэгжүүлсэн бол Улаанбаатар хот цахилгааны үнийг бууруулахад ч хэрэгтэй байсан.

-Ер нь Ус сувгийн удирдах газар усны асуудлыг цогцоор нь хариуцдаг юм биш  үү?

-Ус сувгийн удирдах газар гэж  мундаг нэртэй боловч энэ газар бол ХХК буюу орон нутгийн өмчийн оролцоотой компани. Нийслэл Ус сувгийн удирдах газрыг удирддаг. Нөгөө талд Барилга, хот байгуулалтын яам бохир усны асуудал хоолой шугамыг хариуцна гэдэг үндэслэлээр Ус сувгийн удирдах газартайгаа ярьдаг. Хүн амын эрүүл ахуй гэдэг талаас Эрүүл мэндийн яам ярьдаг. Усны асуудал тэртээ тэргүй манай асуудал гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам ярина.Туул газрыг хариуцдаг гээд Туул голын сав газрын захиргаа эсвэл Богдхаан уулын дархан цаазтай газар ярьдаг. Ингээд бодохоор Ус сувгийн удирдах газар хэдэн эзний зарц юм бэ, бүү мэд. Хариуцах эзэнгүй, ойлгомжгүй байдаг учраас хөрөнгө оруулалт ч хийж болдоггүй. Тэгэхээр усны асуудлыг зангидсан нэг газар, алба байх хэрэгтэй. Тэр нь Ерөнхий сайд дээр байх уу, эсвэл усны асуудлыг дагнасан яам байх юм уу гээд маш олон янзын хувилбар байж болно. Аль нэгийг нь байгуулж эзэнтэй, хариуцлага тооцох механизм нь ил тод байх ёстой. 

-Сүүлийн үед Туул голын ус дундарч, бохирдол ихэсч байна гэж ярьдаг болсон. Мэргэжлийн хүнээс асуухад өнөөдөр Туул голын бохирдол ямар хэмжээнд хүрээд байна вэ?

-Ер нь аюултай төвшинд хүрсэн байгаа. Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голын эрэг дээр сууна гэдэг ойлголт байхгүй болсон. Маш олон удаагийн шинжилгээгээр ялангуяа адуу хавар том болсон хойноо хээл хаях тохиолдол гарах болсон. Өөрөөр хэлбэл, төрөх дөхөөд ирэхээрээ худаг руу очиж ус ууж чадахгүй, ойрхон урсч байгаа Туул голын уснаас уудаг. Туул голын ус Төв аймгийн Алтанбулаг суманд хөлдөнө гэсэн ойлголт байхгүй болсон. Учир нь тэр чигтээ бохирдсон. Ямар ус хөлддөг вэ гэхээр цэвэр, тунгалаг ус л хөлдөнө. Химийн оролцоотой, бохир учраас хөлдөхгүй, түүнийг нь хүн, мал хэрэглэж өвчин тусч байна. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн хэдэн хувь Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумаас ирдэг вэ гээд бодвол маш аюултай асуудал болно. Тэгэхээр мөнгөтэй байх нь чухал уу, амьд байх нь чухал уу гэдэг үгтэй адилхан асуудлыг ярьж байхад нөгөө мөнгөнийх нь дараа оруулж л тавиад байна шүү дээ. Бат-Үүл дарга зам засварт маш их хэмжээний мөнгө хаяж, анхаарал тавьсны үр дүнд өөрчлөлт гарч байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс өмнө усны асуудалд ийм хэмжээний хөрөнгө хаясан бол хүн нь амьд , аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ. Замаар нь машин л давхина, хүн явахгүй шүү.

-Иргэдийн дунд Монгол Улс усны хангалттай нөөцтэй, цэвэр цэнгэг усанд санаа зовохгүй амьдрах боломжтой гэж боддог буруу ойлголт байна уу, үгүй юү?

-Ус хоёр янзаар алга болж болно. Нэг бол нүдэн дээр ширгээд алга болно. Нөгөө нь уухын, хэрэглэхийн аргагүй болоод бохирдож алга болдог. Харин Монгол Улсад энэ хоёр аюул хоёулаа нүүрлээд байна. Улаанбаатар хотод 1940-өөд оноос хойш төрж өссөн хүмүүсээс Баруун Сэлбэ гол хаана байна вэ, Улиастайн гол хаана байна вэ гэж асуумаар санагддаг. Дунд гол буюу Сэлбэ гол дээр сэлж өссөн гэж ярьдаг. Гэтэл үр хүүхэддээ сэлж байсан голныхоо тухай ярихад байхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, дөчхөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын алтан тэвшийн хөндий дээр байсан 10 гаруй гол 20 орчим булаг шанд байхгүй болжээ. Ийм байхад усны нөөц ихтэй, энэ чигээрээ байж л байна гэж ярьж болохгүй. 2010, 2011, 2012 оны дөрөвдүгээр сарын 10-30-ныг хүртэл 21 хоногийн хугацаанд Туул гол тасалдаж байсан. Энэ тасалдлын үндсэн шалтгаан нь нийслэлийнхэн өвөлдөө маш их хэмжээний ус хэрэглэж байсантай холбоотой. Өнөөдөр Туул гол дээр ашиглаж болох боломжит нөөц нь 225 шоо метр хоног. Нийслэлчүүдийн ашиглаж байгаа нөөц үүнээс хэд дахин нэмэгдсэн. Тэгэхээр нийслэлийнхэн усны нөөцийн хомсдолд орсон байгаа . Нөгөө талд байгаа багахан цэвэр усны нөөцөө бохирдуулах замаар устгаж байна. Ямар сайндаа л Алтанбулаг суманд мал уухгүй хэмжээнд хүрч байна, Улаанбаатар хотоос болоод хамгийн их хэлмэгдэж байгаа газар бол  Биокомбинат , Шувуун фабрик, Алтанбулаг, Ширээт, Лүн сум. Лүнгийн гүүрэн дээр зогсоход одоо хүртэл өмхий үнэртэж байгаа. Аргаа бараад үүнийг олон түмэнд зарлахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Оюунхоролыг Сонгинын гүүрэнд дээр уулзаж Туул голын усыг ууя гэж уриад сууж байна. Мэдээж тэндээс ус уух арга байхгүй гэдэг нь ойлгомтжой. Гэхдээ тийм нөхцөл үүссэн гэдгийг сайдад өөрийнх нь нүдээр харуулахгүй бол ард иргэд маань ч төр засаг маань ойлгохгүй. Цонхоороо хараад л сайхан байна гэж бодно.

-Гэхдээ Бат-Үүл дарга Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг битгий улстөржүүлээрэй гэж ярьсан. Оюунхорол сайдыг Сонгинын гүүрэн дээр урьж байгааг улстөржиж байна л гэж хэлэх байх даа?

-Бат-Үүл дарга Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг битгий улстөржүүл гэж ярьсан. Би  улстөржилт гэдгийг юу гэж ойлгохыг мэдэхгүй байна. Гэхдээ улстөржилт гэдгийг амьдралын төлөө тэмцэл гэж харвал усны асуудал улстөрийн хамгийн том сэдэв. Улстөржилт гэдэг хэдэн дарга нарын сандал ширээний тухай асуудал гэвэл энэ улстөрийн сэдэв огт биш. Хамгийн гол зүйл нь Улаанбаатар хотод хүн амьдарч чадах уу, үгүй юү гэдэг асуудал. Усны чанараас эсвэл усны хомсдолоос болж хүний амь нас эрсэджээ гэдэг хэмжээнд хүрэхэд тун ойрхон ирээд байна шүү дээ.

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаас гадна гэр хороололд байгаа нүхэн жорлонгийн асуудал аюултай төвшинд хүрч байгаа гэж та ярилаа. дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Улаанбаатар хотод 0.07 га газраа авчихсан 206 мянган айл өрх байгаа. Тэр хашаа болгонд нэг жорлон, нэг муу усны нүх байдаг гэж тооцвол хамгийн багадаа 206 мянган нүхэн жорлон байна гэсэн үг. Дээр нь аж ахуйн нэгж газрууд, зуслангийн газар дээр байдаг жорлонг тооцож 360-380 гэсэн тоо гарч ирж байгаа юм. Судалгаагаар нэг нүхэн жорлон ямар хөрсөн дээр байгаагаасаа шалтгаалж 6-250 градуст нэвчилт үзүүлдэг гэж тогтооосон. Тэгэхээр 6-250 градус орчимд нь худаг байвал нэвчилттэй, бохирдолтой байх магадлалтай гэсэн үг. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод долоон мянган худаг байна гэж гаргасан. Тэгэхээр 380 мянган жорлонгоо долоон мянгадаа хуваавал нэг худагт хэдэн жорлон ногдож, ямар аюул байгаа нь тодорхой болно. Улаанбаатар хотод өвөлдөө утаа нүдэнд харагдаад ирэхээр агаарын бохирдол гэж яриад байгаа болохоос хөрсний, усны бохирдлын асуудал аюултай хэмжээнд хүрсэн. Монголд экологийн сүйрэл нүүрлэсэн ганцхан газар бий. Тэр нь Улаанбаатар хот өөрөө . Улаанбаатар хот өөрөө өөрийнхөө экологийн сүйрлийн эх үүсвэр нь болсон . Нүхэн жорлон, Төв цэвэрлэх байгууламжаараа өөрсдийгөө устгаж байна. Үүнийг л өөрчлөх ёстой. Энэ асуудлыг гаднынханд ярихад гаднаа ойлгосон дүр үзүүлж инээдэг. Нөгөө талдаа шоолж инээдэг. Алтан дээр суусан гуйлгачин гэдэгтэй адилханаар баас, шээсээ цэвэрлэж чадаагүй байж хөгжил дэвшил гэж ярьдаг тэнэг монголчууд гэдэг. Бодит байдал ийм байна ш дээ. Ирэх онд АСЕМ-ийн уулзалт 2050 онд олимп зохион байгуулна гээд яриад байдаг. Гэтэл Туул голоос нь өмхий үнэртээд сууж байна шүү дээ. Энэ эмгэнэл биш өөр юу юм бэ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2015-06-09 11:00:23


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох