• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Б.Лхагвасүрэн: Хадгаламжийн хүүгээс татвар авах эрсдэлтэй

Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Энэхүү ярилцлагыг түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохоос өмнө авсан болно. 

-Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар оруулж ирлээ. Уг нь энэ жилээс эхлэн бүх хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах байсан ч хоёр жилээр хойшлуулсан. Өнөөгийн нөхцөлд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах боломжтой юу?

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь хүн амын орлогын албан татварын хуульд байдаг заалт. Иргэдийн хадгаламжийг орлого гэж үзэж татвар авахаар хуульчилсан хэрэг. Гэхдээ энэ заалтын хэрэгжих хугацааг УИХ хойшлуулж ирсэн. Харин өнөөдөр хойшлуулж байсан хугацааг урагшлуулж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг болъё гэж ярьж байна. Хадгаламжийн хүүгийн орлого бусад орлоготой адилтгах хэмжээний орлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудлыг ярих хэрэгтэй. Нэгд, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал. Хоёрт, хуримтлалыг тодорхой хэмжээгээр дэмжсэний дараагаар татвар авч эхэлбэл илүү оновчтой. Өмнө нь энэ хоёр хүчин зүйлийг харгалзан хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудлыг хойшлуулж ирсэн. Гэхдээ өнөөдөр банк санхүүгийн салбарын эрсдэл өндөр, хуримтлал өсөх боломжгүй нөхцөлд байна шүү дээ.

-Гэхдээ төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй татвар авах шаардлага үүсээд байгаа юм биш үү?

-Улсын төсөв хүнд байгаа учраас татвараа авч эхэлье гэж байна. Өнөөдрийн нөхцөлд татвараа нэмж орлогоо бүрдүүлэх нэг гарц мөн. Гэхдээ хадгаламжийн хүүгээс татвар авахдаа яаж цуглуулж, хэрхэн авах вэ гэдэг үйл ажиллагаан дээр нэлээд түвэгтэй зүйлүүд байна. Нэгд, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах үйл ажиллагаа ямар байдлаар хэрэгжих нь ойлгомжгүй байгаа. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах процесс нь банкуудыг "та нар хүүг нь төлсөн юм чинь орлогоо ав" гэж тулгах магадлал өндөр. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч, банкуудын хооронд маргаан үүснэ. Татварын ерөнхий газар хүүгийн орлогоос татвар хурааж аваа гэвэл эргээд татвар, банк хоёрын хооронд нэлээд том маргаан үүснэ . Аль аль талдаа тодорхой маргаантай асуудал үүсгэхээр харагдаж байгаа.

Хоёрт, банкны хадгаламжийн бүтээгдэхүүн дортоо маш олон хэлбэртэй байдаг. Хэлбэрээсээ хамаарч зарим хадгаламж хөвдөг хүүтэй, эсвэл хатуу тогтсон хүүтэй, нийлмэл буюу хүүгээс хүү боддог. Зарим тохиолдолд хадгаламжаа барьцаалж зээл авч болдог. Банкны үйлчилгээний бүтээгдэхүүний төрлөөсөө шалтгаалан хадгаламжийн хүү олон янз байхад тэндээс хүүгийн орлогыг яаж тооцож татвар авах уу гэдэг нь маш түвэгтэй. Жишээ нь, нийлмэл хүүтэй хадгаламжийн хүүгээс нь хүү боддог учраас тэрийг нь хүүгийн орлого гэж тооцож татвар авах уу гээд эргэлзээтэй олон асуудал гарна. Маш нарийн  шийдэл гаргаж татвар авахгүй эрсдэл өндөр.

-Одоогоор хадгаламжийн хүүгийн орлогоос огт татвар авахгүй байгаа юу?

-Хадгаламжийн хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш бол хүүгийн орлогоос татвар авч байгаа Харин төсвийн тодотголд тусгаснаар бүх хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна. Хадгаламжийн хэмжээнээсээ хамаарч авах татвар нь өөр байсан. Эргэлзээтэй, эрсдэлтэй байгаа бүх асуудлыг тодорхой болгож л татвар авах хэрэгтэй болов уу.

-Ер нь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авъя гэхээр байнга л хойшлуулж ирсэн шүү дээ. Хэрэгжүүлэхгүй байх сонирхол байгаад байгаа ч юм шиг. Зарим нь банкны сектор эрсдэлд орно гээд эсэргүүцэж эхэлдэг?

-Аливаа асуудал бүр эерэг, сөрөг  талтай. Татвар авснаар орлого нэмэгдэх сайн талтай. Гэхдээ өнөөдөр арилжааны банкууд зээл олгохгүй байна гэсэн шүүмжлэл хамгийн их байна. Хоёрт, бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсөх, цаашлаад ипотекийн зээл удаашралтай болох магадлалтай. Ийм эмзэг байхад нь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах бодлогын шийдвэр дам утгаараа зах зээлдээ нөлөө үзүүлж эхэлнэ. Энэ нөлөө нь эерэг үү, сөрөг үү гээд харахаар сөрөг нь илүү харагдаад байгаа. Хадгаламжийн хүүгээс татвар аваад эхэлснээр хадгаламжийн өсөлт зогсоно. Хадгаламж өсөхгүй байвал банкны зээлийн эх үүсвэр өсөхгүй гэсэн үг. Зээлийн эх үүсвэр байхгүй болсноор иргэн, аж ахуйн нэгжид олгох зээл хумигдаж, эдийн засаг зогссонги байдалд орно. Ийм гинжин дам нөлөө өгнө. Гуравт, хадгаламжийн хүүгээс орлого авснаар иргэд хадгаламжаа өөр эх үүсвэр рүү байршуулах аргыг хайна. Гэтэл өнөөдөр тийм сонголт нь байна уу гэхээр бараг байхгүй харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байгаа учраас хэн ч мөнгөө үл хөдлөх хөрөнгө рүү оруулахгүй. Хөрөнгийн бирж рүү оруулъя гэхэд өнөөдөр бүтээгдэхүүн хомс байна. Бүр сөрөг үр дагавар нь иргэд төгрөгийн хадгаламжаа ам.доллар болгоно. Эсвэл гадаад валют болгоод хөрөнгөө Монголоос гаргачихъя гэдэг хандлага руу түлхэх магадлал өндөр. Нөгөө талдаа санхүүгийн тогтвортой байдлаа харсан ч дам нөлөө үзүүлэх учраас яаран татвар авах хэрэггүй санагдана. Мэдээж татвар авахыг дэмжиж байгаа хэсэг бий. Тэр нь хөрөнгийн биржийнхэн, хөрөнгө оруулагчид, брокер диллерийн компаниуд байгаа. Учир нь тэд “татвар адилхан л байх ёстой, хувьцааны ногдол ашгаас татвар авдаг шиг хадгаламжийн хүүнээс татвар хэрэгтэй” гэдэг зарчмаас хандаж байгаа. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ өнөөдөр банк санхүүгийн орчноо харахад эрсдэл нь их байна. Төсвийн орлого өндөр хувиар нэмэгдүүлэх хэмжээний шийдвэр мөн үү, биш үү гэдгийг сайтар бодож шийдэх ёстой асуудал.

-Ханш савлагаа ихтэй байгаагаас шалтгаалан долларын хадгаламж өсөх хандлагатай болоод байна. Ер нь хагас жилийн байдлаар төгрөг, долларын харилцах хадгаламжийн харьцаа ямар төвшинд байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд банкны хадгаламжид өсөлт ажиглагдаагүй, тогтвортой төвшинд хадгалагдаж байна. Хадгаламжийн бүтцийг харвал төгрөгийн хадгаламж 70 хувийг, долларынх 30 хувийг эзэлж байсан. Харин ханш савлах үед долларжих процесс явагддаг. Төгрөгийн хадгаламжтай хүмүүс доллар руу шилжүүлэх сонирхол эрс нэмэгдэж байна. Цаашид төгрөгийн ханш суларсаар байвал энэ тоо улам л нэмэгдэнэ. Энэ хэрээр төгрөг үнэгүй болно. Монгол Улс 1997, 1998 оны үед нийт хадгаламжийн 70-80 хувь долларынх байсан үе бий. Энэ үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга . Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн секторт хийх томоохон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 1990-иэд онд батлагдсан Валютын зохицуулалтын хуулийг зайлшгүй өөрчлөхгүй бол ханш савладаг байдал байнгын л давтамжтай зүйл болж хувирна. Долларын ханш өсөхөөр хүмүүс төгрөгөө доллар болгож, эргээд ханш унахаар буцаад төгрөгт шилжүүлэх нь хэвийн үзэгдэл шиг болох гээд байна. Гэтэл энэ нь эдийн засагт байх ёстой үзэгдэл биш. Тиймээс Валютын зохицуулалтын хуульд өөрчлөлт оруулж, аль болох ам.долларын хадгаламж байлгахгүйгээр төгрөгийн хадгаламжаа хамгаалах хэрэгтэй. Дэлхийн ихэнх улсад харилцах хадгаламж үндэсний мөнгө тэмдэгтээр байдаг. Доллар хэзээ хэрэгтэй болох уу гэхээр гадаад худалдаа идэвхжих, гадаад төлбөр тооцоо хийх гэрээ хэлцэлтэй байгууллагуудад хэрэгтэй. Хүссэн хүн бүр доллар авч байх нь эдийн засагт тийм ч тохиромжтой биш. Хоёрт, ханшид бага зэргийн шок үүсэхэд долларын хэрэгцээгүй хүмүүс доллар худалдаж авч, зохиомол эрэлт үүсгэх байдал газар авч байна. Цаашид хууль эрх зүйн орчноо сайжруулбал ханшийн шок ч бага гарна.

-Төв банкны хувьд валютын зах зээл байнга оролцож зохицуулж байна. Гэхдээ байнга интервенц хийж, бодлогын хүүг нэмэгдүүлж зохицуулах арга нь хэр оновчтой вэ?

-Төв банкны хуулиар Төв банк бол Засгийн газар, банкуудын банк. Энэ ч утгаараа эдгээр байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Банкуудын харилцагчид долларын хэрэгцээ шаардлага гарвал Төв банк хамгийн эцсийн зээлдүүлэгч гэдэг утгаараа хэрэгцээг нь нийлүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа Засгийн газрын төлбөр тооцооны шаардлагатай долларыг нь олж өгөх үүрэгтэй. Интервенц хийж байгаа нь ч ханшийн тогтвортой байдлыг л хангахад чиглэсэн арга хэмжээ. Төв банкны үүрэг учраас арилжаанд зайлшгүй оролцоно. Гэхдээ Төв банкны үүргийг арай ачаалал багатайгаар шийдэх арга нь Валютын зохицуулалтын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Төв банк заавал гадаад худалдаанд оролцохгүйгээр зохицуулж болно. Харилцагч доллараа банкинд хадгалуулахад пассив талдаа өглөг гэсэн хэсэгт доллар үүсдэг. Тэгэхээр тэр долларын хадгаламжийг авсан банк заавал доллараар нь зээл олгодог ч юм уу, эсвэл доллараар нь байлгахгүй бол Төв банкны зохистой харилцааны үзүүлэлтийг алдах гээд байдаг. Тиймээс заавал доллараар хадгалах, эсвэл долларын зээл олгох асуудал үүсдэг. Хэрвээ пассив талдаа долларын хадгаламж байдаггүй бол банкууд их хэмжээний долларын хадгаламжийг өөр дээрээ барих шаардлагагүй болно. Ингэснээр долларын хэрэгцээ багасч, ханшийн ачаалал эдийн засагт үүсэхгүй байх боломжтой.

-Эдийн засгийн хүндэрч, банк санхүүгийн байгууллагын эрсдэл нэмэгдэх хэрээр иргэд ч хадгаламжаа татах явдал гардаг. Танай байгууллага бол хадгаламж эзэшигчдийн эрсдэлийг хамгаалдаг гол газар. Гэхдээ иргэд хадгаламжийн даатгал гэдэг ойлголтыг төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Энэ талыг ажлыг хэр хийсэн бэ?

-Манай байгууллага байгуулагдаад гурван жил болсон байна. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдэд хадгаламжийн даатгал, санхүүгийн мэдлэг өгөх мэдээллийг байнга хүргэж ирсэн. Хагас жил тутам үйл ажиллагааны тайлангаа гаргаж танилцуулж байна. Хадгаламжийн даатгалын нөөц сан хэрхэн арвижаж байгаа, хэр хэмжээний ачаалал даах чадвартай болж байгаа зэрэг мэдээллийг өгч байгаа. Иргэдийн санхүүгийн боловсролд нэлээд анхаарч, хүүхдүүд, эцэг эхчүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай гарын авлага гаргаж, тарааж байна. Банкуудад байгууллагын талаар мэдээллийг бэлтгэн хүргүүлж, харилцагчдад хүргэх арга хэмжээг авч ажиллаж байна.Ер нь Монголд иргэдийн санхүүгийн боловсрол муу төвшинд байгааг Дэлхийн банкны судалгаагаар гарсан. Тиймээс ч холбогдох байгууллагууд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны хичээлийн программд санхүүгийн хичээлийг шинээр оруулахаар болсон.

picture picture picture

-Өнөөдрийн байдлаар нийт хадгаламж эзэмшигчдийн хэчнээн хувь даатгуулсан байна вэ. Муугаар бодоход, банкуудын хадгаламж эрсдэлд орвол хэчнээн хувийг нь хамгаалах боломжтой болсон бэ?

-Манай хуулиар бол 20 сая төгрөг хүртэлх хэмжээний хадгаламжийг даатгаж байгаа. Хорин сая төгрөгтэй хадгаламж эзэмшигчид нийт банкны системд хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг эзэлдэг. Тэгэхээр хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг хамгаалж чадаж байгаа гэсэн үг. Тэгэхээр том, жижиг ямарч банк санхүүгийн хүндрэлд орж татан буугдлаа гэхэд хадгалж эзэмшигчдийн 99 хувь нь бүрэн хамгаалж чадна. Өнөөдрийн байдлаар хадгаламжийн даатгалын нөөц сангийн хөрөнгө 250 тэрбум төгрөгт хүрсэн. Гурван жилийн дотор маш эрчимтэй нэмэгдсэн үзүүлэлт. Энэ эх үүсвэр нь нийт даатгагдсан хадгаламжийнхаа хоёр хувийг хаах хэмжээний мөнгө. Олон улсын жишиг, стандартаар бол хадгаламжийн даатгалын нөөц сайн даатгагдсан хадгаламжийнхаа таван хувийг хаадаг. Тэгэхээр манай нөөц сан олон улсын стандарт руу дөхөж ирсэн.

-Хадгаламж эзэмшигчид өөрийнх нь хадгаламж даатгагдсан гэдгийг мэдэхгүй хямралтай үед хадгаламжаа татаж байж магадгүй. Хадгаламж нь даатгагдсан гэдгийг яаж мэдэх вэ?

-Хуулиараа банкууд хадгаламж эзэмшигчдээ хамгаалах үүрэгтэй учраас даатгалын шимтгэлийг банк төлөх ёстой. Хадгаламж эзэмшигчээс мөнгө гарахгүй. Хүүгээс нь суулгах, шимтгэл авч ч болохгүй. Банкуудын хадгаламж эзэмшигчийн өмнөөс төлсөн даатгал нь банкны ашгаас төлөгддөг. Тиймээс банк өөрийн харилцагчаа албан журмаар даатгуулж хамгаалж байгаа. Тиймээс банкны харилцагчдад ямар нэгэн дарамт байхгүй.

-Хадгаламжийн даатгалын нөөц санд 250 тэрбум төгрөг хуримтлагдсан гэлээ. Энэ эх үүсвэрийг хаана хадгалдаг вэ. Иргэд ирээдүйд тэтгэвэр авах мөнгөө гээд нийгмийн даатгалын санд хуримтлуулдаг ч бодит байдал дээр тэнд мөнгө байдаггүй шүү дээ?

-Манай байгууллагын хуульд нөөц мөнгийг хаана, хэрхэн байршуулахыг тодорхой заасан байдаг. Тодорхой үнэт цаасанд хөрөнгө оруулж байршуулахаас бусад санхүүгийн хэрэгсэл хөрөнгө оруулахыг хориглосон. Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас гэсэн хоёрхон газар байршиж байгаа. Өөрөөр хэлбэд, бэлэн мөнгөтэй адилтгах, хамгийн хөрвөх чадвар сайтай үнэт цаасуудад байршсан. Үүнийг харилцах хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулах ёсгүй.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2016-09-01 12:35:23


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох