• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр гурван байр ухарчээ

Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний "IMD" төв 2016 оны шинэ тайлангаа нийтэлжээ. Эдийн засгаар дэлхийд өрсөлдөх чадвартай улс орны жагсаалтыг нийтэлдэг энэхүү тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч 60-дугаарт бичигджээ. 

Үнэлгээг эдийн засгийн гүйцэтгэл, Засгийн газрын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг хэмээх дөрвөн үндсэн хүчин зүйлээр 340 гаруй шинжээчдийн дүгнэлтийг голчлон гаргадаг байна. Мөн тухайн улс орны 5400 гаруй бизнес эрхлэгчид өөрийн орны нөхцөл байдлыг үнэлсэн талаар судалгааг харгалзан үздэг байна. "IMD" дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний төв нь 1989 оноос хойш жил бүр энэхүү тайланг нийтэлж байгаа бөгөөд энэ нь улс орнуудын өрсөлдөх чадварын хамгийн бодит, чухал үнэлгээ болдог хэмээн үздэг аж.

2016 оны үзүүлэлтээр Хонконг, Швейцарь, АНУ, Сингапур, Швед, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги, Канад улсууд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай 10 улсаар бичигджээ. Татварын шинэчлэлийг дэмжиж, нийслэл нутаг дэвсгэр бүрт өөр өөр тарифын хязгаар тогтоосон Хонконг, Швейцрь улс эхний хоёрт бичигдсэн бол сүүлийн гурван жил дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улсаар нэрлэгдэж байсан АНУ-ын үнэлгээ буурч, гуравдугаарт эрэмбэлэгджээ. 

Мөн тайланд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай 20 улсын дунд нэгэн нийтлэг хэв маяг байгааг онцолжээ . Бизнест ээлтэй татварын зохицуулалт, биет болон биет бус дэд бүтэц, байгууллагуудын хүртээмж зэрэгт анхаарсан улс орнууд өрсөлдөх чадвараар илүү байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын Хонконг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг бий болгож, төрөөс бизнесийнхнээ дэлхийн хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөлийг хангаж өгснөөрөө ийнхүү нэг байр урагшилж, дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улсаар /засаг захиргааны нэгж/ бичигджээ. 

Түүнчлэн эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Тайвань, Малайз, БНСУ, Индонез зэрэг улс ахиц гаргаж, эхний 25-д бичигдсэн байгаа нь Азийн улс орнуудын өрсөлдөх чадвар сайжирч байгааг харуулж байна гэжээ. 

Мөн тайланд тэмдэглэснээр инновацид тулгуурласан эдийн засгийн өсөлт өрсөлдөх чадварыг сайжруулдаг ч энэ нь тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгааг онцолсон байна. 

"IMD" төвөөс тайлангын дэлгэрэнгүйг удахгүй нийтлэх аж. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2016-06-02 09:12:14


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох