• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Авлигын эсрэг үндэсний чуулган зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулав. 

Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигын эсрэг үйл ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” илтгэлдээ хэд хэдэн тоо баримт дурдсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1,795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас улсад 301.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 114.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан дүнтэй ажиллажээ. Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн талаар илтгэв. Тэрээр, төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг ил тод мэдээлэхийн тулд өөрсдөө хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг үзлийг иргэдэд төлөвшүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн төвийг нээн ажиллуулах гэж байгаа тухай дурдаад “Бид авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн аваад үнэн, худлыг тогтооход цаг хугацаа, бусад олон хүчин зүйл нөлөөлөхийг үл харгалзан шалгах хэдий ч хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүйгээр унагах, олон түмний сэтгэл зүйг төөрөгдүүлэхгүй байх үүднээс хууль зөрчсөн нь тогтоогдоогүй хүмүүсийн эсрэг сөрөг мэдээлэл тархан, нэр төрд нь халдахаас сэргийлж анхааралтай ажиллах болно” гэж цохон тэмдэглэв. Авлигатай тэмцэх асуудал ямагт нарийн төвөгтэй, үргэлж бэрхшээл, саадтай байгаа хэдий ч цаашдын ажлын үр дүн ард түмний хүсэл зориг, хүчин чармайлт, чин сэтгэл, шударга үйлдлээс хамаарах тул нэгэн итгэлээр хамт зүтгэцгээе хэмээн Авлигатай тэмцэх газрын дарга илтгэлийнхээ төгсгөлд уриаллаа.

УИХ-ын дарга М.Энхболд үндэсний чуулганд үг хэлсэн. Тэрээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно.

Авлигатай бүх нийтээр тэмцэх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх чиглэлээр та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулъя гэж бодож байна.

1. Төрийн байгууллагын төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя.

2. Сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч үйл ажиллагаа үр дүнтэй байх, эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Авлигачдын ард хууль, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг нэг мөрдөн байцаагч, эсхүл ганц прокурор ажиллаж байгаа хүчний тэнцвэргүй байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

3. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягтруулах зайлшгүй шаардлагатай байгааг зориуд онцолъё. Хариуцлагыг бие бие рүүгээ түлхэх, эсвэл “дошин дээрээ эзэн” дүр үзүүлэх, байгууллагын явцуу эрх ашгийг урьтал болгох сэтгэлгээнээс ангижрах цаг болсон.

4. Авлигын хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн байгууллагын ажилтнууд мэргэжлийн хувьд чадварлаг, шилэн сонгогдсон, хувь хүнийхээ хувьд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, үүний тулд тусгай хөтөлбөрийн дагуу системчилсэн сургалтад тогтмол хамруулж, авлигын хэргийг мөрдөхтэй холбоотой арга техник эзэмшүүлэх нь чухал.

5. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ хуулийн дагуу явж байгаа эсэхийг иргэд, олон нийтийн хяналтад өгөх зүйтэй. Ийм зохицуулалтыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тусгасан. Хугацаа алдаж хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

6. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, олны анхаарлын төвд авчрахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо нэн чухал гэдгийг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллах арга барилдаа эрс өөрчлөлт гаргах цаг болжээ. Тэдний хүчийг зөв ашиглаж, оновчтой дэмжиж, нэгэн тэрэгний хоёр арал болж зүтгээд үр дүнд хүрсэн жишээ дэлхий нийтэд олон байна.

7. Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоо, санаачилга бас дутуугүй чухал. Товчоор хэлбэл бид бүх хүрээнд хамтрах, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, дэлхийн улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх зайлшгүй шаардлага бий.

8. Ядуурлыг бууруулж, эх орноо хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг та бид бүгдээрээ хүсдэг. Энэ хүсэлд маань авлига саад болж байна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэхийн тулд түшмэдэд мөнгө төлөх ёсгүй. Ийм хандлагыг иргэддээ бий болгоё. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг шууд мэдээлж, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг нийт иргэддээ төлөвшүүлье.

Нэг үгээр хэлбэл авлигын эсрэг бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урьд урьдаас илүү эрчимжүүлэх нь зүйтэй байна. Миний дурдсан эдгээр ажил арга хэмжээ, санал бодлыг чуулганд оролцогч Та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж, зөв оновчтой шийдэл, сэдэл санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Алагчлалгүй хуультай, авлигагүй нийгэмтэй, ёс жудагтай төртэй Монгол Улсын төлөө иргэн бүр хичээхийг, хүчээ нэгтгэхийг уриалъя" гэв.

2006 оны долдугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 14:34:26


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох