• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Авлигатай тэмцэх газрын 10 сорилт

Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болж, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. Энэ үед авлига, албан тушаалын хэргийг цагдаагийн байгууллага харьяалан шалгадаг байв. Нэгдэн орсон конвенц болон бусад улсын зөвлөмж, чиг хандлагыг дагаж манай улсад авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болох шаардлага тулгарсан билээ. Өдгөө арав дахь жил рүүгээ орж байгаа АТГ-ыг байгуулах эрх зүйн үндсийг 2006 онд баталсан Авлигын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар тавьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газарт өгсөн байхад даргыг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, УИХ-д ажлаа тайлагнадаг, ҮАБЗ-ийн дархлаатай, Үндсэн хуулийн бус байгууллагатай боллоо гэдэг шүүмжлэл тэр үеэс газар өвч, өнөөдөр ч үргэлжилж байна. АТГ 10 жил болохдоо 10 сорилттой тулж байна. Эхнээс нь тодруулъя.

Сураг

УИХ-аас 2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныг татан буулгаж, чиг үүргийг нь цагдаа, АТГ-т өгсөн. Ингэснээр АТГ харьяаллын 10 гэмт хэргийг шалгах болсон байгаа. Тухайлбал, Төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахууль өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэсэн гэмт хэргүүд. Энэ явдлын дараа цагдаа цагдаагаа яаж шалгах юм, мөрдөн байцаалт явуулдаг АТГ өөрийг нь хянадаг прокурор, хэрэг шийддэг шүүгчийг шалгах нь зохимжгүй гэсэн шүүмжлэлүүд гарсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх байгуулахыг хичээж байв. Гэхдээ өргөн барьсан төсөлд АТГ-т хээл хахууль өгөх, авах, зуучлах гэмт хэрэг шалгах чиг үүрэг үлдээхээр байсан тул дэмжигдээгүй. Тэр үед МАН-ын гишүүдээс тэр үед УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах саналууд гарч байсан. УИХ-д 65 суудалтай МАН, МАН-ын Засгийн газраас хуулийн өөрчлөлтөөр дээрх албыг сэргээж магадгүй байгаа.

Хүлээлт

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн банкинд мөнгөө хадгалуулсан нь илэрч, түүнд тухайн үед АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Гэхдээ гадаадад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Араас нь 2016 оны сонгуулийн өмнө оффшор бүсэд данс, компани эзэмшдэг монгол иргэдийн мэдээлэл задарсан. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд олноороо гадаадад мөнгөө нууж, компани байгуулсны араас шалгахыг иргэд АТГ-аас шаардсан. Одоо Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн албан хаагчийг гадаадад данс, хувьцаа, компани эзэмшихийг хориглох гэж байна. Өөрөөр хэлбэл, АТГ-т оффшорчидтой тэмцэх шинэ үүрэг бий болох гэж байна. “Монголын баялгийг гадагшаа зөөсөн”, “бидний татвараар цалинждаг мөртлөө улсдаа татвар төлөлгүй гадаадад мөнгөө нуусан”, “хууль бусаар хөрөнгөжсөн” гэх иргэдийг шалгах, цаашлаад хөрөнгийн эх үүсвэр хууль бус бол Монголд авч ирэх хариуцлагыг АТГ үүрэх гэж байна.

Мөнхийн сорилт

АТГ-ыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн гэж тодорхойлсон. Энэ тодорхойлолтдоо нийцэж ажиллах, Монголын нийгмийг авлига, хээл хахуулиас цэвэрлэхийн төлөө төрийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллах нь энэ байгууллагын мөнхийн сорилт байх болно. Дан ганц хэрэг үйлдсэн этгээдийг байцааж шалгадаг биш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлдэг байх нь АТГ-ын орхигдуулж болохгүй үүрэг.

Хардлага

АТГ-ын даргыг “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг тодотгол дагадаг. Авлигын эсрэг хуульд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилээр томилно гэж заасан. Үүнээс дээрх хардлага гарч, хэнийг шалгагдаж байгаагаас шалтгаалан хардлага тардаг байж болох юм. АТГ 10 жил ажиллахдаа дөрвөн төр, дөрөв дэх даргын нүүр үзэж байна. Анхны дарга Б.Сундуйсүрэн нь Авсралийн Сиднейд золгүй байдлаар нас барсан. Хоёр дахь дарга Ч.Сангарагчаа нь шүүхээс ял шийтгүүлсэн. Гурав дахь дарга Н.Ганболд нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Одоо Х.Энхжаргал комиссар ажлаа хийж байна. Түүнийг мөн л “2017 онд сонгогдох Ерөнхийлөгчийн хүн” хэмээн хардаж байгаа.

Басамжлал

Авлига, албан тушаалын хэргийн аюулд их, бага гэж байхгүй. Ямар ч хохирол хохирсон хүндээ их байдаг. Үүн шиг сайд, даргыг шалгавал “тул”, мэргэжилтэн, нягтланг шалгавал “жараахай” шалгалаа гэдэг басамжлал байх нь зохимжгүй мэт. Олон нийтээс ирж байгаа басамжлалаас гарах гэж байна гээд АТГ зөвхөн дарга сайд нарыг шилж шалгаад ирвэл бага, дунд төвшний авлига буурахгүй. Иймээс хэргийг том, жижиг гэж ялгалгүй шалгаж, албан тушаалтнуудыг хазаарлаж, тэдэнд дохио өгч байх нь АТГ-ын үүрэг. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгаж чадахгүй байж жирийн нягтлан, хэн нэгний хамаатныг олон сар байцаалаа” гэх шүүмжлэл хэзээд явна. Шүүмжлэх, шаардах нь ч иргэдийн эрх.

Хариуцлага

Томилогддог болон сонгогддог албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т хүргүүлдэг. Хөрөнгө орлогоо мэдүүлэхээс зайлсхийх, худал мэдүүлэх, хугацаа хожимдуулах нь хуулийн хариуцлагатай. Цаашлаад, их хэмжээний орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэргийн нөхцөл болдог. Албан тушаалтнууд төрөөс хулгай хийж байна уу гэдгийг тогтоох томоохон шүүлтүүр нь хөрөнгө орлогын мэдүүлэг юм. УИХ-аас 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Ингэснээр албан тушаалтан, нэр дэвшигчид АТГ-т хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргадаг болсон. АТГ мэдүүлгийг хянаад “Энэ хүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна. Эсвэл зөрчилгүй байна” гэсэн дүгнэлт гаргана. Мах боловсруулах, тариалангийн, замын компанийн захирлууд яамны газрын дарга болоод өөрийн компанидаа тендер өгдөг байдлыг үүгээр хязгаарласан юм.

Дарамт

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудтай хуулийн хэлээр ярьдаг байгууллага. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, өөрийн хэвлэлтэй, тойрог хүрээлэгчидтэй улстөрчид, бизнесмэнүүд, сайд дарга нарын холбогдсон гэмт хэргийг шалгана гэдэг бол мөрдөн байцаагч нарт үргэлж сорилт байдаг. Нухчин дарах гэж, шантраах гэж, бүр болохгүй бол байгууллагыг нь татан буулгах гэж үзнэ. Ийм дарамтын дунд АТГ арван жил тэссэн байгууллага. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягт холбогдох хэргээс авахуулаад ашигт малтмалын, татварын, нийгмийн даатгалын, генералуудын, банкуудын гээд өчнөөн хэрэг тус газарт шалгагдсан. АТГ-ын дарга, дэд дарга нарын зургийг гудамжинд шатаах, дэвслэхээс авахуулаад гутаан доромжлох, дарамтлах элдэв оролдлогууд гарсан байдаг. Хэнбугайн ч өмнө нугаршгүй байж, хүний эрхийг дээдлэн, хуулийн дагуу ажиллах нь АТГ-ын хувьд үргэлж сорилт байх болно. Энэ албыг бэхжүүлэх, гадаад харилцааг нь өргөжүүлэх шаардлага өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байна.

Хандлага

“Гэрээ цэвэрлэвэл чихэр авч өгнө шүү” гэдгээс авахуулаад бид хүүхдээ авлигад сургадаг. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг авлигач болох замыг нь засдаг. Өөрсдөө “Таньдаг эрхлэгч байвал холбоод өгөөч. Хүүхдээ цэцэрлэгт оруулъя” гээд албан тушаалын хэрэг рүү бусдыг түлхдэг. “Гарыг нь хүндрүүлэхгүй бол хөдөлж өгөхгүй” гэж төрийн байгууллагынхныг боддог. Өөрсдийн энэ хандлагаа өөрчлөхгүйгээр АТГ-аас араа шүд шаардаад нэмэргүй.Хүүхдийг авлигаас ангид хүмүүжих боломжийг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүн болох хүмүүжлийг олгоход багш, нийгмийн ажилтны оролцоо чухал. Их, дээд сургуульд энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр байж, албан байгууллага бүр авлигаас ангид байх сургалтад ажилтнуудаа хамруулдаг байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг. АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд их дээд болон дунд сургуулийн суралцагчдад авлига өгөхгүй, авахгүй байх сургалтыг явуулдаг. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад сургалт явуулдаг. Үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж нийгмийн салаа мөчир бүрт хүрч ажиллахын төлөө явж, иргэдийн хандлагыг өөрчлөх нь чухал болоод байна.

Дэмжлэг

АТГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг цагдаа, хилийн цэргийн орон тоотой харьцуулшгүй бага. Манай улс шинэ Эрүүгийн хуулиа батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын хэмжээг нэмэгдүүлсэн. Үүн шиг Эрүүгийн хуулийн 10 төрлийн гэмт хэргийг шалгах, гүйцэтгэх ажил явуулах, иргэдийг соён гэгээрүүлэх, ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэж хянах АТГ-ын ажилтнуудын тоог нэмэх шаардлагатай байна. Монголын ард түмэнд “бороохой” багадаагүй нь нэг талаар үнэн. Гэхдээ Монголын төр авлигатай бүх талаар тэмцэхээр шийдсэн нь үнэн юм бол дотоодын цэрэг, тахарын байгууллага зэрэг бүтэц байгуулахын оронд АТГ-ыг өргөжүүлэх нь зүйтэй болов уу. Үндэсний хэмжээнд авлигатай тэмцэхийн тулд АТГ-т орон нутагт хөл, гар хэрэгтэй. Орон нутагт нэгжтэй болж, эрх зүйн харилцан туслах гэрээний хүрээнд гадаад улсад ажиллагаа явуулах чадамж АТГ-т хэрэгтэй байна.

Мэдээлэл

Хүн бүр авлигыг үл тэвчигч байя. Авлигачийн гэм хор өөрт чинь нөлөөлөөгүй байсан ч мэдэж байгаа бол АТГ-т мэдэгддэг байя. Орон нутагт газар, хэлтэс, албагүй АТГ-т иргэд үнэн, зөв мэдээлэл өгдөг байх нь авлигаас Монголыг цэвэрлэхэд чухал үүрэгтэй. Хэдийгээр АТГ-ынхан гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд төрийн байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалт явуулж байгаа ч цаг хугацаа их зарцуулна. Сая бас 21 аймгаар явж, иргэдтэй уулзаж мэдээлэл цуглуулж байна. Танай суманд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн байнга авч, хэн бусдад олгодгийг иргэн та мэднэ. Ийм учраас шударга бус үйлдлийг авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх энэ байгууллагад мэдэгдэж байх нь зөв юм. Харин АТГ мэдээлэл өгөгчийг нууцалж, хамгаалах ёстой.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-11 09:54:38


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох