• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Харүки Мүракамигийн шинэ ном ирэх сард худалдаанд гарна

Японы зохиолч, орчуулагч Харүки Мүракамигийн 67 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна . Үүнтэй зэрэгцэн түүний шинэ ном мэндлэх сайхан мэдээ давхцаж байна. Тэрээр уншигчдын удаан хүлээсэн "Killing Commendatore" номынхоо нээлтийг ирэх хоёрдугаар сарын 24-нд Япон улсад хийхээр болсон тухай "Shinchosha" хэвлэлийн газраас мэдэгджээ. Хэвлэлийн газраас номын утга агуулгын талаар тодорхой зүйл яриагүй ч "Killing Commendatore" ном "Emerging Ideas", "Moving Metaphor” гэсэн хоёр бүлэгтэй аж. Энэхүү зохиолыг түүний бусад номуудтай ижил үнээр буюу 1944 иенээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Хэвлэлийн газрын мэдэгдэлд "Шинэ зохиол Мүракамигийн өмнө нь гаргасан зохиолуудаас өөр мэдрэмжийг өгнө" гэжээ. Харин Мүраками өөрийн шинэ номынхоо тухайд "Маш сонин түүхийг өгүүлнэ" хэмээн хэлжээ.

Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь япон залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарч, олон улсад танигдах эхлэл нь болсон байдаг. Одоогоор Мүракамигийн хэд хэдэн ном кино болж гараад байгаагаас гадна түүний бүтээлүүд 50 хэл дээр орчуулагдан гараад байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2013 онд “Colorless Tsukuru Tazaki and His Years of Pilgrimage” номоо Японд гаргаж байсан билээ. 


Харүки Мүракамигийн ажлын өрөө

Японы зохиолч, орчуулагч Харүки Мүраками өөрийн ажлын өрөөнийхөө зургийг тайлбартайгаар цахим хуудастаа байрлуулжээ. Харүки Мүраками тухайн хүний ажлын ширээ тэр хүнийг шууд илтгэдэг хэмээн үздэг байна. Тэрээр өөрийн ажлын ширээг “энгийн” хэмээн дүгнэжээ. Харүки Мүракамигийн ажлын ширээ маш эмх цэгцтэйгээс гадна, энгийн хэрнээ содон зүйлсээр дүүрэн байдаг аж. Ажлын ширээгээ өөрийн дуртай зүйлсээр чимэглэж, өрөөндөө өөрийн дуртай зүйлсийг байлгахыг зорьдог байна. Тэрээр өөрийн биширч, хүндэлж явдаг хүмүүстэйгээ холбоотой зүйлсийг ширээн дээрээ тавьж эрч хүч авдгаас гадна өөрийн сахиусуудыг ширээн дээрээ байрлуулжээ. Мөн түүний ажлын өрөөний хивс тун содон аж. Түүний шүтэн бишрэгчдийн бэлэглэсэн бэлэг дурсгалыг зүйлсийг аль болох өрөөнийхөө тохирох хэсэгт байрлуулахыг хичээдэг байна. Ингээд түүний ажлын өрөөн дэх сонирхолтой зүйлсийг сонирхъё.

Швейцарийн туг бүхий аяга:

Энэхүү аягаа тэрээр Швейцарьт аялж байхдаа авчээ. Тэрээр энгийн хийцтэй зүйлд дуртай аж. Энэ нь түүний энэ "шаардлага"-д нийцдэгээс гадна улаан өнгөтэй болохоор олоход амар байдаг учраас энэ аягандаа өдөр бүр кофегоо уудаг байна.

Хөгжим:

Тэрээр өрөөнийхөө нэг талын ханыг тавиур болгожээ. Гэхдээ номынх биш. Түүний ширээний зүүн талын хананд 10 мянга гаруй пянз байдаг аж.

Мөн тэрээр тавиуртаа CD-нүүд байрлуулдаг бөгөөд үүнийгээ тоолж амжаагүй байна. Эдгээрийн ихэнх нь жааз хөгжмийнх байдаг аж. Ханын тавиурныхаа хажууд жижиг шат, гурван том чанга яригч байрлуулжээ. Тэрээр ажлаа хийж байхдаа үргэлж жааз хөгжмийн ая сонсдог бөгөөд энэ үед амар амгалан байж юунд ч сатаарахгүй байж чаддаг гэнэ. Харүки Мүраками амрахдаа ханын тавиурны хажууд байрлуулсан сандал дээр сууж хөгжмөө сонсдог байна.

Харандаа:

Тэрээр албан бичиг дээр гарын үсэг зурахаас бусад тохиолдолд ихэнхдээ харандаа хэрэглэдэг аж. Зохиолоо бичихдээ бол байнга зөвхөн харандаа хэрэглэдэг байна. Гэхдээ шар өнгийн харандаа. Эдгээр харандаагаа үргэлж үзүүртэй байлгадаг бөгөөд үүнийгээ АНУ-д аялж байхдаа бөөндөж авч байжээ.

Майлс Дэйвисийг илэрхийлсэн шилэн сав:

Харандаагаа хийсэн шилэн сав нь ч түүний хувьд утга учиртай аж. Энэхүү аягыг жазз хөгжмийн домог болсон хөгжимчин, ая зохиогч Майлс Дэйвисийн “Cookin’”, “Relaxing” цомгийн пянзыг авахад нь тус дэлгүүр байнгын үйлчлүүлэгч байсных нь төлөө бэлэг болгон өгч байжээ. Тэрээр Майлс Дэйвисийн үнэнч бишрэгч бөгөөд түүний бүх цомгийг цуглуулахаар зорьж байгаа гэнэ. Аяган дээр энэ хоёр цомгийн нүүр хуудасны зураг байгаа юм.

Сахиус:

Ширээний чийдэнгээ тэрээр эх орноосоо худалдан авч байжээ. Түүнд энэ ширээний чийдэн таалагдсан учир нь дороо тавиур шиг жижиг тавцантай аж. Тавцан дээр нь тэрээр Скандинавт аялж байхдаа авсан гантиг чулуугаар хийсэн энэхүү соно, Лаост аялж байхдаа авсан аалзны дүрс сийлсэн модон хөл, газрын самрын дүрс бүхий баримлаа тавьдаг байна. Эдгээр нь тус тусын билгэдэлтэй бөгөөд түүний сахиуснууд аж.

Номын хавчуурга:

Тэрээр зарим номоо хэвлүүлсэн Нью-Йорк хотод төвтэй “Alfred A. Knopf” хэвлэлийн газарт зочлох үеэр тус байгууллагын дарга Сони Мехта түүнд үүнийг бэлэглэж байжээ. Энэ нь хэрэглэхэд, олоход хялбараас хийцтэйгээс гадна бат бөх учраас үүнийгээ өдөр бүр хэрэглэдэг аж.

Бэйсболлын баримал:

Харүки Мүраками японуудын нэгэн адил бэйсболлын үнэнч үзэгч аж. Ширээн дээрээ тэрээр Японы “Yakult Swallows” багийн залуу тоглогч Ясүхиро Огавагийн баримлыг байрлуулдаг аж. Түүнийг “Рян” хэмээн хочилдог байна. Учир нь, уг тоглогч бөмбөгөө шидэхдээ зүүн хөлөө өргөдөг өвөрмөц арга барилтай тоглогч аж. Харүки Мүраками энэхүү залуу тоглогчийг дэмждэг түүний үнэнч бишрэгч нь аж.

Харүки Мүракамигийн тухай товч

Харүки Мүракамигийн утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Тэрээр өнгөрсөн хоёр жил дараалан Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшсэн ч, шагналын эзэн хараахан болж чадаагүй байгаа юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажсан байдаг нь тус улсын уламжлалт зохиолчдын шүүмжлэлд өртдөг. Түүний зохиолууд нь хошин, хиймэл, хэт гадааджуулсан, хэт ганцаардуулсан байдлыг илэрхийлдэг хэмээн шүүмжилдэг ч дэлхий даяар өөрийн уншигчидтай болоод байгаа билээ. Тэрээр зохиолуудаа хүүрнэл маягаар бичдэг бөгөөд хувь хүний эрх чөлөө, ганцаардлыг тусгасан байдаг. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-12 10:07:23


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох