Цэс

​Э.Батшугар: Иргэдэд тараах 300 мянгын эх үүсвэрийг бүрдүүлэхэд Монголбанк оролцохгүй

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугараас цөөн зүйлийг тодрууллаа.

-Бодлогын хүү 1.5 нэгж хувиар буураад бараг хоёр сар болж байна. Ер нь Монголбанк эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд мөнгөний бодлогоороо хэрхэн дэмжиж байгаа бэ?

-Монголбанкны үндсэн зорилго бол инфляцыг нам, тогтвортой төвшинд барих байгаа. Энэ үүргээ ч биелүүлж, инфляц сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг оронтой тоонд хадгалагдаж байна. Нийт эдийн засаг дахь нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг 60 хувиас гурван хувь болгон бууруулж чадсан байгаа. Энэ хэрээрээ мөнгөний бодлогыг тэлэх, бизнес эрхлэгчдэд том боломжийг олгож, мөнгөний бодлогын хүү буурахад дэмжлэг болсон. Бодлогын бүү буурснаар дунд хугацаандаа зээлийн хүү буурах боломжтой.

Манай улсын хувьд нийт экспортын 80 орчим хувь зөвхөн уул уурхайгаас хараат байж, энэ хэрээр эдийн засаг савлаж ирсэн. Монголбанк тогтвортой шинэ тэнцвэрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Эдийн засгаа өндөр хувиар өсгөхдөө биш хамгийн гол нь урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, энэ чиглэл төсөв мөнгөний бодлогоо чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэснээр бүх төвшиндөө тогтвортой , үнийн савлагаа, аливаа нэг шоконд өртөхгүй. Тиймээс хамгийн нэгдүгээрт уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Хоёрт, төсөв мөнгөний бодлогоо зохистой төвшинд барьж, уялдуулж ажиллах маш чухал байгаа.

-Улсын төсөв өнгөрсөн сарын эцсийн байдлаар 860 тэрбумын алдагдалтай байна. Төсвийн алдагдал Монголбанкнаас баримталж буй мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ямар дарамт учруулж байгаа вэ?

-Монголбанкнаас төсөв мөнгөний зохистой харилцааны талаар Засгийн газарт зөвлөмж өгдөг. Төсвийн алдагдлыг аль болох бага байлгаж, мөнгөний бодлоготой уялдуулж ажиллахыг жил бүр сануулдаг. Ер нь төсөв алдагдалтай байгаа нь хоёрхон зүйлээс шалтгаалж байгаа. Нэгд, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байна. Хоёрт, зарлага хэт их байгаатай холбоотой. Төсвийн зарлагаа багасгаж орлогоо бодитой төлөвлө гэсэн зөвлөмжийг өгдөг. Төвсийн алдагдал өндөр болбол алдагдал юунаас үүдэж байгаа, ирээдүйд ямар үр дагавар авчрахыг нь судалж мөнгөний бодлогодоо тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд явж байна.

-Улстөрийн сонгуультай холбоотойгоор Засгийн газар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараах гэж байна. Зарим эдийн засагч иргэдэд өгөх мөнгө Засгийн газарт байхгүй гэж байна. Харин Монголбанк мөнгөний бодлогоороо дэмжиж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үү?

-Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклиэс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанкинд хамааралгүй, оролцохгүй. Засгийн газар ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу. Төсвийн хөрөнгөөс, эсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах уу гэдгийг сайн мэдэхгүй байна.

-Төсвийн алдагдал бараг их наяд төгрөгт хүрэх гэж байхад төсвөөс санхүүжүүлэх боломжтой гэж үү?

-Боломжтой үгүйг Засгийн газар өөрөө шийднэ. Монголбанкнаас Засгийн газарт зөвлөмж л өгөх эрхтэй байгаа. Төсвөө захилга баттай, алдагдал бага төвшинд барина уу гэдэг зөвлөмжийг хүргүүлдэг.

-Өнөөдрийн байдлаар Монголбанкин дахь гадаад валютын нөөц хэд болсон байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монголбанк 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютны эх үүсвэртэй байна. Энэ манай улсын гурван сарын импортын хэмжээг хангах зохистой хэмжээ.

-Долларын ханш өнгөрсөн сараас эхлэн бага зэрэг буураад байгаа. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?

-Манай улсын импортын барааны хэрэглээ буурч байгаа нь ам.долларын ханшид эергээр нөлөөлж байна. Нөгөө талд Засгийн газрын зээл, бондын хэмжээ нэмэгдэж манай улсад орж ирж байгаа долларын урсгал сайжирсан. Мөн Оюутолгой гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн нь нөлөөлсөн. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2016-06-14 08:13:50


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох