• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Гурван гийгүүлэгч: Дэлгүүр хэсэцгээх үү

Гийгүүлэгч Сэржээ /гадаадад амьдарч байгаа Монголчуудаа төлөөлнө/   

Эмэгтэй хүн бүр дэлгүүр хэсэх дуртай байдаг юм болов уу...гэж би боддог. Хүнсний, гэр ахуйн, хувцасны дэлгүүр гээд сонирхлоороо дэлгүүр ордог хүмүүс байхад бүгдээр нь хэсэх дуртай нэгэн ч байдаг байх.

Магадгүй дэлгүүр хэсэх нь эмэгтэйчүүдийн хувьд стрессээ тайлах нэгэн арга байж болох юм. Толгой доторх үй түмэн бодлуудаа таягдан хаяад нүдээ баясган, биеэ чимж, найз хүүхнүүдтэйгээ хууч хөөрөөд л... Заримдаа сэтгэлийн хөөрлөөрөө огт төлөвлөж байгаагүй эсвэл хэрэгцээгүй зүйлийг хямд үнэ, лангуун дээрх хөөрхөн байдлаас нь болоод худалдан авчихаад дараа нь харамсаж суух тохиолдол цөөнгүй байдаг.

Тэгвэл энэхүү төлөвлөөгүй худалдан авалт буюу хэтэвчний дайсны эсрэг юу хийх хэрэгтэй вэ?

“Зөв худалдан авалт” хийх. Ямар ч зүйл худалдан авах байсан тухайн зүйл чамд хэрэгтэй эсэх, чи үнэхээр авахыг хүсэж байгаа юу, энэ зүйл чиний бусад зүйлстэй зохицох уу? гээд бүх зүйлийг бодох хэрэг гарна.

Жишээ нь нэг даашинз авахад доор нь өмсөх туфль, зохицох цүнх, гоёл чимэглэл гээд бүх зүйлээ тааруулах хэрэг болдог. Тийм болохоор байнгын хэрэглээний зүйлүүд хоорондоо зохицдог байх хэрэгтэй гэж би боддог юм.

Худалдаж авах зүйлээ тодорхойлсон бол түүнд ямар үнэ төлж чадахаа судал. Тухайн зүйлийнхээ дундаж үнийг мэдэж байгаа бол тэр үнээс хямдаар авах боломж байгаа эсэхийг судлах. Нэн яаралтай биш бол улирлын хямдрал, гадаадаас захиалах зэрэг аргуудыг сонгох нь илүү хямд тусдаг.

Миний хувьд гоо сайхны бараануудаа онгоцоор аль нэг тийшээ явах үеэ ашиглан татваргүй барааны дэлгүүрээс авдаг. Дэлгүүрт болон интернэтэд зарагддаг үнээс дор хаяж 30%-н хямдралтай үнээр худалдан авах боломж олгодог болоод тэр л дээ. Мөн охиндоо болон өөртөө гадуур хувцас, гутал гэх мэт үнэтэй хувцас авахдаа улирал зөрүүлж авдаг. Улирал зөрүүлж авна гэдэг нь өвөл дуусч байхад өвлийн хувцас, зун дуусч байхад зуны хувцас авахыг хэлж байгаа юм. Учир нь чанартай хувцсыг 50%-с дээш хямдарсан үед нь авч болдгоороо давуу талтай.

Хэрэглэхгүй байгаа зүйлээ дахин ашиглахыг танд сануулъя. Чи нэгэнт хэрэглэхгүй гээд шийдчихсэн зүйлүүдээ шинэ бол хямдруулан зарж, хуучин бол загварыг нь өөрчлөн эсвэл бүр даавууг нь ашиглан шинээр хувцас хийж болно. Магадгүй чи эхний оролдлогоороо өөрийнхөө шинэ чадварыг нээх ч юм билүү.

Би өөрөө ч гэсэн одоогоор зөв худалдан авалт хийх дадалд 100% суралцаагүй л байна. Тийм болохоор худалдан авалт хийх бүртээ зөв хийхийг хичээдэг. Заримдаа бүтэлгүйтэж бодож байж авсан зүйл минь огт ашиглагдахгүй гэрийн сувинер болох үе байдаг ч түүнээсээ сургамж авч дараагийн худалдан авалтандаа анхаардаг.

Гэхдээ ингэж хичээх бүр дэлгүүр хэсэх, юм худалдан авах минь багассаар. Яагаад вэ гэж үү? Тэр зүйлийг өөр зүйлээр орлуулж болдог, тэр зүйлийг худалдаж аваагүй ч амьдрал үргэлжилсээр байдаг, нэг зүйл нэмж авах бүрт гэр улам их новштой болно гэдгийг мэддэг болчихсон болохоор ч тэр байж магадгүй ээ. Та ч гэсэн оролдоод үзээрэй.

Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/

Нэгэн найз минь манайд зочилсныхоо дараа танайхыг сонгодог тавилгатай айл байдаг болов уу гэж боддог байлаа гэж билээ. Түүний царайнаас тавилгагүй шахуу айлд ороод урам нь хугарсныг анзаарч байсан юм. Гэтэл би гэдэг хүн чинь хувьдаа бяцхан минималист амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа тул гэр оронд маань хэрэг болдоггүй тавилгуудыг хэрэгтэй хүмүүст нь тараагаад өгчихсөн. Нэг ёсондоо новш цуглуулахаа больчихсон хүн. Энэ хирээр худалдан авалт ч багассан бөгөөд гэр орноо цэвэрлэхэд ч амар байдаг юм.

Өмнө нь миний шкафаар дүүрэн хувцас байхад надад өмсөх хувцас олдоггүй байлаа. Нэг өдөр би бүгдийг нь цэгцлэхдээ дараа өмснө гэж хадгалдаг ч огт өмсдөггүй, турахаараа өмснө гэж олон жил дарчихсан хувцсаа тараахыг нь тараагаад шатаахыг нь шатаачихсан. Одоо тун амар болсон. Өглөө хувцсаа ухаад суудгаа больсон.

Хүн яг үнэндээ өөрийн биед эвтэйхэн, өөрт зохидог хэдхэн хувцсаа л эргэлдүүлээд өмсдөг юм байна лээ. Чанар муутай ч хямдханд нь болоод авсан олон хувцас байдаг ч барагтай бол өмсдөггүй учраас сэтгэл хөдөлсөн үедээ худалдан авалт хийхээс зайлсхийдэг болсон. Харин ч чанартай хувцас таныг хэн болохыг илтгээд зогсохгүй эдэлгээ сайн даадаг учраас сонголтоо зөв хийгээрэй гэж зөвлөж байна. Би бас брэнд бараанд нэг их сүжиглэдэггүй юм. Хүмүүс брэнд, А копи гээд маш үнэтэй цүнх, гутал авдаг. Тэр нь хэд өмсөөд пянгаа даахгүй урагдаж элэгддэг учраас Монголд үйлдвэрлэсэн арьсан цүнх гэх мэтээс сонголтоо хийх дуртай. Ингээд та бүхэндээ эдийн засагчдын өгдөг нийтлэг зөвлөгөөг дараах инфографикаас хүлээн авахыг хүсье. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 10:54:55


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Byalzuukhai (202.179.31.7) 2017-01-12 14:14:24
    Ene gurvin niitleliig Odriin sonin deerees talarhan unshij bgaa. Manaihan shig 'Hunjliinhee hereer jiij' chaddaggui humuust ikh l heregtei yum shig sanagdsan.

Танд санал болгох