• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Орос, НАТО-гийн эрсдэлтэй тоглоом: Америк эхний ээлжийн 250 цэргээ Польшид байрлууллаа

НАТО-гийн зүүн хэсгийн хил хязгаарын аюулгүй байдлыг эрчимжүүлэхээр АНУ-ын Хуягт армийн 250 цэрэг эхний ээлжинд Польшид очлоо. Эдгээр цэрэг есөн сарын хугацаатай Польшид байрлах бөгөөд энэ хугацаа дуусмагц дараагийн ээлжийн цэргүүд тэдэнтэй ээлж солигдох юм. Польшийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар эхний ээлжийн цэргүүд Польшийн баруун бүс нутгийн Лубелские мужийн Заган цэргийн баазад байрлах аж. “Заган” бааз нь Америкийн армиас Польшид суугаа таван цэргийн баазын нэг аж. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Агаарын хүчний ангийн цэргүүд Польшид очих бөгөөд тэдэнтэй хамт НАТО-гийн бусад улсын цэргүүд ч мөн Польшийн цэргийн баазад байрлаж эхлэх юм.

Энэ нь 2014 онд Украинд ноцтой хямрал дэгдсэнээс хойш НАТО "Атлантын шийдвэрлэх үйл ажиллагаа"-г хэрэгжүүлж, Балтын тэнгис болон Зүүн Европын бүс нутаг дахь цэргийн хүчээ эрчимжүүлж эхэлсэн ажиллагааны нэг хэсэг юм.

Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Пентагон 1200 гаруй хүнд зэвсгүүдээ Төв, Зүүн Европт байрлуулж, цэргийн хүчээ нэмэгдүүлж, Балтийн тэнгисийн гурван орон болон Польшид дөрвөн батальоны олон улсын хүч байршуулахаар тогтсон юм. Төлөвлөгөө ёсоор НАТО-гийн тэргүүлдэг "BALTOPS" цэргийн сургуулилтад оролцох Балтийн тэнгисийн болон зүүн Европын 17 оронд АНУ тэргүүтэй НАТО-гийн орнууд цэргийн техник хэрэгслээ байрлуулахаар төлөвлөж байгаа юм. Латви, Бельги, Хорват, Франц, Люксембург, Нидерланд, Норвегид байрлаж буй Канадын цэргийн хүчинд Албани, Итали, Польш, Словенийн цэргүүд нэгдэх бол Дани болон Францын зэвсэгт хүчний албан хаагчид Эстонид байгаа Их Британийн цэргүүдтэй нэгдэх юм. Түүнчлэн Румын, Их Британийн цэргүүд Польшид байрлаж буй АНУ-ын цэргүүдтэй нэгдэхээр байгаа юм.

Харин өнгөрсөн оны аравдугаар сард болсон хурлын дараа НАТО өөрсдийн хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн хүчнээ ирэх онд Хар тэнгис рүү илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл НАТО зүүн Европ руу цэрэг илгээх төлөвлөгөөгөө энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон билээ. Тухайн үед ОХУ-ын зүгээс энэ үйлдлийг 1997 онд зурсан Орос-НАТО-гийн харилцааны үндсэн бичиг баримтуудын гол заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. "ОХУ-ын хил дээр танк зэрэг хүнд зэвсгүүдээ байрлуулах Вашингтоны төлөвлөгөө хүйтэн дайнаас хойшхи Пентагон, НАТО-гийн хамгийн түрэмгий үйлдэл" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Юрий Ябуков мэдэгдсэн.

НАТО-гийн цэрэг, цэргийн техник хэрэгслээ байрлуулахаар төлөвлөөд байгаа орнуудад НАТО-гийн гишүүн бус Гүрж, Финланд зэрэг улсууд багтаж байгаагийн дээр ОХУ-тай хиллэдэг Литва, Латви, Беларусь болон Польш улсууд багтаж байгаа нь Москваг ихэд түгшээж байгаа юм.

НАТО-гийн төлөвлөгөөнд Балтийн гурван оронд тус бүр 150 цэрэгт хангалттай хүрэлцэх цэргийн төхөөрөмжийг хадгална гэж заасан байгаа бол Польш, Румын, Болгар, магадгүй Унгарт нэг батальон буюу 750 цэрэгт хангалттай хүрэлцэх тоног төхөөрөмжийг байрлуулна гэсэн байгаа нь цэргийн бааз байгуулах гэсэн оролдлого хэмээн Моксва хардаж байгаа юм. НАТО-гийн зүүн Европ, Балтийн тэнгисийн 17 оронд байрлуулахаар төлөвлөж буй зэвсгийн 250 нь "M-1" зэрэг орчин үеийн танк, "M-2 Bradley" зэрэг явган цэргийн байлдааны машин байгаа аж. Эдгээр зэвсгээр 3000-5000 цэрэгтэй армийг бүрэн зэвсгээр хангах боломжтой гэсэн үг.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столенберг “НАТО-гийн харьяа бүсэд цэргийн үйл ажиллагаа тасралтгүй өргөжиж байна. Тиймээс НАТО цэргийн мөргөлдөөн болон болзошгүй сөрөг үр дагавар гарахаас зайлсхийх тодорхой арга хэмжээ авна” гэсэн юм. Энэ нь дээр дурдсан зүүн Европт цэрэг, цэргийн техник хэрэгсэл байршуулах төлөвлөгөө юм. Мөн тэрээр “НАТО шинэ холбоо байгуулж, гишүүн орнуудынхаа эрх ашгийг хамгаалан, сүрдүүлэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах болно" хэмээн мэдэгдэж байсан юм. "Атлантын шийдвэрлэх үйл ажиллагаа"-нд дурдсанаар НАТО Литвад шинэ батальон байгуулах бөгөөд байгууламжийн эхний хэсэг ирэх хоёрдугаар сард бэлэн болох аж. Тэрээр “Бид холбоотнуудаа хамгаалж, харилцан туслалцаа үзүүлэх замаар нягт харилцан холбоотой хамтран ажиллаж чаддаг гэдгээ батлан харуулсан. НАТО олон нийтийн хамгаалалтыг эрчимжүүлэхийг зорьж, тогтвортой байдлыг баталгаажуулан, Европын холбоотой хамтын ажиллагаагаа чангатган, Монтенегро улсыг холбоондоо оруулахаар шийдсэн. Цаашид НАТО улам тэлэх болно” хэмээн хэлж байсан билээ.

Түүний энэхүү мэдэгдлийн дараа, ОХУ-ын Холбооны зөвлөлийн батлан хамгаалах болон аюулгүй байдлын хорооны дарга Виктор Озеров “Европын зүүн бүс нутагт АНУ пуужингийн систем байрлуулахыг эсэргүүцэхийн тулд ОХУ ч мөн Европын баруун өмнөд нутгийн цэргийн бүсүүдээр цэрэг арми, пуужин байрлуулахаа эрчимжүүлнэ" хэмээн мэдэгдлээ. Тэрээр "АНУ пуужингийн системээ Европын зүүн бүс нутагт байршуулбал ОХУ-ын арми Балтийн тэнгист хамаарах Калининград муждаа S-400 агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах пуужингийн систем болон газраас дайралт хийх "Искандер" тактикийн пуужин байрлуулна. Түүнчлэн Каспийн тэнгис болон Хар тэнгис хоорондох Оросын өмнөд нутгийн армийн бүс, Орос болон Финляндын хилийн ойролцоо буюу Оросын баруун бүс нутгийн армийн бүсэд агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ төрлийн зэвсгээ байрлуулна. Мөн тус бүс нутагт танкийн армийг нэмж байршуулна" гэжээ. Дээр дурдсан “Искандер” нь Калининградаас Берлин хүрэх чадалтай, 450 милийн тусгалтай пуужин юм.

Харин НАТО эвслийн цэргийн командлагч Клайв Жонстон “ОХУ-ыг НАТО дайснаа гэж хардаггүй. Харин ч Москвагийн өөрийн ашиг сонирхлыг хамгаалах тэр сэдлийг ойлгохоор оролдож байгаа. ОХУ хаана ч, ямар ч газар өөрийн цэргийн паркийг байгуулж, хөгжүүлэх боломжтой. НАТО үүнийг зогсоох гэж оролддоггүй. Бид ОХУ-ын дайсан биш. Бид шинэ Хүйтэн дайныг өдөөх, түүнд оролцох ямар ч хүсэлгүй” байна хэмээн мэдэгдсэн тухай Туркийн “Anadolu” агентлаг мэдээлжээ. Мөн тэрээр ОХУ-ыг нөхцөл байдал хянахын оронд улам хурцатгаж, тэр ч байтугай дэлхийд шинэ дэг журам бий болгохоор оролдож байна хэмээн шүүмжилжээ.

Хэрэв талууд энэ хэвээр үл ойлголцож, зэвсэглэлээр хөөцөлдөх хатуу тоглоомоо үргэлжилүүлсээр байвал шинэ хүйтэн дайн эхэлнэ хэмээн шинжээчид дүгнэж байна. Ийнхүү хүйтэн дайны үеийнх шиг зэвсэглэлээр хөөцөлдөх эрсдэлтэй тоглоомыг Орос болон НАТО-гийн орнууд дахин эхлүүллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-09 09:36:48


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (66.181.191.79) 2017-01-09 13:14:47
    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ЯНЗ НЬ ЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОХООРХДОГ ЮМ УУ ХААШААН
  2. Zochin,..gdl.l humble.. Kk (172.58.137.135) 2017-01-09 10:32:09
    Dairah esehiig n medj bgamu hudlaa hvn amitanii setgel sanaag vimvvlj uur dain gargah gd...psda..

Танд санал болгох