• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Тойм: “65”-ын бүлэг өөрсдөдөө зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг санаачилсан уу

Шинэ оны эхний долоо хоногт болж өрнөсөн голлох үйл явдлыг iToim агентлаг тоймлон хүргэж байна. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагасан маргаан, хэлэлцүүлэг олон нийтийн анхаарлын төвд байлаа. Хэдий эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тухай муу мэдээ ар араасаа цуварсан ч Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрийн үр шимээр дотооддоо нярайн инкубатор, даралтын аппарат үйлдвэрлэж эхэлсэн сайн мэдээг уншигчдадаа манай сайт хүргэсэн билээ.

Засгийн газрын шийдвэрүүд амьдрал дээр хэрэгжиж эхлэв

-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөх Засгийн газрын шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Уг шийдвэрийн хүрээнд цахилгааны хоёр тарифт электрон тоолууртай 130 мянган өрх 21.00-06.00 цаг хүртэл цахилгааны тарифын  100 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байна.

-Хүйтэн сэрүүний улирал, дээр нь агаарын бохирдлын хэмжээ өндөр байгаагаас шалтгаалан бага насны хүүхдүүдийн дунд ханиад болон томуугийн халдварт өвчний тархалт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд ханиад, томуу хүрсэн 5 хүртэлх насны хүүхдийн эцэг эхчүүдэд 3-5 хоног цалинтай чөлөө олгож, хүүхдээ эмнэлэг болон гэрээр эмчлэх  шийдвэр шинэ оны ажлын эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Маргаан дагуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль

Оны өмнө УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан хэсэг гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Уг хуулийн төслийг шинэ оны ажлын эхний өдрөөс харьяалах байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Сөрөг хүчин болон бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. АН-ын гишүүдийн хувьд МАН олонхийн хүчээр хугацаа тулгаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж байгаа нь эрх ашгийн зөрчилтэй байна гэсэн байр суурийг хэлж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Уг хуулийн төслийг санаачилсан Н.Энхболд, УИХ-ын дарга М.Энхболд та хоёрыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ярьж байгаа. Хэрвээ та хоёр Ерөнхийлөгчид нэр дэвшвэл том эрх ашгийн зөрчил гарна шүү” гэдгийг чуулганы хуралдаанд сануулсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэдээ зориулж Ерөнхийлөгчий сонгуулийн тухай хуулийг боловсруулсан гэж хардав. Харин Сонгуулийн Ерөнхий хороо болон хууль санаачлагч Н.Энхболд гишүүний хэлж байгаагаар уг хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах процессыг зохицуулж байгаа болохоос нэр дэвшигчдэд падгүй хууль гэв.

Биг даагч С.Жавхлан гишүүний хувьд Сонгуулийн хуульд өөрт нь хамаатай заалт орсон байгаа ч харамсалтай нь тэр заалт нь өөрийг нь хүний тооноос хассан байна гэж гомдлов. Түүний хэлснээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь УИХ-д суудалтай нам, эвслийн гишүүн байна гэж заасныг өөрт нь зориулсан заалт, намайг хүн гэж тооцсонгүй, цаашлаад намайг сонгосон Баянзүрх дүүргийн 54 мянган сонгогчийг хүндэтгэсэнгүй гэдгээ чуулганы хуралдаанд хэлсэн. Мөн тэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигч 45-аас дээш настай байна гэж заасныг мөн л эсэргүүцэж байна. Энэ заалтаар бол Ерөнхийлөгчид хоёр хөгшин азарга л уралдах нь” гэж байгаагаа илэрхийлж байв. Харин түүний бухимдлын хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд “С.Жавхлан гишүүн УИХ-ын сонгуульд бие даагчаар нэр дэвшихээр шийдвэр гаргахдаа ядаж Үндсэн хуулиа уншиж, судалсны үндсэн дээр нэр дэвшсэн гэж найдаж байгаа. Таны ярьж байгаа асуудал бүгд Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалт юм. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд шинээр оруулсан заалт огт биш. Тиймээс Үндсэн хуулиа сайн унш” гэж С.Жавхлан гишүүний асуултын хариуг туршлагатай гишүүн Н.Энхболд их л бухимдсан янзтай өгөв.

МАХН шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан, ял шийтгэл авч байгаагүй, сүүлийн зургаан сар гадагшаа яваагүй байх ёстой гэсэн заалтыг намын дарга Н.Энхбаярт зориулсан, түүнийг нэр дэвшүүлэхгүй гэж уг заалтыг оруулсан байна. Одоо нэг хүнд зориулж хууль баталдгаа болих хэрэгтэй гэж шүүмжлэлтэй хандав. Хууль санаачлагчид уг заалтыг мөн л Үндсэн хуульд заасан заалт зэргээр тайлбарлаж байв. 

Энэ долоо хоногт уг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль анхаарал хандуулах гол асуудал байх нь.

2017 онд цахилгааны төлбөр нэмэхгүй

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлж байгаатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Урьдчилсан тооцоогоор гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 146 мянган өрх хамрагдахаас 110 орчим мянган өрх өдөр, шөнийн гэсэн хоёр тарифт тоолууртай байна. Үлдсэн нь хоёр тарифт тоолуургүй учраас цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй юм байна. Иргэд цахилгааны тоолуураа өдөр шөнийн хэрэглээгээр нь тооцдог хоёр тарифт тоолуураар солиулж, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж. Гэр хорооллын өрхийн 21.00-06.00 цаг хүртэл ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ гэдгийг санууллаа.

Тодруулбал, ахуйн хэрэглээнд буюу оршин суугаа байшин, гэрээ цахилгаан ашиглан дулаанаар хангаж байгаа өрхүүдэд үнийн хөнгөлөлт хамаарах юм байна. Харин гэр хороололд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхгүй юм байна.

Эрчим хүчний зорицуулах хорооны хурлаас "Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан цахилгаан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид сардаа 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ. Энэ тогтоосон хязгаарт цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлнө. Харин энэ хязгаараас илүү гаргасан хэрэглэгчид цахилгааны шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Мөн энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд иргэн, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг нэмэхгүй, өөрчлөлт оруулахгүй гэдгийг мэдэгдлээ.

АН-ын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гэдгийг дахин сануулав

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр орон даяар эхэлж өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн. Баасан гаригийн 12.00 цагийн байдлаар 1200 төгрөгийн хураамжаа төлж, АН-ын гишүүнээр 116 мянган иргэн бүртгүүлсэн байна. Харин шөнийг 24.00 цаг хүртэл урьдчилсан тооцоогоор шинэчилсэн бүртгэлээр 120-125 мянган иргэн АН-ын гишүүнээр бүртгүүлнэ гэж үзжээ. АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл дууссаны дараагаар бүртгүүлсэн иргэд намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болно. АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийх үеэр "АН-ын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг намын тухай хуульдаа заачихсан байгаа. Шинэ намын дарга Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, ИТХ-ын сонгуульд намаа бэлдэх, амжилттай оролцуулах үүрэгтэй. Үүнийхээ үр дүнд намын дарга Ерөнхий сайд л болох эрхтэй байгаа" гэдгийг сануулж хэллээ.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдуг сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Мөн намын даргын сонгуулиас нэр татах хугацаа нэгдүгээр 12-нд дуусах юм. Одоогоор намын даргын сонгуулиас нэрээ татах хүсэлт гаргасан нэр дэвшигч байхгүй гэдгийг Л.Эрхэмбаяр дарга хэллээ.

Засаг дарга нарт үүрэг өглөө

Өнгөрсөн долоо хоногт аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдөр үргэлжиллээ. Уг уулзалтад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат оролцсон. Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хийж, тэдний асуултад хариулж, үүрэг даалгавар өглөө.

Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна. Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулах, орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдлээ

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзах үеэр цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ. Тухайлбао, ирэх гуравдугаар сард төлөх бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулахаа тайлбарлав. ТэрээрМонгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” гэлээ. Мөн Тавантолгойн ордын тухайд Монгол Улс, монголчууддаа ашигтай байх боломжит хувилбар бүхий төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, нээлттэй хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-01-08 12:42:01


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ЗОЧИН (66.181.191.79) 2017-01-09 13:22:37
    ТА МИНЬ ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БЭ. МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙВАЛ СЭТГЭГДЛЭЭР ҮЛДЭЭГЭЭЧ ЖИНХНЭЭСЭЭ ГОМО БОЛДОГГҮЙ ХҮН ЮМ УУ
  2. 7-sariin 1-davtagdana (91.231.169.123) 2017-01-08 14:57:55
    Gazriin naimaachin avilgalchin M.Enhbold erunhiilugchiid ursulduj garch irdeg yum bol Mongold jinhene itagaaraa iregnii dain degdej Siriin araas orno.
    1. Зочин (107.170.127.117) 2017-01-08 16:04:02
      Сонгохгүй бол гарахгүйшдээ хамаа.
  3. Бат (59.2.187.34) 2017-01-08 13:14:09
    Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэж өгсөнд баярлалаа.

Танд санал болгох